Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
БОЛОВСРОЛЫН РЕФОРМ

Баавгайн Насанбаяр
Ph.D /Боловсрол судлал/

 Боловсролын реформын тухай “тодорхойлон” ярьж буй Мандал даатгал ХК-ийн ТУЗ-ын дарга Ө.Ганзориг ikon.mn сайтын сэтгүүлчийн “Сэтгэл зүйд суурилсан боловсролын системийг хэрхэн нэвтрүүлэх ёстой вэ?” гэсэн асуултад “Сэтгэл зүйн хичээл огт заахгүй. Түүх, математик, уран зохиолын хичээлийг заах явцдаа сэтгэл зүйн арга технологийг шингээж өгөх. Жишээ нь, коммунизмын үеийн боловсролын систем сэтгэл зүйд суурилж эхэлж байсан нь пионер гэх мэт зүйлээр гарч ирж нэг нэгэндээ тусалдаг, муугаа өргөж дэмжиж тусалдаг, лидер гэж хүн гаргаж ирдэг гэх мэт аргууд байсан байгаа юм” гэж хариулжээ. Түүний баг “Боловсролын реформыг ТЕХНОЛОГИЙН тусламжтайгаар найман жилийн дотор бүрэн хийх боломжтой” хэмээн онцолсон байна. https://ikon.mn/opinion/ Эдгээр хүмүүс боловсролын түвшин бүрийн онцлог, давуу тал, боломжийг зөв ойлгож, тодорхойлж чадаагүй учир боловсролын реформ хийх арга, шийдлээ тодорхойлсон байдал нь үзэл баримтлалын хувьд зөрүүтэй байна. Боловсролын салбарын чанар, хөгжил бол нэг цэгт хүрэх тухай ойлголт бус, ямар нэг том аз, гайхамшиг тохиолдох, нэг үйлдлээр бүхнийг шийдэх боломжгүй. Боловсролыг богино хугацаанд реформ хийнэ гэж харах тусам шийдэл нь судалгаагүй, аргацаасан, түр зуурын үйлдэлд төвлөрсөөр өдийг хүрснийг анзаарахад илүүдэхгүй.

БОЛОВСРОЛЫН РЕФОРМЫН ҮНДСЭН ШИЙДЭЛ

 Боловсрол, сургалтын хөтөлбөрийн зорилго зорилт, агуулга, арга зүй, хэлбэр, хэрэглэгдэхүүн, үнэлгээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дараах долоон чиглэлийг хөгжүүлэх нь боловсролын чанар, үр өгөөжийг шийднэ.
1. Боловсролын байгууллагын засаглал, менежмент
2. Боловсролын үзэл баримтлал
3. Байгууллагын соёл, ёс суртахуун, үнэт зүйлс
4. Багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх тогтолцоо
5. Суралцагчдын суралцах хэв шинжийг тодорхойлох
6. Анги, бүлгийн зохион байгуулалт
7. Санхүүжилтийн систем
 Эдгээр хүчин зүйл нь харилцан хамааралтай, боловсролын чанар, амжилтын үндэс гэдгийг бодлого боловсруулагчид болон хэрэгжүүлэгчид хүлээн зөвшөөрч хамтран ажиллах нь суурь шийдэл. Мөн хүүхэд яаж сурч, хэрхэн хөгждөг зүй тогтолыг танин мэдсэнээр, тэр зүй тогтолд нийцүүлэн хүүхэд хэрхэн суралцаж, багш хэрхэн багшилж буй тухай судалгаа, сайн туршлагыг тасралтгүй хөгжүүлэхэд дээрх долоон чиглэлийн шийдэл шууд хамааралтай. Монгол Улсаас Япон Улсад Элчин сайдаар ажиллаж байсан С.Хүрэлбаатар “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагандаа “Монголын өнөөгийн боловсролын тогтолцоо шатлал, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр зэрэг баримт бичгийн хувьд дэлхийн түвшинд ойртсон байна. Энэ баримт бичигт заасан мэдлэгийн түвшнөө сурах бичигтээ яаж тусгав. Түүнийг багш нар нь ямар аргаар яаж хэрэгжүүлж, сурагчид нь яаж эзэмшиж байна вэ гэдэгт л дутагдал байна” гэдгийг дурдсан нь үнэнд ойрхон дүгнэлт хийжээ.
Конструктив онолын үндэслэгч Жан Пиаже “Мэдлэг, үнэлэмж, оюун санаа, бодол болон тусгаар бие даасан байдал зэрэг хувь хүний зан чанарыг гаднаас дамжуулж олгодоггүй, Харин хүүхэд өөрөө дотроосоо бүтээж бий болгодог” гэж үзсэн. Мөн материаллаг болон нийгэм, соёлын орчинтой харьцах явцад Ассимляци (Assimilation) буюу “Хүүхэд орчноосоо мэдээллийг хүлээж аваад өөрийнхөө өмнөх мэдлэг, туршлага дээр суурилан суралцдаг”, Аккомодаци (Akkommodation) буюу “Хүүхэд саад, бэрхшээлтэй тулгарснаар шинэ мэдлэг, туршлага олж авдаг” гэсэн ялгаатай хоёр суралцахуйн үйл явц явагддаг гэж тодорхойлсон байдаг. Хүүхэд аль ч насандаа бусадтай идэвхтэй харилцсанаар конструктив байдлаар суралцах боломжтой.
Сургалтын үйл явцад багш, хүүхэд хамтдаа юмс, үзэгдлийн учрыг таних эрэл хайгуул хийж, судлах, өдөр тутмын амьдралд идэвхтэй оролцогч байснаар хүүхэд суралцах арга барил эзэмшдэг. Мөн хүүхэд бүрийн ялгаатай байдал, санаа, үйлдэл, чадамж, нь харилцан бие биенээсээ ихийг суралцах боломж олгодог. (Gispert 2004, S.171) Тиймээс багш нь тухайн хүүхэд юуг илүү сонирхдог, ямар давуу талтай, юуг дутуу ойлгож байгааг мэдэрч, шаардлагатай чиглүүлэг, дэмжлэг өгөх хандлага, хүүхдээс гарсан санаа, тайлбар, төсөөлөл, зөрчилдөөн, үл ойлголцол, оролдлого зүтгэлийг эергээр үнэлж, анзаарч дэмжих чадварт суралцсан байх нь чухал.
Сургалтын үйл, дүр төрх нь мэдэхийн оронд гайхах, хариулахын оронд асуух, заахын оронд чиглүүлдэг соёл, зарчим гэдгийг боловсролыг шүүмжилдэг шигээ нийтээрээ ухаарч ойлгож, багш бэлтгэх, багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, тогтолцоог сайжруулах нь реформын үндэс.

ШАВИЙН ЭРДЭМ БАГШААС...

 Боловсролоор дэлхийд тэргүүлэгч Финлянд Улсын боловсролын санхүүжилт төрөөс 100 хувь санхүүждэг. Сургуулиудыг сайн муу гэж ангилдаггүй, өөр хооронд нь өрсөлдүүлдэггүй, адил тэгш орчин нөхцөлөөр улс нь хангадаг. Орон нутгийн засаг захиргаа нь боловсролын бүх асуудлыг хариуцдаг. Хувийн сургууль бараг байхгүй 0.5 хувийг эзэлдэг. Финлянд Улсын Боловсролын хөгжлийн стратеги нь хүүхдийг огт харьцуулдаггүй, уралдуулдаггүй багш, цөм хөтөлбөр, манлайлал, хүүхэд бүрийн хөгжил юм. Орон нутгийн болон үндэсний үнэлгээ нь сайн дурын үндсэн дээр, сургуулийн өөрийн захиалгаар хийгддэг. Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын дотор хүүхдийн ачаалал буюу хичээллэх цаг хамгийн бага, гэрийн даалгавар өгдөггүй, шалгалт, тест авдаггүй, сургалтын үйл ажиллагаа нь хүүхдийн сурах сонирхол, хүсэл эрмэлзлийг дэмжихэд чиглэсэн. Ийм хөгжлийн жишиг тогтоосон суурь шийдлийн нэг нь “Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн үнэлгээний жагсаалтын эхний 10 хувиас багшийн мэргэжлээр сурах суралцагчийг элсүүлэн, таван жил улсын зардлаар сурч, магистрын зэрэг заавал хамгаалсан судлаач багш бэлтгэдэг” гэж хэлж болно.
Харин манайд багшийн мэргэжил эзэмшихийг нэр төрийн хэрэг гэж үздэг байсан үе ард үлдэж, “Муу нь багшийн сургуульд орж байна” гэх ойлголт тогтоод удаж байна. Энэ жишгийг өөрчилж, багшийн чанарыг сайжруулах зорилгоор 2013 оны Засгийн газрын 181 дүгээр тогтоолоор элсэлтийн ерөнхий шалгалтын 650, 700 оноотой элсэгчид багшийн сургуульд 70, 100 хувийн тэтгэлгээр суралцах боломж олгосон ч багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийн хөгжил сул, багшийн нэр хүнд, цалин хангалтгүй байгаагаас хамаарч үр дүн гарах бололцоо бүрдэхгүй байна. Гэтэл хүн амын өсөлтөөс хамаарч ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоо 2025 онд 891’900, 2030 онд сурагчдын тоо 954’500-д хүрч шинээр 31’000 орчим багш шаардлагатай болно гэдгийг салбарын яам тодорхойлжээ. 2030 онд нийт 53’000 гаруй багш ЕБС-д багшлахаас 31’000 орчим буюу 58 хувь нь шинээр бэлтгэгдэх багш нар байна. Энэхүү хэрэгцээг боломж болгон харж, багш бэлтгэх сургуулиудын менежмент, хүний нөөц, хөтөлбөрт реформ хийж чадвал боловсролын реформын суурийг ирэх 10 жилд жинхэнэ утгаар нь хөгжүүлж болно.

 Боловсролын реформыг шавийн эрдэм багшаас гэдгийн зарчмаар багш бэлтгэх, багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийн реформ гэж харах нь чухал. Багш мэргэжилдээ эзэн болох хандлага, талархал, тууштай тэмүүлэл, зориг тэвчээр, бүтээлч санаачилга, хүндрэл бэрхшээлийг даван туулах, сэтгэл хөдлөлийг удирдах чадвар эзэмших чадварыг багшлахуйн зөв дүр төрх гэдгийг хөтөлбөр хэрэгжүүлэгчид хүлээн зөвшөөрч, реформ хийх онцгой шаардлага тулгарч байна. Энэхүү реформтой зэрэгцүүлэн багшийн ажлын байранд тавигдах шаардлага, шалгуурыг өндөр болгон, цалин урамшууллыг шүүгчдийн цалингийн түвшинд хүргэснээр асуудал гаргадаг бус, асуудал шийддэг, амьдралдаа эзэн болсон, бүтээлч иргэдтэй улс орон болж хөгжих боломж бүрдэнэ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com