Боловсрол судлалын доктор (Ph.D) Д.Мөнхжаргал
Нэгэн парламентын хугацаа буюу сүүлийн дөрвөн жилд боловсролын салбарт юу болж өнгөрөв гэдгийг БСШУСЯ-ны вэб сайтад тавигдсан сүүлийн үед хийгдсэн судалгаа, мэдээлэлд тулгуурлан дүгнэж цэгнэе.
Засаглалын хямрал нүүрлэсэн он жилүүд
ЮНЕСКО-оос 2019 онд гаргасан “Боловсролын бодлогын тойм шинжилгээний тайлан”-д “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Боловсролын сайд нь дөрвөн удаа солигдсон бөгөөд үүний сөрөг үр нөлөөний талаар судлаачдын баг удаа дараалан олон удаа сонсож байлаа. Улс төрийн тогтворгүй байдал ийм түвшинд хүрсэн үед үндэсний хөгжлийн нөхцөлдүүлсэн орчин бүрдүүлэх нь бараг боломжгүй зүйл гэж болох юм. Боловсролын салбарын удирдах албан тушаалд ажиллаж буй хүмүүс байнга солигддогоос үүдэн боловсролын бодлого, төлөвлөгөөний тэргүүлэх зорилтууд ч өөрчлөгдөх бөгөөд баримт нотолгоонд суурилаагүй байдаг байна” хэмээн боловсролын салбарт нүүрлэсэн засаглалын хямралыг бодитойгоор дүгнэжээ.
Үнэхээр л 2016-2020 оны хооронд БСШУС-ын сайдын албыг Ж.Батсуурь (усны инженер), Г.Чулуунбаатар (улс төр судлаач), Ц.Цогзолмаа (оросын түүхч), Б.Баатарбилэг (археологич) гэсэн мэргэжлийн бус хүмүүс хашиж иржээ.
Засаглалын хямрал сайдын хүрээнээс хальж яамны төрийн нарийн бичгийн дарга бусад дарга нарыг хамран өргөжсөн байдаг. Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Ж.Болормаа нар ажлаасаа халагдан шүүхдэж хоёулаа заргаа аваад шүүхийн шийдвэрээр яам хоёр ТНБД-тай болсон гайхам түүх үлджээ. Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Нансалмаагийн шүүхийн асуудал гээд цааш хөвөрнө. Сургалтын төрийн сан, Шинжлэх ухаан технологийн сан, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт зэрэг яамны харьяа агентлагууд дөрвөн жилд гурван захирлын нүүр үзжээ.
Засаглалын хямрал цааш үргэлжилж сургууль, цэцэрлэгийг хамарчээ. Дээр дурдсан тайланд “Төвийн, төвийн биш ч бай байгууллага дахь дээд удирдлагын томилгоо нь улс төрийн харьяаллаас хамааралтай байгаа нь нууц биш юм” хэмээн дүгнэсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд 276 дунд сургуулийн захирлыг шинээр томилжээ. АШУҮИС болон МУБИС-ийн захирлыг ажилд нь эргүүлэн тогтоох Дээд шүүхийн шийдвэр 2019 оны долоо, 12-р сард тус тус гарсан атал шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэн хуулийг уландаа гишгэсээр иржээ. Үүнээс гадна Нийслэлийн 9, 13, 59, 118, 123-р сургууль, Архангай аймгийн лаборатори сургуулийн захирлуудын дээд шүүхийн шийдвэр гарсан боловч хэрэгжихгүй 1-2 жил болж байна. Дөрвөн жилийн турш захирлын түр орлон гүйцэтгэгчээр, дээд шүүхийн шийдвэрээр томилогдсон тушаал нь хүчингүй болсон ч захирлаар ажиллуулж болдог гэсэн хуулийг уландаа гишгэсэн бардамнал засаглалын хямралыг улам гүнзгийрүүлсээр.
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын дунд сургууль дөрвөн жилд зургаа дахь захирлынхаа нүүрийг үзэж байгаа ажээ. Хамгийн сүүлийн зургаа дахь захирал нь цэцэрлэгийн багш мэргэжилтэй хүн байгаа ажээ. Дэлхийн банкнааас 2019 онд хийсэн судалгааны дүнгээс харвал сургуулийн захирлуудын 10.6 хувь нь бакалаврын түвшний боловсролгүй, дипломын дээд боловсролтой, өөрөөр хэлбэл дээд сургуулиа бүрэн дүүргээгүй нөхдүүд сургуулийг удирдаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд энэ хувь өсч байгааг уг судалгаа харуулжээ. Сургалтын менежерүүдийн 9.5 хувь нь мөн л дипломын дээд боловсролтой хүмүүс байна. Мэргэжлийн зэрэггүй захирал 80 хувь, сургалтын менежер 38 хувьд хүрчээ. 2019 оны “Бага, дунд боловсролын дэд салбарын судалгааны тайлан”-д “Бүх шатны боловсролын удирдлага, багш, ажилтнуудын томилгоо нь улс төр, орон нутгийн сонгуулийн дараа өөрчлөгдөн солигдож, мэргэжлийн бус удирдлагууд олноор бий болж байгаа нь боловсролын чанар, үйлчилгээг авагчдын эрх ашигт маш сөргөөр нөлөөлж байгаа” нь боловсролын салбарын тулгамдсан асуудлуудын дээгүүрт эрэмбэлэгдсэн бөгөөд судалгаанд оролцогчдын 69.5 хувь нь үүнд санал нэгджээ.
Японы “Боловсролын тулгуур хууль”-д боловсролын үйл ажиллагаа улс төрөөс ангид байх, эрдмийн ажлын эрх чөлөөний зарчмыг чухалчлан зааж өгсөн, Финляндын боловсролын хуулинд сургууль, цэцэрлэгийн автономийг дээдлэх зарчим тусгаж үүнийг засаглалын практикт тууштай хэрэгжүүлж ирсэн учраас тэд дэлхийд шагшигдах боловсролын тогтолцоог бий болгож чаджээ. Харин манай улсын боловсрол энэ үндсэн зарчмын бүр эсрэг чиглэлд явж буйг дээрх судалгаа баримтууд нотолж буй.
Сургалтын хөтөлбөр, сурах бичгийн хямрал нүүрлэсэн он жилүүд
Сургалтын хөтөлбөрийг өөрчилж шинэчлэх нь өөрийн тогтсон циклийн дагуу явагддаг зүй тогтолтой үзэгдэл юм. Япон, Финляндын хувьд сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн 10 жилийн циклтэй бөгөөд үүнийг засаг төрийн өөрчлөлтөөс үл шалтгаалан тогтвортой мөрдөж иржээ. 2019 оны “Бага, дунд боловсролын дэд салбарын судалгааны тайлан”-д “Бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулга, технологи, стандарт, үнэлгээ, сурах бичгүүд нь байнга хувьсан өөрчлөгдөн, тэдгээрийн хоорондын залгамж холбоо алдагдаж байгаа“ нь боловсролын салбарын тулгамдсан асуудлын нэгдүгээрт бичигдсэн бөгөөд судалгаанд оролцогчдын 84 хувь нь үүнтэй санал нэгджээ. Дээрх тайланд “Иймээс цаашид сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг сайжруулах үйлийг төлөвлөлт, туршилт, хэрэгжилт, үнэлгээг оновчтой, үр өгөөжтэйгөөр тасралтгүй үргэлжилж байх “Сургалтын хөтөлбөрийн менежментийн цикл”-ийг нарийвчлан боловсруулж мөрдөх хэрэгцээ үүссэн байна. 2019 оны байдлаар 2008-2018 оны хооронд үндэсний түвшний нийт 252 сургалтын хөтөлбөр боловсруулж мөрдсөн боловч сүүлийн жилүүдэд боловсрогдсон нийт хөтөлбөрийн 70 гаруй хувь нь хүчингүй болсон байна.” гэж дүгнэжээ.
Ийм нөхцөл байдлыг таслан зогсоох зорилгоор мэргэжлийн хүмүүсийн санал санаачилгаар ЖАЙКА-аас төсөл хэрэгжүүлж сургалтын хөтөлбөр сайжруулах 10 жилийн менежментийн циклийг тогтоосон “ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлал”-ыг БСШУС-ын сайдын 2018 оны наймдугаар сарын 30-ны өдрийн тушаалаар батлан мөрдүүлжээ. Энэхүү циклийн дагуу сургалтын цөм хөтөлбөрийг 2024 онд шинэчлэн сайжруулах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл БСШУС-ын сайд энэхүү циклийг зөрчин өмнө гаргасан тушаалаа үгүйсгэн багш судлаачдыг амруулалгүй зуны хоёр сар ажиллуулж 2019 оны наймдугаар сарын 2-ны өдрийн А/492 тоот тушаалаараа сургалтын цөм хөтөлбөрийг өөрчилжээ. Багш нар шинэчилсэн хөтөлбөртөө дасан ядан байх үед түүнийг дахин өөрчлөх ямар ч шаардлага байгаагүй бөгөөд багш нарт бичиг цаасны дарамт учруулсан, тэдний тархи толгойг эргүүлсэн хуумгай ажил болжээ.
Сургалтын сайжруулсан хөтөлбөрөө гурав хоногийн сургалтаар багш нарт таниулах үед уг хөтөлбөр нь бэлэн болоогүй, сургагч багш нар нь юу өөрчлөгдсөнийг сайтар ухаараагүй байсан гэдэг. Хичээлийн жил эхлэхэд уг сайжруулсан гээд байгаа хөтөлбөр багш нарын гар дээр очоогүй байсан бөгөөд багш нар хоёр хөтөлбөрийн алийг нь сонгохоо шийдэж чадалгүй хичээлээ эхлүүлсэн байдаг. Сайжруулсан хөтөлбөр, шинэчилсэн сурах бичгийн түгээлт 1-2 улирлаар хоцорсон, өвлийн улирлын уртасгасан амралт, короновирусийн хөл хорионоос шалтгаалаад 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын ажил ёстой л нэг хөлдүү хярамцаг шиг юм болж хувираад байна.
Түүнчлэн 2018-2019, 2019-2020 оны хоёр хичээлийн жил дараалан шинэчилсэн сурах бичиг нь хэвлэгдээгүй хичээл эхэлж, II улирлын амралтын үеэр л сурах бичиг нь сурагчдын гар дээр очсон нь мэргэжлийн ноцтой алдаанд тооцогдох жишээ юм.
Сургалтын хөтөлбөр, үнэлгээ хоёр нь нэг зоосны хоёр тал бөгөөд хөтөлбөрийг шинэчлэхэд үнэлгээг хамт шинэчилдэг, үүгээр ч зогсохгүй багшийн үнэлэгээг ч хамтад нь өөрчилдөг зүй тогтолтой. 2013 оноос сургалтын цөм хөтөлбөрийг үе шаттай боловсруулж мөрдөхдөө сурагчийн болон багшийн үнэлгээг хамт шинэчилсэн байдаг. Харин 2018 онд БСШУС-ын сайдын тушаал гарч сурагчийн үнэлгээний журмыг шинэчилж найман шатлал бүхий дүнгийн тогтолцоо нэвтрүүлжээ. Энэ нь сургалтын цөм хөтөлбөрийн үнэлгээний зарчим болон багш нарын үнэлгээний журамтай зөрчилдсөн болохыг 2019 онд явуулсан “Монгол Улсын бага боловсролын салбарын судалгаа”-наас харж болно. “Бага ангид (4-5-р ангид) олон шатлалтай үнэлгээний систем тохиромжгүй гэж үзэж байна. Үнэлгээний журам, цөм хөтөлбөр тус тусдаа байх шаардлагагүй, хамтдаа нэг зүйл болж багш нарт ирж байх шаардлагатай байна. Сургалтын цөм хөтөлбөрийн үнэлгээний зорилго, 2018 оны үнэлгээний систем нь сурагчдын сурлагын амжилтын ахицыг үнэлэхэд чиглэгдсэн сайн талтай боловч хэрэгжилтийн шатанд зөрчилдөх зүйлс байсаар байна” гэсэн дүгнэлт баталж байна.
Ийнхүү сайжруулсан нэртэй сургалтын хөтөлбөрийн холион бантан, үнэлгээний зөрчилтэй байдал, хоёр жил дараалан сурах бичиггүй хичээлийн жилээ эхлүүлсэн зэрэг энэ чиглэлийн хямрал бий болсныг харуулж байна.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"