Төрийн банкны захирлууд гаргасан зээлийнхээ 5-10 хувийг хахуульд авдаг тухай дуулиан энэ өдрүүдэд олны анхаарлын төвд байна. Төрийн мөнгө ёолдоггүйн үлгэрээр төрийн нэртэй бүхнийг цөлмөж, төрөөс төрсөн тэрбумтнуудын тоог нэмэгсэд сайндаа ялын доод хэмжээ авдаг жишиг манайд тогтсон. Чухамдаа төрийн мөнгө гэдэг нь ард түмний халааснаас гардаг татварын мөнгө байлтай. Тийм болохоор иргэн бүр энэ асуудалд анхаарал хандуулж, учрыг лавлах эрхтэй билээ.
Өдгөө Төрийн банканд ажиллаж буй жилийн 100-200 сая төгрөгийн цалинтай хорь гаруй захирал цөм 2012-2016 онд гудамжинд лааз өшиглөж явсан нөхөд гэнэ. МАН эрх барьж эхэлмэгц тэдгээр нөхөд Төрийн банкны удирдах албан тушаалд ямар ч шалгуургүй очиж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж эхэлсэн байна. Үүний тод жишээ бол оны өмнөхөн 20 тэрбумын авлигын хэрэгтээ хоёр жилийн ял сонссон тус банкны Ерөнхий захирал асан Д.Баярсайхан юм.
Тэрбээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан Шинфа” ХХК гэх нэртэй автозамын компанид 20 тэрбум төгрөгийн зээлийг ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр олгосон байдаг. Түүнд холбогдох хэрэг жил дамнан сунжирсаар хэдхэн сарын өмнө “шагнал” мэт хөнгөн ял авсан. Д.Баярсайхан захирлын хувьд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн хүн гэгддэг бөгөөд олон олон хуульчийг бэлтгэн гаргадаг хувийн сургуультай эрхэм гишүүний шавь нар, төгсөгчид нь түүний асуудлыг нааштайгаар шийдэж өгсөн гэх хардлага ч бий.
Эндээс харвал Төрийн банк нь нам дагагсадын орогнох газар, улстөрчдийн саалийн үнээ болжээ. Тус банкны Ерөнхий захирал Д.Баярсайханаас гадна тэргүүн дэд захирал Д.Ганбаатар, гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн нар 4.7 тэрбум төгрөгийн зээл олгохдоо эрх мэдлээ урвуулж 98 мянган ам.доллар авсан гэх хэрэгт ч холбогдож байжээ. Тодруулбал, гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг “Бичура” компанийн захирал М.Болортуяа таньдаг байж. М.Болортуяа захирал танилын холбоогоо ашиглаж Төрийн банкнаас таван тэрбумын зээл хүссэн бөгөөд түүний зээлийн материалд үнэлгээ хийж үзэхэд эрсдэл өндөр гарсан байна. Гэвч 2017.09.12-ны өдрийн зээлийн хорооны хуралд Б.Цэндсүрэн захирал оролцож, “Бичура”-д 4.7 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Харин дараа нь зээл гарангуут, “Төрийн банкнаас зээл гаргахад зээлийн хорооны гишүүдэд нийт дүнгийн 10 хувийг өгөх ёстой. Чи таван хувийг өгөхөд болно” гэжээ. Үүний дагуу М.Болортуяа захирал Б.Цэндсүрэнд 235 сая төгрөг хахууль болгон өгсөн байна. Тэдэнд нийтийн албан тушаалтан албан үүргээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр шүүхээс ял оноосон. Ингэхдээ Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 3.6 жилийн хорих ял, Д.Ганбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасч, 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.
Мөн түүнчлэн, тус банкны теллерүүд 60 гаруй хүний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгөнөөс завшсан, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт буруутгагдан цагдан хоригдож байсан удаатай. Түүнчлэн ерөнхий захирал Д.Баярсайхан, гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн, гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Ганбаатар нар албан хэрэгцээндээ LEXUS-570 автомашин унаж тансагладаг гэдгийг ч хэвлэлүүд удаа дараа шүүмжилсээр байгаа. Харамсалтай нь эл тансаглалыг танах эрх мэдэлтэн даанч алга. Ийм машины зах зээлийн үнэлгээ, дээрээс нь бензин, тос гээд дэндүү хайран зардал эргэж нийлэхгүй гол мэт урссаар. Саяхан захирлуудынхаа тансаг машинуудад “Секуд” ХХК-аас 34 сая төгрөгөөр дугуй худалдан авч сольсон явдалд иргэд ихэд шүүмжлэлтэй хандсан.
Хаанаасаа хаалгач хүртлээ Төрийн нэртэй түмний мөнгийг хадгалдаг тус банкийг мөнгөний машин мэтээр харж, сэтгэж, үйлдэж буй тус банкны албан тушаалтнуудад “шударга” гэх тодотголтой Ерөнхий сайд маань хэзээ хариуцлага тооцох юм бол.
Үнэндээ Төрийн банк өнөөдөр Монгол Улсын хамгийн олон захиралтай, хамгийн өндөр цалинтай байгууллага болсныг хэн хүнгүй хэлэлцдэг. Ерөнхий захирал Д.Баярсайхан сард 18 сая, жилд 216 сая төгрөг, гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн сар бүр 15 сая, жилд 180 сая төгрөг, гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Ганбаатар 12 сая, жилд 144 сая төгрөгийг цалин нэрээр халааслаж суудаг. Түүнчлэн сар бүр 8-12 сая төгрөгийн цалин авдаг гурван орлогч захиралтай. Тэдний доор чиглэл хариуцсан долоон захирал, тэдгээрийн дор 15 газар бий бөгөөд бүгд захирал гэх статустай, мөн төдий дайны цалин пүнлүүтэй гэж байгаа. Д.Баярсайхан захирлын сарын цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даруй 75 дахин их байгаа юм.
Нэг ёсондоо, улс төрчдийн мөнгө идэх хамгийн том сувгуудын нэг болсон энэ банкны асуудлыг анхааралдаа авах цаг нэгэнт болжээ. Намын томилгоогоор нэр дэвшээд унасан, сонгуульд нь ажиллаж сохор зоосны өглөг авлагатай болсон мэргэжлийн бус нөхдийг удирдах албан тушаалд тавьж ам хаадаг, нарийн яривал дараагийн сонгуулийнхаа мөнгийг босгодог увайгүйтэл Төрийн банканд газар аваад байгаа юм биш байгаа. Эцэстээ татвар төлөгчдийн мөнгийг ийнхүү бохирын хоолойгоор урсгаж, хүчээр дампууруулж, хэн нэгний халаасанд хувьчлал нэрээр шидэх, бэлэг болгох хөгийн сценари ч бичигдсэн байхыг үгүйсгэхгүй юм. Ийм жишээ бидэнд байхгүй биш, байгаа.