СЗХ-ны Даатгалын газрын дарга М.Өлзийбатын манай улсын даатгалын салбарын өнөөгийн байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
-Сүүлийн жилүүдэд эдийн засгийн тогтвортой өсөлт, эрх зүйн орчинд хийсэн өөрчлөлт, олон улсын болон зах зээлд оролцогчдын хамтын ажиллагааны үр дүнд даатгалын салбарт чамлахааргүй ахиц дэвшил гарч, хамрах хүрээ нэмэгдсээр байна. 2019 оны гуравдугаар улирлын байдлаар даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ 374 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 14 хувиар өссөн. Мөн нийт хураамжийн орлого 23,7 хувиар өссөн нь салбарын хөгжлийн нэг үзүүлэлт юм. Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, Банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх ерөнхий стратеги зорилго тодорхойлогдсон гэж болно. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд СЗХ даатгалын салбарын хууль эрх зүйн зохицуулалтын орчныг үе шаттайгаар шинэчлэн, олон улсын стандартын тулгуур зарчмуудыг нэвтрүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжиж, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх замаар салбарын үйлчилгээний хүртээмжийг тэлэх, зах зээлийн тогтвортой байдлыг хангаж, системийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлийн удирдлагын зохицуулалтын тогтолцоог сайжруулах ажлуудыг хийж байна.
Мөн хорооноос батлан мөрдүүлж буй даатгалын дүрэм журмыг шинэчлэн боловсруулж, хүртээмжийг нь нэмэгдүүлж, бага дунд орлоготой иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, борлуулалтын сувгийг өргөжүүлэх, хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүн борлуулж буй компаниудыг дэмжих бодлого баримтлан ажиллаж байна. Мөн энэ цаг мөчид жолоочийн даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчдын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар мэргэжлийн оролцогчдын төлөөлөл оролцуулсан СЗХ, Сангийн яамны хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгааг та бүхэнд дуулгая. Сүүлийн жилүүдэд санхүүгийн бүх л салбарынхны хувьд санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал чухал байгааг та бүхэн мэдэж байгаа. Монгол Улсад технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэр дундаа банк санхүүгийн байгууллагуудын технологид суурилсан үйлчилгээ улам сайжирч, тэдгээр санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг илүү хямд өртгөөр хэрэглэгчдэд хүргэх боломж нэмэгдэн, өргөн цар хүрээг хамрах болсон нь санхүүгийн хүртээмжийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
Судалгаагаар Монгол Улсын интернэт орчноор дамжуулан санхүүгийн үйлчилгээ авч буй хэрэглэгчдийн тоо өмнөх оноос 30 хувиар нэмэгдэж, үүний 80,4 хувь нь Улаанбаатарын хэрэглэгчид байна. Интернэтээр хийсэн банк хоорондын гүйлгээний түвшин өмнөх оноос ойролцоогоор 80 гаруй хувиар өссөн байна. Арилжааны банкуудын хувьд утасны дугаар, QR код ашиглан төлбөр тооцоо гүйцэтгэх боломжийг бүрдүүлэн, хэрэглэгчид ачаалагдаж буй зардлыг бууруулах боломж бүхий онлайн аппликейшнийг хөгжүүлж байна. Банк бус санхүүгийн байгууллагуудын хувьд үндэсний мөнгөн тэмдэгт болох, төгрөгтэй дүйцэх цахим мөнгөн нэгжийг үүсгэн, онлайн аппликейшнийг хөгжүүлж, өөрийн хэрэглэгчдэд хямд зардал бүхий санхүүгийн үйлчилгээ санал болгож байна. Харин даатгалын салбарынхны хувьд иншуртект суурилсан цахим даатгалыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд үүний нэг жишээ нь Албан журмын даатгалын Гэрэгэ киоск юм. Энэхүү киоскийг нэвтрүүлснээр замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн өмчлөгч жолооч нар жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд шуурхай даатгуулж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд дөхөм болж байна. Энэ бол цахим даатгалын зуучлал, хүртээмжтэй даатгалын нэг хэлбэр юм.
Даатгалын салбарт тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын тоон мэдээллийг энд харуулсан байна. Тухайлбал даатгалын хохирол үнэлэгч 26 байна. Даатгалын төлөөлөгч 2487 байна. Даатгалын төлөөлөгчийн тоо жилээс жилд буурч байгаа. Гурван жилийн өмнө 3809 даатгалын төлөөлөгч үйл ажиллагаа явуулж байв. Даатгалын зуучлагч 52 байгаа. Энд банкны зуучлагчид бас орсон. Арилжааны арван банк даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулж байна. Давхар даатгалын чиглэлээр долоон зуучлагч ажиллаж байна. 44 аудитын компани байна. 144 аудитор СЗХ-ноос эрх авч ажиллаж байна. Үндэсний давхар даатгалын компани зах зээлд өргөн хэлбэрээр ажиллах боломж бүрдэж байгаа. Мөн хувийн давхар даатгалын компани үйл ажиллагаа явуулж байна. Гэсэн ч идэвхтэй ажиллаж чадахгүй байна. Гадны хөрөнгө оруулагч хамтрагчид хэрэгтэй байгаа.
Манай салбарт мэргэжлийн холбоод чухал үүрэг гүйцэтгэж байна. Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо, Албан журмын даатгагчдын холбоо, Санхүүгийн зах зээлийн үндэсний зөвлөл зэрэг байгууллагатай хамтарч ажиллаж байна. Олон улсын даатгалын зохицуулагчдын холбооны гишүүн учраас Олон улсын даатгалын зах зээлийн тулгуур зарчмуудыг СЗХ мөрдөж байгаа.
Дэлхийн зах зээлийн өсөлтийн таамаг судалгаа гарсан байна л даа. Хөгжсөн орнуудад 2020 онд даатгалын зах зээл нь 47 хувиар өснө гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Хөгжиж буй орнуудын хувьд 29 хувьтай, бусад улсуудын хувьд даатгалын зах зээл нь 24 хувьтай байх төлөв гарсан. Даатгалын зах зээлд сүүлийн хоёр, гурван жилийн хөгжилд түлхэц үзүүлж байгаа зүйл технологийн дэвшил. Ялангуяа иншуртекийг 2020-2023 оны хөгжлийн түлхэц болгоно гэсэн зөвлөмж чиглэлийг Олон улсын даатгалын зохицуулагч байгууллагын холбооноос гаргасан байх жишээтэй. Дэлхийн зах зээлд даатгалын хөгжлийн хандлагыг гурван улсын стандартаар тодорхойлдог. Жишээлбэл Англи, Америк, Япон. Америк олон улсын даатгалын зах зээлийн 28 хувийг, Англи зургаа, Япон 10 хувийг эзэлдэг. Хятадын эзлэх хувь өсч байгаа. Олон улсын даатгалын зах зээлийн дүр төрх иймэрхүү байна.
Даатгалын зах зээлийн бүтцийн тухай их яригдаж байна. Дэлхийн дундаж нь 55 хувьтай, өөрөөр хэлбэл ердийн даатгал, амьдралын даатгал ийм хувьтай байдаг. Манайд урт хугацааны даатгалыг яаж хөгжүүлэх вэ гэдэг анхаарах асуудал. Бусад орныг харахад амьдралын даатгалын эзлэх хувь нь ОХУ-д 18 хувь, БНСУ-д 60 гаруй хувь, Японд 75 хувь, Англид 65 хувь, АНУ-д 43 хувь байх жишээтэй.
Бид цаашид юу хийх вэ?
Үндсэндээ таван зорилго дэвшүүлж ажиллаж байна. Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги гарчихсан ажиллаж байна. Мэдээж салбарын эрх зүйн орчныг сайжруулах ёстой. Бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх ёстой. Энд нэг зүйлийг онцлоход даатгалын компаниудын СЗХ-нд бүртгэлтэй 600 гаруй бүтээгдэхүүн байна. Хэд нь зах зээлд хэрэглэгдэж байна, зарим бүтээгдэхүүнийг даатгалын компани өөрөө ашиглаж байна уу? Чанартай бүтээгдэхүүнийг иргэдэд хэрхэн хүргэх вэ гэдэг асуудал бий. Эрсдэлийн удирдлагын тогтолцоо, дэд бүтцийн хөгжил, эрх ашгийг хамгаалах асуудал. Энэ таван зорилгыг тавьж, таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж ажиллаж байна. Товчхон хэлэхэд эрх зүйн орчны тухайд Эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа. Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль тогтоомжийн тухайд ажлын хэсэг гараад, нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийхээр ажиллаж байна. Бүтээгдэхүүнээ чанартай байлгахын тулд юу хийх ёстой гэхээр даатгалын төрлийг нэмэгдүүлэх ёстой. Албан журмын даатгалыг нэмэгдүүлж, хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх учиртай. Хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог бий болгох ёстой. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх ёстой. Хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоон дээр ажлын хэсэг гарч ажиллаж байна. Хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоо бий болсноор урт хугацааны даатгал хөгжих, хөрөнгийн зах зээлийг дэмжих хөшүүрэг болно. Тэтгэврийн реформын асуудал яригдаж байна. Энэ бас уялдаж явах учиртай. Дэд бүтцийн хувьд нэгдсэн мэдээллийн сан байгуулах асуудал бий. Нэгдсэн мэдээллийн сан цаашид салбарыг хөгжүүлэх, технологид суурилсан хөгжлийг бий болгоход хэрэгтэй. СЗХ нэгдсэн мэдээллийн сан бий болгох асуудлыг 2020 онд эхлүүлэхээр зорилго тавин ажиллаж байна.