Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Гэрэлцэцэг: Боловсон хүчин сонгох асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн

Увс аймгийн Өндөрхангай сумын ЗДТГ-ын дарга Б.Гэрэлцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр 2008 оноос хойш 13 жил тус сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байгаа юм.

-Таны ажил амьдралын гараа хэрхэн эхэлж байсан түүх, туршлагаас яриагаа эхлүүлье?

-Анх 1992 онд сумынхаа худалдаанб байгуулагаас ажлын гараагаа эхлүүлж байсан. Тухайн үед картын барааны үе байсан. Нэг хүнд сард таван килограмм гурил, 600 грамм будаа, 400 грамм сахарны нормыг хуваарилж олгодог байлаа. Тэр үед би 19 настай байлаа. Энэ ажлыг хоёр жил гаруй хугацаанд хийж байгаад хөдөө гарч мал малласан. Дунд сургуульд онц сурдаг хүүхэд байсан болохоор багш нар маань их, дээд сургуульд явж суралц гэж их шахдаг байсан. Ялангуяа н.Шоонгой багш надтай таарахаараа баахан ном ганзагалуулаад явуулдаг байсан. Тэр хооронд би сонинд ганц нэг шүлгээ гаргаад, утга зохиол энэ тэр гээд явсан.
Ингээд хөдөөний малчин болчхоод 2002 онд шалгалт өгч конкурстсэн дээ. Хүн ер нь тодорхой нэг үечлэлд ордог юм билээ. Хөдөө гараад овоо хэдэн малтай болж байтал 2000 онд зуд болоод хэцүүдсэн. Тэр үед “Би одоо юу хийж чадах билээ” гэж боддог юм билээ. Гэхдээ нийгмийн хүнд хэцүү үед мал маллаж байхдаа их зүйл сурсан. Хүүхдүүдийнхээ гутал, хувцсыг оёхоос авхуулаад тарваганы тосоор хорголон дэн барьдаг цагт мал дээр байсандаа баярладаг. Тэр жилүүдэд амьдарч сураагүй бол өнөөдөр би ЗДТГ-ын даргын суудал дээр иргэдийг ойлгож удаан суухгүй байсан. Ингээд Удирдлагын академид суралцан төгсч ирээд сум орон нутагтаа ажиллаж эхэлсэн.

-2008 онд эмэгтэй хүн ЗДТГ-ын даргаар сонгогдоход иргэд хэр хүлээж авсан бэ?

-Гайгүй шүү. Би их азтай хүн юм байгаа юм. Намайг 2008 онд ЗДТГ ажиллаж эхлэхэд социализмын үеийн боловсрол хүмүүжил нь хахчихсан сайн хүмүүс байсан. Засаг даргаар Ц.Сүхбаатар гэж хүн ажилладаг байлаа. Иргэдийн хурлын даргаар н.Миеэ дарга ажиллаж байсан. Сумын засаг дарга тухайн үед Ардчилсан намын дарга байсан. Бид бас намын сэтэртэй байлаа. Би тухайн үед МАХН-ын тэргүүлэгч гишүүн, эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажилладаг байлаа. Сүүлд МАН болоход ч тэргүүлэгч гишүүн нь байсан. Тийм байхад тэр хүн шалгуураараа шалгараад ороод ирсэн хүн төрд ажиллах ёстой гэсэн зарчмаа барьсан. Тэр хүн намайг гадуурхаад ажил хийлгээгүй, зааж сургаж чиглүүлээгүй бол магадгүй би салгардаж яваад яах байсныг мэдэхгүй. (Инээв) Ц.Сүхбаатар дарга анх намайг ажилд ороход чанга хатуу, яршигтай ч юм шиг, их муухай үгтэй ч хүн шиг санагддаг байлаа. Бид хоёрын дунд маш их зөрчил байсан. Нэг нь олон жил сум орон нутагтаа ажиллаад иргэдийнхээ аж амьдралыг мэддэг болчихсон хүн, харин нөгөөх нь дан онолоор бөмбөгдүүлчихсэн диплом сугавчилсан хүүхэн. Тэгээд болоогүй нэлээд давилуун зантай, хурц ширүүн дотоод ертөнцтэй хүн тэр дөлгөөн намуухан, үг дуу цөөтэй хүнтэй үг хэлээ ололцоно гэдэг эхэндээ амаргүй байсан. Гэхдээ тэр хүнд нэг сайн чанар байсан нь залуу хүн ажил сурах ёстой гэсэн үзэл байсан. Түүнээс биш ардын намынх гэж гадуурхаж байгаагүй. Надад жинхэнэ төрийн ажил ямар байдгийг сургах гэж надаар хад мөргүүлж байсан. Түүний хүчинд л олон зүйл сурсан даа. Наад зах нь би “Сартуул хөөсөн” гэсэн утгатай бинзений бичиг бичсэн. Гэтэл зүй ёсоороо нутагшилтын хуваарийг мөрдүүлнэ гэж бичих байж. “Төрийн хүн сартуул гэж бензиний бичиг бичлээ” гээд намайг загнаад “Монгол хэл баян тэр дундаа Төрийн албан ёсны хэл найруулга гэж баян хэл бий. Чи яахаараа ийм гудамжны хэллэгээр бичдэг юм” гээд надаар 15 литр бензиний мөнгө төлүүлж байсан. Энэ цагаас хойш би бензиний мөнгө бичихдээ дахин хянадаг болсон. “Тэр хүний шийтгэл нь хүртэл өнөөдрийн миний энэ суудал дээр суух, хүчирхэг, чадвартай дарга болох анхны дөрөөн дээр минь дусаасан сүү байж дээ” гэж гэмшиж боддог. Юунд би тэр хүнтэй хэрэлдэж, хаалгыг нь саваад гарч байгаа вэ гэж боддог. Одоо болтол тэр хүний анх чиглүүлсэн чигээр явахыг хичээдэг. Гэхдээ тэр хүн шиг болтол хаа байх вэ. Арван гурван жил ажиллахдаа ухаан суугаагүй таван жил давхисан, дарга болох аядаж таван жил гүйсэн, сүүлийн гурван жил хагас хугас юм бодож байж магадгүй.

-Одоогийн залуусын ур чадварын талаар та юу хэлэх вэ. Залуу үеэ сургаж хүмүүжүүлэх, дараагийн сум орон нутгийг удирдах залуусыг бэлтгэх талаар анхаарч байна уу?

-Тэр хүнээс олон зүйл сурсан болохоор дараагийн залуу үеэ бэлтгэхийг хүсдэг. Би зарчмын хувьд чанга хатуу хүн л дээ. Энэ залуусыг цаашид өнө удаан төрийн хүчирхэг албан хаагч байгаасай гэж хүсч байгаа юм. Гарааны зурхайгаас зэрэг гарсан хүмүүс барианы зурхайд ирэхдээ хэнийх нь шөрмөс чангарч хөлөө түрүүлж тавьсан нь урагшаа явна. Түүнээс биш хэн нэгэнд дарс нобар өгсөн, нам эвсэл, ах дүү аав, ээжээрээ дээшээ доошоо яриулж албан тушаалд хүрдэг хөгийн байдлыг халах ёстой. Төрийн албан хаагчид хэн нэгний бөөрөнд наалдаж, аль нэг намд найдах хэрэггүй. Өөрийгөө чадваржуулж, хүчирхэгжүүлж цагийн шуурганд ганхахааргүй, элэгдэхээргүй өөрийгөө бэлдэх нь чухал гэдгийг ойлгуулахыг их хичээж байна.

-Залуучууд хөдөө орон нутагт ажиллаж амьдрахад хөшүүрэг чухал санагддаг. Хөдөө ажиллахаар шийдсэн хүмүүс юуг анхаарах ёстой гэж бодож байна?

-Хөдөө ажилладаг, хөдөө ажиллах гэж байгаа боловсон хүчнүүд өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй байна. Наад зах нь сэтгэл зүйгээ. Яаж бэлдэх вэ гэхээр тухайн орчин нөхцөлтэйгээ уялдаж ажиллах ёстой. Тухайлбал, хийж байгаа ажил мэргэжилтэйгээ холбоотойгоор бүхий л үйлчилгээг иргэддээ 100 хувь үзүүлдэг байх ёстой. Манай суманд 175 төрийн албан хаагч бий. Энэ хүмүүс төрийн албан хаагч гэсэн статуст хамаарч байгаа, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа бол бүгдээрээ ямар чадвартай, юуг мэдэж байх ёстой юм тэр чадварыг эзэмшсэн байх ёстой. Түүнийг нь их дээд сургуульд нь эзэмшүүлж, чадварлаг төрийн албан хаагчийг бэлтгээсэй гэж боддог. Түүнээс биш төсвийн 450 мянган төгрөгийг голоод, тэгсэн мөртлөө өөрөө юу ч мэддэггүй, нэг их мэддэг царайтай. Сайд, дарга нар дагаж гүйж байгаад ажилд орж, албан тушаал хүртдэг. Тэгээд иргэдэд үйлчлэх ёстой гэдгээ ойлгодоггүй зүгээр цалин авахаа бодож ажиллана гэдэг бол гунигтай, эмгэнэлтэй. Ийм тогтолцоо бол төрийн албаны ялзрал. Харамсалтай нь тийм хүмүүсээр төрийн албаны 70, 80 хувь нь бүрдсэн байна. Тиймээс наад зах нь сумын хөгжлийн тухай ярих, хөгжлийг төлөвлөх чадавх тэдэнд байхгүй. Тухайлбал, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг төлөвлөе гээд суухаар Иргэдийн хуралд чадавх байхгүй. Хорин нэгэн төлөөлөгч нь эрээвэр хураавар малчин, уяач гэх мэт. Малчин, уяач байгаадаа гологдож байгаа юм биш. Гагцхүү тэр хүнд төрийн анхан шатны удирдлага болох боловсрол, чадвар, сэтгэл зүй байхгүй гэсэн үг. Тиймээс энэ асуудалд хамгийн түрүүнд анхаарах ёстой. Сум хөгжих боломж байна уу гэвэл байгаа. Сум орон нутаг мөнгөгүйдээд, ядуураад хоцрогдоод байх нь гайгүй. Хамгийн гол нь оюун тархи, сэтгэлзүй, харилцаа, хандлагын хоцрогдлоор сум орон нутгийн хөгжил мөхөж магадгүй.

-Суманд намчирхах байдал газар авсан санагддаг. Хэн нэгнийгээ тэр намын, энэ намын гэж ад шоо үзэх тохиолдол их байдаг нь төрийн ажлыг явуулахад, сум орон нутгийг тогтюортой хөгжүүлэхэд саад болоод байх шиг санагддаг?

-Бид аль нэгэн нам эвсэлд хамаардаг, эсвэл хоорондын хувийн харилцаа сайн муу ямар байхаас үл шалтгаалж төрийн ажил явах журмаараа явж байх ёстой. Бид төрийн ажлыг хүндрэл, чирэгдэлгүй явуулах тал дээр нэгдэж чаддаг байх ёстой. Бүдүүлгээр яривал муудаж, сайдаад ч болов нэгдэж чаддаг, тийм сэтгэлтэй байж иргэдийнхээ итгэлийг хүлээнэ. Түүнээс биш дарга даамал, албан тушаалаараа иргэдийг далайлгаад байвал ард түмний сэтгэлийг мөхөөж, тэдний төрд итгэх итгэлийг үгүй хийдэг. Хоёрдугаарт, дараагийн хүн “Түүн шиг муу юм дарга хийж байхад би хийж чадна” гэж боддог. Энэ нь ямар шинжийг илтгэж байна гэхээр шалгарагсад тоглодог төрийн дэвжээний нэр хүндийг унагаачихсан учраас захын боловсрол, мэдлэггүй хүн орж ирж тоглоно гэж санаархах боломжийг бид өөрсдөө бүрдүүлчхэж байгаа юм. Бидний арчаагүй, ажлаа муу хийдэг, мэдлэггүй, хариуцлагагүй, чадавхгүй байгаа энэ байдал эргээд хүмүүсийг даврах байдлыг нөхцөлдүүлдэг. Иргэд худлаа хэлдэг, хулгай хийдэг, архи уудаг нөхөр дарга болоод байхад би яагаад болохгүй гэж бодох нь зүйн хэрэг шүү дээ. Хундганд хор исгэх үү дарс исгэх үү гэдэг зөвхөн өөрөөс шалтгаалдаг. Энэ төрийн нэр хүндийг авч явах нь үүнтэй агаар нэг. Тухайн төрийн нэр хүнд ямар байх нь төрийн чиг үүргийг авч явж, хэрэгжүүлж байсан хүмүүстэй шууд холбоотой байдаг. Тийм учраас төрд ажиллаж байгаа хүмүүсийн боловсрол, хандлага, шилэн сонголтын асуудал үеийн үед маш чухал. Сум орон нутгийн хувьд коронавирустэй холбоотой цаг үеийн бэрхшээлээс илүү боловсон хүчнүүдийн шилэн сонголтын асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн гэхэд хилсдэхгүй байна. Залуу боловсон хүчнүүд төрийн хар хүний шалгуураар ирж байна уу гэвэл үгүй. Төрийн албаныхан ард түмний татварын мөнгөөр цалинжиж, тэдэнд үйлчлэхийн тулд энэ ажил албан тушаалд томилогдсон гэдгээ хамгийн сайн ухамсарлах хэрэгтэй байна. Дарга гэдэг үгийг үйлчлэгч гэдэг нэр томьёогоор солимоор байгаа юм. Иргэд өөрсдийнхөө төлөө хамгийн үнэнч шударгаар ажиллаж, тэдний төлөө үйлчилнэ гэсэн хүнд итгэж даргаар сонгодог гэдгийг бүх шатны дарга нар ухамсарлаж хүлээж авмаар байна. Иргэд өөрсдөө ч үүнийгээ ухамсарлаж шаардлагаа тавих хэрэгтэй. Ийм эрүүл тогтолцоогоо хэн хэн нь ойлгочихвол олон зүйлийн хандлага өөрчлөгдөх байх аа.

-Иргэдийн оролцоо танай суманд хэр байдаг вэ. Багийн дарга нар энэ тал дээр хамгийн их үүрэгтэй оролцдог байх?

-Нэг үеэ бодвол иргэдийн оролцоо сайн болсон. Учир нь орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтөд иргэдийн саналыг авч байгааг нь тэдний оролцоог нэмэгдүүлсэн. Мөн сум хөгжүүлэх сан байна. Гэхдээ иргэдийн санал төгс ирэх үү гэвэл үгүй. Яагаад гэвэл иргэдэд байгаа мэдээлэл, мэдлэгийн нөөц хомс байна. Энэ тал дээр анхаарах ёстой анхан шатны удирдлага болох багийн дарга нарийн боловсрол муу байгааг нуухгүй ээ. Үүний шалтгаан бол намууд өөрсдийн төлөөлөл болсон боловсон хүчнүүдээ боловсруулах тал дээр асар их алдаж байна. Одоо бол намууд гуу жалгын сандал суудлынхаа төлөө яваад багт аль олон ах дүүтэй хүнийг дэвшүүлчихдэг. Энэ тогтолцоог одоо халах хэрэгтэй. Иргэд ч сонголт хийхдээ анхаарах хэрэгтэй болов уу.

-Хүнийг удирдана гэдэг хамгийн хэцүү, ухаан шаардсан ажил юм даа. Удирдах, удирдуулах ёсны талаар та юу хэлэх вэ?

-Эхлээд хүн болохын шалтгааныг өөрсдөө бодож олоогүй байж, хүн болчихсон хүнийг удирдах, хүн болох шатандаа яваа залуусын зам мөрийг тэгшлэх талаар бодно гэдэг аймар зүйл. Хүмүүс дарга гэдгийг цалин өгдөг, ажилд авдаг, халдаг, харамж үзүүлдэг албан тушаалтан гэж ойлгоод байдаг. Гэтэл яг үнэндээ удирдахуйн шинжлэх ухаан гэдэг асар нарийн шинжлэх ухаанд суурилсан ур чадвар байх ёстой юм. Тийм ур чадварыг би өөрөө эзэмшсэн үү гэдгээ дарга нар өөрсдөөсөө эхлээд асуух ёстой. Гэтэл одоогийн дарга нар удирдлагадаа ажиллаж байгаа хүмүүс рүү хардаг. Яг үнэндээ хүн бүхэнд тохируулах түлхүүрийг удирдлага өөрөө бүтээж чадсан уу, хэдэн хүний сэтгэлийн хаалга надад нээлттэй байна, хэдэн хүний сэтгэлийн хаалгыг хаагаад түгжээд орхив гэдгээ мэдэхгүй байна. Тийм хэмжээнд боловсроогүй байж хүн удирдахын тухай ярина гэдэг явдалтай. Гэтэл өнөөдөр ярихаас өөр арга алга. Би хүн удирдах болоогүй байна гээд албан тушаалаа орхиод явж байгаа хүн нэг ширхэг ч алга. Ингээд хаяад гүйдэггүй юм аа гэхэд өөрийгөө бүрэн боловсорсон эсэхээ бодож олох сэтгэлтэй байх ёстой. Бид бүгд мөнх бус. Зуурдхан амьдрах чөлөөнд яаж амьдрах тухай бодож олоод, бусад хүмүүст ямар нөлөө үзүүлээд буцах тухай бодох хэрэгтэй. Алдар нэр, албан тушаал ч мөнх бус. Хөдөө орон нутгийн иргэдэд ийм ойлголт одоогоор байхгүй байна. Ажлын хариуцлага алдсан бол, иргэдийнхээ итгэлийг эвдсэн бол дарга нарыг эргүүлэн татах эрх нь иргэдэд бий.

-Ажиллах хугацаандаа шантрах үе байсан уу?

-Эмэгтэй хүн удирдах албанд ажиллана гэдэг хэцүү. Сайн муу, үнэн худал хэл ам үргэлж дагаж байдаг. Энэ бол бүхий л эмэгтэйчүүдэд тохиолддог бэрхшээл байх. Сайн байгаад жаахан дээшээ гарахаар хэн нэгнээр татууллаа, тэтгүүллээ гээд л... Ялангуяа над шиг өрх толгойлдог эмэгтэй сум орон нутгийг толгойлоход хэцүү. Өөрсдийнх нь шударга бус үйлдлийг дэмжээгүйн төлөө, өөрийнх нь хариуцлагагүй байдалд хариуцлага тооцсоныхоо төлөө адлуулах үе бишгүй байсан. Гэхдээ нэгэнт энэ сумын 13 жилийн хөгжлийн түүхтэй холбогдсон болохоор надад амиа бодоод зугтах, шантрах эрх байхгүй. Цаашид би дарга байсан ч шударга бус зүйлийн эсрэг тэмцэнэ, иргэн байсан ч тэмцэнэ. Тийм болохоор надад дургүй байгаа хүмүүсээс айдаггүй. Энэ бол зарчим.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com