Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ч.Даваабаяр: ЖДҮ-ийн хөгжлийн шийдэл нь интернэтийн дэд бүтэц

З.Гэрэл

Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн хөдөлгүүрийг хурдлуулж яваа эрхмүүдийн нэг болох “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяртай ярилцлаа.

-Засгийн газраас ЖДҮ салбарт баримталж байгаа бодлого хэр зэрэг оновчтой, бас үр дүнтэй хэрэгжиж байна вэ?
-Хэдийгээр хуультай, зээлийн сонгон шалгаруулалтын журам ил тод болсон зэрэг нааштай үр дүнгүүд гарч байгаа ч байдал нэг их дээрдээгүй л байна. Цаасан дээр үнэхээр сайхан бодлого, хөтөлбөр, тайлан бий. Маш их төсөл хөтөлбөр хэрэгжиж, төсөв мөнгө хуваарилж, Засгийн газар бүр ЖДҮ хөгжүүлэх ажил санаачилж хийдэг ч энэ нь 1-2 жилийн дараа үнсэнд хаясан шалз шиг л алга болчихдог. Ерөөсөө ийм замаар л өдий хүртэл явж иржээ. Тиймээс бид 2019 онд батлуулсан хуульдаа жижиг, дундын салбарыг тав таван жилээр дэмждэг хөтөлбөртэй байх заалт оруулсан. Үүний зэрэгцээ хуульд анх удаа кластерын систем гэдэг заалт орж ирсэн. ЖДҮ-ийг хөгжүүлэхэд кластерын систем маш чухал. Том аж ахуйн нэгжүүдээ түшиглэж, тэдний эрэлт хэрэгцээг хангах замаар жижиг үйлдвэрүүд босч ирсэн түүх хөгжсөн улс орнуудад бий.
-ЖДҮ-ийн салбарын бодлого тарамдсан байдалтай байна гэж шүүмжилдэг. Энэ талаар байр сууриа илэрхийлнэ үү?
-ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлого нэгдмэл хэрэгжиж чадахгүй байгаа нь үнэн. ХХААХҮЯ нь бодлого зангидаж, ЖДҮХС харьяанд нь байдаг ч Зээлийн батлан даалтын сан нь Сангийн яамны дэргэд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болохоор ХНХЯ-ны харьяанд байна. Уг нь ЖДҮ-ийг өрхийн түвшнээс нь эхэлж бойжуулж, томруулаад, валют татах экспортлогч болгохын тулд санхүүжилтийн хувьд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, ЖДҮХС, Зээлийн батлан даалтын сан, банкууд гэсэн дараалал бүхий схемээр явах учиртай. Бас аймаг, дүүрэгт ЖДҮ-ийн хоёр мэргэжилтэн байсныг нэг болгон цөөрүүлж, Сум хөгжүүлэх сангийн удирдлага ХХААХҮЯ-нд, санхүүжилт нь Сангийн яамны мэдэлд байна. Энэ бол яг өнөөдрийн ЖДҮ-ийн салбарын бодит төрх. Ингэж тарамдсан бодлогыг нэгтгэх бүтэц нь Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх тухай хуульд заасан хэрэгжүүлэх агентлаг юм. Өмнө нь Аж үйлдвэрийн яаманд ЖДҮ-ийн бодлого одоогийнхоос арай дээр байсан туршлага бий. Агентлагтай болчихвол дээрх яамдын дунд бодлогын нийцлийг нь хангаж, гардан хэрэгжүүлэх бүтэц бий болохын зэрэгцээ ЖДҮХС-г ч гэсэн гадаад, дотоодын хямд эх үүсвэр татдаг статустай болгох хэрэгтэй. Ийм нэгдсэн биш учраас ЖДҮХС-нд 2030 он хүртэл улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх санхүүжилт олгоно гэсэн заалтыг ирэх оны төсвийн тухай хуулийг батлахдаа хасчихлаа шүү дээ.
-ЖДҮХС-гийн хөрөнгө яагаад хууль бусаар зарцуулагдахад хүрснийг судлаачийн байр сууринаас хэрхэн дүгнэх вэ?
-ЖДҮ-ийн салбарт бодлогын гоё загвар, заалтууд орж, хангалттай санхүүжилт хуваарилдаг. Төр засгийн маш сайхан бодлого, хангалттай санхүүжилт байсан ч авлига, хээл хахуулийг устгахгүй бол ийм зүйл байсаар л байна. Үүнийг шийдэж байж л бид хөгжлийн тухай ярих боломжтой. ББДХ мянга мянган баялаг бүтээгчийн дуу хоолой болж, энэ цаг үедээ тулгамдсан асуудлаа бага багаар ч атугай шийдэж байгаа нь чамлах зүйл биш. Гэхдээ л бид дөнгөж уулын бэлд л явж байна. Ямар ч байсан хуультай болсон. Одоо хуулиа дагаад журмууд гарч, агентлаг байгуулагдах ёстой, ЖДҮХС маань мөнгөтэй болж, улам олон баялаг бүтээгчдэд хүрч ажиллах ёстой. Тэгэхгүй бол хуульд агентлагтай байх ёстой гэж заасан ч төсөв баталсангүй, ЖДҮХС-г устгахаа шахлаа. Мөнгө байхгүй бол юу ч байхгүй.
-Батлуулсан хууль журамдаа эргээд хяналт тавих нь та бүхэнд амаргүй байна уу?
-Агентлаг байгуулчихвал бидний хувьд удирдлагатай нь ойлголцоод явахад хэцүү гэж харахгүй байна. Агентлаг болон ЖДҮХС-тай нягт хамтран ажилласнаар бид хамтдаа олон нийт, баялаг бүтээгчдэд хууль гэж сурталчлахаасаа илүү амьдралд нь өөрчлөлт бий болгох ямар боломжууд байдгийг энгийнээр үр дүнтэй ойлгуулах боломжтой юм. 2019 оны төсөл сонгон шалгаруулалт дөрвөн үе шаттай явагдсан бөгөөд үе шат бүрт жижгийг жижигтэй, дундыг дундтай гэх зэргээр компаниудыг ижил түвшинд өрсөлдүүлснээрээ онцлог. Өмнө нь санхүүжилт авахын тулд жижиг, том ялгаагүй өрсөлддөг байсан учраас олон ЖДҮ эрхлэгчийг хашраасан. Энэ онд ЖДҮХС-гийн зээл сонгон шалгаруулалтын журам дахиад шинэчлэгдэх бөгөөд шинэ хуулиар журмыг сайд биш Засгийн газар баталдаг болсон. Журмын ажлын хэсэгт манай холбооноос төлөөлөл орсон. Нэгэнт журмаа батлаад, агентлагаа байгуулаад хэрэгжүүлээд явбал бидний хувьд хяналт тавихад хүндрэл учирна гэж бодохгүй байна. Хамгийн гол нь журмын давуу талыг жижиг, дунд үйлдвэрлэгчдэд ойлгуулж, аймаг, сум, дүүргүүдэд уулзалт хэлэлцүүлгүүд хийвэл үр дүнтэй санагддаг. Ийм уулзалтууд нь баялаг бүтээгчдийг илүү сайн ойлголцуулж, цул болгодог давуу талтай.
-ЖДҮ эрхлэгчдийн бизнесийн орчны тогтвортой байдалд 2020 оны сонгуулийн үр дүн хэрхэн нөлөөлөх бол. Үүнийг эрсдэл гэж харж болох уу?
-Энэ маш чухал асуудал. Улс төрийн тогтворгүй байдал зөвхөн манай жижиг, дундын салбарт гэлтгүй бүх л салбарт нөлөөлдөг болчихсон. ЖДҮ бол энэ бүхэнд хамгийн мэдрэмтгий эмзэг хэсэг. Мэдээж уул уурхай, санхүүгийн салбар манай эдийн засагт маш чухал. Гэхдээ эдийн засгийн хувьд ач холбогдол бага өгдөг ч гэсэн нийт массаараа маш олон хүнийг шингээдэг салбар бол ЖДҮ. Уул уурхайд бий болсон бүтээмжээр дамжиж маш их мөнгө гадагшаа урсч байгаа бол үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд дотооддоо шингэдэг. Өмнө хэлсэнчлэн жижиг, дунд компаниудын 99 хувь нь үндэснийх учраас энэ салбарт маш оновчтой, тууштай бодлого хэрэгжиж, хангалттай мөнгө зарцуулах ёстой. Баялаг бүтээгчид бид шинэ Үндсэн хуулийн нэг л заалтад маш их баярлаж байгаа нь 6.2 дугаарт орсон “Баялгийн сантай байна” гэсэн зохицуулалт. Энэ санг газрын хэвлийн баялгаа иргэддээ хүртээх, ЖДҮ эрхлэгчдээ дэмжих, капиталтай болгоход маш том түлхэц болгож ажиллуулах нь зөв гэж хардаг. Ингэж байж л хүртээмжтэй, солонгорсон эдийн засагтай болж, Монгол Улс олон талын мөнгөний урсгалтай болно. Тэгэхгүй бол уул уурхайгаа түшээд, банкны салбартаа баригдаад удаан явахгүйгээ өнгөрсөн жилүүдэд хангалттай харлаа. Манайх шиг байгалийн баялагтай орнуудын түүхийг харахад ихэнх нь дампуурч, ядуурсан байдаг. Зөв бодлого явуулсан нь хөгждөг. Бид зөв бодлого явуулж, хөгжсөн орнуудын түүхийг дагаад явбал хөгжинө. Тийм болохоор энэ сонгуулийн үр дүнд улс төрийн ямар ч хүчин Засгийн газар байгуулсан бид ойлголцоод ажиллах бүрэн боломжтой. Манай холбооны удирдах зөвлөлөөс намуудын мөрийн хөтөлбөрт тусгуулах саналаа өргөн барьсан. Төрийг шинжлэх ухаанчаар удирдаж, эрдэмтэн, докторуудын мэдлэгийг ашиглан шинэ цагийн Монгол Улсыг хөгжүүлэх цаг ирсэн.
-Таны ярианаас “дундаж давхарга” гэж үг анхаарал татлаа. Баялаг бүтээгчдийг дундаж давхарга гэж харж болох уу?
-Өнөөдөр манай нийгэмд дундаж давхарга гэж яг ямар хэсгийг хэлэх нь тодорхойгүй болчихлоо. Дундаж давхаргаа хяхаж хавчсан бодлого явуулж ирснээс нэг талд хэтэрхий баян, нөгөө талд ядуу хэсэг бий болчхоод байна. Уг нь орлогын байдал, хэрэглээ, худалдан авах чадвараар нь тооцвол яалт ч үгүй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид нь дундаж давхарга. Дундаж давхаргын тухай ярихад тэдний гарал үүсэл тун чухал. Тухайлбал, хөдөлмөрийн зах зээлийг харвал яалт ч үгүй 800 орчим мянган хүн энэ салбарт ажиллаж байна. 1.2 сая орчим хүүхэд, 350-аад мянган ахмад настан, 200-гаад мянган албан хаагч, 100 гаруй мянган ажилгүй иргэн байна. Ингээд харвал нийт ажиллах хүчний 77 хувийг эзэлж байгаа ЖДҮ-ийн салбарын хөдөлмөр эрхлэгчид худалдан авагчид, өрхийн шийдвэр гаргагчид, сонгуульд санал өгөх дийлэнх хэсэг байна. Тиймээс ЖДҮ эрхлэгчдээ дэмжвэл нийгмийн дундаж давхарга тэлэх гээд байгаа юм. Зах зээлийн эдийн засагтай орнуудад ЖДҮ-ийн салбар нь дундаж давхаргын цөм болдог. Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооноос 2018 онд хийсэн ядуурлын байдлын судалгаагаар гурван монгол хүн тутмын нэг нь ядуу байгаагийн дээр дахиад энэ шугамд ойрхон хэсэг нэлээд бий. Сүүлийн хоёр жилд хот суурин газрын ядуусын тоо 2.4 хувиар нэмэгдэж, нийслэл хотод нийт ядуу иргэдийн 41.8 хувь нь амьдарч байна гэсэн судалгааны дүн гарсан. Өөрөөр хэлбэл, байдал энэ чигээрээ цааш үргэлжилж, шийдвэр гаргагчид дахиад нэг хазгай гишгэхэд л хүн амын тал хувь нь ядууралд бут ниргүүлэх эрсдэл өндөр байна гэсэн үг. Энэ бүхнээс сэргийлэх, шийдэх гарц нь хүмүүс ажилтай, орлоготой л байх явдал. Үүний тулд ЖДҮ-ээ л дэмжихэд аяндаа зах зээл хөдөлгөөнд ороод ирнэ. Түүнээс биш ажлын байр нэмэгдүүлнэ гээд төр өөрөө бизнес эрхлээд байж болохгүй. Ингэж байж л иргэдээ капиталжуулна. Бусад улс орны жишээг харахад өнөөдөр Монголд ийм хэрэгцээ хамгийн их байна.
-Бусад улс оронд ЖДҮ-ийг дэмжих сангуудын дүрэм журам, үйл ажиллагаа уг салбарын нийгмийн ач холбогдолтой хэр зэрэг уялдсан байдаг вэ?
-Тухайн улсын иргэн ажил хийхгүй, зүгээр сууж огт болохгүй. Ямар нэг байдлаар л ажилтай, орлоготой байх ёстой бөгөөд гэр бүлээрээ, найзуудаараа нийлж үйлдвэрлэл явуулж, бизнес эрхэл­дэг. Ингэж л зах зээлд ЖДҮ, өрхийн үйлдвэрлэл болж гарч ирдэг. Тиймээс бизнесийг нь дэмжих санхүүжилтийн хүртээм­жийн хувьд их, хүүгийн хувьд хамгийн бага байлгах бодлого баримталдаг. Турк, Япон, Хятадын туршлага яг л ийм. Мөн АНУ төрийн худалдан авалт хийхдээ багадаа 25 хувийг ЖДҮ-ийн салбараас худалдаж авна гэсэн хуультай байдаг. Харин Турк улсад 3-5 жилийн хугацаанд улсаас ямарч хүүгүй зээл олгодог. Мөн энэ хугацаанд татвараас 100 хувь чөлөөлж ажлын байрны бүх зардлыг төр даадаг байна. Зарим улсад банкаар дамжуулж дэмждэг бол нөгөө хэсэг нь сангаараа дамжуулаад шууд татвар төлөгчдийн мөнгөөс зээл олгодог. Тухайлбал, ӨМӨЗО-д банкаар дамжвал жилийн 0.05 хувийн хүүтэй, төрөөс бол 3-5 жилийн хугацаатай хүүгүй зээлээр дэмждэг. Иргэд нь ямар нэг зүйл хийдэг байх нь л чухал бөгөөд тэр үйл ажиллагаа нь тасралтгүй явагдахын тулд төсөл байх ёстой. Улмаар бизнес нь томрохын хэрээр зээлийн хэмжээ ихэсч, дараагийн шатны байгууллагуудын дэмжлэгийг авдаг. Гэхдээ эдгээр нь үйлдвэрлэл эрхлэгчдэд л олгодог онцгой боломж. Монголын хувьд ЖДҮ-ийн шинэ хуулиар зээлийн 80 хувь үйлдвэрлэл, 20 хувь нь зээлийн хүүгийн татаасанд чиглэнэ гэсэн харьцаатай байгаа.
-Дэлхий “Аж үйлдвэрийн 4.0” хувьсгал ярьж байхад манай улс түүхий эд экспортлогч хэвээрээ л байна. Шинэ эрин үе ЖДҮ эрхлэгчдэд ямар боломж олгох вэ?
-Аж үйлдвэрийн өмнөх хувьсгалууд улс оронд масс үйлдвэрлэл бий болгох замаар экспортод гарч, үндэснийх нь орлогыг бий болгож байсан бол дэлхийг өөрчилж буй интернэтийн хувьсгалд оролцож, боломжоос нь зулгаагаад явах цаг үед амьдарч байна. Тиймээс бид цаг алдалгүй эрх зүйн орчин, тусламж дэмжлэгээ ийшээ чиглүүлэх хэрэгтэй. Өмнөд хөршөө харахад технологийн дэвшлийг ашиглан дижитал эдийн засаг, дундын санхүүгийн үйлчилгээ гаргаад ирсэн байна. Тухайлбал, гэр бүлийн компаниа томруулж, хөгжүүлэхдээ сангуудаас онцгой нөхцөлөөр санхүүжилт авдаг. Монголын одоогийн хуулиар аль нэг сангаас зээл авсан бол давхардуулж авахыг хориглосон. Харин өмнөд хөршид үйлдвэрлэгчид компаниа, үйлдвэрлэлээ томруулахын тулд давхардуулж авах онцгой эрхтэй байдаг.
Харин хамгийн эрчимтэй явж байгаа бодлого нь sharing finance буюу хуваалцах санхүү, digital finance буюу дижитал санхүү гэсэн хоёр хүчин зүйлд тулгуурлаж байна. Тухайлбал, санхүүгийн салбартаа хуваалцах санхүүгийн үйлчилгээ нэвтрүүлснээр 2-3 ЖДҮ эрхлэгч нийлээд үйлдвэрийн байр, газартай болохын тулд дундаасаа барьцаа хөрөнгөө босгож, санхүүжилтээ татаж байна. Үүнийг өөрсдөө санхүүгийн салбарт гарсан инновац гэж үзэж байгаа юм. Баруунд бол аль хэдийнэ эхэлсэн. Дижитал салбарт хийж буй инновацын тод томруун жишээ бол Alibaba групп. Хятадад ЖДҮ-ийн бараа бүтээгдэхүүний борлуулалт, зар сурталчилгааг үндсэндээ WeChat-аар л хийж байна. Өмнө нь ЖДҮ-г хөгжүүлэхийн тулд зам зэрэг хатуу дэд бүтцээ хөгжүүл гэдэг байсан бол маш сайн хөгжүүлсэн ложистикийн тусламжтай интернэтийн дэд бүтцийг сайжруулж, үр ашгийг хүртэж байна.
-ЖДҮ эрхлэгчдийн нэн тулгамдсан асуудал болох хүний нөөцийн хомсдолыг арилгахын тулд өнөөгийн явуулж байгаа бодлого хэр зэрэг оновчтой вэ?
-Их сургууль болон техник, мэргэжлийн коллеж төгсч гарсан хүн өөрөө өөртөө ажлын байр бий болгож чадаж байвал тэр хамгийн сайн нийгмийн тогтолцоо юм. Яг одоо энэ загварыг БНХАУ-ын ӨМӨЗО хэрэгжүүлж байна. Их, дээд сургууль, техник мэргэжлийн коллеж төгсөгчдийг үйлдвэрлэлд татан оролцуулахын тулд төгсөнгүүт нь хувийн бизнес, үйлдвэрлэлээ эхлүүлэхэд зориулж 500 орчим мянган юанийн хүүгүй зээл олгож, үйл ажиллагаа явуулах байраар нь хангадаг. Тухайн оюутан төгсөлтийн ажлаа тэрхүү бизнесээрээ хийж, төсөл болгон хөгжүүлэх замаар санхүүжилт авдаг. Ингэж боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрлэл бас бизнес цаашлаад хөдөлмөрийн зах зээлийн уялдааг хангадаг. Харин манайд бүгд тус тусдаа явдаг. Нэг талд 100 гаруй мянган ажилгүй иргэн, нөгөө талд боловсон хүчний дутагдалд орсон бас тийм тооны компани бий. Том, жижиг гэлтгүй бүх компани л боловсон хүчний хомсдолд орж байна. Нөхцөл байдал 2-3 жилийн өмнөхөөс маш хүнд болчхоод байна шүү дээ.
-Зээлийн батлан даалтын сантай гэрээгээ шинэчилсэн. Энэ нь танай холбооны гишүүн болсон ЖДҮ эрхлэгчдэд ямар боломж олгох вэ?
-Энэ сан бол бие даасан статустай, өөрийн гэсэн хуультай, ЖДҮ-ийг дэмжих зорилготой байгууллага. Гэхдээ зөвхөн ЖДҮХС-гийн эх үүсвэртэй, банкаар дамжсан зээлийг л батлан даадгаас биш банкаар дамждаггүй, сангаас шууд олгодог 300 сая хүртэлх зээлийг батлан даадаггүй. Тиймээс манай жижиг баялаг бүтээгчид тус санг том аж ахуйн нэгжүүдэд үйлчилдэг, банкаар дамждаг зээлдэгчдэд үр ашгаа үзүүлдэг гээд гомдолтой байдаг. Энэ нь яалт ч үгүй тусдаа хуулиар зохицуулагдсан учраас аргагүй. Хуульдаа өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэсэн. Харин бид хамтын ажиллагаагаа дүгнээд тус сангийн шинээр нэвтрүүлж буй үйлчилгээнд хамрагдахаар болсон. Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын санхүүжилттэй төслийн хүрээнд Монголын таван банкаар дамжуулан сарын нэг, жилийн 12 хувийн хүүтэй зээл ЖДҮ эрхлэгчдэд олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, ЖДҮХС-гаас гадна дээрх нэр бүхий таван банкны ЖДҮ эрхлэгч зээлдэгчдийн зээлийн 50 хүртэлх хувийг батлан даадаг болж байна гэсэн үг. Бид үүнийг яагаад олзуурхаад байна вэ гэвэл ЖДҮ эрхлэгчид шат шатаар томрох боломж юм. ЖДҮХС-гаас жилийн гурван хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай нэн хөнгөлөлттэй зээл буюу төрийн дэмжлэгийг авсан үйлдвэрлэл эрхлэгчид дараагийн шатанд Азийн хөгжлийн банкнаас зээл авах боломжтой гэсэн үг.
-ЖДҮХС-гийн ирээдүйг та хэрхэн харж байна вэ?
-Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай болон Засгийн газрын тусгай сангийн хуулиар ЖДҮХС-д 2030 он хүртэл жил бүр улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувийг хуваарилна гэсэн заалттай. Энэ жилийн төсвийн хөрөнгө оруулалтын дүнгээс үзвэл 2030 он гэхэд сан маань бараг хоёр их наяд төгрөгийн эх үүсвэртэй болсон байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, санхүүгийн хувьд төрөөс дахиж дэмжлэг авахгүй, мөнгөө өөрсдөө эргэлдүүлдэг санхүүгийн корпорац болно. Тиймээс удирдлага нь төр, олон нийтийн байгууллагын төлөөлөл орсон, ил тод, үр ашигтай гээд Норвегийн баялгийн сан, Японы тэтгэврийн хөрөнгө оруулалтын сангийн зарчмаар ажиллах замаар жижиг, дундын бизнесээ байнга тордох нөхцөл бий болно. Тэр үед уг сангийн зээлийн нэлээд том орон зайг старт-аппууд эзэлсэн байх болов уу. Харамсалтай нь, 2020 оны төсөвт улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувь байтугай НЭГ ч төгрөг ЖДҮХС-д хуваарилаагүй атлаа 900 тэрбум төгрөгийг зөвхөн ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ тэглэхэд зориулж байх юм. Харин Засгийн Газрын 159-р тогтоолоор байгуулах ЖДҮ салбарт санхүүжилт олгох чиг үүрэг бүхий жижиг, дунд бизнесийн корпорацыг дээрх 900 тэрбумаар санхүүжүүлсэн бол ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад том хөрөнгө оруулалт болох байлаа, ХАРАМСАЛТАЙ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com