Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“МАДУРО” ТӨЛӨВЛӨГӨӨ МОНГОЛД АМИЛАХ ЦАГААР

 Венесуэль буюу Боливарын Бүгд Найрамдах Венесуэль Улс (исп. República Bolivariana de Venezuela) нь халуун орны ой, баруун Андын уулархаг нуруу дамнан оршино. Тэнд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, аз жаргалтай хүмүүс амьдарч байсан үе, саяхан.
Венесуэль улс маш олон зүйлээрээ манай улстай төстэй, ялангуяа эдийн засгийн хувьд хуулаад тавьчихсан мэт ижилхэн. Хар алт буюу газрын тос олборлолт тус улсын ДНБ-ний гуравны нэг, нийт экспортын 98 хувь, Засгийн газрын орлогын тэн хагасаас илүү хувийг нь бүрдүүлдэг аж. Венесуэль газрын тосноос гадна байгалийн хий, төмрийн хүдэр, нүүрс, хөнгөн цагааны хүдэр, алт, никель, алмаз... гээд асар их байгалийн баялагтай. Байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд есдүгээрт, Өмнөд Америкт нэгдүгээрт эрэмбэлэгдэнэ. Харин хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээний гуравны хоёрыг хөрш улсаас импортолж авна. Тус улсад шинжлэх ухаан, аж үйлдвэр бараг хөгжөөгүй. Хүн амын 40 орчим хувь нь нэн ядуу ангилалд багтдаг байна.
Хэдхэн жилийн өмнө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 160 орчим ам.доллар, ажилгүйдлийн тэтгэмж 300 орчим ам.доллар байсан. Ард иргэдийн дийлэнх нь ажиллаж амьдрахаас илүүтэй тэтгэвэр тэтгэмж нэмэхийг шаардах дуртай. Тэд эрдэс бүтээгдэхүүний нөөцөөрөө дэлхийн тэргүүлэх баялагтай орны иргэн болж төрснөөрөө бахархах дуртай. Тиймээс “Байгалийн баялгаараа “хахсан” орны иргэд ажил хийхгүй, сайн сайхан амьдрах боломжтой, зөвхөн сайн удирдагч хэрэгтэй” гэх бат итгэл өвөрлөн амьдарна.
Харамсалтай нь, тэдний мөрөөдлийг нь хүссэнээр нь биелүүлж чадах “ид шидтэн” төрсөн нь Уго Чавес байлаа. Уг нь Венесуэль улс ардчиллын жишиг болсон орны нэг байсан л даа. ОПЕК-т элсч, АНУ, Европт газрын тосны нэрэх үйлдвэрүүд байгуулагдаж, тус улсын эдийн засаг Өмнөд Америктаа хамгийн хүчирхэгт тооцогдож, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээгээр Герман улстай мөр зэрэгцэж явсан үе Венесуэлийн түүхэнд бий. Харин Чавес төрийн эрхэнд гарч ирснээр тус улсын эдийн засаг төдийгүй ардчилал нурж унах эхлэл тавигдсан байдаг. Хожмоо хор уршиг тарих Чавесын харалган шийдвэрүүдийг ард түмэн тухайн үедээ ойлгоогүй дэмжиж байсан юм. Ард түмэн түүнд хайртай байхаас ч өөр арга байсангүй. Тэрээр нийгмийн үйлчилгээ, ажлын байр бий болгох, боловсрол... зэрэгт асар их хэмжээний хөрөнгө гаргажээ. Ар араасаа цуврах “алтан” амлалтыг биелүүлэхийн тулд хэмжээ хязгааргүй их мөнгийг зах зээлд нийлүүлэхээс өөр арга байсангүй. Тухайн үед газрын тосны экспортоос харьцангуй их хэмжээний валют орж ирж байсан тул мөнгөний нийлүүлэлтийн нөлөө огт мэдрэгдээгүй. Тиймээс их мөнгө амлах замаар буюу хялбар аргаар засаглалаа хэрэгжүүлэх боломж, орон зай байсан хэрэг.
2013 онд Уго Чавес хавдраар нас барахынхаа өмнө өв залгамжлагчаараа Николас Мадурог сонголоо. Аливаа улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй эдийн засгийн шийдвэрүүдийн үр нөлөө тодорхой хугацааны дараа илэрдэг. Ерөнхийлөгч асан Чавесын үед хэрэгжүүлсэн “эдийн засгийн бодлого” гэгчийн нөлөө Мадурогийн засагласан он жилүүдэд “хөрсөн дээрээ” гарч эхэлсэн билээ. Өдгөө Венесуэльд нэг сарын дундаж цалин нь найман ам.доллар орчимд хэлбэлзэж байна. Сар хөдөлмөрлөсөн хөлс нь хагас кг үхрийн мах эсвэл гурван ширхэг талх л худалдаж авах боломжтой аж. Асар их мөнгө хэвлэж, иргэддээ тарааснаар, инфляц 10 сая хувьд хүрчээ. Энэ нь дэлхийн хоёрдугаар дайны дараах ялагдсан Герман улсын эдийн засгаас ч хэд дахин муу үзүүлэлт. Тус улсын нийт өрхийн 80 хувь нь зайлшгүй хэрэгцээт хоол хүнсээр дутагдаж, хагас өлсгөлөнгийн байдалд амьдарч байна. Тэнд өдөр тутмын хэрэгцээт бараа бүтээгдэхүүний хомсдол нүүрлэжээ. Хүүхдийн живх, хуурай сүү, цагаан будаа, гурил... гээд хүний наад захын хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлт “хоёр дурак” оройдоо залсан Венесуэлийн ард түмний зовлон болж хувирчээ. Тэр бүү хэл ахуйн хэрэглээний цахилгаан, цэвэр усны хангамж ч хүрэлцээгүй болжээ.
Гэмт хэрэг гаарсан. Гар утас, тэр бүү хэл өдрийн хоолны хэдэн ам.доллар хүний амь нас хөнөөх сэдэл болсон байна. Жилд 20 гаруй мянган иргэн амиа алдаж, 17 мянга орчим хүн хулгайлагддаг бөгөөд хуулийнхан дээрх гэмт хэргийн 90 гаруй хувийг илрүүлж чаддаггүй ажээ. Венесуэлиэс өдөрт 2000 хүн дүрвэж, өдгөө 5.4 сая иргэн харь орныг зорьсон нь иргэний дайнтай Сирийн дүрвэгсэдийн тооноос давлаа. Ийнхүү хэдэн арван жилийн турш иргэний дайнд нэрвэгдсэн улс орноос ч хэд дахин илүү тамирджээ, хөөрхий Венесуэль орон.
Баялагтай улс бүхэн хөгждөггүй. Аливаа улс орны удирдагчийн ард түмэнд таалагдах гэсэн харалган шийдвэрүүдийн хор нөлөө эргээд жирийн иргэдийн нуруун дээр ирдэг жишээ ийм байна. Аль ч улсад эрх мэдэл, төсвийн хөрөнгөнд тачаадсан “эх оронч” дүртэнгүүд захаас аваад олдоно. Харин иргэд сонгогчид тэдэнд ийм боломж олгохгүй байх учиртай юм. Учир нь мэдлэг боловсролгүй эрх мэдэлтний гаргасан буруу шийдвэрийн хор уршгийг тэдний сонгосон иргэд, үр хүүхдүүд нь үүрч, “махаа иддэг” бичигдээгүй хууль үйлчилж байна.

Чавесын халамжийн бодлогыг давах уу

2011 он. Тухайн үеийн эрх баригч МАХН (өнөөгийн МАН) 2012 оны сонгуулийг угтуулж, сангийн нийт орлого 910 тэрбум төгрөг байхад нэг их наяд 950 тэрбум төгрөгийг зарлагадаж, нэг их наяд төгрөгийн алдагдал бий болгосон. Уг алдагдлыг нөхөхийн тулд Засгийн газраас үнэт цаас гаргах, Хятадын төрийн өмчит Чалко компанид ирээдүйд зарах нүүрсний орлогыг урьдчилж авах, Оюу толгойн хөрөнгө оруулагчдаас зээл авах, Евро бонд босгох зэргээр “бөөн өр” тавив. Засгийн газар 2010-2012 оны хооронд нэг их наяд 950 тэрбум төгрөгийг бэлнээр тараажээ. Үүнд: иргэнд сар бүр 21,000 төгрөг, оюутанд сар бүр 70,000 төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нэг удаа 1,000,000 төгрөг, шинээр гэр бүл бологсдод 500,000 төгрөг... гэх мэтээр хайр найргүй цацсан байдаг. Бүр ямаанд мөнгө өгсөн шүү дээ. Ийнхүү эдийн засгийн нэн таатай үеийг ашиглан хэр хэмжээнээсээ хэтэрсэн нийгмийн бодлогыг хэрэгжүүлсэн ч иргэдийн амьдралыг өөд нь татсангүй.
2020 он. Өнөөгийн МАН-ын хэрэгжүүлж буй бодлого өмнөхөөсөө огт өөрчлөгдсөнгүй. Энэ жил зөвхөн уул уурхайн орлогоос гурван их наяд 194.5 тэрбум төгрөг төсөвт орно. Энэ их хөрөнгийн дийлэнхийг тэтгэмж, халамжид зориулна. Энэ онд зөвхөн халамжийн сангаас 756.6 тэрбум төгрөг зарцуулах аж. “Цалинтай ээж”, “халамжийн тэтгэвэр”, “асаргааны тэтгэмж”, “хүнс тэжээлийн тусламж, дэмжлэг”, “амьжиргааг дэмжих тусламж”, “насны хишиг”... гэх мэт олон төсөл дурдаж болно. Энэ жил төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулж нэмэхэд 327.9 тэрбум, төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад 36 сар хүртэлх цалинтай тэнцэх тэтгэмжид 127.7 тэрбум, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж буй зарим албан хаагчдад олгох тэтгэмжийн зардалд 39.6 тэрбум, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд 142.7 тэрбум, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжид 141.1 тэрбум төгрөг... гэх мэтээр татвар төлөгчдийн төсөвт төвлөрүүлсэн мөнгийг хайр найргүй тараана.
Эрх баригчид энэ оны төсвийн хөрөнгө оруулалтад нэг их наяд 982 тэрбум, гадаадын донор улс, олон улсын байгууллагын хөнгөлттэй зээлээр нэг их наяд 296 тэрбум, концесс нэрээр 323.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Энэ их хэмжээний хөрөнгийг сонгогчдын саналыг авах зорилгоор ашиглана. Сумын засаг даргын тамгын газрын байрууд, соёлын ордон, спорт заал, хөл дүүжлэх унаа гэх мэтийн царцаах ёстой хөрөнгө оруулалтууд сумдын багийн ордон, багийн дарга нарт мотоцикль... гэх мэтээр үргэлжилнэ. Тендерт нь мэдээж гишүүдийн дэмжигч бизнесменүүд ялахаас гадна иргэдэд тууз хайчилж нэр хүндээ өсгөх “давхар” зорилготой нь нууц биш. Энэ жилийн хувьд “галав юүлж” байсан ч УИХ-ын сонгуульд ялахгүй бол асар том хариуцлага нэхэгдэж байгаа.
Монгол Улсын 2020 оны төсвийг баталчхаад байхад Засгийн газар 780 гаруй тэрбум төгрөгөөр тэтгэврийн өрийг тэглэхээр болсон. Төсвийн сахилга батыг уландаа гишгэсэн энэхүү шийдвэр төсвийн алдагдлыг ДНБ-ийг хоёр хувиар өсгөөд зогсохгүй эх үүсвэр нь хаанаас гарсан нь тодорхойгүй үлдсэн.
Өнгөрсөн баасан гарагт Коронавирусийн тахалтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэд, аж ахуй нэгжид тусламж дэмжлэг үзүүлэх татвараас хөнгөлөх, чөлөөлөх талаар мэдэгдэл хийсэн. Сонсоход чихэнд таатай сайхан амлалтууд хэдий боловч цар тахалтай тэмцэх бодит “бай”-гаа оносонгүй. Хүүхдийн мөнгөний асуудал хөндөгдөх бүрт эдийн засгаа баллах нь гэж орилдог эрх баригчид энэ удаа тэс өөр байр суурьтай болсноо зарлав. Дэлхийн улс орнууд бизнесээ дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлээ хамгаалах маш тодорхой хөтөлбөр хэрэгжүүлж буй. Харин манай эрх баригчид ирэх сонгуульд зориулж тооцоо судалгаагүй, улс орныхоо эдийн засгийг “элгээр нь хэвтүүлэх” асар их хэмжээний мөнгө зах зээлд нийлүүлэх “гоё амлалт” авлаа. Ерөнхий сайд нь ч, Сангийн сайд нь ч 5.1 их наяд төгрөгийн эх үүсвэрийг тодорхой зарласангүй. Харин “төсвийн тодотгол” хийхгүй гэдгээ чанга дуугаар зарлав. Монгол Улсын хөгжилд ямар нэгэн дэвшил авчрахгүй хэрнээ татвар төлөгчдийн хөрөнгөөр найрлаж, УИХ-ын сонгуульд өрсөлдөх өөрсдийн рейтингээ өсгөх “цементэн төсвөө” үргэлжлүүлнэ гэдгээ дахин дахин давтаж байна. 2020 оны төсвийн орлогын 39.5 хувьтай тэнцэх хэмжээний асар их мөнгийг У.Хүрэлсүхийн засгийн газар зарцуулна хэмээн чанга дуугаар зарлав. Хаант засаглалтай орон бол, ойлгохсон. Парламентын засаглалтай улсын хувьд ингэж “дураараа дургих” боломж байхгүй. Гэвч Ерөнхий сайд ЖДҮ санг ховх сорсон УИХ-ын гишүүдийг өөрийн дураар хөдөлгөнө гэж бат итгэлтэй байгаа бололтой. Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг зүйлийн тооцож чадсангүй. Чөлөөт зах зээлийн нийгэмд хэнбугай ч өөрийн дураараа дургиж болдоггүй юм. Гарах хохирол нь ямар их байдгийг Венесуэлийн жишээ тод харуулсан.
2016 оноос хойш Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг хоёр дахин буюу бараг 10 их наяд төгрөгөөр нэмжээ. 2020 оны “цементэн төсөв”-т хөрөнгө оруулалт нэрээр 3.6 их наяд, тэтгэврийн зээл тэглэхэд 780 орчим тэрбум, коронавирусийн эсрэг хөтөлбөр 5.1 их наяд төгрөгөөр мөнгөний нийлүүлэлтийг огцом өсгөх нь. Халамжийн “харалган” шийдвэрүүдийн үр дагавар тодорхой хугацааны дараа ард иргэдийн амьдралд “хар сүүдрээ” тусгадаг. Зөвхөн Монголбанкны буруу бодлого гурван жилийн хугацаанд монгол төгрөгийн ам.доллартой харьцах ханш 40 хувиар сулруулж, инфляц нэмж иргэдийн авдаг хэдэн “бор төгрөг”-ийг үнэгүйдүүлээд байгаа. Энэ бүхнийг засч залруулах үүрэгтэй УИХ, Засгийн газар нь зах зээлд мөнгө нийлүүлэх бодлогыг улам өдөөж, өрдөж өглөө. Удахгүй ажилгүйдлийн хэмжээ өсч, төсвийн алдагдал огцом нэмэгдэж, монгол төгрөгийн ханш хэд дахин суларч, инфляц, улсын гадаад өр нэмэгдэж, мөнгөний нийлүүлэлт замбараагаа алдсанаар иргэдийн амьдрал хүндрэх нь тодорхой болчихлоо. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад “Мадуро” төлөвлөгөө маш амжилттай хэрэгжиж эхэллээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com