Сүүлийн таван жилийн хугацаанд мотоцикльтой холбоотой 1171 осол гарч, ослын улмаас 600 орчим хүн амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна. Гэхдээ энэ бол зөвхөн Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн тоо мэдээ. Мотоциклийн ослын улмаас хүнд, хөнгөн бэртэж хөдөлмөрийн чадвараа алдсан ч хуулийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдол олон байдаг аж. Тиймээс мотоциклийн хэрэглээ, аюулгүй байдлын талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Шинэбаатартай ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд мотоциклийн ослын улмаас амь насаа алдсан иргэдийн тоог харахад эмзэглэл төрж байна. Манай улсад хэчнээн тооны мотоцикль байдаг талаарх судалгаа байгаа эсэхээс ярилцлагаа эхлүүлье?
-Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн нийт тээврийн хэрэгслийн тоо 1047596 болж өссөн бөгөөд үүний 46951 нь буюу 4.4 хувь нь мотоцикль байгаагаас 5729 нь буюу 12.2 хувь нийслэлд, 41222 буюу 87.7 хувь нь орон нутагт бүртгэлтэй байна. Гаалийн байгууллагаас авсан мэдээллээр 2018 онд импортоор 38754 мотоцикль орж ирсэн бөгөөд үүний 12149 нь буюу 31.4 хувь нь тухайн жилдээ улсын бүртгэлд бүртгүүлж үлдсэн 68.6 хувь нь бүртгэлд хамрагдаагүй, мөн 2019 онд орж ирсэн 39354 мотоциклийн 15073 нь буюу 38.4 хувь нь тухайн жилдээ улсын бүртгэлд бүртгүүлж, 61.6 хувь нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй, улсын дугаарын тэмдэг аваагүй байна.
2018 онд мотоцикльтой холбоотой 552 осол бүртгэгдэж, ослын улмаас 116 хүн нас барж, 265 хүн гэмтсэн харамсалтай тоо бий. Нийт ослын 84.9 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд нас барсан хүний тоо өмнөх онтой нь харьцуулахад 2.1 дахин өссөн байна. Өнгөрсөн онд буюу 2019 онд улсын хэмжээнд мотоцикль унаж яваад осолдсон 489 хэрэг бүртгэгдсэн. Ослын улмаас 122 хүний амь нас хохирч, 273 хүн гэмтсэн байна. Амь насаа алдсан иргэдийн 80 орчим хувь нь онхолдох хэлбэрээр мөн тэдний дийлэнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, замгүй газраар буюу гуу, жалганд осолдож амь насаа алдсан байна. Энэ оны эхний нэгдүгээр улирлын байдлаар мотоцикльтой холбоотой осол хэргийн улмаас 19 хүн гэмтэж, 20 хүний амь нас хохирсон ба үүнээс насанд хүрээгүй хүүхэд мотоцикл жолоодож яваад онхолдож амь насаа алдсан хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал,Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Өмнөговь, Төв, Увс, Ховд аймагт тус бүр нэг, Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөл аймгуудад тус бүр хоёр, Дундговь, Өвөрхангай аймагт тус бүр гурван хүн гэмтсэн бол Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймагт тус бүр нэг, Дорноговь, Дундговь аймагт тус бүр хоёр, Өмнөговь аймагт гурав, Баянхонгор аймагт зургаан хүний амь нас хохирсон байна. Ослын улмаас амь нас нь хохирсон иргэд 29-49 насны ид хийж бүтээх насан дээрээ яваа залуу малчид байна. Түүнчлэн мотоциклийн ослын улмаас тархи, ууц нуруундаа гэмтэл авч гар хөлөө хугалж хүнд хөнгөн бэртсэнээ цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй тохиолдлууд бий. Мотоциклийн ослын улмаас залуу малчид маань хөдөлмөрийн чадваргүй болсон жишээ олон байдаг.
-Хөдөө орон нутгийн иргэд морио мотоциклиор солиод удлаа. Гэхдээ мотоциклийн аюулгүй ажиллагаан дээр алдаад байна уу. Осол гарах шалтгаан нөхцөл нь юу болоод байна?
-Орон нутгийн малчдын хэрэглээ болоод байгаа хятад мотоцикль бол асфальтан замд унахад тохиромжтой тээврийн хэрэгсэл юм. Гэтэл орон нутагт мотоциклийг хэн дуртай нь дүрэм журамгүй, батлагдаагүй замаар хамгаалах хэрэгсэлгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодох нь осол гарах шалтгаан болж байна. Мөн насанд хүрээгүй хүүхэддээ багаас нь мотоцикль жолоодохыг сургаж малдаа явахад нь байнга мотоциклиор явуулдаг нь хүүхэд зөвхөн унахаас өөр тухайн мотоциклийн техникийн бүрэн бүтэн байдал, саадыг хараад зогсоох арга хэмжээг хэрхэн авах гэх мэт наад захын мэдлэггүйгээс шалтгаан хүүхдүүд ихээр өртөж байна. Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хууль, журмын дагуу олгодог. Өөрөөр хэлбэл А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг зохих курст суралцаж дүрмийн шалгалтыг амжилттай өгсөн иргэнд олгодог.
Орон нутгийн замд мотоциклиор 60 км/цаг хурдтай явахыг зөвшөөрдөг. Үүнд зөвхөн батлагдсан замд техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан, жолоодох эрхийн үнэмлэхтэй, хамгаалах малгайтай зорчих тухай ойлголт хамаарна. Гэтэл батлагдаагүй шороон зам ганга жалга, бартаат замаар мотоцикльтой иргэд 60 км/цагаас илүү хурдтай явж, өөрсдийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулдаг. Тиймээс иргэд, малчид мотоциклийн хурдыг зөв тохируулж, хамгаалалтын малгай өмсч, зөвхөн урин дулааны улиралд унаж хэвших хэрэгтэй. Мөн бага насны хүүхдийг урдаа болон ардаа сундлан, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд битгий оролцоорой. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага хүн хүчний хувьд тэр болгон айл бүрт хүрч мотоциклийн осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллаж чадахгүй гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Судалгаанд мотоциклийн осол гарсан газрын 80 орчим хувь нь цагдаагийн байгууллагын хараа хяналтаас хол малын бэлчээр, батлагдаагүй зам ганга, жалга бартаа ихтэй газар гарсан байдаг.
Цагдаагийн алба хаагчдыг харахаараа хамгаалах малгайгаа өмсөөд хурд хэтрүүлэлгүй явчихад нүднээс нь далд хамгаалах малгайгүй, хурд хэтрүүлээд давхидаг байх нь цагдаагийн алба хаагчдыг биш өөрийгөө хуурч аюул осолд оруулж байгаа гэдгээ ухамсарламаар байна. Монголчууд морийг зайдан унадаггүй шиг мотоциклийг хамгаалалтын малгайгүй унаж болохгүй гэдгийг амьдралдаа хэвшил болгомоор байна. Мөн үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гэрэлтүүлэггүй мотоцикльтой зорчих хэсэг дээр зогсох, хөдөлгөөнд оролцож яваад тээврийн хэрэгсэлд мөргүүлж амиа нас, эрүүл мэндээрээ хохирсон олон тохиолдол бий.
-Аймгийн Засаг дарга нар нутаг дэвсгэрийн онцлогоос хамаарч 11 дүгээр сарын сарын 01-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 01ны хооронд мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон захирамж гаргадаг. Энэ захирамжийн биелэлт хангалтгүй байна уу?
-Иргэдэд өвлийн улиралд мотоциклийг хэрэглэж болохгүй гэдгийг анхааруулаад, аймгийн засаг дарга нар захирамж хүртэл гаргаж байхад л хэнэггүй зан гаргаж хориглосон үед ахуйн хэрэглээнд мотоцикль унасаар л байна. Мотоцикль бол дулааны улиралд зориулагдсан тээврийн хэрэгсэл. Мотоцикл нь бусад тээврийн хэрэгсэл шиг өвлийн дугуй гэж байхгүй, мөн бүхээггүй жолооч нь ил явдаг учраас хүйтний улиралд даарч, бээрэх гээд эрсдэл их. Гэтэл энэ шийдвэрийг зөрчин цагдаагийн хараа хяналтаас хол өвөлжөө, хаваржаандаа унахдаа хамгаалах малгайгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөлдүү зам болон батлагдаагүй газраар явахдаа хальтирч унаж амь нас нь эрсдэх тохиолдол байна.
Энэ оны эхний улирлын байдлаар Нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан хяналт шалгалтаар энэ оны нэгдүгээр улиралд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикль жолоодож хөдөлгөөнд оролцсон 278, мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхгүй замын хөдөлгөөнд оролцсон 41 зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулж ажилласан.
-Манай улсад оруулж ирж байгаа мотоцикльд тавих чанар, стандартын бодлого ямар байдаг юм бол. Иргэд аль болох үнэ хямдаар нь БНХАУ-аас орж ирж байгаа мотоциклийг сонгон хэрэглэдэг санагддаг?
-Манай улсад мотоциклийн стандарт гэж байхгүй өөр өөр хэлбэл импортоор орж ирсэн мотоциклийг иргэд худалдан авч байна.
Мотоцикль нь шатахуун бага зарцуулдаг, хол газрыг богино хугацаанд туулдаг, унахад хөнгөн, үнэ хямд, сэлбэг нь элбэг байдаг гэсэн "шалтгаан"-аар орон нутгийнхан сонгож, малчдын ахуй амьдралд эрэлттэй байдаг ч түүний цаана амь насаа алдах аюул дагуулж байна. Энэ талаар хаана хаанаа бодолцон стандартын, баталгаатай, чанартай техник хэрэглэх, ийм мотоциклийг хилээр нэвтрүүлж, стандарт бусыг нь хянах хориглох цаг хэдийнэ болсныг жил бүр гардаг осол аваар сануулсаар байна.
-Тэгэхээр БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль чанарын хувьд муу учраас осол аваар түлхүү гардаг гэж ойлгож болох уу?
-Хөдөө орон нутагт гаднаа мотоцикльгүй айл бараг алга. Ер нь Хятад Улсад үйлдвэрлэсэн чанар муутай гэхээсээ илүүтэйгээр мотоциклийг аюулгүй хэрэглэх дадал, зуршил, чадвар муу байгаатай осол аваарын тоо уялдаад байна гэдгийг иргэд ойлгоорой. Тухайлбал, хөдөө орон нутагт амьдардаг айлын өвөлжөө, зуслан, хашаан дотор 1-2 мотоциклийн эвдэрхий рам, дугуй хог болоод үлдсэн байдаг. Хятад мотоцикль бол асфальтан замд зориулагдсан унаа гэдгийг дахин онцолъё. Хятад Улсаас импортоор орж ирсэн мотоциклийн дийлэнх нь нэг жил хэрэглээд л ашиглах боломжгүй болдог. Дээрээс нь манайхан бүх юмыг монголчилдог зантай. Энэ бол техникийн үйлдвэрээс гарч байгаа чанар, аюулгүй байдал, үзүүлэлтэд шууд нөлөөлж аюулгүй байдалдаа санаатайгаар аюул учруулж байгаа явдал. Монголчилж зассан мотоцикль амь насанд тань эрсдэл учруулж байна. Тиймээс иргэд мотоциклийн хэрэглээнд амьдралынхаа сайн сайхны төлөө зөв дадал зуршилтай хандахгүй бол эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд хохироосоор л байна. Иймд хөдөө орон нутгийн иргэд ахуйн хэрэглээндээ мотоциклиос илүү морь унаж өөрийн эрүүл мэнд болон гэр бүлийнхээ элэг бүтэн байдлыг хамгаалахыг уриалж байна.
-Мотоцикльтой холбоотой дүрэм журам, хуулийг иргэд хангалттай сайн биелүүлдэггүй нь харагдаж байна. Зөрчил гаргасан иргэдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
-Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.А-д зааснаар механикжсан тээврийн хэрэгслийн ангилалд мотоциклийг “А” ангиллын тээврийн хэрэгсэл гэж тодорхойлдог. Мөн дүрмийн 3.1.А-д механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байх, ашиглаж буй тээврийн хэрэгсэл нь улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн дугаартай замын хөдөлгөөнд оролцох эрх зүйн зохицуулалттай байдаг. Гэвч дээр дурдсанчилан мотоцикль жолоодож байгаа иргэд нь жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэхгүй, хамгаалах малгай өмсөхгүй, жолоочийн албан журмын даатгалд даатгуулахгүй, мөн улсын бүртгэлд бүртгүүлж улсын бүртгэлийн дугаар аваагүй, техникийн хувьд бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцож амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал буурахгүй байна. Хамгаалалтын малгай өмсөөгүй замын хөдөлгөөнд оролцсон бол Зөрчлийн тухай хуулиар 10 мянган төгрөгөөр торгодог. Мөн бичиг баримтын зөрчилтэй “А” ангиллын үнэмлэхгүй иргэд замын хөдөлгөөнд оролцох нь элбэг. Энэ тохиолдолд мөн Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна. Харин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь нэг жилийн хугацаанд хасч 400 мянган төгрөгөөр торгодог.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"