Хичээлийн ширээ цэмцгэр, сурах бичгүүд цэгцтэй, хуудсууд нь хунираагүйг үзвэл тун нямбай хүүхэд хичээлээ хийж суугаа бололтой. Дэлгэцээр эчнээ танил болсон багштайгаа харилцан ярилцаж, хамтдаа бодож, бичээд хоёр сар боллоо доо. Хийсэн хичээлээ ангийнхаа фэйсбүүк группт оруулж, багшдаа шалгуулаад, нэмэлт даалгавар өгвөл авч хийгээд хүү хэрдээ бие даагаад л байна. Мэдээж танхимын сургалтыг энэ теле хичээл бүрэн нөхөхгүй ч нэгдсэн зохион байгуулалтад оруулж, сургалтын агуулгыг нөхөж буйд талархмаар.
БНСУ-д докторын зэрэг горилон суралцаж буй найз маань “Энд хичээл каринтилсан ч теле хичээл гэж байхгүй. Нэг аппликейшн санал болгосон ч хичээл бүр нь төлбөртэй. 1500-70000 воны үнэтэй тэдгээр хичээлээс сонголтоороо судалж болно. Монголчууд маань харин ч азтай юм аа” гэж ярилаа. Дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх тухай ярьдаг монголчууд зарим талаараа түрүүлж алхаад байгаа ч юм шиг таатай мэдрэмж. Өдий хүртэл теле хичээл заавал орох ёстой. Цар тахал гарсан ч хүүхдүүд сурах эрхтэй, түүний тулд БСШУСЯ анхаарах учиртай гэсэн бодолтой байсан надад энэ яриа шинэ салхи сэвэлзүүлэв. Хорио дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгагдсан учраас юун түрүүнд Боловсролын хүрээлэн рүү холбогдож, дараагийн хичээлээ бэлдэж амжсан эсэхийг лавлалаа.
Тус хүрээлэнгийн Боловсролын хөтөлбөрийн судалгааны секторын эрхлэгч А.Энхтогтох “Өнөөдөр бид агуулгынхаа тооцоог гаргалаа. Таван долоо хоногийн агуулга судлуулах ёстой. Бага хугацаа үлдсэн ч дөрөвдүгээр сард орох хичээлийн бичлэгийг даруй эхлүүлнэ. Агуулга гаргаж, багш нараа бэлтгэж, бичлэг хийх гээд хугацаа нэлээд ордог ч шуурхай байхыг шаардаж байна. Өдий хүртэл долоон долоо хоногийн теле хичээл ороод байна. Цаашид таван долоо хоногийн хичээл бэлдэнэ” гэсэн юм. Түүнээс багш нарыг хэрхэн сонгож байгаа талаар асуухад “Нэгэнт хорио цээрийн дэглэмтэй байгаа учраас бага насны хүүхэдтэй, хөдөө явсан багш нарыг ажиллуулах боломжгүй. Бид багш нарынхаа судалгааг гаргаж, туршлагатай, аргазүй сайтайг нь сонгож хичээл заалгаж байна” гэсэн. Тус хүрээлэнгийн зохион байгуулснаар теле хичээлийг econtent.edu.mn цахим хуудас болон ижил нэртэй аппликейшнаар дамжуулан мөн хүргэж эхэлжээ. Зөвхөн телевизээр гаргаад зогсохгүй тусгай сайт, апп бэлдсэнээр хэзээ ч хаанаас ч хандан хичээлээ нөхөн судлах боломжтой. Мөн энд ерөнхий боловсролын сургуулийн 1-12-р ангийн бүх сурах бичгийг байршуулсан учраас гэрийн даалгавраа хийхдээ ашиглаж болох аж. Үүрэн холбооны операторууд энэ аппликейшныг дата ашиглахгүйгээр хэрэглэж болохоор зохицуулсан бол Монголын телелвизүүдийн холбооныхон теле хичээл эхэлсэн цагаас хойш нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ямар ч төлбөргүйгээр хамтран ажиллаж буй. Хичээлийн дүрс бичлэг хийж, цацах гээд нөр их ажлыг хэвлэл мэдээллийн тэр дундаа телевизийн салбарынхан амжуулж буй юм.
Нэг долоо хоногийн теле хичээл бэлтгэхэд 170 орчим багш оролцдог аж. Теле хичээл заасан багш нарт илүү цагийн мөнгө олгож буй аж. Боловсролын хүрээлэнгийн зүгээс хичээлийн агуулга болон цар хүрээтэй холбоотой нэгдсэн судалгаа хийж амжаагүй байгаа ч нийгмийн хандлага эерэг байгаа хэмээн таамаглаж буй. Сургалтын агуулгын 50-иас дээш хувийг теле хичээлээр хүргэж байна. Үлдсэн 45 хувийг хүүхдүүд бие даан бататган, даалгавраа хийх ёстой. Тус хүрээлэнгийн зүгээс ЕБС-ийн багш нарт чиглэл өгч, ямар төрлөөр нэмэлт даалгавар өгөхийг ч зөвлөж буй гэнэ.
Өнгөрсөн долоо хоногийн Улсын онцгой комиссын хуралдааны дараа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “12 дугаар ангийн хүүхдүүд энэ жил хамгийн хүндрэлтэй нөхцөлд ЭЕШ-д бэлдэж орох болж байна. Хөдөө малчдын хүүхдүүд гэртээ харьсан байна, алслагдсан бүс нутгуудад, интернэтгүй орчинд олон мянган хүүхдүүд сурч амьдарч байгаа. Малчид маань гэртээ СД, ДВД тоглуулагчтай байх нь элбэг. Сумын төвд интернэтийн хурд болон төлбөр гээд олон бэрхшээл байдаг. Бүх хүүхэд ухаалаг гар утас хэрэглэх боломж хомс. Амьдрал баян. Бид мэдээж АПП зохион бүтээж удахгүй ашиглаж эхлэхээр ажиллаж байна. Хугацаа орж байна. Цаг алдалгүй богино хугацаанд хүүхдүүддээ туслах материалыг хүргэх шаардлага үүсээд байна. Мэдээж хот суурин газарт сайтаас, нүүр ном, пэйж хуудсаас, нэт-ээс үзэх боломжуудыг нь нэмэгдүүлж байна. Бүх боломжийг ашиглаж, хүүхэд бүртээ ижил боломж олгохоор ажилласаар байна. Монгол Улсын хэмжээний асуудлыг Улаанбаатар хотын хэмжээгээр бүү сэтгээсэй гэж хүсч байна. Зарим нэр хүндтэй нийтлэлч, олны танил хүмүүс хүртэл өрөөсгөл ойлгож байгаад харамсч байна. Хөрөнгө мөнгөтэй, баян чинээлэг, боломж сайтай хүмүүс бол СД, ДВД-тэй компьютер хэрэглэхээ болиод удсан байх. Манай улсын хэмжээнд бүх ЕБС-ийн суурин компьютерууд, багш нарын хэрэглэж байгаа нөүтбүкүүд СД уншдаг. Манай яам ч адилхан компьютерүүдээ шинэчилж чадаагүй л байна. Цэцэрлэгийн багш нарт бүр компьютер ч байхгүй. "Ковид19" бидэнд шинэ сорилт тулгаж байна” гэсэн юм. Санал шүүмж багагүй гарч байгаа ч түүний хэлснийг улстөржүүлэхгүй ойлгож болохоор санагдана.
Сургалтын агуулгын талаар нэгдсэн судалгаа хараахан гараагүй ч зарим сурагч, эцэг эхчүүдийн санал бодлыг хүргэхийг зорилоо.
23-р сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч Т.Маралаа: Эхний үед орсон теле хичээл ихэвчлэн хоёрдугаар улиралд үзчихсэн агуулга байсан. Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан нэмэлт хичээл орсон ч шалгалтын журмыг танилцуулах л төдий байсан. Манай сургууль moodle системээр даалгавар, хичээл оруулж, тогтмол шалгалт авч байгаа. Манай дүү 24 дүгээр сургуульд сурдаг. Зургадугаар ангид сурдаг дүүд маань теле хичээл нь сонирхолтой, хангалттай байгаа гэсэн. Багш нь нэмэлтээр даалгавар өгч, шалгадаг.
“Ирээдүй” цогцолборын тавдугаар ангийн сурагч М.Батзандан: Анги дээр туршиж үзэж чаддаггүй байсан зарим зүйлээ бэлдэж байгаад туршиж байгаа. Монгол хэл болон математикийн хичээлийн даалгаврын номоо нэмж хийдэг. Теле хичээлийг зурагтаар эсвэл утсаар үздэг.
73-р сургуулийн хоёрдугаар ангийн сурагч М.Нандин-Эрдэнэ: Өнгөрсөн долоо хоногт теле хичээл хийгээгүй. Багш даалгавар өгч хийлгэсэн. Анх теле хичээл хийж байсан. Дараа нь багш хичээл давтаж гараад байна гээд өөрөө даалгавар өгсөн.
131 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн сурагч У.Маргад-Эрдэнэ: Номон дээр байгаа хичээлийг зааж байгаа. Би хоёр үсэг сурчихвал болох гээд байгаа. Зурагтаар хичээлээ заалгаад гэртээ байх гоё байгаа.
62-р сургуулийн есдүгээр ангийн сурагч Ц.Эрдэмбаяр: Теле хичээл үздэг ч бичиж, тэмдэглэх зүйл багатай санагддаг. Өөрийнхөө сонирхсон хичээлээ интернэтээс нэмэлтээр судалдаг.
18-р сургуулийн зургадугаар ангийн сурагч Б.Энхжин: Багш нар гадаад хэлний хичээл дээр нэмэлт даалгавар өгч байгаа, бусдыг нь теле хичээлээсээ сурч байгаа. Гэхдээ өмнө нь орсон хичээл гараад байдаг.
31-р сургуулийн гуравдугаар ангийн сурагч Б.Эрхэмбаяр: Теле хичээл сонирхолтой. Өдөр болгон хийдэг.
Сурагчдыг бие даан сурах дадалтай болгоход тустай хэрэг боллоо гэж үзэх нэгэн байхад ингэж хичээл зааснаас дахиад ухраад сурах хэрэгтэй гэх эцэг эх ч байна. Ирэх жилийн хичээл наймдугаар сарын 15-нд эхлэх бол энэ хавар бямба гарагт амрахгүй хичээллэж агуулгаа нөхөх чиглэлийг БСШУСЯ гаргажээ.
Түүнчлэн амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан теле хичээл үзэх боломжгүй хүүхдүүд байхыг үгүйсгэхгүй бөгөөд хороо дүүргээс энэ талаар судалгаа хийх хэрэгтэй санагдсан. Тухайлбал СХД-ийн 14 хорооны 13-р байрны орцны жижүүрийн хүү зурагтгүй, ухаалаг гар утасгүйгээсээ шалтгаалан хичээлээ хийж чадахгүй байгаа гэсэн юм. Эргээд шалгах хяналтгүйн зэрэгцээ эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчид нь анхаарал тавихгүй тохиолдолд энэ мэтээр хүүхдүүд сургууль завсардаж байгаа. Өвчин тахал түргэхэн татарч, хурдхан хичээлдээ явахсан гэж хүүхдүүд хүсэх нь ч аргагүй. Ангийн найз, танхимын хичээл, багшийн донго гээд бүгд л сурахад чухал хэрэгтэйг энэ цаг үе илүү тод ухааруулж байна.