Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнтэй саарал жагсаалтаас гарах ажлын явц ямар байгаа талаар ярилцлаа.
-Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас гарахаар эрчимтэй ажиллаж эхэлсэн. Танай байгууллагын зүгээс энэ асуудалд хэрхэн анхаарал хандуулж байна?
-Өнгөрсөн оны аравдугаар сарын 18-нд манай улсыг стратегийн дутагдалтай орны жагсаалтад оруулсан. Ингэхдээ ФАТФ буюу олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас Монгол Улсад зургаан үүрэг даалгавар өгсөн. Үүнээс манай хороонд хамааралтай хоёр асуудал байсны нэг нь санхүүгийн болон санхүүгийн бус салбаруудын зохицуулалтыг сайжруулах үүргийг бид хүлээсэн. Үүнтэй холбоотойгоор Терроризмын эсрэг гэж байсан хуульд өнгөрсөн оны аравдугаар сард өөрчлөлт оруулснаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль болгон өөрчилж, баталсан. Ингэснээр СЗХ-ны чиг үүрэгт санхүүгийн бус бизнест мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийг зохицуулах хоёр төрлийг шинээр оруулж ирсэн. Үүний хүрээнд үл хөдлөх хөрөнгө зуучлал болон үнэт металл, үнэт чулуу болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний арилжааг зохицуулах үүрэг хүлээсэн гэсэн үг. Ер нь санхүүгийн зохицуулагч байгууллага нь санхүүгийн бус мэргэжлийн үйлчилгээг хянан зохицуулдаг тохиолдол дэлхийд ховор. Гэхдээ энэ салбарыг хариуцаад зохицуулах байгууллага Монгол Улсад СЗХ-ноос өөр алга гэж үзээд өнгөрсөн оны тавдугаар сард бидний чиг үүрэгт дээрх хоёр салбарыг шинээр нэмж өгсөн. Мэдээж бидний хувьд таатай хүлээж аваагүй. Учир нь санхүүгийн бус мэргэжлийн бизнест үйлчилгээ үзүүлэгчдийг зохицуулах нь маш олон эрсдэлийг дагуулдаг. Тухайлбал, манайх төрийн байгууллага учраас шинэ салбарыг зохицуулах чиглэл авахын хэрээр хүн хүчнээс эхлээд санхүүгийн эх үүсвэр нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал байдаг. Нөгөө талдаа бидний үндсэн ажил буюу бусад салбарын зохицуулалтыг сулруулах эрсдэлтэй гэдгийг бид анх хэлж ярьж байсан. Гэхдээ Засгийн газрын зүгээс дээрх хоёр салбарыг СЗХ-ноос өөр зохицуулах газар үгүй гэж үзсэн учраас манайд өгсөн.
-Санхүүгийн бус бизнест мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч гэдэгт ямөр төрлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулан ойлгох ёстой вэ?
-Манай хорооны чиг үүрэгт нэмэгдсэн үл хөдлөх хөрөнгө зуучлал болон үнэт метал, үнэт чулуу эрхлэгчдээс гадна зөвлөгөө үзүүлдэг хуульчид, нотариатч, нягтлан бодогч нар багтдаг. Эдгээрийг олон улсад санхүүгийн салбарт хууль бус мөнгө угаах, түүнтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлдэг гэж үздэг. Тухайлбал, хуульчдын хувьд зөвлөгөө өгдөг учраас хуулийн хийдэл ашиглах, тойруулах алхам хийх зөвлөгөө өгөх эрсдэлтэй гэж үздэг. Нотариатчдын хувьд аливаа хөрөнгө мөнгөний гарал үүслийг хянаж тамга дардаг учраас үгсэн хуйвалдах зэрэг үйлдэл хийхгүй гэх баталгаагүй. Тийм учраас ийм төрлийн үйлчилгээ эрхлэгчдийг зохицуулах шаардлагатай гэж үзээд тус тусынх нь салбарт хариуцуулсан. Жишээлбэл, өмгөөлөгчдийг хуульч, өмгөөлөгчдийн холбоонд, нотариатчдыг Нягтлан бодогчдын холбоонд харьяалуулах гэх мэтээр. Үүний цаана мэдээж төрийн байгууллага буюу ХЗДХЯ, Сангийн яам зэрэг байгууллага ерөнхийд нь хариуцна. Ингээд цаана нь миний дээр хэлсэнчлэн үл хөдлөх хөрөнгө болон үнэт металл, үнэт чулуу эрхлэгчдийн салбар зохицуулалтгүй үлдсэн учраас манай хороонд хариуцуулсан. Бидний хувьд эхний ээлжид энэ хоёр салбарыг тусгай зөвшөөрөлтэй болгох ажлыг эхлүүлээд явж байна. Аливаа зохицуулалтыг хийхийн тулд заавал тусгай зөвшөөрөл олгодог байх учиртай. Ингэснээр тусгай шаардлага тавихаас гадна төр хяналтаа хэрэгжүүлдэг болсноор зөрчил дутагдлыг арилгах талд ажиллаж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Тийм ч учраас Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотойгоор өнгөрсөн арванхоёрдугаар сард Засгийн газраас Сангийн сайдаар ахлуулсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан.
-Ажлын хэсгийг байгуулснаас хойш тодорхой ямар ажлыг хийж гүйцэтгээд байна вэ?
-Ажлын хэсэг байгуулснаар томоохон хэд хэдэн ажлыг хийгээд байна. Ялангуяа манай хороотой холбоотой. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар СЗХ-ны эрх зүйн байдлын тухай болон Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Учир нь үл хөдлөх хөрөнгө болон үнэт металл, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүний арилжаа эрхлэгчдийн зохицуулалт тусгай зөвшөөрөлтэй байхыг хуульд тусгаж баталгаажуулсан. Захиргааны ерөнхий хуулийн дагуу аливаа зохицуулалтыг хийх гэж байгаа бол холбогдох хуульдаа заавал нарийвчилсан өөрчлөлт оруулсан байх шаардлагатай байдаг. Энэ хоёр салбар өмнө нь ямар ч хяналтгүй явж ирсэн учраас хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн нь бидний хийсэн ажлын хамгийн гол буюу чухал эхлэл болсон. Үүнтэй зэрэгцээд бид өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд Бээжинд болсон ФАТФ-ын хуралд хийсэн ажлаа хамгаалсан. Бид анх зургаан үүрэг даалгавар авснаас гурвыг нь хамгаалаад ирсэн. Үндсэндээ СЗХ-той хамааралтай санхүүгийн салбар буюу үнэт цаас, даатгал, ББСБ, ХЗХ-нд мөнгө угаах, терроризтой тэмцэх ажил сайн явахаас гадна үр дүнгээ өгч байна гэж дүгнэсэн. Харин манай хорооны чиг үүрэгт шинээр нэмэгдсэн үл хөдлөх, үнэт металлын салбарын зохицуулалт хараахан болоогүй байна гэж үзсэн. Үүнээс хойш бид дээрх салбарт үйлчилгээ эрхлэгчдийг төрийн хяналтад авч, тусгай зөвшөөрөл олгодог болохын тулд бэлтгэл ажлаа хангаж дуусаад байна. Одоогоор ямар шаардлага тавих, үүнд хэрхэн хяналт тавих, зөрчил дутагдал гаргавал хэрхэн хариуцлага тооцох вэ гэдгийг тодорхой болгоод байна.
-Бэлтгэл ажил ерөнхийдөө дууссан юм байна. Тусгай зөвшөөрлийг хэзээнээс олгож эхлэх вэ?
-Манай хорооноос энэ талаар маш тодорхой мэдэгдэл гаргасан. СЗХ-ноос шинээр тусгай зөвшөөрөл олгох хоёр салбартай холбогдох дүрэм, журмыг боловсруулж байна. Одоогоор эхний салбарынх бэлэн болсон, энэ долоо хоногтоо багтаад батална. Ерөнхийдөө бид нэгдүгээр улиралдаа багтаагаад дээрх хоёр салбарын холбогдох бүх журам, зааврыг баталж, мөрдүүлнэ. Үүний дараа бид холбогдох хүмүүст мэдээллээ хүргүүлж, мэдэгдэнэ. “Энэ салбарынхан тусгай зөвшөөрлийн хүрээнд ажиллахаар болсон. Энэ зөвшөөрлийг авахын тулд СЗХ-нд хандана” гэдгийг мэдэгдэнэ. Төлөвлөгөө ёсоор алт үнэт, металлтай холбоотой журмыг энэ сарын сүүлчээр батална. Ингээд хууль эрх зүйн орчныг цогц болгосноор иргэн, аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож эхэлнэ. Тэгэхээр ирэх сарын 1 гэхэд бидний хийх ажил жигдэрчихнэ гэсэн үг. Өнгөрсөн сарын 20-нд Парист болсон хурлын үеэр ч манай улсаас авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээг өндрөөр үнэлсэн. Маш богино хугацаанд өндөр үзүүлэлттэй ажилласан гэж дүгнэсэн. Тиймээс бидний хувьд энэ үнэлэмжээ алдахгүй урагшлах, улмаар стратегийн дутагдалтай орны жагсаалтаас түргэн хугацаанд гарахын тулд бүхий л хүч чадал, нөөцөө ашиглан ажиллаж байна.
-Төрийн ямар нэгэн зохицуулалтгүй, дур зоргын байдалтай байсан хоёр салбарыг тусгай зөвшөөрөлтэй болгоно гэхээр мэдээж таатай хүлээж авахгүй байх. Энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчид хэрхэн хүлээн авч байна вэ?
-Бидний зүгээс эхний ээлжинд мэдээллээ гаргасан. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа бол тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болсон гэдгийг хэлсэн. Үл хөдлөх хөрөнгө болон үнэт металл эрхлэгчдийн холбоо, нийгэмлэгүүд болон аж ахуйн нэгжтэй тус бүрчлэн уулзаж мэдээлэл хүргэсэн. Төрийн бүх байгууллагаас ч энэ талаар санал авсан. Холбогдох хэлэлцүүлгийг ч зохион байгууллаа. Энэ бүхнээс үзэхэд таны хэлсэнчлэн хүмүүс таатай хүлээн авахгүй нь илт байсан. Олон жил өөрийн дураар явж ирсэн учраас дургүй байсан ч бид ойлгуулсан. Төрийн хяналтад орсноор тухайн салбарын хөгжилд тустай, нөгөө талаас Монгол Улсын нэр хүндэд маш том нөлөө үзүүлнэ гэдгийг хэлсэн. “Саарал жагсаалт”-аас гарахын тулд та бүхний эрхэлдэг үйл ажиллагааг зайлшгүй төрийн хяналтад авах шаардлагатай гэдгийг хэлж, ярьсан. Үүнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа маш чухал гэдгийг хүмүүс ойлгосон байх. Үүний тулд бид маш олон удаагийн сургалт, уулзалтыг зохион байгуулсан. Энэ бол зөвхөн СЗХ-ноос хүсч хийгээд байгаа ажил бус, Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн үүднээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ гэдгийг тухайн салбарынхан маань ойлгосон гэдэгт итгэлтэй байгаа.
-Үл хөдлөх хөрөнгийн болон үнэт металл, үнэт чулуу эрхлэгчдийн салбарт ямар нэгэн хяналт шалгалт шаардлагатай гэдгийг хэзээнээс, хэрхэн дүгнэсэн юм бэ. “Саарал жагсаалт”-д орсноор энэ салбарт төрийн зохицуулалт хэрэгтэй гэдгийг олж харсан хэрэг үү. Эсвэл төр шат дараатайгаар арга хэмжээ авсаар ирсэн юм уу?
-Монгол Улс хоёр дахиа “Саарал жагсаалт”-д орлоо шүү дээ. Монгол Улс 2016 онд анх удаа дотооддоо үндэсний эрсдэлийн үнэлгээ хийсэн байдаг. Түүгээр эрсдэлтэй салбаруудыг тодорхойлоход банктай зэрэгцээд үл хөдлөх хөрөнгийн салбар хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдсон. Нөгөө талаас ФАТФ-аас тавьж буй бүх шаардлагад үл хөдлөх хөрөнгө болон алт, үнэт металлын салбарт мөнгө угаах, улмаар терроризмыг санхүүжүүлэх чиглэлээр ажиллах боломж маш өндөр гэж тодорхойлоод байгаа юм. Мөнгө угаах гэдэгт авлига, татвар зэрэг олон харилцаа багтана. Гэтэл авлигаар бодоход үл хөдлөх хөрөнгийн салбарт 100 сая төгрөгийн орон сууцыг 10 саяар зарчхаж байна. Нэг бол 100 саяын байрыг 500 саяар зарсан гэж хэлээд мөнгөө цэвэр болгочхож байгаа юм. Үүнийг олон улсад санхүүгийн салбарт хууль бус мөнгөн урсгалыг хязгаарлах гэж нэрлэдэг. Энэ харилцаанд оролцогчдыг ч мөн давхар хязгаарла гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, орон сууцныхаа үнийг их эсвэл бага үнээр зарж байгаа нөхдөд дээр дурдсанчлан өнөөх хуульч өмгөөлөгч, нотариатч, нягтлан бодогчид дэмжлэг үзүүлээд байдаг. Яагаад гэвэл тэд чинь хуулийн цоорхойг хэрхэн ашиглах, гүйлгээг нь хэрхэн нуун дарагдуулах гэх мэтэд хамгийн сайн зөвлөгөө өгөөд байгаа хүмүүс шүү дээ. Тиймээс энэ бүх хууль бус харилцааг төрийн хяналтаар зохицуулаач гэдэг үүргийг олон улсаас өгөөд байгаа юм. Тиймээс үүнийг олон улсаас тавьж буй стандартын шаардлага гэж ойлгох хэрэгтэй. Энд нэг жишээ татахад манай хорооноос зөвхөн үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр хоёр судалгаа хийсэн. 2018 онд судалгаа хийхэд энэ салбар замбараагүй байсан нь тодорхой болсон. Үүний нэг илрэл нь үл хөдлөх хөрөнгө зуучлалтай холбоотой 5136 аж ахуйн нэгж улсын бүртгэлд бүртгэлтэй байсан. Гэтэл жилийн дараа ҮСХ-той хамтарч ажиллаад тоо гаргахад жилийн өмнөх тоо 7000 давчихсан байсан. Энэ бол ямар нэгэн зохицуулалтгүйн балаг.
-СЗХ-ноос тусгай зөвшөөрөл олгож эхэлснээр мэдээж Монгол Улс “Саарал жагсаалт”-аас гарах нөхцөл бүрдэнэ. Нөгөө талдаа иргэдэд ямар давуу тал бий болох вэ. Дур зоргын байдалтай аливаа үйл ажиллагааны цаана иргэд хохирч үлддэг шүү дээ?
-Эхний ээлжинд ямар ч байсан дээр хэлсэн 7000 аж ахуйн нэгж байхгүй болох буюу хумигдана. Ерөөсөө тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулна гэдэг маань мэргэжлийн болно л гэсэн үг. Үүний цаана хэрэглэгчдийн эрх ашгийг төр хамгаалж буй нэг хэлбэр. Өмнө нь жишээлбэл, төр хянадаггүй учраас хэн нэгэн хохирлоо гэхэд хаана, хэнд хандахаа мэддэггүй байлаа шүү дээ. Ийм байдал үгүй болохоос гадна магадгүй зохиомол үнийн хөөрөгдлийг ч зохицуулах боломжтой. Гэхдээ үүнийг одоо дүгнэхэд эрт ч яваандаа энэ чиглэл рүү нарийвчлан ажиллаж таарна. Түүнчлэн СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулж буй салбараас хөлс авдаг. Гэхдээ энэ нь их хэмжээнийх биш. Үл хөдлөх хөрөнгө болон үнэт металл эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгосноороо төр ашиг олох ямар ч зорилгогүй гэдгийг онцолъё.
-ФАТФ-ын дараагийн хурал ирэх тавдугаар сард болно. Түүгээр манай улс үлдсэн гурван даалгавраа амжилттай хамгаалах боломжтой юу?
-Боломжтой болгохын төлөө л ажиллаж байна. Гэхдээ биднээс хамааралгүйгээр аливаа нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Үлдсэн гурван даалгавраас нэгийг нь манай хороо дангаараа хариуцан ажиллаж байна. Тэр нь та бид хоёрын ярьсан сэдэв. Бусад байгууллага ч мөн бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байгаа. Бөх хүн давахын төлөө барилддаг шиг бид ч мөн санхүүгийн хоригоос гарах зорилготойгоор л эрчимтэй ажиллаж байна. Манай хорооноос гадна хууль хүчнийхэн ажиллах шаардлагатай даалгавар гэж бий. Энэ тухайд маш үр дүнтэй ажиллаж байна гэж хараад байгаа. Тухайлбал, Экологийн цагдаагийн алба гэж байгуулсан. Нэг ёсондоо ФАТФ-ын зөвлөмжийг биелүүлэх хүрээнд хийсэн ажил юм. Мөнгө угаах гэдэгт байгаль орчны эсрэг гэмт хэрэг хамт ордог. Тухайлбал, хууль бусаар алт олборлох гэдэг бол гэмт хэрэг шүү дээ. Цаашлаад хууль хүчний бүх байгууллагад мөнгө угаах, терроризмтой тэмцэх албыг байгуулчихсан. Энэ мэтээр манай улс маш дэвшилттэй ажиллаж байгаа.
-Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д ороход эдийн засаг хумигдаад, валютын ханш өсөөд, амьдрал дордчих юм шигээр хүлээн авч байсан. Гэтэл таны яриаг сонсохоор санхүүгийн хориг арга хэмжээ бидэнд зарим талаар боломж олгосон юм биш үү. Ямар ч зохицуулалтгүй байсан салбарыг төр хяналтдаа авах гэх мэтээр давуу тал бий болгосон юм байна гэж ойлголоо?
-Тэгэлгүй яах вэ. Дураараа байсан таван салбарыг төрийн хяналтад оруулчихлаа шүү дээ. Энэ бол ард иргэдэд том боломжийг олгож байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, алдаагаа оноо болгон хувиргах нь маш чухал. Бид үүнийг ашиглаж, хийх ёстой ажлуудаа эхнээс нь барьж авч, ажил хэрэг болгож эхэлсэн. Ямар ч байсан Монгол Улс өөрийн хийж чадах бүх зүйлийг маш амжилттай хийсэн. Зохицуулалтгүй байсан салбарыг зохицуулаад эхэлж байгаа нь төр хийх ажилгүйдээ биш шүү дээ. Хамгийн гол нь үүнийг дагаад нийгмийн маш том бодлого явдаг. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, хэвлэл мэдээллийнхэн мөнгө угаах, терроризмтой тэмцэх болон “Саарал жагсаалт”-тай холбоотой мэдээллийг иргэдэд зөв талаас нь өгөх, иргэд ч мөн хүлээн авч буй мэдээлэлтэй цензуртэй хандах хэрэгтэй. “Саарал жагсаалт” бол байж болохгүй муу нөхцөл гэцгээгээд л байсан гэтэл бид эндээс дотооддоо ашигтай, ард иргэдэд хэрэгтэй шийдвэр гаргаж болдгийг харж байна шүү дээ.
-Тавдугаар сард болох хурлаар манай улс даалгавраа хангалттай биелүүлсэн гэж үзвэл “Саарал жагсаалт”-аас гарлаа гэж ойлгох уу. Процесс нь хэрхэн өрнөдөг юм бэ?
-ФАТФ-аас өгсөн даалгавраа бид амжилттай хамгаалсан тохиолдолд тэндээс үнэлгээний тусгай баг гарч, манай улсад ирж ажиллана. Ингэхдээ бидний цаасан тайланг бодитоор шалгана гэсэн үг. Бид бүх даалгавраа цаасан дээр биелүүлээд очиж байгаа шүү дээ. Тиймээс бодит байдалтай тулгаж, баталгаажуулна. Тийм учраас төр, хувийн хэвшлийн түншлэл маш чухал. Тухайлбал, цаасаар гаргасан тайланг хамгаалах боломж бүх байгууллага төдийгүй хүмүүст байх ёстой юм билээ. Өмнөх туршлагаас харахад 2016 онд сонгууль болоод дууссан. Үүнийг дагаад төрийн байгууллагын удирдлага төдийгүй албан тушаалтнууд солигдсон. “Саарал жагсаалт”-аас гарахын тулд төрийн бодлогыг ажил хэрэг болгосон хүн нь өөрчлөгдчихдөг. Үүнээсээ болоод тайлангаа хамгаалж чаддаггүй. Нэг ёсондоо ойлголтын зөрүү гэдэг зүйл бүгдийг балладаг. Албан тушаалтан, мэргэжилтэн гээд мөнгө угаах, терроризмтой тэмцэх гэж юу юм, үүнээс гарахын тулд манай улс дотооддоо ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бэ гэх мэтийг гардан гүйцэтгэж байсан хүн ажлаа өгчихөөр оронд нь ирсэн нөхөр асуултад хариулж чаддаггүй. Ийм тогтворгүй байдал нөхцөл байдлыг буруу тийш эргүүлчих талтай.
-Энэ удаад ч цаг хугацаа нь сонгуультай давхцаж байна. Тавдугаар сард тайлангаа хамгаалсан ч үнэлгээний баг ирэхээр бүдэрчих юм биш биз дээ?
-Энэ бол бодит эрсдэл. Тийм учраас шат шатандаа үүнд маш сайн анхаарах хэрэгтэй. Гэхдээ бид ийм эрсдэлт нөхцөлийг байнга ярьж хэлж байгаа учраас өнгөрсөн удаад гаргасан алдаагаа давтахгүй байх гэж найдаж байна. Нөгөө талаас төр маш сайн хичээж байна. Гагцхүү үүнийг бодит ажил болгоход аж ахуйн нэгжүүд маш чухал нөлөөтэй гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа юм. Маш сайн уялдаа холбоотой байж, төрөөс гаргасан шийдвэрийг аж ахуйн нэгж нь, иргэн нь сайн гүйцэтгэдэг байсан цагт бидэнд айх зүйл байхгүй.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин