Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Өвчин чирч ирдэг гээд шувууд ирэхээс өмнө малаа төллүүлдэг байжээ

 Монгол орныхоо бүх аймаг, сумаар гуч гаруй жил явж, хөгшидтэй уулзаж, амьдрал судалсан, угсаатан судлаач, доктор Д.Тангадын “Монголын угсаатны зүйн хээрийн судалгаа” номоос монголчуудын уламжлал, ёс заншлын талаар хүргэж байна. Уг бүтээлд 1970-аад оны үед тэмдэглэн авсан ахмадуудын яриа хадгалагдан үлджээ. “Угсаатны зүйн судалгаа гэдэг амьдрах ухаан л байдаг юм. Монголын нүүдэлчдийн соёл ямар онцлогтой, хоол унд, хувцас, орон сууц нь ямар байсан. Хурим яаж хийдэг, хүнээ яаж оршуулдаг байв. Хүний амьдралын төрснөөс үхэх хүртэл замд тааралддаг бүх л зан үйлийг дайрч өнгөрдөг, тойрдоггүй шинжлэх ухаан юм” хэмээн СУИС-ийн Соёлын сургуулийн багш, доктор Д.Тангад тайлбарласан билээ. Багадаа эмээ, өвөөгийн яриаг ойшоохгүй, чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг байж дээ. Харин Д.Тангад судлаачийн номон дахь хөгшдийн яриа танил, дулаахан мэдрэмж төрүүлнэ.

Монголчууд газрын нэрийг бэлгэшээдэг

Дорноговь аймгийн Сайхан дулаан сум. Ондгойн Лувсандорж 77 настай луу жилтэй.

Хонинд яваад ирсэн хүнээс:
-Сайн явж ирсэн үү? Хонь тогтов уу гэж асуухад:
-Сайн явж ирлээ. Хонь тогтлоо гэж хэлдэг байсан. Хонинд явсан хүн орж ирэхэд босго хотосхийдэг юм гэнэ лээ гэж ярьдаг байсан. Мал хээр хоноход хайчаа унгасаар ороогоод, баруун хатавчинд ханын өнчин толгойд үзүүрийг доош харуулаад зүүнэ. Охин төлөг ихэрлэхэд , айл ханаа салгаад, амны нь хооронд хоёр мод шааж (нутгийн хэлээр хоёр шат түгжээд) ханаа боосон дүр үзүүлнэ. Төлөг ихэрлэж мал олон болж байна гэдэг байсан. Гэрээ ихэсгэж байгаа хэрэг юм. Энэ заншлыг манай нутгийн Гэндэнжамц гуайнх хийж байхыг үзсэн.
Дээр үед газрын нэрийг их бэлгэддэг байсан. Нэгэн хийд маш их нүүжээ. Тэр нутагт нэг их мэргэн хүн байж. Хийд анх “Аргалантай” гэдэг газраас нүүж, “Цувраа” гэдэг газар буужээ. Энэ тухайд мэргэн хүнээс ирж асуухад “Сайхан л газар бууж, тэгэхдээ нэг их удахгүй байх аа” гэж. Гэтэл бас л өөдтэй суурьшиж чадалгүй “Үймэхийн дэн” гэдэг газар буужээ. Мөн л мэргэнээс асуухад “Та нар хэрэв миний үгэнд орвол би нэг газар зааж өгье. Тэнд буувал суурьшина” гэжээ. Тэгээд “Амгалантын дэнж” гэдэг газар зааж өгч, тэнд хийд нуран унатлаа байсан гэдэг.
Монголчуудын буяныг ихдүүлэхийн тулд дээлийн ханцуйнд нь нударга хийжээ. Нударга нь ембүүг дуурайлгасан гэнэ. Үдэш өрхөө татахад арван цагаан буянаа хурааж гурав даллаж, өглөө арван цагаан буянаа тарааж, гурав даллаж өрхөө эргүүлдэг болсноор овоо баяжсан гэнэ гэж ярьдаг.

Зовлон хуваалцана гэж араг түшиж амарждаг байжээ

Өндөрширээт сум Жамбаагийн Гүрбазар, эр, халх, 72 настай.

Эх хүн амаржихад бүх ясны уулзварууд ангайдаг юм гэнэ билээ. Иймээс жаран хэдэн модтой аргийг зовлон хуваалцана гэж түшиж, сууж байж амарждаг гэж дуулсан. Хүн аливаа юманд бэртэж, битүү хавдахад долоо юм уу 21 хөх хомоолны үнсийг түүхий сүүгээр зуурч, жин тавихад өвчнийг түргэн намдаадаг гэж ярьдаг байсан. Нүүхдээ баганын толгой талыг урагш харуулан ачиж нүүдэг. Галзуу нохой ирвэл урдаас нь баганаа барьдаг гэж ярьдаг байсан. Айлд орж ирсэн хүн хоол, цайн дээр таарвал идүүлж, яарч байвал амсуулж гаргадаг.

Салбан сархинагийн баас саванг орлодог байжээ

Дундговь аймаг Дэрэн сум, Хишигтийн Аюурзана, эр, халх, 52 настай.

 Хүүхдийн уяаг ормол долоон буурын зогдроор хийдэг, хүүхдэд сайн гэдэг. Бас ормол долоон буурын зогдрыг чагтаганд хэрэглэнэ. Их салхинд тогтооход сайн гэж үздэг байв. Тэмээний жил өнжсөн хөх хомоолыг гэр тойруулж тавихад могой орохгүй гэдэг. Хорголыг битүү түлж, үнсийг нь түлэнхийд тавьдаг.
Салбан сархинагийг гадны хүнд өгдөггүй. Салбангийн баасаар гар угаахад тун сайн гэдэг. Нойроор гар нүүрээ угаадаг байсан. Дээр үед хувцасны хир угаах дургүй. Зөвхөн тогооны шар усаар угаадаг. Хонины туруугаар тэмээний буйлны товх хийхэд их сайхан болдог байсан. Баганын хоорондуур хүнд цай өгөхийг нүгэл гэдэг. Харийн нутагт зарга хийхээр явахад зарааны долоон ширхэг үс баруун суганд нь хадаж явуулдаг байсан. Зарааны үс хар хэл аманд сайн гэдэг байсан. Бямбад дээл эсгэхийг базаахгүй гэдэг байсан.
Үүрээс өмнө олдсон хүүхдийг охин, үүрээр бол хүү олддог гэдэг байсан. Их сэвхтэй бол охин гардаг гэж ярьдаг байсан.

Гэрийн чагтагыг ходоод хэлбэртэй хавчуулдаг

Архангай Эрдэнэзуу Норовын Гэндэн эр, 74 настай, хонь жилтэй.

 Шувуу ирэхэд гаднаас өвчин чирч ирдэг гэж шувуу ирэхээс өмнө мал төллүүлдэг байсан. Тооныг гэр нүүх зүгт авна. Ачаагаа буулгахдаа эхлээд тооноо авч тавиад, бусдыг нь дараа нь буулгана. Гэрийн чагтагыг ходоод хэлбэртэй хавчуулна. Үзүүрийг хоймор өөд харуулж хавчуулна. Ходоодны мухар тал хоймор өөд, үүд рүү амыг нь харуулж хавчуулна. Хэрэв цээртэй өдөр нүүхээр бол Бунд хорлоо тэргүүн ачаандаа хавчуулна. Хүн хумсаа өдөр авна. “Би чамайг үхэрт хэлэхгүй, чи намайг чөтгөрт битгий хэлээрэй” гэдэг байсан.

Өөрөө хүүхдээ боож авдаг байсан

Дорноговь аймаг, Дамдингийн Дашмаа эм, 66 настай.

Төллөх мал хээр хоноход хүрвэл аяганд хоргол хийж хөмөрнө. Малыг бүрэн бүтэн хонуулах болтугай гэдэг байсан. Мөн хайчны ам боогоод баруун хатавчинд хавчуулна.
Амаржихдаа өвдөөд удвал голдуу хажуудаа араг хөмрөн тавьж түүнийгээ түшнэ. Өөрөө хүүхдээ боож авдаг байсан. Хүйсийг нь зээрийн шөрмөсөөр бооно. Хүйсийг хайчлах хэмжээ хүүхдийн талаас гурван хуруу, эхийн талаас хоёр хуруу тайрдаг. Хүүхдийн ихсийг боож, гэрт гурав хонуулаад хуурай газар ухаж цөглөнө. Анх боохдоо хааны түүхий булчирхай аваад дээрээс нь углаж боодог. Энэ нь гурав хоногт илжрүүлдэг байсан. Шөлний хонины шаант чөмгийг өстөл нь хадгална. Хүүхдийн хүйг хаяхгүй хадгалж яваад аяндаа гээгддэг байсан. Хүүхдэд хонх, зоос, ембүү зүүнэ. Хүүхдийн энгэрээс тээг зүүнэ. Манай нутагт ааруул, өрөм зөөхий, хурууд ээзгий хийдэг. Тараг муу бүрэлддэг. Чойр, Улаанбаатарт ирэхэд тараг сайн бүрэлдэж эхэлдэг. Гүрвэлтэй газар тараг муу бүрэлддэг гэдэг байсан. Мах хуурч давслаад шууз гэж нэрлэнэ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com