Нийслэлийн БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор ипотекийн зээлийн даатгалын гэрээ хэрэгжихгүй байгаа талаар хэвлэлийн хурал хийсэн. Тус дүүргийн иргэн Ц.Билгүүний ээж нь “Мандал даатгал” ХК-д ипотекийн зээлийн эрсдэлээ даатгуулсан аж. Тус гэрээгээр зээлдэгч нас барсан тохиолдолд ипотекийн зээлийн өрийн үлдэгдлийг “Мандал даатгал” ХК төлөх үүрэг хүлээжээ. Тус компани дээрх үүргээ биелүүлэхээс татгалзсан учраас иргэний шүүхийн хоёр шатны шийдвэрээр даатгуулагчийн нэхэмжлэлийг хангасан шийдвэр гарсан. Энэ талаар Г.Хонгортой ярилцлаа.
-Ипотекийн зээлийн даатгалын гэрээ хэрэгжихгүй байгаа тухай та мэдээлэл хийсэн нь ямар учиртай юм бэ?
-Төрөөс иргэдийг орон сууцаар хангах зорилгын хүрээнд ипотекийн зээлийг олгож эхэлсэн. 2019 оны эцэст энэ зээлд 96 мянган иргэд хамрагдсан байна. Энэ зээл нь жилийн найман хувийн хүүтэй.
- Маргаан юунаас болж үүсэв?
-Арилжааны банкууд энэ зээлийг олгохдоо аль нэг даатгалын компаниар зээлийн даатгал заавал хийлгэх шаардлага тавьдаг.
-Юуг даатгах ёстой вэ?
-Банкууд зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд болон барьцаат хөрөнгийг даатгуулсан байхыг шаарддаг. Ипотекийн зээл урт хугацаатай. Зээлдэгч нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг эрсдэл үүснэ. Энэ тохиолдолд даатгалын компани зээлийн эрсдэлийг хариуцахаар гэрээ байгуулдаг. Энэ гэрээ зөрчигдсөн талаар манай дүүргийн иргэн надад хандсан юм. Би дүүргийн иргэдийн хуралд төлөөлөгч сонгуультай. Надад хандсан иргэний ээж нь 2016 онд ипотекийн зээл авсан юм байна. Тэр иргэн Голомт банкнаас найман хувийн хүүтэй ипотекийн зээл авсан. Цахилгаан станцад ажилладаг байсан хүн зээлээ хоёр жилийн турш хэвийн төлсөн. Гэтэл зээл авснаас хоёр жилийн дараа ажил дээрээ гэнэт нас барсан байна. Цус харваад эмчилгээнд орсон ч, нас барсан. Өрх толгойлсон эмэгтэй. Одоо маргаан үүсгээд байгаа иргэн бол түүний хүү.
-Маргаан үүссэн шалтгаан нь юу вэ?
-Хүү нь ажилгүй, ээж нь нас барсан. Банк зээлээ төлөхийг шаардаж эхэлсэн байгаа юм. Ингээд Мандал даатгал дээр очтол үлдэгдэл зээлийг төлөхөөс татгалзсан байгаа юм.
-Даатгалын компани тодорхой хариу хэлсэн үү?
-“Танай ээж ердийн өвчний улмаас нас барсан” гэсэн тайлбар хэлсэн байдаг. Гэтэл гэрээндээ бол “нас барах” л гэсэн заалт байгаа юм. Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмаар “амь нас, эрүүл мэндийн даатгал” гээд тодорхой заагаад өгчихсөн байгаа. Гэрээгээр амь насаа алдсан алдсан тохиолдолд зээлийн үлдэгдлийг даатгагч компани хариуцах үүрэгтэй. Гэрээнийхээ энэ үүргийг л “Мандал даатгал” ХК биелүүлэхээс татгалзсан байна.
-Монголд 20 шахам даатгалын компани байхад заавал “Мандал”-д даатгуулсан нь ямар учиртай юм бол?
-Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын тухай журамд иргэн хүн даатгуулах компаниа өөрөө сонгох эрхтэйг хуульчилсан. Гэхдээ Голомт банк зээлийн даатгалын зуучлалын эрхийг авсан байдаг юм байна. Арилжааны банк зээл олгохдоо иргэдэд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын компаниудыг танилцуулаад сонголт хийлгэх ёстой. Гэтэл зээл олгохдоо “Мандал” компанид л даатгуулах боломж олгосон байна. Энэ нь өөрөө хууль бус үйл ажиллагаа.
-Яагаад?
-Иргэний даатгалын байгууллагаа сонгох эрхэнд халдаж байгаа юм. Даатгалын компаниудын шударга өрсөлдөөнийг хааж байна. Нэг компанид давуу байдал олгож байгаа юм. Мөн зарим банкууд ипотекийн зээл олгохдоо зээлдэгч барилгын компаниудынхаа орон сууцыг авах санал гаргадаг. Энэ нь бас хууль бус юм. Тэр орон сууцнууд нь үнэхээрийн шаардлага хангасан иргэдийн хүсэмжит орон сууц гэдэг нь эргэлзээтэй. Энэ бол бизнесийн ёс зүйг зөрчиж байгаа хэрэг. Олон улсын санхүүгийн байгууллагууд хэрэглэгчийн санхүүгийн эрхийг хамгаалах бодлого явуулахыг байнга шаарддаг. Саяхан энэ талаар хуульд ганц өгүүлбэр л орсон. Хуульчлагдаагүй асуудлууд олон болохоор санхүүгийн байгууллагууд иргэдийг хохироогоод байгаа юм.
-Дээрх иргэний асуудал дээр Санхүүгийн зохицуулах хороо ямар байр суурьтай байгаа вэ?
-“Мандал” даатгалыг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан.
-Хуулийн цоорхой ашиглах нь бүү хэл хоёр шатны шүүхийн шийдвэрийг “Мандал” даатгал биелүүлэхгүй байна гэж ойлгож болох уу?
-Болно. Гэхдээ энэ асуудлыг зохицуулагч байгууллын үлбэгэр үйл ажиллагаанаас бас хамаарч байгаа юм. Санхүүгийн зохицуулах хороо хууль тогтоомжийн хүрээнд эрх мэдлээ хэрэгжүүлэхгүй байна.
-Яагаад?
- Хуулиар Санхүүгийн зохицуулах хороо шүүх хүргэлгүйгээр асуудлыг шийдэх боломжтой. Гэрээгээ биелүүлэхгүй байгаа компанийн тусгай зөвшөөрлийг хураах эрх бий. Орлогыг нь түдгэлзүүлсэн ч болно.
-Яагаад Санхүүгийн зохицуулах хороо үүргээ биелүүлэхгүй байна?
-Сэтгэл гаргахгүй байгаа юм. Мэргэжлийн байгууллагууд эрсдэлийг урьдчилан хардаг байх ёстой. Түүнээс гал гарсан хойно нь унтраах биш. Гал гарахаас урьдчилан сэргийлэх бэлэн жортой байх ёстой. Үүнд мэргэжлийн ур чадвар шаардагдана. Өнөөдөр ипотекийн зээлийн даатгалын журмыг батлахдаа эрсдэлийг тооцоогүй. Зүгээр л мөлгөр журам баталчихсан. Энэ журманд даатгагч компани гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөлд дараа нь яахыг нь орхигдуулсан.
-Та Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын бодлогын зөвлөлийн гишүүн.
-Энэ бол орон тооны бус зөвлөл. Би гишүүн болоод нэг сар л болж байна. Зөвлөмж гаргах л эрхтэй. Зөвлөмжийг хороо хүлээж авах эсэх нь сайн дурын хэрэг.
-Та даатгалын мэргэжилтэн, өнөөгийн даатгалын компаниудыг хэрхэн харж байна?
-Даатгалын компаниуд даатгал нэрээр мөнгө хурааж, бизнес хийдэг байгууллага болсон. Зүй нь энэ байгууллагууд даатгуулагчдынхаа эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа явуулах үүрэгтэй.
-Яаж?
-700 мянгаад тээврийн хэрэгслийн даатгалыг хариуцаж байгаа бол авто замын аюулгүй байдлыг хангахаас эхлээд хүний эрүүл мэнд, амь насны эсрэг аюултай орчинг арилгах ёстой. Даатгалын хариуцлага гэж үүнийг л хэлдэг. Би ийм юм ярьдаг учраас намайг Даатгалын бодлогын зөвлөлд уриад, ажиллахыг зөвшөөрсөн юм. Энэ зөвлөл цалин, хангамж ямар ч юм байхгүй.
-Ипотектой холбоотой ил гарч байгаа маргаан нь өнөөдөр тань дээр ирсэн залуу. Шүүхдэх ч боломжгүй олон иргэд байгаа байх.
-Энэ маргаан зөвхөн Монголд байдаг юм биш. Бусад улс орнуудад байнга гардаг, гарсаар ирсэн асуудал. Гэхдээ шүүхээр явдаггүй юм байна. Арбитрын шүүхээр ордог тогтолцоотой. Арбитр нь нэг л удаа шийдвэр гаргана. Тэр нь эцсийн шийдвэр болно.
-Арбитр юуг үндэслэж шийдвэр гаргах вэ?
-Байгуулсан гэрээний нөхцөлийг хянаж хараад л болно. Цагаан дээр хараар бичиж байгуулсан гэрээг шүүх рүү явуулах нь ямар ч утгагүй. Ихэнхдээ зээлдэгч, даатгуулагчийн талд шийдвэр гарна. Даатгалын компанийн боловсруулсан гэрээний улмаас даатгуулагч хохирч болохгүй гэдэг зарчмыг хатуу баримталдаг. Энэ тохиолдолд даатгалын компаниуд хариуцлагатай болдог.
-Танд хандсан залуугийн байрыг хураах тухай яриа гарсан байна.
-Эрхбиш хууль эрхзүйт оронд амьдарч байгаа болохоор шууд хураагаад авахгүй. “Голомт” банк тийм хууль зөрчсөн үйлдэл хийхгүй байх гэж бодож байна. Хийвэл хуулийн хариуцлага хүлээнэ. Гэхдээ хуулийн хариуцлага гэхээсээ илүү бизнесийн ёс зүй гэдэг том хариуцлага байдаг. Аливаа компанийн хамгийн том капитал бол нэр хүнд, ёс зүй байдаг. Хэрэглэгчдийн өмнө итгэл алдах, ёс зүйгүй аашлах нь тухайн компанийн ирээдүйг шийднэ. Тийм учраас дээрх компаниудыг нэг их ёс зүйгээ умартаад иргэнийг дээрэлхээд эхэлнэ гэж бодохгүй байгаа.
-Ийм асуудалтай холбогдсон цаг, хөрөнгө багатай иргэд хэнд хандах ёстой вэ?
-Эхний ээлжинд УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандаж болно. Мөн Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө байгуудагуудад хандах хэрэгтэй. Гэхдээ энэ асуудлыг шийдэхэд мэргэжлийн ур чадвар, шийдэх эрмэлзлэл байх хэрэгтэй. Ийм эрсдэл гарахад Санхүүгийн зохицуулах хороо бэлтгэлтэй байх ёстой. Өнөөдөр ч журмаа гаргахад оройтоогүй. Ер нь санхүүгийн зах зээл зохицуулалт боловсронгуй бус байгаагийн гай л даа. Мэргэжлийн хүний нүдээр харвал санхүүгийн зах зээлд маш их боломж бий. Харамсалтай нь зохицуулалтгүйгээс зээлийн хүү маш өндөр байгаа.
-Тэр тухайгаа ярьж болох уу?
-Нэлээн хэмжээний судалгаа хийж байгаа. Дуусаагүй.
-Дээрх иргэний хэрэг хэрхэн шийдэгдэх бол?
-Хуулиар “Мандал” даатгал гэрээнийхээ үүргийг биелүүлэх ёстой. Гэрээ байгуулсан л бол ямар ч компани гэрээнийхээ үүргийг биелүүлэх ёстой.
эх сурвалж :" Ардчилал таймс сонин"