Кэмбрижийн их сургууль цахим номын сангаа үнэ төлбөргүй болгож, цар тахлын улмаас гэртээ суугаа уншигчдадаа үйлчилж байгаа. Номын сан угаас сан хөмрөг бүрдүүлж, түүнийгээ уншигчдад хүргэж мэдээлэл, соёл, боловсролын үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй газар. Сан хөмрөгт нь ном хэвлэл, сонин сэтгүүлүүд байхаас гадна цахим мэдээлэл, медиа материал зэрэг ч орно. Тэгвэл Монгол номын сангийн хөгжил ямар байгаа болон хэрхэн урагшилж буй тухай ярилцахаар Монголын Номын сангуудын консорциумын гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнийг урилаа.
-Номын сангийн үүрэг болон өнөөдөр манай номын сангууд ямар хэлбэр, зохион байгуулалттай ажилладгийг тодруулж өгнө үү?
-Номын сангийн гол зорилго нь бол мэдлэг, мэдээллийн сан хөмрөг бүрдүүлж хэрэглэгчдэд үйлчлэх явдал юм. Энгийнээр хэлэх юм бол өнгөрсөн, одоо, ирээдүйн мэдлэгийг хэрэглэгчдэд хүргэдэг, хувь хүний хөгжил, нийтийн соёлыг дэмжсэн үйл ажиллагаа явуулж буй байгууллага ч гэж хэлж болох юм. Манай улсын хэмжээнд 1509 номын сан үйл ажиллагаа явуулж байгааг үйлчилгээний цар хүрээ, зорилгоор нь нийтийн, сургалтын, эрдэм шинжилгээний гэсэн гурван төрөлд ангилдаг. Нийтийн номын сан нь нийгмийн бүх гишүүнд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй ажилладаг бөгөөд нийслэл, дүүрэг, 21 аймаг, 330 сумын хүрээнд манай улсад нийт 376 байдаг. Мөн ерөнхий боловсролын сургуулийн 803, их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн 180, эрдэм шинжилгээний 44, байгууллагын 100 гаруй номын сан байгаа.
-Сан бүрдүүлэх санхүүжилтээс эхлээд номын санд тулгамддаг асуудал бишгүй. Өдгөө энэ байдал дээрдэж байна уу?
-Тиймээ, зөвхөн сан хөмрөг бүрдүүлэх санхүүжилтийн бэрхшээлээс гадна номын сангууд маань орчин нөхцөл, хүний нөөцийн чадавх гээд дор бүрдээ харилцан адилгүй тулгамдсан асуудалтай. Орчин үеийн хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцэж ажиллаж байгаа номын сангууд байна, хараахан шаардлага хангахгүй байгаа номын сангууд ч бий. Номын сангуудад байгаа нийтлэг асуудал нь санхүүжилт гэж харагддаг, зарим бичил судалгааны дүгнэлтэд ч энэ тухай байгаа.
Номын сангийн консерциум нь эдгээр номын сангуудын өмнө тулгамдсан асуудлыг хамтын ажиллагааны хэлбэрээр, үр дүнтэй шийдвэрлэхийн төлөө хичээж явна даа.
-Монголын номын сангуудын консерциум нь ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Монголын номын сангуудын консерциумыг 2008 онд санаа сэтгэл нийлсэн хэсэг хүмүүс байгуулсан. Дээр дурсанчлан номын сангуудын өмнө тулгамдсан асуудлыг хамтын ажиллагааны хэлбэрээр, үр дүнтэй шийдвэрлэх, өсөн нэмэгдэн буй хэрэглээ бүхий хэрэглэгчийнхээ эрэлт, хэрэгцээг хангахуйц мэргэжлийн, шуурхай, чанартай, хүртээмжтэй, соёлтой үйлчилгээ үзүүлэх чадавх бүхий манлайлагч номын санч-мэдээллийн ажилтнуудыг сургах, хөгжүүлэх, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах гэсэн зорилго, зорилттойгоор ажиллаж эхэлсэн.
Өнөөдөр Консерциум нь үйл ажиллагааныхаа цар хүрээг нэмэгдүүлж цахим мэдээллийн сангуудын лиценз зуучлал, нээлттэй мэдээлэл ба номын сангийн програм хангамж, оюуны өмч, инноваци, номын сангуудын хамтран ажиллах хэлбэр, зөвлөх үйлчилгээ, хүний нөөцийн хөгжил гэсэн асуудлуудад чиглэн ажиллаж байна.
-Байгуулагдсанаасаа хойш хийж амжуулсан ажлаасаа дурдвал...
-Олон үйл ажиллагаа явуулснаас уншигчийн цаг завыг хүндэтгэн тогтмолжсон, үр нөлөө бүхий тоймтой хэдэн ажлыг дурдах нь зүйтэй болов уу. Жил бүр улсын хэмжээний “Mongolian library update” номын санчдын зөвлөгөөнийг зохион байгуулж хэвшээд байна. Уг зөвлөгөөн сүүлийн зургаан жил тасралтгүй хийгдсэн. Зөвлөгөөнөөр номын сангууд харилцан туршлага солилцох, уялдаа холбоотой ажиллах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ шинэ ойлголт, мэдлэг мэдээллийг хуваалцдаг.
2015 онд УИХ-аар “Хараагүй, харааны бэрхшээлтэй, эсхүл хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгох тухай марракешийн гэрээ”-г батлуулах ажлыг санаачлан, хэрэгжүүлсэн. Ингэснээр уг олон улсын гэрээнд нэгдсэн дэлхийн 10 дахь улс болсон юм. Түүнээс хойш хараагүй, харааны бэрхшээлтэй, эсвэл хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй ашиглах боломж нээгдсэн гэсэн үг юм.
Цахим мэдээллийн сангуудыг зуучлах үйлчилгээг 2008 оноос хэрэгжүүлсэн нь Монголдоо анхдагч болсон. Одоо ч энэ жил амжилттай явж байгаа. Тухайлбал https://www.ebsco.com/, https://onlinelibrary.wiley.com/, https://www.jstor.org/, https://www.springer.com/ зэрэг дэлхийд өндрөөр үнэлэгддэг цахим сангууд багтана. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран бичсэн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Дэйзи тоон ярьдаг номын төвийг байгуулах” төсөл шалгарч амжилттай хэрэгжүүлсэн.Мөн номын сангийн стандарт батлуулах, шинэчлүүлэх, номын сантай холбоотой хууль эрхзүйн баримт бичиг боловсруулах үйл явцад санаачлагатай оролцдог.
-Таны ярианаас гадаад хамтын ажиллагаа сайтай байдаг юм уу гэсэн бодол төрлөө. Энэ давуу талаа номын санчдаа, сургаж хөгжүүлэхэд ашигладаг уу?
-Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамтай хамтран АНУ-ын төрийн Департаментаас 80 дахь жилдээ зохион байгуулсан International Visitor Leadership Program on Demand буюу Олон улсын манлайлагчдын зочны хөтөлбөрт анд Монголын номын сангуудын консорциумаас 10 хүн сонгогдож 2018 онд хамрагдсан. Манай баг “Номын сангийн нөөцийн менежмент” сэдэвт хөтөлбөрийн хүрээнд сургалт, уулзалт хэлэлцүүлэгт оролцож, АНУ-ын 20 гаруй номын сангуудтай танилцаж, мэргэжилтнүүдээс туршлага судалсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд олж авсан мэдлэг туршлага, санал, санаачлагыг Монголын Улсын номын сангийн ажилтнуудтай хуваалцах сургалт семинарыг 12 удаа зохион байгуулж 1000 гаруй номын санч, мэдээллийн ажилтанг хамруулаад байна.
-Номын санч нар ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг. Мэргэжлийн номын санчийн хүрэлцээ хэр байгаа вэ?
-Номын сангийн салбар ажиллаж байгаа хүмүүсийн 53 хувь нь мэргэжлийн, 47 хувь нь мэргэжлийн бус байна. Нийт ажиллагсадын 92 хувь нь эмэгтэйчүүд, найман хувь нь эрэгтэйчүүд. Номын санчаар төгсөж байгаа төгсөгчид бүгд ажлын байртай болдог юм билээ.
-Сургалтын үр өгөөж нь ажил дээрх үр дүнгээр илрэх байх л даа. Ямар өөрчлөлт, шинэчлэлт анзаарагдаж байна вэ?
-Номын сангийн бүтээлч орон зайн төвийн талаарх ойлголт сайжирч, номын сан бүр дор бүрнээ бүтээлч орон зайн төвийг үүсгэхээр ажиллаж байгаа. Зарим номын сангууд үүсгэчихсэн. Мөн зуны уншлага, зөөврийн номын сангийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, иргэдэд ойр хэлбэрээр зохион явуулах, түүнийг дагасан соёл олон нийтийн ажлуудыг хэрхэн үр дүнтэй хийх гэсэн чиглэлээр хот болон орон нутгийн номын санчид санаачлагатай ажиллаж байна. Мэдээллийн боловсролын талаарх ойлголтыг номын санч, иргэдэд өгч, номын санч бэлтгэдэг сургууль болох СУИС-ийн номын сангийн хичээлийн хөтөлбөрт энэ чиглэлийн хичээлийг нэмж оруулахаар мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Сургалтаар сурсан, мэдсэн зүйлсээ бүрэн заах боломжгүй тул манай багийн зарим гишүүд “Америкт суралцсан тэмдэглэл”- ээ ном болгон хэвлүүлэхээр бэлдэж байна. Ингэснээр илүү олон номын санчид мэдээлэл өгөх боломжтой гэж үзэж байгаа.
-Америкт сургалтад сууснаас гадна хөрш зэргэлдээ болон бусад улс орны мэргэжил нэгтнүүдтэйгээ ямар байдлаар хамтардаг вэ?
-БНСУ-ын тусгай номын сангуудын холбооны хамтын ажиллагааны хүрээнд “Монгол солонгосын номын сангуудын харилцаа, хамтын ажиллагаа” сэдэвт уулзалтыг өнгөрсөн оны долдугаар сарын 25-нд Улаанбаатар хотод зохион байгуулсан. Тус улсын Номын сангийн холбооны дэд ерөнхийлөгч, тусгай номын сангийн холбооны 10 мэргэжилтэн оролцсон. Бид 2017 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд 2018 оны аравдугаар сард БНСУ-д болсон Солонгосын номын сангийн холбооны 55 дахь удаагийн хуралд Монгол Улсын төлөөлөл оролцож, илтгэл хэлэлцүүлсэн юм.
Мөн хоёр улсын соёлын солилцоо, тэр дундаа номын солилцоо хийх, үндэстний соёл, түүхийг сурталчлах, зорилгоор яг нэг жилийн өмнө БНСУ-ын үндэсний Sejun номын санд байнгын ажиллагаатай монгол номын буланг, 2019 оны долдугаар сард МУБИС-ийн номын санд Солонгос номын буланг нээн ажиллуулж байна. Урд хөрш болох БНХАУ-ын номын сангийн салбарынхантай мөн холбоо харилцаатай ажилладаг. Өнгөрсөн оны зургадугаар сарын 15-20-нд БНХАУ-ын номын санчид манайд зочилж “Номын сангуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт хийсэн. Эргээд арваннэгдүгээр сард манай номын санчид бас БНХАУ-д зочилж, судалгаа хийсэн.
-Ном унших нь чухал ч дадал суулгахгүй бол хэцүү. Манай уншигчдад хандан ном уншихыг уриалсан үг хэлээч гэвэл та юу гэх бол?
-“Ном унших дадал нь харвардын дипломоос илүү үнэ цэнэтэй” гэж дэлхийн тэргүүн баян, бизнесмэн Билл Гейтс хэлсэн байдаг. Энэ үгийг л дайя.
-Монголын номын сангууд онлайнаар үйлчлэх боломж нөөц нь хэр зэрэг байгаа вэ?
-Онлайнаар мэдээлэл лавлагаа болох бүрэн боломжтой. Номын сангууд цахим мэдээллийн нөөцийн тодорхой түвшин үүсгэсэн байдаг. Цахим нөөц бүрдүүлэх, түүнийг ашиглуулахдаа Зохиогчийн эрхийн асуудал бэрхшээл гардаг тул болгоомжтой хандах хэрэгтэй.
-Нийтийн номын сангууд гэрээр болон хүргэлтээр үйлчилдэг үү?
-Уншигчид гэрээр ном авч зээлж унших сонирхолтой байдаг. Гэхдээ номын сангийн санхүүжилт зэргээс хамаараад шинэ, эрэлттэй номуудыг тухай бүр олон тоогоор авч чаддаггүй. Харин цахим хэлбэрээр номоо захиалах, ном ашиглах хугацаагаа онлайнаар сунгах боломжууд үйлчилгээ ихээхэн ашигладаг юм. Гэхдээ байгаа нөөцөөрөө гэрээр ном олгодог.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"