Коронавирусийн халдвартай холбоотой хязгаарлалт болон, дэлхийн эдийн засгийн хямрал бизнесийн бүх салбарт нөлөө үзүүлжээ. МҮХАҮТ-аас вирусийн нөхцөл байдал үүссэнтэй зэрэгцээд Монголын эдийн засаг, бизнесийн орчны судалгаа, бизнесийн орчинд нөлөөлж буй нөлөөлөл, цаашид эдийн засгийн эрсдэлийг удирдах багц саналууд гэх мэт олон судалгаа, танилцуулгыг төр засгийн байгууллагуудад хүргүүлсэн байна. Тэрбээр “Тэрээр эдийн засгийн салбарт нөхцөл байдал өдрөөс өдөрт муудсаар байгааг дурдаад, ямар нөхцөл байдал үүсээд байгаа талаар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин танилцууллаа. Тухайлбал, Бизнес итгэлийн индекс-2019 судалгааны дүн, эдийн засгийн нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл хийх үеэрээ онцолсон юм. МҮХАҮТ жил бүрийн гурван сард бизнесийн итгэлийн индексийн судалгаа хийдэг аж. Уламжлалт судалгаанд энэ жил 1800 гаруй компани оролцсон байна.
Коронавирус ажлын байранд хэрхэн нөлөөлж байна вэ, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээ хэрхэн нөлөөлж байна вэ, гэсэн судалгаанд нийт 1500 компани оролцсон аж. Судалгааны дүнгээс коронавирус нөлөөлөөгүй салбар байхгүй гэдгийг харж болно гэв.
Гуравдугаар сарын 03-23-ны хооронд судалгаагаа явуулсан байна. Энэ хугацаанд коронавирус компаниудын 67,4 хувьд нь их хэмжээгээр нөлөөлөл үзүүлсэн бол 22 хувьд нь нэлээд хүчтэй нөлөөлсөн гэдгийг тодотгосон юм. Коронавирусийн халдвар хамгийн их нөлөөлсөн салбараар аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээ, худалдааны салбаруудыг нэрлэж байна. Салбаруудаар нь задалбал, Монголын нийт эдийн засагт 1.6 их наядын орлого оруулдаг аялал жуулчлалын салбарын 90 хувьд маш хүчтэй нөлөөлөл үзүүлж байна гэж үзжээ. Тус салбарт зочид буудал, тээвэр логистик, иргэний агаарын тээвэр гэх мэт үйлчилгээний олон байгууллагууд хамаардаг байна.
Судалгаанд хамрагдсан 1500 компаниас 33 хувь нь ажилтнуудаа ямар нэгэн байдлаар цомхотгож тоог нь бууруулсан гэж хариулжээ. Гуравдугаар сарын 23-ны байдлаар нийт 6000 гаруй хүн цомхотголд өртсөн байна. Одоогоор эрчим хүч, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт ямар нэгэн нөлөөлөл байхгүй. Хамгийн их нөлөөлсөн нь зочид буудал, нийтийн хоол, аялал жуулчлал, банк санхүү, нийтийн хоол” гэв.
Мөн судалгаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийн ажиллаж байгаа цагийг тооцон гаргасан байна. Нийт судалгаанд оролцсон байгууллагуудын 46 хувь нь ажилчдаа богиносгосон цагаар, 35 хувь нь зайнаас ажиллуулж байгаа бол 28 хувь нь зун, намартаа олгодог ээлжийн амралтыг нь хоёр болон гуравдугаар сард өгчихсөн гэж хариулжээ. Байгууллагуудын ажлын байр хадгалахад тулгарч буй гол асуудал нь орлого буурсан явдал болохыг МХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин хэлсэн.Тийм учраас судалгаанд оролцогчдын 65 хувь нь орлого буурсан, 42 хувийнх нь үйл ажиллагаа зогссон, мөн доголдсон, 30 хувь нь ямар нэг байдлаар тогтмол зардлаа бууруулахын тулд ажлын байраа цомхотгосон" гэж хариулсныг хэллээ.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР 2020 ОНД БҮХЭЛДЭЭ ТЭГ ЗОГСОЛТ ХИЙНЭ
Коронавирусийн халдвар цаашид энэ хэвээр үргэлжилсээр байвал компаниуд цаашид одоо байгаа ажлын байраа хадгалж үлдэхэд хүндрэлтэй болж байгаа аж. Тиймээс цаашид ажилчдынхаа тоог бууруулахаар тооцоолж байна уу гэх асуултад судалгаанд оролцсон компаниудын 30 хувь байдал энэ хэвээрээ үргэлжилбэл цомхотгол хийнэ гэж хариулжээ. Халдварын нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилсээр байвал ойролцоогоор 1500 компани, аж ахуйн нэгжүүд нийт 8000 орчим ажилтнаа цомхотголд оруулах тооцоо байгаа аж. Энэ бол зөвхөн судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд хамааралтай тоо. Тэгэхээр цаашид судалгаанд хамрагдаагүй бусад салбаруудыг оруулбал цомхотголд орох ажилчдын тоо нэмэгдэх нь. Одоогоор хөнгөн үйлдвэрлэл, ялангуяа ноос ноолуурын салбарын 50 хувь нь ажлын байрандаа цомхотгол хийнэ гэсэн дүн гарсан байна.
Зочид буудлуудын үйл ажиллагаа зогсонги байна
Судалгаанаас харахад хамгийн их ажлын байр шингээдэг салбарууд хамгийн түрүүнд цомхотгол хийж байгаа нь ажиглагдсан байна. Тэр дундаа өрх толгойлсон иргэд, мөн төрөөс дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай нийгмийн эмзэг бүлгийнхэн илүү их цомхотголд өртөж буйгаа талаар ч хэлж байна. Тиймээс энэ тал дээр Засгийн газар анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага тулгарч буйг тэрбээр онцоллоо. Тэгэхээр хамгийн түрүүнд энэ хүнд цаг үеийг хэрхэн хор хөнөөл багатай туулж өнгөрүүлж болох талаар тооцоолоход, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ажлын байраа хандгалж үлдэх талаарх төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэйг хэлж байна. Тиймээс компаниудаас ажлын байраа хадгалахад шаардлагатай нэн хөнгөлөлттэй санхүүгийн эх үүсвэр буюу хөнгөлөлттэй зээл олгох хүсэлт тавьжээ. Учир нь улс орны эдийн засгийн салбарын хүндийг үүрдэг аж ахуйн нэгж, байгууллагууд өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдэлгүй хаягдаад байгааг О.Амартүвшин ерөнхийлөгч хэллээ.
Тухайлбал, коронавирусийн тархалттай холбоотойгоор хамгийн түрүүнд эрсдэлд орсон аялал жуулчлалын салбарт 640 зочид буудал, 410 жуулчны бааз, 300 тур оператор гэх мэт нийт 318 мянган ажлын байр байгаа аж. Гэтэл энэ салбар 2020 онд бүхэлдээ тэг зогсолт хийхээр байгаа аж. Өөрөөр хэлбэл гаднаас жуулчид ирэхгүй нь. Нийт 1.6 их наядын орлогыг улсын төсөвт, нийслэлийн төсөвт 470 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлдэг энэ салбарт анхаарал хандуулахгүй бол Монгол Улсын хэмжээнд сая орчим хүн ажил хөдөлмөр эрхэлдэг гэж үзвэл түүний 13 орчим хувьтай тэмцэх хэмжээний хүн ажилгүйдлийн эгнээнд шилжихийг анхаарууллаа.
БИЗНЕСИЙН ИТГЭЛИЙН ИНДЕКС БУУРЧЭЭ
Түүний дараагийн хөндсөн сэдэв бизнес эрхлэгчдийн итгэлийн индекстэй холбоотой байсан юм. 2012 оноос хойш манай улсын компаниудын итгэлийн индекс бага байсаар иржээ. Харин өнгөрсөн 2019 онд 2018 оны үзүүлэлтээр компаниудын итгэлийн индекс анх удаа эерэг гарсан байна. Энэ үзүүлэлтэд тулгуурлан дүгнэхэд манай улсын гадаад нөхцөл байдал сайжрах хүлээлттэй, макро эдийн засгийн байдал тогтворжихоор, идэвхтэй ажиллаж болохоор дүр зураг гарч байсан бол харамсалтай нь энэ оноос дээрх үзүүлэлтүүд буурч байгаа аж. Итгэл буурна гэдэг нь бизнес эрхлэгч хөрөнгө оруулалтаас эхлээд бүх зүйлээ танах, царцаахад хүргэдэг хор уршигтайг хэлсэн юм. Ихэнхдээ манай улсын бизнес эрхлэгчдийн хүлээлт бодит байдлаасаа өндөр байсаар иржээ. Энэ талаар "Хүлээлт өнгөрсөн онд 61 хувь байсан бол 2020 онд 31 хувь болж 50 орчим хувиар унаж байна. Тэгэхээр гүйцэтгэл, бодит байдал түүнээс дахиад доош унаж, 20 орчим хувь руу орох байх. Ялангуяа аялал жуулчлал, уул уурхай, боловсруулах үйлдвэр, барилгын салбарт илүү нөлөөлөхөөр харагдаж байна. Бид бизнесийн орчны үнэлгээг ДНБ, сонгуультай харьцуулж авч үзсэн.
Ер нь сонгуулийн жил бизнес эрхлэгчдийн хүлээлт дандаа унадаг. Эндээс төр засгийн шийдвэр тогтвортой байж, бизнес эрхлэгчдийн итгэлийг дэмжих чиглэлд төр хувийн хэвшил бодитой хамтарч ажиллах шаардлагатайг харж болно" гэлээ.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"