Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Улс төр,
намын байгуулалтын газрын дарга Цэцэгмаагийн Уртнасан
НЭГ. ҮЙЛ ЯВДАЛ ХИЙГЭЭД УЧИР ШАЛТГААН
Миний бие Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын “бүтээгдэхүүн” билээ. Ингэж хэлэхийн учир нь намайг ерөнхий боловсролын ахлах сурагч байхад 1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал эхэлж, Ардчилсан Үндсэн хуулийг орон даяар мөрдөж эхэлсэн.
Улс орон улс төр, нийгэм, эдийн засгийн шинэ харилцаанд шилжсэн үеэс их сургуульд суралцан мэргэжил эзэмшиж, ажил хөдөлмөр эрхэлж ирсэн болохоор Ардчилсан хувьсгалын “бүтээгдэхүүн” хэмээн бодож явдаг билээ.
Өнгөрсөн гучин жилд Монгол орны амьдралд гарсан өөрчлөлтийн амьд гэрч, нийгмийн нэгэн гишүүний хувьд улс орондоо хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн эрх зүйт төрийн байгуулал, чөлөөт өрсөлдөөн, хувийн өмчид тулгуурласан зах зээлийн эдийн засгийн харилцаа, ардчилсан улс төрийн тогтолцоо бүхий хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм бүрэлдэн хөгжих ёстой гэсэн итгэл үнэмшил тээж өнөөг хүрэв.
Эргэн харвал аж ахуй, бизнесийн байгууллага, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, улс төр, иргэний нийгмийн байгууллагын удирдах түвшинд хорин таван жил ажиллаж байна.Өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан салбар бүртээ ардчиллын үнэт зүйлс, Ардчилсан Үндсэн хуулийн зарчмыг мөрдлөг болгож, улс нийгмийнхээ хөгжилд хувь нэмэр оруулж, хууль ёсыг эрхэмлэж, хөдөлмөрлөж явна гэж итгэж, найдаж байв.
Гэтэл АТГ-аас 2020 оны нэгдүгээр сард надад “Дампуурсан Капитал банкы удирдлагад холбогдох хэрэгт Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг журам зөрчиж арилжааны банканд байршуулж, бусдад давуу байдал үүсгэсэн” гэх үндэслэл гаргаж, яллагдагчаар татагдан, Нийслэлийн прокурорын газрын шийдвэрээр 48 цаг, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр 30 хоног цагдан хоригдсон.
Монгол орондоо хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулахын төлөө итгэл үнэмшил тээж, хөдөлмөрлөж ирсэн олон зуун хүмүүсийн нэгэн адил манай улс хүний эрхийг зөвшөөрөх, хамгаалах талаар боломжийн түвшинд хүрсэн гэж ойлгож байв. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд биеэр үзэж, ойлгож мэдэрсэн зүйлсээ эргэн харвал манай хууль сахиулагчдын хандлага, соёл, ажлын арга барил үнэхээр эргэлзээ төрүүлэм, цочром юм билээ.
Өдөр бүр хэн нэгэн баривчлагдан, цагдан хоригдсон тухай мэдээг бид ердийн зүйл мэт хүлээн авах болж. Нэг ёсондоо бидний чихэнд энэ бүхэнд нэгэнт дасал болсон. Энэ байдал хүмүүнлэг, ардчилсан иргэний нийгэмд байх л зүйл гэж үү. Үүний цаана хэчнээн хүний амар амгалан сарниж, хэчнээн хүний эрх зөрчигдөж, хэчнээн хууль сахиулагчдын хууль бус үйл ажиллагаа даамжирч, даварч, улс төрийн өшөө хонзон газар авч байгааг бодолцох цаг нэгэнт болжээ.
За яах вэ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Төрийн албан хаагчид, томоохон бизнесменүүд үй олноороо цагдан хоригдож, эрүүдэн шүүгдэж л байна. Хүн болгонд тохиолддог зүйл шүү дээ гэж өөрийгөө тайвшруулж, элдэв шалдав зүйл бичилгүй, амаа хамхин суух нь над амар л байна.
Өөрт тохиолдсон асуудлаа эргэцүүлэн бодоход над мэт олон хүмүүс эрүүдэн шүүгдэж, гүжирдэн гүтгүүлэх, гутаан доромжлуулахын эсрэг ямар нэг зүйл хийх эрмэлзэл маань ийн бичихэд хүргэлээ. Монгол оронд хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулах талаар миний Ардчилсан хувьсгалаас хойш хүлээсэн 30 жилийн хүлээлтэд маань салаавч өгсөн 30 хоногийн баривчилгаанаас санаж сэрэх зүйл хэн нэгэнд байж юуны магад.
ХОЁР. СОЛОНГОСЫН ОЛОН АНГИТ КИНО
Нэгдүгээр сарын гучны өдөр прокурорын зөвшөөрөлтэй гэх АТГ-ын дөрвөн ажилтан намайг дагуулан манайд ирж, видео камераар дүрс бичлэг хийж, нэгжлэг нэртэйгээр орон гэрийг маань түйвээж гарав.
Манайх насанд хүрээгүй гурван хүүхэдтэй. Эхнэр хүүхдүүдийнхээ сэтгэл санааг хямраахгүй санаатай тэднийг нэг өрөөнд оруулж хаалгыг нь хаав. Гурван цаг гаруй хугацаанд бүх зүйлийг сөхөн үзэж, тэр дундаа хүүхдийн бичгийн ширээ, ном дэвтэр, хувцас хунарыг хүртэл самарч орхив. Яг үнэндээ хэдий арга ядлаа гэхэд хүүхдүүдийнхээ хувцас, хичээлийн хэрэгсэл дунд хууль бус үйлдлээ нуун дарагдуулах дээрээ бидний ёс суртахуун доройтоогүй л дээ гэж бодож суув. Энэ байдал нь намайг ийм хэмжээний ёс суртахуунтай хүн гэж тэд үнэлж байна даа гэсэн бодол бас орж ирж, гутрах ч шиг. Мөн тэд шалгаж байгаа хүнийхээ зан байдал, хандлагыг судалж үздэг ч үгүй, эсвэл үзсэн ч үл тоож доромжилж, сүрдүүлдэг бололтой. Тэд шороотой гутлаа ч тайлалгүй орон гэр дотор туучин явах нь үнэхээр доромжлол байв. Хүүхдүүд маань яаж байдаг юм бол гэсэн бодол төрж, тэдний байгаа өрөөнд ортол тэд их айж, сандарсан, зарим нь уйлсан байв. Тэднийгээ тайвшруулахын тулд "Манайхаан, та нар солонгосын олон ангитай кино үзсэн биз дээ" гэлээ. Тэд бараг л нэгэн зэрэг "үзсэн, ааваа" гэв. Тэгвэл та нар айж сандрах хэрэггүй, "манайд Солонгос кино хийдэг хүмүүс ирсэн шүү" гэтэл тэд инээх аядав.
Манай улс оронд энэ мэт өсвөр насны хүүхдүүдийн оюун санаа, сэтгэл зүйг үл тоосон, тэдний эрхийг уландаа гишгэсэн мөрдөн мөшгих, эрүүдэх үйл ажиллагаа ердийн зүйл болж, өдөр бүр олон арван хүүхдүүд эрүүдэн шүүх үйл ажиллагааны зохиос болж байгаа нь харамсалтай.
ГУРАВ. ӨНДӨР ЦАЛИН ӨНДӨР ХАРИУЦЛАГА БИШ ЮМ БАЙНА ЛЭЭ
Төрийн албанд 10 гаруй жил зүтгэж, тэр дундаа хүн удирдах ажил хийж явахдаа итгэл үнэмшил болгож явсан "ажилтанд боломжийн цалин өгвөл тэд үр бүтээлтэй, хариуцлагатай ажиллана" гэсэн бодол маань талаар болов.
Төрийн албан хаагчдын цалингийн сүлжээнээс үзвэл АТГ-ын ажилтнуудын цалин хавьгүй өндөр. Өндөр цалинтай хүмүүс хариуцлагатай, ёс зүйтэй, бусдын эрхийг хүндэтгэдэг байх ёстой гэж та гэнэн бодож байгаа байх. Гэтэл АТГ-ын ажилтнуудын гэрч, сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байгаа хүмүүстээ ямар дээрэнгүй, увайгүй хандаж, дарамт шахалт үзүүлдэг болохыг мэдэрсэн, туулж өнгөрсөн хүмүүс энэ бүхэн худал болохыг захаас аваад хэлээд өгнө.
Намайг л гэхэд орон гэрт нэгжлэг хийх, мөрдөн байцаалт хийх нэрээр нийтдээ 6 зургаан цаг орчим хоол ундгүй суулгаад, оройн 20 цагт цагдан хорихдоо балга ус уух, дулаан хувцсаа ч солих боломж олгохгүйгээр хөхөө өвлийн хүйтэнд машинд чихдэн авч явж, хорив. Цагдан хоригдох үед хөл битүү шархалж, идээ бээрэнд баригдаад алхаж чадахгүй болсон үед хүртэл "явж чадахгүй, байцаалт өгөхгүй гээд байсан чинь яалаа" гэж тавлаж байх юм, комиссар хархүү нь.
Хаана байна нөгөө тунхагласан хүний эрх, гэм бурууг зөвхөн шүүхээр тогтооно гэсэн Ардчилсан Үндсэн хууль. Хүний мөсгүй, хөгийн арга барилтай ийм хүмүүсийг татвар төлөгчдийн бүрдүүлсэн төсвийн хөрөнгөөс өндөр цалин олгож, ажиллах ая тухтай орчин бүрдүүллээ гээд юу хожив. Тэд энэ боломжоо бусдыг айлган сүрдүүлэх, эрүүдэн шүүх, улс төрийн захиалга биелүүлэх, иргэдээ гутаан доромжлоход л ашиглаж байна. Харин ч эднээс хэд дахин бага цалинтай хорооны цагдаа, цэцэрлэг, сургуулийн багш, эмнэлгийн сувилагч нар хэд дахин илүү хүнлэг, бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө сэтгэл зүтгэл гаргаж байна шүү дээ.
Цаашид ийм Үндсэн хуулийн бус байгууллага байгуулж, иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон эрхийг булшлахад төсвөөс ийм их эх үүсвэр гаргах шаардлагатай гэж үү.
ДӨРӨВ. ОРШУУЛГААС БАРИВЧЛАГДСАН ЗАЛУУ
Хамт цагдан хоригдож байгаа хүмүүс өөрсдийн асуудлаа ярьж, сэтгэлээ нээх нь элбэг. н.Очир гэх залуу төрсөн ганц ахынхаа шарилыг оршуулгын машинд ачаад тэвшийг нь хаатал гарыг нь гавлаад авч. Тэгээд л тэр ахыгаа ч хөдөөлүүлж чадалгүй баривчлагдсан тухайгаа харамсан ярина. Олон хүн амьтанд хохирол учруулж, улс нийгэмд хор хөнөөлтэй зүйл хийсэн болохоор цаг алдалгүй л арга хэмжээ авсан байхдаа гэж төрийн ажилтнуудыг зөвтгөн бодож суув. Гэтэл н.Очир хадам ахтайгаа есөн сарын өмнө үг зөрж, гар зөрүүлээд авч. Түүний төлөө гаргасан гомдлыг шийдвэрлэхийн тулд оршуулга дээрээс баривчлагдсан аж.
Мэдээж, мань н.Очир буруутай. Түүнийг ахынхаа шарилыг ачих агшинд бус өөр хэзээ ч баривчлах боломжтой. Буруутай буруутай гэхэд төрсөн ахынхаа оршуулга дээрээс баривчлагдах хүртлээ буруутай гэж үү.
Монголчууд төрөгсөдийг угтах, үхэгсэдийг үдэх ёсыг чухалчилж, ирсэн ард түмэн. Тэрэг техник, харилцаа холбоо хөгжсөн энэ цагт хэнийг ч, хаанаас ч, хэзээ ч олно.
Манай хуулийн байгууллагын үйл ажиллагаа дэндүү сүржин, эрүүдэн шүүх, цагдан хорихоор түрий барьсан хүний ёс, Монгол уламжлалыг уландаа гишгэсэн хандлага, арга барилтай байна. Хаана байна, хүний ёс, хүмүүнлэг иргэний нийгмийн зарчим.
ТАВ. МАНАЙ ШОРОН
Манай шорон гээд ярихаар хамт цагдан хоригдож байсан хүмүүс маш таагүй хүлээж авна. Би наргиа болгож, та нар манай цэцэрлэг, манай сургууль, манай цэргийн анги гэж ярьдаг мөртлөө тэдгээртэй адилхан зөндөө зүйлийг мэдрүүлж, ойлгуулж өгсөн шоронгоо манай шорон гээд хэлчхэд яадаг байна аа гэнэ.
Яг үнэндээ цагдаа, АТГ, прокурорын ажилтнуудыг бодвол хүний эрхийг зүй ёсоор үзэх үйл ажиллагааны шинэчлэл хийж байгаа байгууллага нь Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага мэт санагдсан. Би хэд хоног шоронд бусдаас ая тухтай байсандаа биш ингэж дүгнэж байгаа юм биш, олон аавын хүүхдийн адил журам ёсоор нь цагдан хоригдож, эрхээ хязгаарлуулж байсан.
Тэд наанадаж хүний эрүүл мэндийг анхаарах эмчтэй, сэтгэл зүйчтэй, санал хүсэлтийг хүлээн авч, уламжлах нийгмийн ажилтан ажилуулж хэвшсэн аж. Бас баргийн хүн өлбөрөөд үхчихээргүй хар цай, "хоол" залгуулчихна, шүд, гар нүүрээ угаачих ариун цэврийн хэрэгсэл өгчихнө. Усанд оруулна, хумс авхуулна.
Төрийн алба, олон түмний төлөө хичээн зүтгэсэн бүхэнд минь "0" дүн тавьсан мэт цагдан хоригдсон хугацаанд "манай" шорон зөндөөн зүйлийг над бодогдуулсан. Улс орноо тонон дээрэмдсэн хүмүүс нь "наранд", төрийн хууль тогтоомжийг биелүүлэх гэж хичээж явсан хүмүүс нь "нарсанд" байгааг хараад цээж давчдаж, сэтгэл хямрах авч, нэгэнт бичигдсэн "зохиол"-ыг яалтай.
Их сургууль, магистр, докторантур гээд есөн жил миний судалсан менежментийн онол, практикт байдаггүй шийдэл, арга барилыг манай Төр, засаг, орон нутгийн удирдлагын түвшинд зонхилж байгааг хараад гайхаж, бурхимдаж, буруутгадаг байсан цаг үеийн хариултыг маань "манай шорон" над бэлхнээ ойлгуулсан.
Яг үнэндээ манай нийгмийг шоронгийн арга барилаар удирдаж байгаа юм байна лээ. Нийгмээ шоронжуулах үр дагаварт хүргэх эрүүгийн хууль тогтоомжтой улс орон болжээ гэдгийг бас над ойлгуулсан. Хүсвэл та нар ч судалж, мэдэж болно.
Бид энэ бүхнийг эрс шийдвэртэй өөрчлөхгүй л юм бол улс орноо шоронжуулж, нийгмийн тулгамдсан асуудал авлига, хар тамхи, хулгай дээрэм, хүний амь нас, эрүүл мэнд, эд баялгийн эсрэг гэмт хэргийг өөгшүүлэх шоронгийн орон болох ирээдүй хүлээж байна.
ЗУРГАА. ТАНГАРАГ НЬ ТОНГОРОГ САНАГДСАН
Цагаан сарын битүүний шөнө "чихрийн шижин" гэх ужиг өвчний улмаас хөл шархалж, идээлж, өвдөөд унтаж чадахгүй болов. Арга ядаад 00 цагийн үед эмч дуудаж өгөөч гэж хүсэв. Хүсэлт ёсоор 60 хүрч яваа болов уу гэмээр эрэгтэй эмч хүрч ирэв. Эр хүн эр хүндээ хайртай гэгчээр ашгүйдээ гэсэн бодол толгойд орж ирэв. Тэрээр миний цусны даралт, халууныг хэмжиж үзэв. Бүгд хэвийн байна гэв. Би эмчээс хөл шархлаад байна, ядаж шархан дээр үрчихээр эм байна уу гэв. Юу ч байхгүй, ямар ч арга байхгүй гэх нь тэр.
Жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр гэж, малын шархыг хүртэл эм нухаж цацаад илаар болгодог болохоор л тийн хүссэн хэрэг. Хүсэлт маань шийдэгдээгүй ч хариулт нь "их санасан газар гурав хоног хоосон" гэсэн үгийг сануулж өгөв.
Улсын хэмжээний хоёдугаар шатлалын зэрэглэл бүхий хорих ангийн эмнэлэгт хөлийн шарх дээр цацчих ганц ширхэг эм байхгүй байна гэдэг бол худал зүйл.
Урьд улсын хэмжээнд 1000 гаруй эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл мэндийн даатгалын сангаас олон арван тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, хяналт тавих ажлыг 10 орчим жил удирдсан хүний хувьд энэ зэргийн боломж байгааг гадарлана л даа. Нөгөө хүний эрүүл мэндийн төлөө амь насаа хайрлахгүй зүтгэх эмчийн тангараг хаана байна вэ. Даатгуулагчийн эрүүл мэндийн төлөө зарцуул гэж олгодог хагас тэрбум төгрөгийн эмийн үнийн хөнгөлөлт, эмийн зардал хаана байна вэ гэж өөрөөсөө асууж, шархалсан хөлөө харж зогсов.
Үнэндээ бид хүндээ ээлгүй тогтолцоог дэврээж, хүнээ гэх сэтгэлгүй мэргэжилтнүүдийн толгойг илж ирсэн байна шүү дээ. Яг үнэндээ тангараг бүхэн тонгорог болж хувирдаг улс орноо, төрийн албыг эрс өөрчлөх шаардлагатай болжээ.
ДОЛОО. МИНИЙ ХӨЛ, ОХИНЫ МИНЬ ГАР Л ӨВДДӨГ ГЭВ
Цагдан хорих ангид хоригдож буй хүмүүсийг харж, хамгаалж, цай, хоол тарааж өгөх үүрэгтэй ажилтнуудыг "ахлагч" гэнэ. Ахлагч нар хоригдогч нарыг шөнө унтсан хойно хорих байран дотор шөнөжин холхиж, алхаж, хамгаална. Бас л хүнд, амаргүй ажил. Нэг өглөө би н.Эрдэнэбат ахлагчаас хөл чинь их өвддөг байхдаа гэлээ. Тэрээр "өсгий, хөлийн ул их өвдөнө өө. Ээлжнээс буугаад очихоор гуравдугаар ангийн охин минь хөлийн ул, өсгийг гараараа цохиж өгдөг. Тэгээд л нэг унтдаг. Миний хөл, охины минь гар л их өвддөг" гэв.
Цагдан хорих төвүүдэд хулгай дээрэм хийж, бусдад хохирол учруулсан, хар тамхи татаж, худалдан авч, худалдаалсан хүмүүсийг олноор нь хорьж, төсвийн хөрөнгөөр хооллож, орогнуулж байна. Тэд нийгмийн халамж нэн шаардлагатай хүмүүсээс илүү байр, хоолоор хангагдаж, бие биенээсээ эрүүгийн гэмт хэрэг үйлдэх, гэмт үйлдлээсээ бултан зайлах мэргэжлийн "сургалт"-д сууж байна шүү дээ. Ийм тогтолцоог өөгшүүлэхийн төлөө ахлагчийн охин шиг ирээдүй үеэ бид золиослож байна.
Тиймээс цагдан хорих арга хэмжээний хэлбэрийг өөрчлөх, татвар төлөгчдийн төлсөн төсвийн мөнгөөр гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг хэдэн мянгаар нь тэжээдэг практикийг өөрчлөх шаардлагатай болжээ.
Бидний Y, Z үеийнхэн гэж нэрлэдэг залуучууд олноороо цагдан хоригдож, эрүүгийн ертөнцөд үлдэх үү, иргэний нийгэмд төлөвшиж амь зуух уу гэдэг салаа зам дээр орлого, хуримтлалгүй байдлаасаа шалтгаалан өмгөөлөл, эрх зүйн туслалцаа авч чадахгүй бүлтэгнэн суугааг харахад нэн харамсалтай.
Өдрөөс өдөрт хууль сахиулах байгууллагын орон тоо, төсөв нэмэгдсээр байх атал хүний эрхийг хамгаалах, эрх зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх, хууль ёсны эрх ашгаа хамгаалах бололцоо сайжрахгүй байгааг албаны тоон мэдээ, тайлангийн үнэлгээгээр бус Цагдан хорих байгууллагуудад хоригдож буй хүмүүсийн байдлыг анхааралтай судалж, тандаж үзвэл төвөггүй мэдэж болно.
Монголын ирээдүйг цагдан хоригдож, эрүүдэн шүүгдсэн бие махбод, өвдөж шаналсан зүрх сэтгэлтэй хүмүүс бүтээхгүй нь лавтай.
Хууль тогтоогчид, хууль сахиулагчдын алсын хараа, хүмүүнлэг энэрэнгүй хандлага, сэтгэлгээ, арга барил ус агаар мэт хэрэгтэй байна.
НАЙМ. ГЭРЭЭС ХОЛ СУРГУУЛЬ
Бид ойр байлгах зүйлээ хол, хол байлгах зүйлээ ойр байлгаж, хүмүүстээ төвөг дараа учруулдаг мэт. Сургууль нь гэрээс хол, эмийн сан нь эмнэлгээс хол, цагдаа нь иргэдээсээ хол байрлана. Харин АТГ л прокурортой тун ойрхон аж. Намайг АТГ-т дуудаж, удаан хугацаанд коридорт хүлээлгэсний эцэст мөрдөн байцаах өрөөнд оруулав. Тэгээд мөрдөн байцаагч хэн нэгэн уруу утас цохиж, "бичээд явуулсан гялс батлаад явуулчих" гэв. Тэр нь прокурорын зөвшөөрлөөр цагдан хорих тогтоол аж. Үнэхээр л гялс батлагдаж, эхлээд гэрч, дараа нь сэжигтэн, тэгээд яллагдагч болохыг танилцуулсан тогтоол хоромхон зуур дараалан хэвлэгдэж, түүнд гарын үсэг зурахыг тулган шаардав. Өмгөөлөгч авч, эрх зүйн туслалцаа авч байж шийдвэрлэнэ гэхэд маш таагүй байдал гаргав. Тэгээд л цагдан хорихоор үг маггүй авч явлаа.
Гэр бүлийнхэнтэйгээ таван үг солих, балга ус уус, дулаан хувцас өмсөх ч боломж олгохгүй сүр бадруулан дөвчигнөв. Төрийн албанд ажиллаж байхдаа нэг ч гэсэн хүнд боломж олгож, сэтгэл ханамжтай үйлчилгээ хүргэж, эерэг харилцаа бий болгох зарчмыг мөрдлөг болгон ажиллаж байсан хүний хувьд түүний авир ааш, цаанаас өгсөн чиглэл нь над ойлгох зүйл биш байв.
Мөрдөн байцаагч, прокурорууд дотносч, гэмт үйлдийн үнэн мөнийг тогтооход бие биедээ хяналт тавих үүрэгтэй хүмүүсээ умартаж, үгсэн хуйвалдаж, бие биеэ хянах чадваргүй болтоо цус ойртсон нь олон тохиолдлоор над ойлгогдож байлаа.
Ийм моральгүй хүмүүсийн гарт олон хүний хувь заяа шийдэгдэж, ийм хүмүүсийг цалинтай, ажилтай байлгахын төлөө хүмүүс эрүүдэн байцаагдаж, цагдан хоригдож, бас татвар төлж байна шүү дээ.
Шударга зарчимтай хууль сахиулагчид олон байгаа гэдэгт найдаж байна. Гэхдээ л манай Төр "уул усны ойр нь дээр, ураг төрлийн хол нь дээр" гэгчээр хууль сахиулах байгууллагад үүрлэсэн танил тал, нам улс төрийн, нутаг усны хэлхээ холбоогоо зохих түвшинд байлгаж, хууль ёсоо сахих шаардлагатай болж.
ЕС. АРДЧИЛСАН НАМЫН ЗАСГИЙН ГАЗАР
Над эрүү үүсгэн шалгасан "Капитал" банканд нийгмийн даатгалын сангийн хөрөнгө байршуулж, уг банканд давуу байдал үүсгэсэн гэх асуудалтай холбоотойгоор Нийгмийн даатгалын Ерөнхий газраас 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр мэдэгдэл гаргасныг хорих ангид сонингоос олж үзэв. Хамгийн их гайхал төрүүлсөн үг нь "Ардчилсан намын Засгийн газрын үед" гэсэн үгс байв. Ер нь Ардчилсан хувьсгалын 30 жилийн практикт хэзээ ч Засгийн газруудыг энэ тэр намын гэж нэрлэж байгаагүй санагдана. Харин Засгийн газрыг тэргүүлсэн Ерөнхий сайдаар нь овоглох явдал байсан.
М.Энхсайханы, Ц.Элбэгдоржийн, Н.Алтанхуягийн, Ч.Сайханбилэгийн Засгийн газар гэх мэт. Яг үнэндээ хэн ч тэргүүлсэн бай Монгол Улсын Засгийн газар шүү дээ.
Тэрхүү мэдэгдэлд 2012-2016 оны үйл явдлыг дурдсан аж. Хэрэв Монгол Улсын Засгийн газрыг байгуулсан намуудаар нь овоглох гэж байгаа бол 2012-2016 онд Н.Алтанхуяг ерөнхий сайд АН-ын болон МАН-ын улс төрчдөөс бүрдсэн кабинет, Ч.Сайханбилэг ерөнхий сайд АН-ын болон МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эсвлийн улс төрчдөөс бүрдсэн кабинет байгуулан ажиллаж байсан санагдана.
Миний хувьд хэзээ ч аль нэг намын Засгийн газарт ажиллаж байна гэж ойлгож байгаагүй, харин Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга, дэд дарга гэж ойлгож, нийгмийн даатгалын салбарын хөгжлийн бодлого, зорилтыг хэрэгжүүлж ажиллаж ирсэн билээ.
Цаашдаа бид төрийн албан хаагчдадаа үзэл бодол, намын харьяаллаар ялгаварлах, тодорхойлж хэрэгжүүлсэн бодлого, зорилтоо аль нэг намын бодлого, зорилт, үйл ажиллагаа мэтээр төсөөлж, олон нийтэд мэдээлэх нь Төрийн ажлын залгамж чанар, салбарын хөгжлийн бодлого, зорилт тууштай хэрэгжихэд бэрхшээл учрах эрдсэлтэй.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдэгдэлд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банканд байршуулсан үйл ажиллагааг Засгийн эрхэнд байсан аль нэг намын үед гэдэг байдлаар үнэлж, дүгнэх гэсэн санаа цухалзаж байсан нь өрөвдөлтэй.
Харин энэ үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцсэн үү, үр өгөөжөө өгсөн үү, гэрээний хэрэгжилт хангагдсан уу, шударга өрсөлдөөний зарчмыг хангасан уу гэдэг байдлаар хандвал олон нийтийн эрх ашигт нийцэх юм. Ямартай ч тэр мэдэгдлээс салбарын удирдлагыг хэрхэн хэрэгжүүлж, салбарын хөгжил, хамт олныхоо төлөө хэрхэн ажиллаж, асуудалд хэрхэн хандаж байсан талаар ганц үг гарч ирэх болов уу гэсэн "гэнэн" хүлээлтийг маань эцэс болгож, санааг минь амраасан даа.
АРАВ. БИДНИЙ ЗУРАГ
ХУРААГДАВ
АТГ-ынхан гэрт нэгжлэг хийж, хэдэн мөнгөн аяга, мөнгөн хундага, хүүхдүүдийн гар утас, зөөврийн компьютер, манай орон сууцын болон зуслангийн байшингийн гэрчилгээ, гэргийн настай нагац эгч, охин дүүгийнх орон байрны гэрчилгээ манайд байсныг, бас С.Эрдэнэ дарга бид хоёрын хамт авхуулсан фото зургийг хураан авч явлаа. Нэгэнт тавин нас дөхөж, хорин хэдэн жил айл болж амьдарсан дундаж Монгол айлд хэдэн мөнгөн аяга, мөнгөн хундага, ганц орон сууц, зуслангийн байшин байх л шүү дээ. Тэгээд ч зах зээл, мэдээлэл харилцаа хөгжсөн энэ цагт, эрүүл саруул, хөдөлмөрлөх чадвартай мань мэт нь заавал хулгай, луйвар хийхгүйгээр амь зуугаад бусдын адил явах боломжтой болоод 30 жил өнгөрчээ.
Хамгийн сонирхолтой нь С.Эрдэнэ дарга бид хоёрын зургийг хураан авч, видео бичлэг хийв. С.Эрдэнэ дарга сонин тавилантай хүн. Түүнийг 1996 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргаар сонгогдсоноос хойш түүнийг тойрсон хар PR огтоос тасраагүй. Намайг 2000 онд Удирдлагын академид суралцаж байхад "С.Эрдэнэ гэргийгээ алсныг юу гэж бодож байна" гэж манай стратегийн менежментийн багш асуулт тавьж, дүн гаргаж байлаа ш дээ. Би "С.Эрдэнэ гэдэг хүний оронд амьдарч үзээгүй учраас ямар ч дүгнэлт хийх боломжгүй" гэж хэлж "Онц" авч байсныг манай ангийнхан мартаагүй байха аа. Ийм л их гүжир гүтгэлэг, дуулиан дунд амьдарч яваа улс төрч хүн. Угаасаа Монголын ардчиллын түүчээ болж явсан С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарт тухайн цагт тохиолдож байсан гүтгэлэг, гутаан доромжлолыг С.Эрдэнэ дарга энэ цагт үүрч, “шүршүүлж” явна.
Хувь тавилангаар 2005 оноос тэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, би дэд дарга, 2012 оноос тэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, би Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, 2017 оноос Тэр Ардчилсан намын дарга, би Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Улс төр, намын байгуулалтын газрын даргаар хамт ажиллаж байна. Бидэнд нутаг ус, ураг төрөл, анхан дүүсийн ямар ч холбоо байхгүй.
Бидний хамтран ажилласан салбар, байгууллага бүхэнд бидний санаачилга, хамтын ажиллагааны дүнд бий болсон шинэчлэлийн олон ололт, ойлголцол, үр дүн, түүхэн дурсамж бий болж үлдсэн байдаг нь сайхан. Харамсалтай нь манай нийгэм, хүмүүс хийж бүтээсэн, сайн сайхан зүйлийг нь огт мартаж, бусдын улс төрийн зорилготой явуулга, гүтгэлэгт автах нь зонхилж байна.
Бид үнэндээ ажил хэргийн амин чухал асуудал, цаг нартай уралдсан ажил хэргийн албан яриа өрнүүлж явснаас биш хамтарч Төр, түмний хөрөнгийг зувчуулж, амин хувьдаа ашиг хонжоо, хулгай луйвар хийх тухай огтоос бодож ч, хэлэлцэж ч явсангүй.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын Санхүү, бүртгэлийн газрын Ч.Чулуунчимэг надтай 461-р хорих анги уруу хамт цагдан хоригдохоор явж байхдаа "Та бид хоёр таваг хоол хувааж ч идэж үзээгүй шүү дээ, дарга аа" гэж уйлж байв. Гэтэл хоёулаа "үгсэн хуйвалдсан" гэсэн дүгнэлттэй яллагдагчаар татагдаад, "хам" болчихсон ачигдаж явсан юм даа. Ямартай ч С.Эрдэнэ дарга бид хоёрын зураг хураагдсан, харин түүний нийгэм, улс төрийн үйл ажиллагааны үр дүнг цаг хугацаа л шүүнэ.
Цаг хугацааг хэн ч хурааж авч, цагдан хорьж, ял янх тулгаж эс чадах билээ. Энэ хорвоо үнэний хорвоо юм бол үнэн хэзээд ялна, би буруугүй.
АРВАННЭГ. ПРОКУРОР "ТАСГА" ЮМ БИЛЭЭ
Биднийг багад үнэнийг гуйвуулж, худал хэлэхийг "тасга"-дах гэдэг байв. Прокурор намайг цагдан хорих үндэслэлээ шүүхэд танилцуулахдаа "Эрхэлсэн ажилгүй" гэж тасгадав. Эрхэлсэн ажилгүй болохоор оргон зайлж, дахин гэмт хэрэг үйлдэх магадлалтай гэх үндэслэл гаргаж буй аж. Яг үнэндээ хулгай, луйвараар амьдардаггүй болохоор сүүлийн хорин таван жил тасралтгүй ажил хөдөлмөр эрхэлж, амьдарч ирсэн ирсэн болохыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанаас төвөггүй харж болно.
Бас ч үгүй, Үндэсний хэмжээний улс төрийн намын төв байгууллагын Улс төр, намын байгуулалтын газрын даргаар гурван жил ажилласан намайг эрхэлсэн ажилгүй гэж "тасгадах" эрх прокурорт л байдаг бололтой.
Хожим 461-р хорих ангид хоригдсон хүмүүсийн ихэнхийг прокуророос ажил хөдөлмөр эрхэлдэггүй, оргон залж болзошгүй, дахин гэмт хэрэг үйлдэх магадлалтай хэмээн эрхзүйн байдлыг нь дордуулан "тасга"-даж шүүхэд мэдүүлдэг нь ёс юм билээ.
Иргэдийнхээ эрх зүйн байдлыг үнэн зөв тогтоочих чадваргүй "тасга" хүмүүс хууль сахиулж байгаа нь харамсалтай. Тэд шүүхэд удаа дараа "тасга"-дахад ямар ч хариуцлага хүлээдэггүй юм билээ. Намайг л лав эрхэлсэн ажилгүй хэмээн удаа дараа "тасгадсан" прокурор цалингаа аваад, дулаан албан тасалгаандаа сууж л байна лээ. Тэд яг үнэндээ Төрдөө "тасгадаж" сууна лээ.
АРВАНХОЁР. ӨМГӨӨЛӨЛ
н.Эрдэнэчулуун гэх залуу нэг өдөр "Ахаа, МоАХ гэж юу вэ" гэж асуулаа. Түүнээс улбаалаад хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгэмд шилжсэн тухай яриа өрнөв. Тэрээр бид өөрийгөө өмгөөлөх, эрх зүйн туслалцаа авах эрхтэй ч хачир дээрээ энэ эрх хэн бүхэнд бүрэн хангагдаагүй шүү дээ гэх нь тэр.
Үнэхээр л хорих ангид олон залуус өмгөөлөгч авах төлбөрийн чадваргүйн улмаас хэрэг шийдвэрлэгдэх сунжирч, дээшээ тэнгэр хатуу, доошоо газар хатуу гэгчээр хоригдож байна.
Хүний халдашгүй эрх чөлөөтэй байх эрхийг зөрчин үндэслэлгүйгээр баривчлах, цагдан хорих, дарамтлах, айлган сүрдүүлэх, хууран мэхлэх замаар мэдүүлэг авах, нотлох баримт цуглуулах зэрэг нь ердийн зүйлс болсныг залуус гэрчлэн ярих аж. Над тохиолдсон асуудлаас харвал шүүх хуралд өмгөөлөгч, улсын яллагчийн адил тэгш эрхтэй байх шаардлагатай мэт. Прокурор нь цагдан хорих асуудлаар миний эрх зүйн байдлыг дордуулсан худал дүгнэлт оруулж, цагдан хорих үндэслэлгүй санал тавьж байгааг манай өмгөөлөгчид яаж ч тайлбарлаад шүүх хүлээж авсангүй. Зүгээр л миний асуудал над ээлтэйгээр шийдвэрлэгдээгүйд бус маш хариуцлагагүй дүгнэлт, саналыг үндэслэн шүүх үндэслэл муутай шийдвэр гаргаж байгааг хараад бухимдаж суув.
Үндэслэл нь "гүйцэтгэх ажиллагаа" гэгчээр олж авсан мэдээллээр намайг дахин гэмт хэрэг хийх, оргон зайлж болзошгүй гэж прокурор үзэж. Коронавирусийн улмаас гадаад гол гарц Хятадын хил хаагдсан үед би хаашаа оргон зайлах билээ. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүрэгт ажлыг хүлээлгэж өгөөд, гарч явснаас хойш бараг таван жил өнгөрч байхад ямар гэмт хэрэг дахин үйлдэж, гэмт хэргийн ул мөрөө арилгах боломж байх билээ.
Тэр "гүйцэтгэх ажиллагаа" гэдэг нь бидний ойлгодгоор тагнан чагнах ажил юм шиг байгаа юм. Цахилгаан холбоо, үүрэн телефон, интернэтийн үйлчилгээнд үйлчлүүлэгчийнхээ хувийн харилцааны нууцыг хамгаалах стандарт шаардлагатай болжээ. Үнэндээ өөрсдөө төлбөр төлж, тагнаж чагнуулах хэрэгтэй гэж үү. Иргэн өөрийгөө өмгөөлөх, мэргэжлийн өмгөөлөгчөөр болон өмгөөлөл эрхлэх зөвшөөрөлгүй ч итгэл бүхий хүнээр өөрийгөө өмгөөлүүлэх эрхийг хангах шаардлагатай байна.
АРВАН ГУРАВ. КАПИТАЛ БАНК
Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Капитал банканд 2007 оноос нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг хадгаламж, харилцах хэлбэрээр байршуулж, хүү тооцуулан авч ирсэн байдаг.
Капитал банканд байршуулсан нийгмийн даатгалын мөнгөн хөрөнгө 2012 онд 31.4 тэрбум төгрөг, 2013 онд 126.3 тэрбум төгрөг, 2014 онд 209.4 тэрбум төгрөг, 2015 онд 238.0 тэрбум төгрөг байжээ.
Капитал банк нь 40 мянга орчим иргэнд тэтгэвэр олголт хийж, 12.0 мянга орчим тэтгэвэр авагчид 27.0 тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээл олгосон харилцагч банк байсан билээ.
Биднийг Нийгмийн даатгалын салбарын удирдлагыг хэрэгжүүлж эхэлсэн 2012 онд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг банканд хадгалуулсан хүүгийн орлого 21.4 тэрбум төгрөг байсан бол 2013 онд 48.3 тэрбум төгрөг, 2014 онд 59.1 тэрбум, 2015 онд 73.6 тэрбум төгрөгт хүргэж, даруй жилд 3.4 дахин буюу 343.9 хувиар өсгөсөн мөнгөн хөрөнгийн менежментийн дүнд хүүгийн орлого 2013-2016 онд 253.2 тэрбум төгрөгт хүрч билээ.
Миний бие Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангаас арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”-аар тухайн банкинд байршуулах хадгаламж нь банкны нийт активын 20-25 хувиас хэтрэхгүйгээр байхаар журамласныг ч хэлбэрэлтгүй мөрдөж ирсэн. Мөн журамд зааснаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын зөвшөөрөл авч гэрээ байгуулах зохицуулалтыг ч ягштал хэрэгжүүлж ирсэн.
Ийнхүү холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банкинд байршуулах гэрээний хэрэгжилт бүрэн хангагдаж, 2012-2015 онд Үндэсний аудитын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас жил бүр хийсэн аудит, хяналт шалгалтаар "зөрчилгүй" дүгнэлт авч, миний бие төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хэрэгжилтээ "А" үнэлгээтэй дүгнүүлж ирсэн билээ.
Үнэндээ ганц ч теллер танихгүй, нэг ч харилцах данс ч эзэмшдэггүй банканд давуу байдал олгох шаардлага над байхгүй билээ.
АРВАНДӨРӨВ. МОНГОЛ ЯЛНА
Намайг цагдан хоригдож байх хугацаанд Монголын нийгэмд Хятадыг үзэх үзэлд том дэвшил гарав. Дэлхий даяар COVID-19 хэмээх вирусийн тахал гарч, БНХАУ-д хорио цээрийн дэглэм тогтоож, улс орнууд Хятадаас цэрвэж байсан цаг үед манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөд хөршид айлчилсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаад зогсохгүй, олон нийтийн зүгээс томоохон талархал хүлээжээ.
Монголд БНХАУ-ын иргэд дээрэмдүүлэх, аж ахуй бизнесийн үйл ажиллагаанд нь саад хориг учруулах тохиолдол цөөнгүй гардаг талаар Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед 2014 онд БНХАУ-ын хөрөнгө оруулагч нартай Засгийн газрын агентлагуудын удирдлага уулзах үеэр ярьж байсныг тод санаж байна. Тэр үед "Та нар гадаадын хөрөнгө оруулалтыг хүсдэг атлаа хөрөнгөө аваад ороод ирсэн БНХАУ-ын компаниудыг муу хужаа нар гэж гадуурхаж, дарамт шахалт үзүүлээд байхаар хэн бидний хойноос ирэх юм бэ. Монголын хэвлэлүүдээр хужаа гэх үг цаг тутам хөвөрч байдаг" гэж Баатар хэмээх Өвөр Монгол хүн ярьж байсан нь санаанд тод үлджээ.
Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Өмнөд хөршид тусламжаар өгсөн гучин мянга толгой хонь бүрдүүлэхэд хандив өгөх аян улс оронд даяар амжилттай өрнөж байгаа нь юутай ч бид Өмнөд хөршөө үзэн ядах үзлээ даван туулах талаар урагшаа хэд алхсан мэт санагдав. Бид хөршүүдээ үзэн ядах, хардах сэрдэх байдлаа даван туулж байж, хамтран хөгжинө.
Манай улс оронд хөрш орны иргэдээ үзэн ядахын зэрэгцээ нийгмээрээ учир утгагүй талцан, улс төржих, бие биеэ үзэн ядах хандлага газар авчээ.
Цөөнхөн Монголчууд бид бие биеэ үзэн ядах үзлээс салахын тулд улс төрчид нь хууль ёсыг чанд сахиж, хууль журмыг биелүүлэх манлайллаараа олон нийтийг дагуулан үлгэрлэх, гэм буруутай үйлдэлдээ олон нийтээс уучлал хүсч, ёс суртахууны хариуцлагаа хүлээх соёлд суралцах шаардлагатай болж. Ер нь хардлага сэрдлэг, үзэн ядалтыг зогсоох цор ганц арга нь цагдан хорьж, эрүүдэн шүүх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гутаан доромжлох үйл ажиллагаа байсаар байгаа нь Монголд хүний эрхийн байдал эмзэг байгааг гэрчилнэ. Хууль сахиулагчид нь ч улс төрчдийн дохио зангаагаар ажиллахаа ч болих хэрэгтэй.
Өнөө цагийн их баривчилгаа, эрүүдэн шүүлт, улс төрийн өс хонзонг эцэс болгож, чадвал жинхэнэ Монгол ялна.
АРВАНТАВ. СЭРЦГЭЭЕ,
ХҮМҮҮС ЭЭ.
Манай улс ардчилсан тогтолцоонд шилжээд гучин жил буюу нэг үе солигдох хугацаа өнгөрчхөөд байна. Монголын нийгмийг хамарсан ядуурал, нийгмийн тэгш бус байдал, нийгмийн нэгдмэл байдлын сулрал, нийгмийн эрүүл бус хөгжлийн тогтолцоог өөрчлөх өргөн далайцтай өөрчлөлт, шинэчлэл шаардлагатай болж.
Ерэн оноос өмнөх аймшигт нийгмийг мэдэхгүй, төсөөлөхгүй өсч байгаа шинэ үеийнхэн Хонхны дуу Монгол даяар цангинаж, Монголчууд нойрноосоо сэрсэн түүхийг мэдэхгүй "МоАХ гэж юу гэсэн үг юм бэ" гэж асууж байна. Урьдын адил түүхийг өөрсдөдөө тохируулан гуйвуулж, өөрөөсөө өөр үзэл бодолтой бүхнийг хууль шүүхээр айлгаж ичээж, мөрдөн шалгаж, гүтгэн доромжилдог болсон нь Монголын 30 настай ардчилалд тулгарч буй томоос том аюул юм. Монголын ардчилал залуу бас эмзэг байна.
Бидний үеийнхний 30 жилийн хүлээлт, 30 хоногийн баривчилгаа байх ёсгүй. Монголын ардчиллын үнэт зүйлс болсон хүний эрх, эрх чөлөө, бие даасан байдлыг хамгаалан бэхжүүлэхийн төлөө хүн бүр санаж сэрэх, үгээ хэлж, тэмцэх ёстой болсон байна. Сэргээе, хүмүүсээ.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"