З.Гэрэл
Шинэ төрлийн коронавирусээс сэргийлэх хөл хорионоос болж ахуйн архидалт нэмэгдэж, улмаар хүүхдүүд гэртээ байхдаа хохирох явдал эрс ихэсч буйг хүүхэд хамгаалах сайн дурын хөдөлгөөнийхөн онцолж буй. Монгол орны өнцөг булан бүрээс эцэг эхийн үүрэг хариуцлагаа ухамсарласан 10 мянга гаруй иргэн, төрийн болон төрийн бус 40 орчим байгууллагын төлөөлөл нэгдэж “Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөн” байгуулаад байна. Тус хөдөлгөөний ерөнхий зохицуулагчаар “Хүүхдийн эрх хамгаалал” ТББ-ын тэргүүн, 2008 оноос хойш бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдүүдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж буй Д.Ундраа ажиллаж байна. Түүнтэй хөдөлгөөний зорилго болон хүүхэд хамгааллын талаар ярилцлаа.
-Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөн байгуулсан гол зорилго юу вэ?
Сүүлийн жилүүдэд ард иргэдийг цочроосон хүчирхийллийн гэмт хэргүүд олноор гарч, энэ төрлийн гэмт хэрэгт хүүхдийг, бага насны хүүхдийг хүчирхийлсэн жигшүүрт хэргүүд багагүй хувийг эзэлж, Монгол Улсын ирээдүй болсон балчир үрс минь НАСАН ТУРШИЙН ХОХИРОГЧ болсоор байна.
Төрийн бүх шатны байгууллага, төрийн албан хаагчид хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлэхгүй, энэхүү ажлыг хийж гүйцэтгэх нөхцөл бололцоог төрийн зүгээс бүрэн хангаагүй, төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, хохирогчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, гэрч хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх цогц бодлого, нэг цэгийн болон түр хамгаалах байрны санхүүжилт, орон тооны бүтэц, хохирогчид үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний тариф гэх мэт нэгдсэн бодлого байхгүй. Энэ бүхэн ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭХИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ улс орон даяар ѳрнүүлэх ЗАЙЛШГҮЙ НӨХЦӨЛИЙГ бүрдүүлээд байна.
Бид хүүхдийн эрх, ялангуяа хамгаалуулах эрхийг хангахад үүрэг хүлээгчид нөлөөлөх замаар хүүхэд хүчирхийлсэн этгээдийг ял завшуулахгүй байх, ялын бодлогыг оновчтой болгох, эцэг, эх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулах, урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрхийг хангах, ард иргэдийг соён гэгээрүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг бий болгохоор зорьж байна.
-Хүүхдийн эрхийн зөрчил хэр зэрэг гарч байна. Тэдэнд ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
-ЦЕГ-ын мэдээллээр энэ оны эхний хоёр сарын байдлаар хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 114 үйлдэгдсэнээс хүчиндэх гэмт хэрэг 86 бүртгэгдсэн. Энэ нь 2019 онд нийт ийм төрлийн гэмт хэрэг 610 бүртгэгдсэнтэй харьцуулахад эрс өссөн үзүүлэлт. Мөн гэмт хэргийн улмаас 17 хүртэлх насны 264 хүүхэд хохирсон ба эдгээрийн 165 нь оюутан, 185 нь сурагч байгаа бол сургууль завсардсан зургаан хүүхэд байна. Харин гэмт хэрэгт холбогдсон 17 хүртэлх насны хүүхэд оны эхний хоёр сард 76 байгаа бол өнгөрсөн онд 1356 байсан.
Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх, аюулгүй байдлыг хангах, дэмжих, холбон зуучлах, нийгмийн харилцаанд дасган зохицуулах, гэр бүлд нь эргэн нэгтгэх үе шат бүхий үйл ажиллагааг хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ гэх ба хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг төрийн байгууллага, сум, баг, хорооны засаг даргаар ахлуулсан хамтарсан баг эсвэл тухайн чиглэлээр мэргэшсэн иргэн, магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээд төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх замаар үзүүлж болдог.
Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, гэр бүлийн бусад гишүүн хамгаалах үүрэгтэй. Хүүхэдтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, ялгаварлан гадуурхах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, заналхийлэх, хүч хэрэглэх, зодож шийтгэх, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх, үл хайхрах, хүүхдийн дэргэд архидан согтуурах, мансуурах, хүчирхийлэл үйлдэхийг хориглосон хууль гарсан. Гэвч хуулийн энэ заалт хэрэгжилт муу, ахуйн хүрээний архидалт нэмэгдэж 2020 оны хоёрдугаар сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 1263 хүн Зөрчлийн хуулиар баривчлагдсан байна.
-Монголд хэд орчим хүүхэд эрсдэлт нөхцөлд байгаа гэж үздэг вэ?
Монголд 0-18 насны 1.6 сая хүүхэд амьдарч байна. Эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эсвэл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчгүй, гамшиг, онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдийг эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд гэдэг. Монгол Улсад одоогоор 200 мянга гаруй хүүхэд эрсдэлт нөхцөлд амьдарч байна. Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэн, мөрдөн шалгагдаж байгаа, эсвэл зөрчил үйлдэж шийтгэгдсэн, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж, албадлагын арга хэмжээ авагдсан, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхдүүдийг хууль зөрчсөн хүүхэд гэдэг.
-Хүүхдийн эрх хаана, ямар орчинд хамгийн их зөрчигдөж байна вэ?
-Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдийн эрх зөрчигддөг таван орчинд зохицуулалт хийж өгсөн байдаг. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэж санаатай эсвэл санамсаргүйгээр амь нас, эрүүл мэнд, хөгжил, бие махбод, сэтгэл санаанд хор хохирол учруулах үл хайхрах байдал, бэлгийн зүй бус үйлдэл болон бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамтыг хэлдэг. Нийт хүчирхийлэлд өртсөн хүүхдийн 80 гаруй хувь гэр бүлийн орчиндоо өртсөн байдаг. Удаах нь сургууль болон эмнэлэг, цахим орчин ордог.
-Та бүхэн тэдгээр орчныг сайжруулахад чиглэсэн ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Хөдөлгөөний зорилгоо биелүүлэхийн тулд бид эхний ээлжинд дараах ажлуудыг хийж гүйцэтгэхийн төлөө тууштай ажиллаж үр дүнд хүрэх хүртэл нь тэмцэх болно. Юуны өмнө хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ногдуулах ялын бодлогыг оновчтой болгох, хохирогчийг нөхөн сэргээх, эрүүл мэнд, сэтгэл санааны, эдийн засгийн, хохирлыг заавал тооцон олгуулах механизмыг бий болгох ёстой. Мөн гэр бүл дэх хүүхэд хамгаалал, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Гэр бүлийн тухай хуульд тодорхой заалтуудыг тусгуулах, бүх аж ахуйн нэгж, байгууллагын Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хяналт тавих шаардлага бий. Гуравдугаарт, боловсролын салбар дахь хүүхэд хамгаалалд багш, ажиллагсадын хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй. Бас эрүүл мэндийн байгууллагын эмч, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, ажиллагсадын хуулиар хүлээсэн үүргийг биелүүлж ажиллахад хяналт тавих учиртай. Хэвлэл, мэдээлэл, цахим орчинд хүүхдийг түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом мэдээ, хүүхдийн хувийн нууцад халдаж мэдээ, мэдээлэл зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хамгаалах ажлыг хариуцсан төрийн үүрэг хүлээсэн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, үйл ажиллагааг сайжруулахад нөлөөлөх ёстой. Хүүхдийн эрх, ялангуяа хамгаалуулах эрхийг хангахад үүрэг хүлээгчид нөлөөлөх замаар нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрхийг хангахад ард иргэдийг соён гэгээрүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг бий болгох шаардлага байгаа. Бид эдгээр асуудалд анхаарч олон нийт, төр засаг руу чиглэсэн нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
-Бид бяцхан үрсээ хамгаалахад юуг дутуу хийгээд байна вэ?
-Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд Засаг даргаар ахлуулсан Хамтарсан багуудад санхүүгийн дэмжлэг, анхан шатанд ажиллах төрийн албан хаагчдын тогтвортой байдал, мэргэшсэн албан хаагч тэр дундаа сум, баг, хороонд гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэй болгох нь чухал байна. Мөн эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын гүйцэтгэх нөхцөл бололцоог хангах нь чухал байна.
-Монголд гэмт хэрэгтэнд чиглэсэн хууль журам зохицуулалт их байдаг болохоос биш хохирогчид чиглэсэн зохицуулалт тун бүрхэг байдаг. Энэ талаар танай хөдөлгөөн ажиллах уу?
-Монгол Улсад гэмт хэргийн хохирогчийг хамгаалахад Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай гэх мэт 10 гаруй хууль, 10 гаруй дүрэм, журам, Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр бий. Гэвч энэхүү хөтөлбөртөө нэг ч төгрөг тавихгүй тул хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх ажил үр дүнгээ өгөхгүй байна. ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс 2019 онд 134 үүнээс 19 хохирогч хүүхдийг хамгаалсан байна. 2019 онд 17 хүртэлх насны 1598 хүүхэд гэмт хэргийн золиос болсон үзүүлэлттэй харьцуулахад үнэхээр хангалтгүй тоо юм.
2019 онд Хүүхдийн тусламжийн 108 утасны дэргэдэх Хүүхэд хамгааллын түр хамгаалах байранд 997 хүүхэд, “Үжин төв”-д 196 бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхэд, улсын хэмжээгээр нийт 2020 хүүхдийг түр хамгаалан байрлуулж хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн байна.
-Сонгуулийн жил тохиож байна. Хүүхэд хамгаалал, хүчирхийллийн асуудлыг нэр дэвшигчид улс төрийн ашиг хонжооны хэрэгсэл болгохоос сэргийлэхийн тулд та бүхэн ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Хүүхдийн хүчирхийллийн асуудлаар улс төрийн шоу хийх ийм арчаагүй хүн байхгүй байх гэж найдаж байна. Манай хөдөлгөөнд яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэг, нас хүйс, намын гишүүнчлэл харгалзахгүй нэгдэж болно. Харин манай хөдөлгөөний дүрэм, ёс зүйн журмыг зөрчин, хүүхдийн эрхийн асуудлаар хувийн тоглолт, улс төрийн шоу хийсэн тохиолдолд хөдөлгөөний гишүүнээс хөөж, харин эсрэгээрээ тэр хүний эсрэг томоохон мэдэгдэл гаргаж, эсрэг ажиллах болно.
-Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдыг хараад байхад хүүхдийн асуудлыг эмэгтэйчүүд хийх ёстой мэтээр хүлээж авдаг. Тогтсон энэ ойлголтод та бүхэн ямар хариулт өгөх вэ?
-Монгол Улс гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхээр ажиллаж байгаа. Хүүхдийн асуудал бол салбар бүрийн насанд хүрсэн бүх хүмүүсийн асуудал гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй. Хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш байдлын зөрчлийнх нь эрх зүйн суурь нь нийгмийн сөрөг үзэгдэл талаасаа хүний ухамсартай холбоотой санаатай үйлдэл, харилцааны тэгш бус, эрх мэдлийн тэнцвэргүй харилцаа, гэр бүлийн үнэ цэнтэй холбоотой, хүчирхийлэл үйлдэх үү, эс үйлдэх үү гэдэг хувь хүний ухамсрын сонголт. Хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлдөг хүчин зүйл нь архидалт, ажилгүйдэл, боловсролын түвшин, ядуурал юм. Гэхдээ архи уудаг хүн бүр хүчирхийлэл үйлдэхгүй байхад архи огт амсдаггүй атлаа хүчирхийлэл үйлддэг хүн байдаг.
-Хүчирхийлэл, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр маш олон ТББ үйл ажиллагаа явуулдаг. Уг хөдөлгөөн тэдгээр байгууллагаас ямар ялгаатай, онцлогтой, давуу талтай байх вэ?
-Хүүхдийн эрхийг хангах чиглэлээр маш олон байгууллагууд байдаг хэдий бид бүхэн дор бүрнээ л хүүхдийн хүчирхийлэл их байна гээд халаглаад л өөр өөрсдийн ажлаа хийгээд явж байна. Гэтэл шинэ төрлийн коронавирусээс илүү тахал Монголд байгаа нь Хүчирхийллийн тахал юм. Иймд гэмт хэрэг, хүчирхийллийн эсрэг олуулаа нэгдэж дуу хоолойгоо төрдөө хүргэж, хүчирхийллийн эсрэг ажиллах дорвитой, хөрсөн дээр буусан арга хэмжээ авхуулахыг зорьж байна. Хүүхдийн эрх, ялангуяа хамгаалуулах эрхийг хангахад үүрэг хүлээгчид нөлөөлөх замаар бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдийг ял завшуулахгүй байх, ялын бодлогыг оновчтой болгох, эцэг, эх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулах, ард иргэдийг соён гэгээрүүлэх, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг бий болгох чиглэлээр дуу хоолойгоо хүргэн ажиллах юм.
-Мэдээж энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн болон олон улсын байгууллагуудтай ямар байдлаар хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа вэ?
-Бид бүхэн хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн төр, төрийн бус, ОУБ-тай хамтран бүхий л зүйл дээр хамтран ажиллах ба одоогоор Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газар, Өнөр бүл хүүхдийн төв, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэний нийгмийн 40 гаруй байгууллагуудтай хамтран ажиллахаар болоод байна. Бид бүхэн төрийн болон ОУБ-тай хамтран ажиллах гэрээ, санамж зурах бэлтгэл ажлаа эхлүүлэн судалгаа, стратеги, төлөвлөлт дээрээ сууж байна.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"