Хаврын салхи хавирга нэвт үлээсэн энэ өдрүүдэд ханиад томууны дэгдэлт ямар түвшинд байгаа талаар бид сурвалжиллаа. Юун түрүүнд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны эмнэлэгт 14:30 цагийн үед очсон. Үүдээр нь ормогц угтагч сувилагч халуун үзэж, нэр бичиж авахын зэрэгцээ хувцсаа өлгүүлж, улавч өмсөхийг дүрэмдсэн. Хэлсэн бүхнийг нь ёсчлон гүйцэтгээд хоёр давхрыг зорилоо. Цайны цаг өнгөрөх үест хөл хөдөлгөөн ихтэй байдаг ч өнөөдөр эмнэлэг эл хуль байв. Тарианы өрөөнд гангар гунгар гэх чимээ сонсогдсон тул 208 тоотыг зүглэлээ. Хэрэг зоригоо хэдэн үгэнд багтааж ойлгуулахад, өөрийгөө хорооны статистикч эмч Р.Дуламсүрэн гэж танилцуулсан найрсаг эмэгтэй дуртайяа яриа дэлгэв. Тэрбээр, “коронавирус өвчний улмаас Эрүүл мэндийн яам иргэдийг аль болох гэртээ байж, дархлаагаа дэмжихийг уриалж байгаа. Гэвч манай өрхийн ард иргэд тэр зааврыг огт хэрэгжүүлэхгүй байна. Манай эмнэлэг ялангуяа үдийн өмнө битүү хүнтэй байдаг хэвээрээ.
Шээс, цус, эсийн шинжилгээ өгөхөөс эхлээд даралтаа үзүүлье, тариа хийлгэе гэсэн хүмүүс маш их хандаж байгаа. Өчигдөр үдийн хойно 16:00 цагийн байдлаар манай эмнэлгээр 98 хүн үйлчлүүлсэн байх жишээтэй. Энэ бол жирийн үеийнхтэй харьцуулахад их тоо юм. Харин энэ өвөл бага насны хүүхэд ханиад томуу хүрч, хандах явдал харьцангуй бага байсан” гэв. Тус эмнэлэгт энэ өдөр “Covid-19” өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг шалгах ажлын хэсэг ирэх байсан тул эмч нар дор бүрнээ завгүй байсан.
Эндээс гараад бид Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорьлоо. Яаралтай тусламжийн хаалгаар орж очиход үүдний танхим дахь хориод сандал хоосон, хоёр гуравхан хүнтэй байв. Арван сар арай хүрээгүй бололтой нярайгаа тэвэрсэн ээжийг сувилагч эмэгтэй “дотор үзүүлж байгаа хүүхдийн дараа ороорой” гэж байна. Ажаад байвал тэр эмэгтэй нөхөртэйгээ хамт яваа бололтой. Зорьж очоод бяцхан үр нь ямар өвчин тусаад дүүргийн яаралтай тусламжийн эмчид хандах болсон талаар нь тодрууллаа. “Бид Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хороонд оршин суудаг. Хүү маань хоолны хордлого авсан бололтой. Бөөлжиж, гүйлгээд хэд хонолоо. Хорооны эмнэлэгт үзүүлэхэд дүүргийн эмчид хандахыг зөвлөсөн. Ингээд энд ирээд байна” гэв. Харин угтагч сувилагч “Манай эмнэлэгт жирийн үед шөнөдөө 200-300 дуудлага ирдэг байсан. Сүүлийн саруудад энэ тоо эрс буурсан. Гэхдээ насанд хүрсэн, архаг хууч өвчтэй хүмүүсийн тоо огт буураагүй. Та бага насны хүүхдийн ханиад томууны өвчлөлийн талаар тодруулах гэж байгаа бол Хүүхдийн тасгийн их эмчтэй уулзаарай” гэсэн юм.
Ө.Туул: Дархлаагаа дэмжиж хэвшвэл ханиад томуунд баяртай гэж хэлэх ойрхон байна
Ингээд түүний заасанчлан гурван давхар дахь Хүүхдийн тасгийг зорилоо. Их эмч Ө.Туултай уулзахад, “Манай тасаг 200 хүүхдийн ортой. Өнөөдрийн байдлаар 50 орон дээр бага насны хүүхдүүд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байна. Ханиад томуу, хатгалгаа туссан хүүхдийн тоо сүүлийн үед эрс буурсан. Коронавирус хэдийгээр дэлхий нийтийг айлгаж байгаа ч манай иргэд энэ өвчнөөс сэргийлэх үүднээс дархлаагаа дэмжиж, маск зүүж, гараа угааж хэвшсэнээр вирусийн гаралтай өвчлөлийн тоо эрс буурч байгаа нь сайшаалтай. Эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих анхаарал халамж нь ч дээшилсэн байна. Яг энэ дадлыг хүн бүр улирлын томууны үед хэвшүүлж чадвал олон өвчнөөс үр хүүхдээ хамгаалж чадах юм байна гэдгийг ойлгож байгаа болов уу” гэсэн юм.
Томуу төст өвчнөөр өвчлөгсөдийн 60 хувийг 0-9 насныхан эзэлдэг
Чихэнд чимэгтэй сайхан мэдээ сонссон ч ахиад нэг эх сурвалжаар мэдээллийн үнэн бодит байдлыг баталгаажуулахаар ХӨСҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтан Н.Энхбаатартай холбогдлоо. Тэрбээр, “Маргааш өглөө манай эмнэлэг дээр ирээд шинэ мэдээлэл авч болно. Одоогоор сүүлийн үеийн мэдээллийг нэгтгэж амжаагүй байна. Өнөөдрийн байдлаар танд яриа өгөх завтай, боломжтой эмч алга” гэсэн юм.
Харин бид Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ажиллуулдаг www.FLU.mn вэб сайтаар зочилж томуу төст өвчний талаарх тандалт мэдээллийг сонирхсон. Эндээс харвал энэ оны эхний гурван сарын байдлаар томуу төст өвчнөөр өвчлөгсөдийн 30-аас дээш хувийг 1-4 насныхан эзэлсэн хэвээр байлаа. Мөн хорь хүртэлх хувийг 5-9 насныхан, 15 хүртэлх хувийг 0-1 настай хүүхдүүд эзэлж байсан. Харин томуу төст өвчний улмаас амбулаторид хандагсадын тоо нэгдүгээр сард хамгийн их байсан бөгөөд түүнээс хойш эрс буурсан байлаа.
эх сурвалж : "Ардчилал таймс сонин"