Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Эрх зүйч Д.Алтанхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та аль нутгийн хүн бэ? Өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач?
-Миний аав Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн Пүрэвийн Дашзэвэг гэж хүн байсан. Миний аав 1976-1980 онд Налайхын уурхайд ашиглалтын хоёрдугаар хэсэгт газрын гүнд нүүрс хүрздэж байсан уурхайчин хүн. Ээж маань Төв аймгийн Баян сумын харьяат Шийтэрийн Норжинханд гэж өндөр биерхүү хүн байсан, насаараа Налайхын дулааны станцад бичээчээр ажилласан. Ээж аав хоёр маань Налайхад гэр бүл болж, би 1977 онд Уурхайчдын хот Налайхад мэндэлсэн. 1985-1995 онд Налайхын 10 жилийг төгсөөд, МУИС-ын Хууль Зүйн Сургуульд элсч Эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Манайхныг Налайхынхан андахгүй ээ. Ээжийн хамгийн бага дүү Ш.Нямжав гэж хүн байсан. Монгол Улсын гавьяат тамирчин сүмоч Н.Цэвэгнямын аав шүү дээ. Аав маань эрт нас барсан учраас бид Нямжав ахын нөмөр нөөлөгт сурч хүмүүжсэн. Өөрөөр хэлбэл энэ хүний сургаалаар аж амьдралд хөл тавьсан гэж хэлж болно. Нямжав ах маань төр захиргааны байгууллага, банканд санхүүчээр олон жил ажилласан, Налайхдаа нэр хүндтэй хүн байсан.
Миний сурч байсан ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургууль өнөөдөр Н.Цэвэгнямын нэрэмжит Голомт цогцолбор сургууль болсон. Бас миний том эгч Налайхынхаа 10 жилийг төгссөн Долгор гэж эмэгтэй бий. Монгол бөхийн зодогны битүү энгэрийг задгай болгосон домгийн тухай “Хэлтгий заяа” гэж киноны гол дүрийг бүтээсэн.
-Улстөрч хүний хувьд өнөөгийн Монгол Улсын хөгжил дэвшил, иргэдийн амьдрлын талаар яриагаа эхлэх үү?
-Монгол Улсын хэмжээнд ялангуяа Улаанбаатар хот түүний алслагдсан дүүргүүдэд ажилгүйдэл их байна. Үүнээс улбаалаад ядуурал буурахгүй байх шиг байна даа. Хуульчийн нүдээр харахад ядуурлаас үүдсэн гэр бүл салалт, гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийлэл, архидалтаас үүдсэн гэмт хэрэг их гарч байна. Жишээлбэл Багануурт гэхэд л өрх тойлгойлсон 800 гаруй эмэгтэйчүүд амьдралын хүндийг үүрч байна. Ийм учраас төр засаг ажилгүйдлийг бууруулахын төлөө онцгой анхаарч ажиллах ёстой. Ажилтай хүн ядуурлаас гарна. Ядуурлаас салснаар иргэд боловсрох нөхцөл бүрдэж нийгмийн олон сөрөг асуудал шийдэгдэнэ гэж боддог.
-Багануур, Налайх, Багахангай гээд хотын алслагдсан дүүргүүдийн хөгжил дорвитой урагшлахгүй байгаа учир шалтгаан юунд байна вэ?
-2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар энэ гурван дүүргийг нийлүүлж хоёр мандаттай бие даасан 21-р тойрог болгосон. Ингэснээр алслагдсан гэгдэж буй гурван дүүргийн хөгжилд бодиттой анхаарлаа хандуулах эзэнтэй болно гэж найдаж байгаа. Өмнө нь хотын төвийн аль нэг дүүргийн хаяа хатавчинд сонгууль өгдөг байсан учраас тулгамдсан асуудлаа шийдүүлж чаддаггүй “Шоовдор” маягтай байсан гэж хэлж болно. Нэг ёсондоо эдгээр дүүргийн асуудлыг шийдэх УИХ-ын гишүүнгүй 30 жил болсон гэхэд хилсдэхгүй. Ийм байдал энэ гурван дүүргийн хөгжил дэвшилд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлж байсан гэж хардаг.
-Багануурт аюултай хог хаягдал булах, устгах асуудал яригдсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Засгийн газрын “нууц” тогтоол гарч Багануур дүүрэгт аюултай хог хаягдлыг булахаар болсон юм билээ. Ийм асуудал байж болохгүй хоёр том шалтгаан бий. Нэгдүгээрт, Багануур дүүрэг нүүрсний асар их нөөцтэй. Ард иргэд нь уурхайтай ойрхон амьдардаг. Нүүрс маш их цацраг идэвхтэй бодис ялгаруулдаг. Тэгэхээр энгийн үед цацрагийн нөлөө өндөр байдаг орчинд нэмээд аюултай хог хаягдал булна гэдэг боломжгүй асуудал. Тэр нутаг, орчинд амьдарч буй иргэд, оршин суугчдын эрүүл ахуй, хойч ирээдүйд асар их хортой. Хоёрдугаарт, Хэрлэн голын ай сав газар аюултай хог хаягдал булна гэдэг яагаад ч тооцоо судалгаатай, алсын хараатай шийдвэр гэж үзэхгүй. Засгийн газрыг энэ шийдвэрээ цуцлахыг шаардсан тэмцэл өрнөх магадлалтай байна. Миний хувьд энэ тэмцлийг дэмжинэ. Миний хүүхэд нас Багануур дүүрэгт морь унаж, мал хариулангаа тоглож наадаж өнгөрсөн. Зун болгон ирж зусдаг хүүхэд байлаа. Бас би чинь 2000 онд Багануурынхаа баяр наадамд зургаа давж үзүүрлэн аймгийн заан цол хүртсэн түүхтэй. Тэгэхээр Налайх миний төрсөн, Багануур өссөн нутаг минь юм.
-Та бүхэн Засгийн газарт эсэргүүцлээ илэрхийлж, шаардлага тавьсан уу?
-Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж байна. Одоогоор оршин суугч иргэдийн санал, гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Улс орны хэмжээнд хорио цээр тогтоосон байгаа учраас цахим сүлжээгээр иргэдийн нэгдлийг үүсгэж мэдээлэл өгч байна. Хорио цээр тавигдасны дараа асуудлыг өндөр хэмжээнд олныг хамарсан байдлаар гаргаж тавина.
-Налайхын уурхайг ашиглахтай холбоотой олон санал гардаг. Зарим нь уурхайг хаана гэдэг, нэг хэсэг нь ажилуулах нь зүйтэй гэдэг. Та ямар бодолтой байна вэ?
-Налайхын уурхайд нөөц байгаа бол хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хангасан технологиор ашиглах нь зүйтэй. Нөхөн сэргээлт хийх, аюулгүй ажиллах нөхцөлийг нь судлаад тухайн баялгийг иргэдэд ашиглуулах нь зүйтэй. Түүнээс биш ямар ч судалгаагүй, хөдөлмөр хамгаалалгүй нууцаар ажиллуулж байгаад осол гарахаар нь хаадаг туудаг байж таарахгүй. Төр тодорхой судалгаа хийгээд боломжтой гэж үзвэл стандартын дагуу ажиллуулах эсвэл боломжгүй нь тодорхой байвал уурхайг хаах асуудлыг нэг мөр шийдэх шаардлагатай. Тэгэхгүй бол ээж аавынхаа тэтгэврийн мөнгөөр амьдардаг, уурхайд найдсан ажилгүй залуучууд маш их байна.
-Багахангай дэд бүтэц сайтай. Гэвч хөгждөггүй гэж яригддаг учир шалтгааныг та юу гэж үзэж байна вэ?
-Багахангай төмөр зам, засмал зам, байршил гээд олон түшиц дэд бүтэцтэй боловч хөгжихгүй байгаа нь төрийн зүгээс авч хэрэгжүүлэх ёстой хөгжлийн бодлого дутаж байна гэсэн үг. Ядаж л хотын төвийн хүн амын нягтаршлыг бууруулахын тулд Багахангайд хүн амьдрах таатай нөхцөл бүрдүүлж, сургууль, цэцэрлэг хүрэлцээтэй байгуулах төдийгүй тав тухтай амьдрах орчин бүрдүүлэх хэрэгтэй. Ихэнх иргэд нь хотын төвийн дүүргүүд рүү ажил хайгаад явчихдаг, Багахангайд бүртгэлтэй боловч өөр газар очиж ажиллаж амьдарч байна. Мөн шатахуун үйлдвэрлэж байгаа компаниудыг дэмжээд өгвөл олон ажлын байр буй болж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх ач холбогдолтой харагддаг.
-Та бид хоёрын ярианд ажилгүйдэл гэдэг асуудал их яригдлаа, алслагдсан гурван дүүрэг бүгдээрээ АЖИЛГҮЙДЭЛ гэдэг ижил “асуудалтай” байх шиг байна. Ажилгүйдлыг шийдвэрлэх хамгийн оновчтой арга юу вэ?
-Багануур Налайх Багахангай дүүргүүдэд ажил хийх чадвартай залуучууд олон байгаа боловч боломжийн цалинтай ажлын байрууд нь хотын төвийн дүүргүүдэд байна. Үүний зэрэгцээ энэ гурван дүүргийн хажууханд Төв аймгийн хэд хэдэн сумууд нийлээд 100 мянга гаруй хүн энэ бүсэд амьдарч байна. Тиймээс хотын төв рүү хурдан хугацаанд эрсдэлгүй ирж очих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд “ШИНКАНСЭН ХУРДНЫ ГАЛТ ТЭРЭГ”-ний үйлчилгээг нэвтрүүлчихвэл мөн ч өөр болно доо. Өнөөдөр Японд цагт 600 км хурдалдаг галт тэрэг зохион бүтээсэн, үйлчилгээнд 380 км\цаг хурдтай галт тэрэг давхиж байна. Хэрэв ийм галт тэргийг Монголдоо нэвтрүүлчихвэл алслагдсан гэгдээд буй дүүргийн иргэд маань гэрээсээ Улаанбаатарын төв рүү хамгийн холынх нь 15-20 минут яваад хүрчих юм билээ. Ингэснээр энэ бүс нутгийн ажилгүйдэл шийдвэрлэгдэхээс гадна дагалдах олон бүтээн байгуулалтууд иргэдэд амьдралаа дээшлүүлэх боломж олгоно шүү дээ. Технологи болон барьж байгуулахад Япончууд хамжаад дэмжээд хийгээд өгье гэдгээ илэрхийлдэг. Алслагдмал байдал ажилгүйдэл хоёрыг зэрэг шийдвэрлэх түлхүүр нь ШИНКАНСЭН мөн үү?. Үүнийг Багануур Налайх Багахангай дүүргүүдийн иргэд юу гэж бодож байгаа бол?
-Дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлын улмаас УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулъя гэсэн яриа бас гарах боллоо. Та ямар байр суурьтай байна вэ?
-Улс оронд онцгой нөхцөл байдал үүссэн үед сонгуулийг хойшлуулж болно гэсэн хуулийн заалт бий. Гэхдээ хойшлуулах хугацаа заагаагүй. Монгол хүний эрүүл мэнд, үндэстний аюулгүй байдал нэн тэргүүнд чухал. Хоёрдугаарт эдийн засаг, монголчуудын орлогыг дордуулахгүй байх ёстой. УИХ-ын сонгуулийг хойшлуулах эсэх асуудлыг УИХ шийднэ. Гэхдээ өнөөдөр сонгууль хойшлуулах хэмжээний онцгой нөхцөл байдал үүсээгүй гэж харж байгаа.
-МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг сонгогчийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
-МАН 2016 онд сонгуульд ялахдаа амласан амлалт, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд ард түмэн дүнгээ тавих байх. МАН-ын удирдлагууд мөрийн хөтөлбөрөө 86 хувиар биелсэн гэж мэдэгдсэн. Арай л дэгсдүүлчих шиг болсон. 2016 оны МАН-ын амлалтаар бол бид өнөөдөр жигтэйхэн аз жаргалтай, өр ширгүй, шударга засаглалтай улс болно гэсэн. Гэтэл дөрвөн жилийн хугацаанд юу болоод өнгөрсөн нь тодорхой шүү дээ. Төрд өндөр албан тушаал авсан МАН-ын дарга, гишүүдийн амьдрал л сайжирсан болов уу. Харин ард түмний амьдрал сайжирч дээшилсэн үү?. Тэгснээ юу гэнэ вэ ирэх дөрвөн жилд хийнэ гэнэ үү. 2016 онд ард түмэн амьдралаа дээшлүүлэх гэж л үнэмлэхүй олонх болгосон биш үү. Заавал ирэх дөрвөн жилийг харах шаардлага байхгүй л баймаар юм. Эрх мэдэл, албан тушаал булаалдаж хоорондоо хэрэлдэж, ноцолдохын оронд одоо ч гэсэн эрх мэдэл нь байна шүү дээ УИХ дахь МАН-ын 65 гишүүний бараг 50 гишүүн нь ЖДҮДС-аас тэрбум тэрбумыг “дээрэмдчихсэн” явдал ард түмэнд ил болсон. Энэ нь явсаар байгаад өнөөдөр зээлийн хүүг бууруулах, ажилгүйдлийг арилгах, үйлдвэрлэлийг дэмжих хөгжлийн боломжуудыг үгүй хийчихжээ. Ингэчхээд дахиад ард түмнээс эрх мэдэл өгөөч одоо “нээрээ” хөгжүүлээд баяжуулаад өгье гэж яриад байгаад итгэх хүн гарах болов уу?. Улсаа тонон дээрэмдсэн МАН-ын гишүүдийг дахиад сонговол Монгол Улс ойрын үед сэргэхгүй ээ.
-МАН-ын үед ЖДҮ санг улстөрчид цөлмөсөөр байгаад энэ сан цаашид хэрэгтэй юу гэж ярих дээрээ тулаад ирчих шиг боллоо?
-Би У.Хүрэлсүхийн оронд байсан бол ЖДҮ сангийн зээл олгодог шалгуурыг энгийн дарамтгүй болгоод ямар нэгэн юм хийж бүтээхээр зорьсон Монгол хүн бүрт өгнө гээд зарлах байсан. Тэгж гэмээнэ жинхэнэ утгаараа ажилгүйдэл ядуурлыг давж гарна. Улс орон хөгжинө. Монгол хүн бүр өөрийн чаддаг зүйлээ бизнес болгож ашиг орлоготой амьдрах бололцоо бодитоор нөхцөлдөж, хүн бүр мэддэг чаддагаа хийж өөрөө өөртөө ажлын байр буй болгож татвар төлөгч болсноор нийгмийн олон асуудал аяндаа шийдэгдэнэ. Үүнийхээ хажуугаар иргэдийнхээ цахим бүртгэлийг ухаалагжуулж, зээлээ буруу зүйлд зарцуулсан бол дахиж зээл олгодоггүй хар жагсаалт гаргаж, хийж бүтээгээд зээлээ цагт нь төлөөд явж байвал илүү боломж олгоод зээлийг нэмэгдүүлээд явдаг болчихвол ч нэг их цэцэрхээд байлгүйгээр улсаа өөд нь татчихаж болно. Япон, Солонгос, Англи, Америк бүгд л иргэндээ гарааны бизнесийг нь дэмжих ЖДҮ өгч ямар нэгэн үйлдвэр үйлчилгээний эзэн болгож байна. Энэ нь цаагуураа цалингаараа чинээлэг амьдрахад хэцүү харин эзэн бол ашгаараа чинээлэг амьдарч болно гэдгийг ойлгосон төрийн ухаалаг бодлого. Тиймээс Монгол төрийн бодлого Монгол хүнийг зүс царай, үзэл бодол, нутаг ус, нам харгалзахгүйгээр ЭЗЭН болгох бодлого хэрэгжүүлж чадвал бид хөгжингүй баян улс болж чадна.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"