Нэгэн үе олны анхаарлын төвд байсан Халх гол сумд чөлөөт бүс байгуулах тухай асуудал тодорхой шийдэлгүй нам жим болсон. Тэгвэл энэ сэдвийн хүрээнд Дорнод аймгийн Халх гол сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүүтэй ярилцлаа.
-Монгол Улсын зүүн хязгаар, Халх гол сумынхан сайхан өвөлжиж, хаваржих гэж байна уу. Холоос ирсэн хүнээс үг сонс гэдэг шүү дээ. Юуны өмнө нутаг орон, ард иргэдийнхээ аж байдлын талаар яриа дэлгэнэ үү?
-Дорнод аймгийн Халх гол сумынхан маань энэ жил сайхан өвөлжиж байна. Цас харьцангуй ихтэй хэдий ч хүн мал зутарсан шинжгүй, сумын хэмжээнд гурван багийн нутаг дэвсгэр дээр 3500 орчим иргэн оршин сууж, 90 гаруй мянган толгой мал эсэн мэнд өвөлжлөө. Манай суманд 2016 оноос хойш олон ажил, бүтээн байгуулалт хийгдсэн. Түүнээс цухас дурдвал, өнгөрөгч онд Халх голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэмжлэгээр найман сая евро буюу монгол мөнгөнд шилжүүлбэл 24 тэрбум орчим төгрөгийн санхүүжилттэй “Шинэ сум” төсөл хэрэгжиж, гүйцэтгэгчээр нь “Их Модунь” групп шалгарч, монголчууд өөрсдөө дөрвөн сарын дотор тэр том бүтээн байгуулалтыг барьж байгуулж чаддаг юм аа гэдгийг харууллаа. Одоогоор төрийн байгууллагууд бүгд шинэ байшинд ороод тохь тухтай, иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэн ажиллаж байна. Мөн үүнтэй зэрэгцүүлээд орон нутгийн зүгээс ч гэсэн хуучин сангийн аж ахуй байсан төвлөрсөн орон сууцны давхруудыг сэргээх зорилгоор, улсын төсөвт хоёр тэрбум төгрөг тавиулж, 2020 ондоо 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, шугам сүлжээний ажлыг төлөвлөөд байна. Энэ ажил маань шат дараатай хэрэгжиж эхлэхээр 2022 он гэхэд нутгийн иргэд бүгд халуун хүйтэн устай, төвлөрсөн дулаанд холбогдсон ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бололцоо бүрдэх юм.
-Сум орон нутагт тань нэн тэргүүнд тулгамдаж буй ямар асуудал байна. Нутгийн удирдлагуудын зүгээс шийдвэрлэх ямар алхам хийж байна вэ?
-Алслагдсан хязгаар нутаг гэдэг утгаараа тулгамдаж байгаа асуудал байлгүй яах вэ. Нэн тэргүүнд эмч, багш зэрэг мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байна. Орон нутгийн зүгээс ажил хийх орчин нөхцөлийг сайжруулах, өвлийн идшийг нь хариуцах, малжуулах төсөлд хамруулах, орон байраар хангах гээд тодорхой нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг зорьдог. Гэсэн ч залуус төдийлөн сайн ирж өгөхгүй байна. Дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай саналуудаа бид шат шатны байгууллагуудад илэрхийлсэн. Үүнээс гадна манай сум саяхныг хүртэл интернэт сүлжээгүй хэдхэн сумын нэг байлаа. Өнгөрсөн хугацаанд бид энэ асуудлыг “Юнител” компанид тавьж, тус компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэхүү асуудлыг 2018 онд бүрэн шийдвэрлэсэн байгаа.
-Халх гол сумыг чөлөөт бүс болгох тухай асуудал нэгэн үе олны анхаарлын төвд байсан. Тухайн үед нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад чимээгүй болсон. Дараа нь юу болсон бэ?
-2015 оны долдугаар сарын 09-ний өдөр Халх голд чөлөөт бүс байгуулах тухай Монгол Улсын Их Хурлын 75 дугаар тогтоолыг баталж байсан. Үүнийг тухайн оны найман сард нутгийн иргэд мэдээж, эсэргүүцэж, маш олон жагсаал цуглаан аймаг, сум, нийслэл хотод хийж байсныг бүгд мэдэж байгаа болов уу. Тэр бүхэнд нутгийн иргэд өөрсдийн итгэл үнэмшил, хүсэл зоригоор нэгдэж, Үндсэн хууль зөрчиж батлагдсан 75 дугаар тогтоолыг цуцлуулахын төлөө тэмцэж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл дээрх тогтоол хүчинтэй хэвээр байна. Энэ бол нутгийн иргэд болоод газар нутгийн бүрэн бүтэн байдалд хэзээ ч эрсдэл учрах боломжтой гэсэн үг.
-Халх голыг чөлөөт бүс болгох тогтоол хүчинтэй хэвээр юм бол энэ төсөл танай суманд хэрэгжиж эхэлсэн гэж ойлгож болох уу?
-Үгүй. Манай суманд энэ төслийг хэрэгжүүлнэ гэж 20 гаруй аж ахуйн нэгж 500 мянган га газрыг авсан боловч өнөөг хүртэл нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй байна. Гэтэл энэ 500 мянган га-д нутгийн иргэдийн өвөлжөө хаваржааны газар, Нөмрөгийн дархан цаазат газар, Дашхаан таван нуурын байгалийн нөөц газар багтаж байгаа юм. Энд хэн ямар үйл ажиллагаа эрхлэх нь тодорхойгүй, ханцуйн дотор хэн хэнтэй наймаа хэлэлцэж байгааг өнөөдөр нутгийн иргэд мэдэх боломжгүй нөхцөл үүсээд байна.
-Нутгийн иргэд Халх голыг чөлөөт бүс болгох санал эхэлж тавьсан гэдэг мэдээлэл бий. Яагаад дараа нь нутгийн иргэд энэ төслийг эсэргүүцэх болсон юм бол?
-Чөлөөт бүс гэдэг бол Монгол Улсын татвар болоод гаалийн бүсийн гадна орших тусгай хууль, журам, дэглэмтэй Монгол Улсын нутаг дэвсгэрийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Тэгэхлээр эдийн засгийн тусгай статустай улс доторх улс гэж хэлж болно. Жишээлбэл, Дорнод аймгийн болоод Халхгол сумын Засаг даргын мэдэлд хамаарахгүй, Чөлөөт бүсийн захирагч гэж хүн бүхнийг шийдвэрлэж, чөлөөт бүс доторх газрыг дуудлага худалдаа болон төсөл шалгаруулах замаар хэдэн жилээр ямар хэмжээтэй газрыг хэнд олгохыг мэдэж шийдвэрлэнэ. Тийм ч учраас хувийн эдэлбэр газар тариалан, өвөлжөө, хаваржаа, ус бэлчээрийг ашиглаж байгаа нутгийн иргэдийн эрх ашигтай зөрчилдөх нөхцөл үүсч байгаа юм.
Мөн чөлөөт бүсийн нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн Монгол Улс руу орохдоо татвартай, гадаад руу бол татваргүй байна. Тэнд ажиллах гадаадын иргэн, мэргэжилтний тоонд хязгаарлалт байдаггүй. Ер нь чөлөөт бүсийн газар нутаг Монгол Улсад гэхээсээ гаднын улсад илүү таатай ашиглагдах нөхцөл үүсгэдгээрээ онцлог юм. Тэгэхээр эцсийн бүлэгтээ экспорт, импортын татвараас чөлөөлөгддөг чөлөөт бүс байгуулах нь төрд ямар ашигтай юм бэ гэдэг асуулт байна. Үүнээс үүдээд бид энэ тогтоолыг цуцлахгүй байх ашиг сонирхол эрх баригчдад байна гэж хардаж байгаа юм.
-Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар энэ асуудалд анхаарал хандуулж, ямар нэг шийд гаргасан уу?
-Шинэ Засгийн газар байгуулагдаад П.Сэргэлэн сайдыг ажиллаж байх үед орон нутгийн зүгээс яамныхантай уулзалт хийж, 75 дугаар тогтоолыг цуцлуулах тухай саналаа уламжилж байсан. Улмаар энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, яамнаас дээрх 20 гаруй аж ахуйн нэгжүүдийн газрын зөвшөөрлийг үндэслэлгүйгээр олгосон гэдэг шалтгаанаар цуцалсан гэдэг.
Гэхдээ бидний сонссоноор одоо болтол энэ асуудал шүүхийн шатанд явж байгаа гэсэн. Тийм болохоор бид хууль шүүхийн байгууллагад хандаж, энэ асуудлыг нэг тийш болгохыг ойрын хугацаанд зорьж байна.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"