УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнгөрсөн баасан гарагт цаг үеийн асуудлаар (2020.04.03) мэдээлэл хийлээ. Тус зөвлөлөөс эдийн засгийн хүндрэлийг даван туулах талаар төлөвлөгөө гаргаж, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан байна. Уг тогтоолын төслөө өргөн барихаар УИХ-ын даргатай цаг товлосон ч хүлээж аваагүй байна. Энэ тогтоолын төсөлд коронавирусийн гамшгийн үед эдийн засгийн хүндрэлийг даван туулах таван багц 38 санал тусгажээ.
УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:
-Бидний тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээж авсангүй. Бид УИХ-ын чуулганд санал болгож оруулна. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал онц хүнд байхад эрх баригчид Ардчилсан намын саналыг хүлээж авахгүй татгалзана гэж байж болохгүй асуудал.
Эрх баригчид өөрсдийн санасан зоргоор асуудалд дураараа хандах хандлага шууд илэрч байна. Ерөнхий сайдын хийсэн мэдэгдлийн долоон зүйл, Сангийн сайдын хийсэн мэдээлэл хоорондоо зөрчилтэй байгаа. Коронавирусээс урьдчилан сэргийлэх урт хугацаанд эдийн засгийн эрсдэлээс хамгаалах цэгцтэй бодлого алга. Бид шаардлага тавих үүрэгтэй. Манай улсын эдийн засаг энэ онд 5-6 хувиар буурахаар байна. Экспортын орлого маш их хэмжээгээр тасарч эхэлсэн хэмээв.
ТОГТООЛЫН ТӨСЛИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
Нийт 5 багц 38 арга хэмжээ
Нэг. Монгол Улсын 2020 оны төсөвт тодотгол хийх
1.1. Төсвийн хийсвэр орлогыг нягтлах, гамшгийн үеийн үзүүлэлтүүдээр дахин шинэчлэн тооцоолж, төсвийг бодитой, алдагдалгүй болгох;
1.2. Бизнесийн зээл олголт, дахин санхүүжилт хийх боломжоор хангах зорилгоор улсын төсөвт хөрөнгө оруулалт хэлбэрээр тусгагдсан чухал шаардлагагүй хөрөнгө оруулалтыг тэвчиж, банкны системийн гурван хувьтай тэнцэх хэмжээний зээлийн шугамын эрхийг банкуудад нээж өгөх,
1.3. Төсвөөс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон нийгмийн даатгалын сангийн ажилгүйдлийн тэтгэмж олгох асуудлыг санхүүжүүлж Коронавирусийн гамшгаас үүдэлтэй ажилгүй болсон иргэдэд гамшгийн хор хөнөөл арилах хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван сараар тооцож нийт 1.260.000 төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмж авах хуулийн хугацаа дууссан өдрөөс эхэлж олгох,
1.4.Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд заасан дараах урсгал зардлыг бууруулах. Үүнд:
1.4.1.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зардал;
1.4.2.төрийн байгууллага, албан тушаалтны том оврын автомашин, утас, томилолт, баяр ёслол, хурал, уулзалт, зөвлөгөөн болон хангамжийн бусад зардал;
4 арга хэмжээ
Хоёр.Мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой уялдуулах
2.1.Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, зах зээлд гаргах зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, арилжааны банкны мөрддөг зарим журмуудыг хугацаатайгаар өөрчлөх,
2.2.Коронавирусийн гамшгаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд 2021-2022 онд төлөх Засгийн газрын гадаад, дотоод зээл, бондын төлбөрүүдийг дахин санхүүжүүлэх арга хэмжээ авах.
2.3 Арилжааны банкуудын зүгээс аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн бүтцийн өөрчлөлт хийх, зээлийн хуваарийг шинэчлэхэд Монголбанкнаас зохих бодлого чиглэл гаргах,
2.4. Төв банканд Засгийн газрын бондыг арилжаалж, тусгайлсан дэглэмээр шаардлагатай санхүүгийн зузаатгалыг арилжааны банкуудад хийж, зээлийн шаардлагыг бууруулах эрх олгох.
2.5. Бодит эдийн засаг, хувийн секторын чадавх, бизнесийн орчны орон зайг хамгаалах зорилгын хүрээнд Төв банк тэднийг санхүүгийн зуучлалын хямд, үр дүнтэй арга хэрэгслээр дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Банкуудаар дамжуулж, хямралд хамгийн их өртөж байгаа эдийн засгийн салбаруудыг дэмжих,
Таван арга хэмжээ
Гурав. Аж ахуйн нэгжээ дэмжих, ажлын байрыг хадгалах
3.1. Ажлын байрыг хэвээр хадгалсан аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банк болон Төрийн банкаар дамжуулан жилийн гурван хувийн хүүтэй санхүүжилт олгох;
3.2. Өмнөх хоёр жил татвар төлсөн дүнгийн дунджаар Засгийн газраас уул уурхайн бус Аж ахуй нэгжүүдэд зээлийн баталгаа гаргаж өгөх, Засгийн газрын баталгааг Батлан даалтын сангийн санхүүгийн эрсдэл даах чадвар, сангийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх замаар хэрэгжүүлж болох ба Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах,
3.3.Авлага үүссэн аж ахуй нэгж, байгууллагын авлагыг худалдан авах /факторинг хийх/, санхүүжилт олгох сан байгуулах, хеджингийн арга хэрэгслийг Монголбанкны дэмжлэгтэйгээр ашиглах;
3.4.Түрээсийн орон сууцны цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үүний хүрээнд уг хөтөлбөрт хамрагдсан барилгын компаниудын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, хүү, алдангийг бууруулахад чиглэсэн эх үүсвэрийг арилжааны банкуудад олгох;
3.5.Аж ахуйн нэгжүүдийг Нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс бүрэн чөлөөлөх;
3.6.Аж ахуй нэгжүүдийн татварын үүргийн зөрчилтэй холбогдуулан битүүмжилсэн дансыг нэн даруй нээх, мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулах, үүссэн татварын өр төлбөрийг төлөх хугацааг хямралаас гаргах, бизнесийг нөхөн сэргээх хугацаатай уялдуулан тогтоох;
3.7.Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарласан мэргэжлийн хяналтын байгууллага болон холбогдох бусад төрийн байгууллагын шийдвэрийг хуульчлан зохицуулж түдгэлзүүлэх;
3.8.Татварын өр үүсгэсэн аж ахуй нэгжүүдэд татварын алданги, хүү, торгууль ногдуулахыг хориглох;
3.9. Жижиг дунд үйлдвэрийн импортын түүхий эд, материалын гаалийн ба нэмэгдсэн өртгийн албан татварыг 2020 он дуустал тэглэх
3.10. Зарим нэр төрлийн чухал шаардлагатай эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд түргэвчилсэн байдлаар бүртгэх асуудлыг зохицуулах, гадаадаас импортоор авдаг шаардлагатай байгаа эм, хэрэгсэл, лабораторийн урвалж, тоног төхөөрөмжийн импортын гаалийн болон НӨАТ-аас тодорхой хугацаанд чөлөөлөх,
3.11. Хүнсний бөөний худалдаа эрхлэгч аж ахуй нэгж, иргэдэд хоёр жилийн хугацаатай бага хүүтэй эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг олгох
3.12. Газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татварыг тодорхой хугацаанд бууруулах, чөлөөлөх,
12 арга хэмжээ
Дөрөв. Иргэнээ дэмжих, ажилгүйдэл ядуурлаас хамгаалах
4.1.Ипотекийн зээл /хүү болон үндсэн төлбөр/-ийг 12 сарын хугацаанд царцааж, мөнхүү хугацаагаар зээлийн эргэн төлөлтийг сунгах;
4.2.Хөдөлмөр эрхлэгчдийн цалинг баталгаажуулах, ажлын байрны хөдөлгөөн, чөлөөлөлтийг хязгаарлах;
4.3.Нийгмийн даатгалын шимтгэл болон Хувь хүний орлогын албан татвар төлөх үүргээс бүрэн чөлөөлөх;
4.4.Дотоодын дээд сургуулийн бүх оюутны 2020-2021 оны сургалтын төлбөрийг чөлөөлж, холбогдох санхүүжилтийн механизмыг бий болгох;
4.5.Малчдын зээлийн хүү, төлбөрийг хойшлуулж, мал аж ахуйн бүтээгдэхүүнд зориулсан шинэ зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх;
4.6. Тариаланчдын зээлийн хүү, төлбөрийг хойшлуулж, газар тариалангийн бүтээгдэхүүнд зориулсан шинэ зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх,
4.7. Төрийн орон сууцны корпорацын Түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдаж түрээсийн байранд амьдарч байгаа иргэд, айл өрхийн түрээсийн төлбөрийг гурван сараар чөлөөлөх,
4.8. 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөг дээр 10 мянган төгрөг нэмж, зургаан сарын хугацаатай олгох.
Найман арга хэмжээ
Тав.Бусад
5.1.Коронавирустэй тэмцэх чиглэлийн хүрээнд гарсан төрийн байгууллага, албан тушаалтны аливаа шийдвэрийг тухайн байгууллагын албан ёсны цахим хуудсандаа тусгайлсан цонх үүсгэн байршуулж, олон нийтэд эргэлзээгүй, үнэн зөв мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлэх;
5.2.Төрийн байгууллагууд иргэдэд үзүүлдэг үйлчилгээ тус бүрийнхээ бүрдүүлэх материал, төлбөр хураамж, шийдвэрлэх /хариу өгөх/ хугацаа, шат дамжлага, материал хүлээн авахаас татгалзах буюу материалыг буцаах үндэслэл, үйлчилгээний цагийн хуваарь болон бусад нөхцөл, шаардлагын талаарх бүх төрлийн мэдээллийг цогц, системтэйгээр цахим хуудсандаа байршуулж, утсаар тухай бүр лавлагаа, мэдээлэл өгөх, зайнаас үзүүлж болох үйлчилгээг тодорхойлон үр дүнтэй, иргэдэд төвөггүй, хүртээмжтэй байхаар зохион байгуулж нэвтрүүлнэ.
5.3.Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг таслан зогсоох чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний зардлын төсвийг Засгийн газар тусгайлан төлөвлөж, Улсын Их Хурлаар батлуулах;
5.4.Коронавирусийн халдвар авсан буюу сэжигтэй нөхцөлд байгаа иргэдийг байрлуулсан эмчилгээний болон хамгаалалтын бүсэд үүрэг гүйцэтгэж буй эмч, эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн албан хаагчид, холбогдох бусад ажилтанд энгийн үед олгодог үндсэн цалинг нь гурван дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалин, хөлс, урамшуулал олгох
5.5.Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг таслан зогсоох чиглэлийн хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын онцгой нөхцөлд,тусгай дэглэмээр үүрэг гүйцэтгэж байгаа бусад төрийн албан хаагчдад энгийн үед олгодог үндсэн цалинг нь хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалин, хөлс, урамшуулал олгох;
5.6.Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн өдөр тутмын хэрэгцээг хангахад чиглэсэн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээний түр горим, стандартыг тогтоон, хэрэгжүүлэх;
5.7.Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг таслан зогсоох чиглэлийн бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, нийгмийн дэг журам, сахилга, хариуцлагын байдалд тавих хяналтыг сайжруулах, идэвхжүүлэх зорилгоор энэ төрлийн үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулах;
5.8.Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг таслан зогсоох чиглэлийн хүрээнд Засгийн газар Монгол Улсаас гадаад улсад суугаа элчин сайдын яам, дипомат төлөөлөлгчийн газрын чиг үүрэг, бүрэлдэхүүнд хугацаатай өөрчлөлт оруулж, тэдгээрээр дамжуулан гадаад улс оронд суугаа иргэддээ санхүү, эрүүл мэндийн болон шаардлагатай бусад туслалцаа, үйлчилгээг үзүүлэх;
5.9.Коронавирусийн халдвар авсан өвчтөнийг эмчлэх зорилгоор Засгийн газар Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон бусад улс орноос эмч, эмнэлгийн ажилтан урих, Монгол Улсад нэвтрүүлэх, тусгай үүргийн онгоцоор авч ирэх.
Есөн арга хэмжээ
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"