Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
А.Бүрэнбаатар: Эр хүн аминдаа хайртай байх ёстой

Жендэрийн элч, сэтгүүлч А.Бүрэнбаатартай ярилцлаа.

-Жинхэнэ монгол эр хүн гэж ямар хүнийг хэлэх вэ. Энэ ойлголтоос эрчүүдийн жендэрийн асуудал хөндөг­дөж эхэлдэг юм шиг санагддаг?
-Эр хүний тухай уламжлалт хэвшсэн ойлголт их бий. Гүндүүгүй, ноён нуруутай, уйлдаггүй, өвддөггүй, хаттай байх ёстой гэх мэт. Үнэн хэрэгтээ эрэгтэй, эмэгтэй хүний хооронд ямар ч ялгаа байхгүй. Адилхан махан биеэс бүтсэн, зүрх сэтгэлтэй хүмүүс. Тэгэхээр би юу гэж уриалж байна гэхээр орчин цагийн монгол эр хүн бол эхнэрээ маш сайн ойлгодог, үүргээ ухамсарладаг, эрхээ хэм хэмжээндээ тааруулаад эдэлдэг, хайртай хүмүүсийнхээ төлөө хариуцлагатай амьдар­даг хүнийг хэлэх болов уу. Эхнэрийнхээ ажлыг гэрт ч, гадаа ч хуваалцаж чаддаг. Хамт олны дунд нэр хүндтэй, ноён нуруутай байх асуудал юм. Түүнээс биш эр хүн гэхээр л гүндүүгүй, дуу цөөтэй, хайш яйш гэж ойлгож болохгүй. Илүү хариуцлагатай, хувирамтгай, дасан зохицомтгой байхыг хурдацтай хөгжиж буй нийгэм шаардаж байна.
-Хариуцлагатай байх гэдэг үг эрчүүдэд эдийн засгийн болоод сэтгэл санааны дарамт авчирдаг байж болох уу. Үүнээс болоод эмэгтэйчүүд эрчүү­дийг мөнгөний машин мэт харж, харьцдаг, чи гэр бүлээ тэжээж тэтгэх, авч явах ёстой гэх хандлага ажиглагддаг?
-Хорол тоонотой гэрийн хос багана нурах учиргүй гэж би цахим хуудастаа пост оруулж байсан. Тэгэхээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс харилцан бие биенээ ойлгож байх ёстой. Энэ бол гэр бүлийн харилцааны хамгийн чухал хэсэг, үүрэг юм. Эмэгтэйчүүд эрчүүдийг мөнгөний машин шиг ойлгодог нь дарамт болдог гэж ярих эрчүүд байдаг. Нөгөө талд эмэгтэйчүүд мөн эрчүүд биднийг ойлгодоггүй гэдэг. Угаасаа энэ дэлхий дээр эмэгтэй хүнийг ойлгосон хүн байхгүй гэдэг ч үг байдаг. Харин эсрэгээрээ эрэгтэй хүнийг ойлгоход амархан, хүүхэд шиг гэдэг. Тэгэхээр аль аль нь хичээх ёстой. Бие биенээ дэмжээд, тордоод, урамшуулаад явбал аль аль нь үүргээ сайн биелүүлнэ шүү дээ.
Хариуцлагатай байя гэдэг уриалгын хувьд бол “нөхөр нь эмнэлэг домнолгоор яваад биеэ үзүүлээд ирэхээр эхнэрүүд аминдаа хайртай юм, энэ нэг хэсэг үхэхгүй, урт насална аа” гэж ярьдаг. Тэр тийм биш. Харин ч эсрэгээрээ эр хүн аминдаа хайртай байх ёстой. Таны нөхөр аминдаа хайртай байвал та түүнийг магтах, сайшаах, урамшуулах хэрэгтэй. Тэр хүн гэр бүлдээ хайртай болохоор урт удаан хамт амьдрахыг хүссэн учраас аминдаа хайртай байгаа юм гэдгийг эхнэрүүд ойлгох ёстой.
-Жендэрийн асуудал гэхээр зөвхөн эмэгтэйчүүдэд тулгардаг гэсэн ойлголт нийгэмд байсан. Тэгвэл эрчүүдэд яг ямар асуудлууд тулгараад байна?
-Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль гэж бий. Жендэр гэдэг бол ерөөсөө эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэнцвэрт байдалд тулгарч буй асуудал юм шүү дээ. Гэтэл манайд ганц эмэгтэйчүүдэд тулгардаг асуудал гэж ойлгодог. Арга ч үгүй биз. Сүүлийн 26 жилд эрэгтэйчүүд рүү хандсан суурь судалгааны ажил хийж байгаагүй юм байна. Үндэсний статистикийн хороо, жендэрийн хороо хамтраад хийсэн судалгаан дээр эмэгтэйчүүдийн асуудал илүү тод томруун харагдаад байдаг. Гэтэл эрчүүдийн дундаж наслалтын зөрүү тав орчим байсан бол арав болчихлоо. Эрчүүдийн насжилт илүү багасч, эмэгтэйчүүдийнх нэмэгдэж байна гэсэн үг. Энэ бол нийгмийн хөгжилтэй холбоотой.
-Эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртдөг бол эрчүүд сэтгэлзүйн дарамтад илүү өртдөг гэж судлаачид үздэг юм билээ?
-Ялангуяа эмэгтэй хүн илүү өндөр карьертай, цалин хөлс авах гэх мэтээр ялгаатай байдал давамгайлж эхлэхээр эрчүүд сэтгэл гутралд ордог. Энэ тохиолдолд эрчүүд архинд орох, сэтгэл санаагаар унах, зүй бус дадал зуршилд автах тохиолдол байна. Бүр прокурорын дэргэдэх судалгааны хүрээлэн амиа хорлогчдын дийлэнх хувийг эрчүүд эзэлж байна гэсэн. Мөн өрх толгойлсон аавуудын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Эндээс эрчүүд сэтгэл санаагаар унаж, гутралд орвол нийгэмд ямар сөрөг нөлөө үзүүлж болохыг харж болно. Өнөөдөр манайд дээрх шиг эхнэр нөхрийн байр солигдсон тохиолдол олон бий. Тэгэхээр энэ тохиолдолд эрчүүд сэтгэл санаагаар унаж болохгүй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоёулаа хамт байж гэр бүлийг авч явдаг. Эрчүүд мөнгө санхүүг олдог бол эмэгтэй хүн тэр мөнгийг хэрхэн зөв зүйтэй зарцуулах, үр хүүхдээ хүмүүжүүлэх, ар гэрийн бусад асуудлыг зохицуулдаг шүү дээ. Тэгэхээр эр хүн урьд нь эмэгтэй хүний гүйцэтгэж байсан үүргийг биелүүлж болохгүй гэсэн дүрэм байхгүй. Бие биенээ ойлгоод явах л асуудал юм.
-Хүчиндэх гэмт хэргийг эрчүүд голдуу үйлддэг. Үүний шалтгаан нөхцөлийг судалж үзсэн болов уу?
-Үүний цаана тэр хүн ямар орчинд хүмүүжсэн бэ гэдэг асуудал чухал болчхоод байна. Хүчирхийлэгч хүчирхийлэгчийг төрүүлдэг ч гэдэг. Тэгэхээр ээжүүд хөвгүүддээ анхаарлаа хандуулах, яаж өсгөж хүмүүжүүлэх вэ гэдэг их чухал асуудал юм. Ээжийн хайртай хүү, эмэгтэй хүнийг ээжээрээ төсөөлж байгаад эхнэр авдаг. Гэвч дасан зохицох, эвлэрч чадахгүй байх асуудал гардаг. Тэгж явсаар нэг өдөр тэсэрдэг, болчимгүй алхам хийдэг байх жишээтэй. Бага насандаа бусдад, үеийнхэндээ доромжлуулдаг, эмэгтэй хүнд хаягдсан, үзэн ядуулсан, биеийн өндөр нам, царай зүснээсээ болоод эмэгтэй хүнд гологдсон бол тэр өшөөгөө эхнэрээсээ авдаг гэдэг ч юм уу. Их нарийн мэдээллүүд гарсан байдаг юм билээ. Тэгэхээр эмэгтэйчүүд, ээжүүд, охидод хандаж хэлэхэд таньтай адилхан гомддог, шархалдаг, хайрладаг мах цуснаас бүтсэн эрчүүдээ, хөвгүүдээ ойлгож, хайрлаж, хүндэлж байгаач гэж уриалмаар байна.


-Хөдөөний малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг. Энэ тал дээр тодорхой судалгаа мэдээлэл бий юү?
- Эхнэргүй залуус олширч байгаа гэдэг бол маш хүнд асуудал. Эрдэмтэн судлаач н.Батсуурь гуайтай ярилцаж байхад ургийн гажигтай хүүхэд олширч байгаа явдал бол цус ойртолттой холбоотой гэж байсан. XXI зуунд цус ойртолт байна гэхээр хүмүүс гайхаж магадгүй. Үнэхээр байна. Хөдөө орон нутагт явахад 25-30 насны залууст эхнэр олдохгүй байна. Эмэгтэйчүүдэд чиглэсэн жендерийн асуудлыг маш их ярьсны үрээр хөдөө орон нутгийн иргэд охидуудаа сургуульд явуулдаг. Хөдөө малаа маллаад үлдсэн залуучуудад эхнэр олддоггүй. Ингэж байсаар тэр залуус бригадын төвийнхөө эсвэл сумынхаа аль нэг айлын охиныг авч сууя гэхээр сургууль төгсөөд ирсэн нь тоодоггүй. Эсвэл цусан төрлийн хүн нь байдаг. Үүнээс болоод хожим гарах үр дүн нь аймшигтай байна. Үүнийг жендэрийн хороо маш их ярьж, хэлж, бичиж байгаа. Хэсэг хугацааны дараа тодорхой үр дүн гарах байх гэж бодож байгаа.
-Ямар шийдэл байж болох вэ?
-Боловсролын системдээ реформ хийх хэрэгтэй болов уу. Жендэрийг бид хөгжлийн стратеги гэж томьёолж байгаа юм бол жендэрийн мэдрэмжтэй шийдвэрүүд гаргах ёстой. Аливаа хуулийг батлахдаа жендэрийн асуудлыг маш сайн бодолцох хэрэгтэй болоод байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүст ямар нөлөө үзүүлэх вэ, нийгэмд эргээд ямар сөрөг нөлөө үзүүлж болох вэ гэдгийг тунгаах хэрэгтэй. Наад зах нь их дээд сургуульд элсэгчдийн хүйсийг баланслах ч гэдэг юм уу. Цогц бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу.
-Эрчүүд өөрсдөд нь тулгарч буй жендэрийн асуудлын талаар ойлголт, мэдээлэлтэй байна уу. Энэ асуудалд жендэрийн хороо хэзээнээс анхаарал хандуулж эхлэв. Нийгэмд нөлөөлөх ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?
-Эрчүүд, олон нийтэд энэ асуудлыг ойлгуулах гээд “Жендэр таны амьдралд” гээд челленж эхлүүлсэн. Жендэрийн үндэсний хорооны элчээр “Бүсгүйчүүд” клубийн гишүүн, сэтгүүлч Э.Энэрэл бид хоёр сонгогдоод, гар бие оролцоод явж байна. Миний хувьд эрчүүддээ хандаж бүгдээрээ “Амьдралдаа хариуцлагатай байя” гэж уриалж байгаа. Мөн эмэгтэйчүүд минь та бүхэн эрчүүддээ анхаарал хандуулаач гэдэг мессежийг өгч байна. Жендер гэдэг бол адилхан хүйсийн тухай асуудал. Нийгмийн дунд шатанд эмэгтэйчүүдийн оролцоо маш өндөр байдаг бол шийдвэр гаргах түвшинд эрчүүдийн оролцоо өндөр байгаа юм. Үүнээс гадна эмч, сувилагч, багш, үсчин гэхээр эрэгтэй хүн байх ёсгүй юм шиг ойлголт байна. Энэ бол тийм биш. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль нь ч энэ ажлыг хийж болно шүү дээ. Энэ алдагдсан хэм хэмжээ, тэгш бус байдлыг жендерийн үндэсний хороо хэвийн болгохыг зорьж байгаа.
-Эрчүүдэд зориулсан нийгмийн халамж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх төв манай улсад хомс байдаг. Энэ мэт эрчүүдэд тулгамдаж буй жендэрийн асуудлыг шийдвэрлэх ямар ажлуудыг Жендэрийн хороо хийж, хэрэгжүүлж байна вэ?
-Эрчүүдийн нас баралтын шалтгааныг зүрх судасны өвчлөл, ходоодны хорт хавдар тэргүүлж байна. Статистикийн хорооноос гаргасан судалгаа­гаар эрчүүдийн ихэнх нь 17-18 насандаа архи, тамхи хэрэглэж үзсэн, хоёр хүүхдийн нэг нь хүнд хөдөлмөр эрхэлж байсан, дөрвөн хүн тутмын нэг нь бага байхдаа ажил хийж үзсэн гэх мэт судалгаа гарсан. Эндээс харвал эрчүүд багаасаа хүнд хүчир ажил хөдөлмөр эрхэлж, хүнд хэцүүг үүрдэг нь хожим хойно, насны эцэст ямар нэг ужиг өвчтэй болох зэргээр илэрдэг, түүнээс болж эрт нас бардаг байгаа юм. Тэгэхээр манай нийгэм өнгөрсөн хугацаанд эмэгтэй хүн, эмэгтэйчүүдийн жендерийн асуудал гэж ярьсаар байгаад эрчүүдийг орхигдуулсан байна. Ийм болохоор Жендерийн үндэсний хороо 21 аймгийн Засаг дарга, орон нутгийн байгууллагатай хамтраад эрүүл мэндийн төвүүдэд эрчүүдийн кабинет байгуулах асуудлыг хөндөж, ажил хэрэг болгоод явж байна. Хамгийн сүүлд Орхон аймагт байгуулагдсан эрчүүдийн кабинетээр үйлчлүүлсэн залуусын тоо эрс өссөн байх жишээтэй. Тэгэхээр энэ бол хэрэгцээ байсан, түүнийг орхигдуулсан байсныг харуулж байгаа юм. Эрчүүд ч гэсэн хайртай гэр бүлийнхээ төлөө, өөрийнхөө төлөө жилд нэгээс хоёр удаа эмнэлэгт очдог, бүрэн шинжилгээнд ордог дадал хэвшил суух хэрэгтэй. Өөрсдөө санаачилгаараа очдог бол эхнэр, ээж хайртай хүмүүс нь дэмждэг, очихгүй бол эмэгтэйчүүд нь дагуулаад очдог болох хэрэгтэй.
-Миний анзаарснаар “Z” үеийнхэн энэ асуудал дээр илүү дархлаатай байх шиг санагдсан. Танд тийм зүйл ажиглагдсан уу?
-XXI зууны залуус илүү ухамсартай байх шиг байна. Шалаа угаадаг, хогоо асгадаг. Хог асгахаар хийморь нь гунддаг гэсэн ойлголт байхгүй болж. Зарим нь бүр жорлонгоо угааж байгаа зураг ч тавьсан байх шиг. Зураг тавьж байгаа хүмүүст бол эргэлзэж байна. Хөвгүүдийн өссөн орчинд, багаас нь нүднийх нь өмнө аав нь ээжид нь тусалдаг бол тэнд хүмүүжиж байгаа хүүхэд тийм байх ёстой юм шиг хүлээж авна. Аав нь хөлөө ачиж суугаад ээжид нь туслахгүй бол хүү нь тийм л болно. Ээж нь аавыг нь үл тоомсорлодог бол охидууд нь тэгж л өснө. Цөөн тоотой хүн аав шигээ, ээж шигээ хүн болохгүй гэж боддог. Гэхдээ гэр бүлийн суурь хүмүүжил гэдэг ойлголт бий. Үүнийг хүүхдүүд өөрийн мэдэлгүй авсан байдаг.
Таны хэлж байгаатай санал нэг байна. “Смарт” ч гэдэг “Z” үеийнхэн энэ асуудлыг арай өөрөөр хүлээж авч байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүс яг адилхан гэж хүлээж авч байна. Өөр гэж харахгүй байна. Энэ бол их сайн. Үүн дээр гэр бүлийн суурь хүмүүжлийг нь зөв тавиад өгвөл 20 жилийн дараа гэхэд жендэрийн асуудал нэг их толгой өвтгөсөн асуудал биш болох болов уу.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com