“Солонгосоос авчирсан эмэгтэй хүний пальтогоо зарахаар өдөр бүр Нарантуул захыг зорьдог ч зарахаасаа зарагдахгүй өдрүүд олон байлаа. Солонгос явахын тулд би хүнээс 7000 ам.доллар зээлсэн. Гэвч ийм байдалтай нэг жил орчим амьдарч, нэг мэдэхнээ пальтогоо нөмөрч унтдаг, ерөөс амьдрал, пальто хоёр салшгүй холбоотой болж орхилоо” хэмээн одоогоос 20 гаруй жилийн тэртээх амьдралаа “Ланд Бридж” компанийн захирал Д.Энхтүвшин хөгжилтэй нь аргагүй дурсан ярилаа. Тэр бол картын барааны үеэс “Аж үйлдвэрийн 4.0 хувьсгал”, социализмаас ардчилсан нийгэм хүртэл хөлөө олохоор тэмцэж буй монголчуудын нэг. Ардчилсан Үндсэн хууль баталж асан 1992 онд тэрбээр Арвайхээрт дунд сургуулиа төгсч, зах зээлийн шуурганд хөл алдалгүй явсан нэгэн. Их сургуульд элсч чадаагүй тул худалдааны техникум, дэлгүүрийн худалдагч, ганзагын наймаа, Нарантуул зах, Солонгост хар ажил эрхэлсэн гээд түүний амьдралд байр сууриа олж авах гэсэн тэмцэл Монголын нялх ардчиллын он жилүүдэд өрнөж байлаа.
Одоогоос 20-иод жилийн өмнө Солонгос улсаас ирээд англи хэлс сурсныхаа ачаар “Туушин” компанид гадаад худалдааны ажилтнаар ажиллаж эхэлсэн нь Д.Энхтүвшинг ложистикийн салбартай холбосон түүхтэй.Тэр 1998-2008 онд эл салбарт туслах мэргэжилтнээс мэргэжилтэн, импортын, борлуулалтын хэлтсийн дарга болон дэд захирал гээд ажлыг багаас нь эхэлж, бодлогын түвшинд хүрч ажиллажээ. Улмаар 2008 онд найзтайгаа хамтран “Ланд Бридж” ХХК-ийг байгуулж, өдгөө 100 гаруй хүнийг ажлын байраар хангаж, үндэсний хэмжээний компани болтлоо өргөжжээ.
Д.Энхтүвшин бол ардчилсан нийгэмд шилжсэн өнгөрсөн 30 жилд өөрийн хувь заяагаа өөрөө сонгох боломжийг жинхэнэ утгаар нь ашиглаж чадсан гайхалтай хүмүүсийн төлөөлөл. Тэр өөрийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, оюуны хүчээр нийгэмд, амьдралд баялаг бүтээж буй нэгэн билээ. Гэхдээ түүн шиг оргүй хоосноос энэ бүхнийг бий болгосон хүмүүс энэ нийгэмд тийм ч олон байхгүй. Өнөөдөр буй амьдралдаа сэтгэл хангалуун, орлого нь амьдралд хүрэлцэхүйц тийм гайхамшигтай ард түмэнтэй улс бүрдчихээгүй л байна. Хэдийгээр бид ардчилсан хувьсгал өрнөсний дараа нэг гараанаас гарсан ч гэлээ эдийн засгийн эрх чөлөө гэдэг зүйлээс “уяатай” хөгжиж, бусад хөгжингүй орны хөгжил дэвшилд тэмүүлж байгаа нь үнэн. Тиймээс л ардчиллын үнэ цэн, цаашдын хөгжлийн гарц, шийдлийн тухай ярина гэвэл эдийн засгийн эрх чөлөөний асуудлыг хөндөхөөс өөр аргагүй болж байгаа юм.
Ардчиллаар олж авсан бидний хамгийн суурь эрх чөлөө бол эдийн засгийн эрх чөлөө. Энэ эрх чөлөөгүйгээр боловсрол, эрүүл мэнд, шүүх засаглал гээд ерөөс бүх салбарын талаар яриад ч хэрэггүй. Өнөөдөр эдийн засгийн эрх чөлөө бидэнд үгүйсэн бол хөрөнгө оруулалт гэдэг үгийг хэн ч мэдэхгүй, бизнесийн салбар, цаашлаад Монгол Улсын олон тулгуурт хөгжлийн зам харгуй хаагдмал байх байлаа. Уншигч Танд ч зориулан би үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ ийн эдлээд суух боломж үгүй байх байлаа.
Тэгш бус байдал итгэл үнэмшлийн дайсан
Уг нь бид 1992 онд Үндсэн хуулиараа иргэн бүрт тэгш шударга нийгэм цогцлоох эрх олгож, энэ замналд эргэлт буцалтгүй орсон гэж итгэж байлаа. Харин 30 жилийн хугацаанд үүссэн өнөөгийн нийгмийг дүгнэн харахад тэрхүү итгэл, нийгмийн баялгаас тэгш шударга хүртэх боломжоо бид авлигад булаалгасан дүр зурагтай сууж байх юм. Тиймээс ч 1990 оноос хойш эдийн засаг хэдэн зуу дахин тэлсэн ч бараг гурван хүн тутмын нэг нь амьжиргааны доод түвшинд, дундаж давхарга нь эмзэг хэвээрээ байгаа биз. Нийт хадгаламжийн 90 гаруй хувийг хадгаламж эзэмшигчдийн нэг ч хүрэхгүй хувь эзэмшиж байгааг олон жил ярьсан. Гэсэн ч үүнийг шийдээгүй, ахиц дэвшил гаргаж чадахгүй байгаа нь өнөөх л авлигатай салшгүй холбоотой. Авлигын гэмт хэрэг нь эдийн засгийн харилцааг гажуудуулж, цусны эргэлтийг өөрчлөх замаар ядуурлыг улам гааруулдаг. Тиймээс цар хүрээний хувьд авлига ба ядуурлын хамаарал асар өргөн бас асар хортой. Хэрэв Үндсэн хуулиар олж авсан өмчлөх эрх, эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэх, хамгаалах, баталгаажуулахыг хүсвэл авлигыг нухчин дарахаас өөр ямар ч арга, сонголт үгүй.
Технологийн хувьсгал ардчиллын “найз”
Хоёр жил гаруйн өмнө Ikon.mn сайт УИХ-ын 48 гишүүн ЖДҮ-ийн сангаас давуу байдлаа ашиглан зээл авсан талаар дэлгэж тавьсан. Энэ бол эрх баригчид баялаг бүтээгчид, иргэдийн боломжийг яаж хумсалдгийг илчилсэн үйл явдал байлаа. Харин үүнийг техник технологийн тусламжтай хийсэн юм. УБЕГ-ын хуулийн этгээдийн мэдээллийн санг нээлттэй болгосноор 200 гаруй мэдээлэлд дүн шинжилгээ хийж, ЖДҮ-чид гэх зүсээ хувилгасан авлигачдын үнэн төрхийг олон нийт мэдсэн. Энэ бол техник технологи ардчиллын ил тод, хяналттай байх зарчмыг дэмжиж буй нэг жишээ. “Аж үйлдвэрийн 4.0” хувьсгал, их өгөгдөл, блокчейн технологи зэрэг нь иргэдийн мэдээлэл авах эрхийг улам бүр хангах маш том боломж. Ийн мэдээлэл ил тод болсноор иргэд, нийгмийн эд эсүүд зөв мэдээлэлд үндэслэн зөв шийдвэр гаргана. Ингэснээр техник технологийн хөгжил нь нийгэм, эдийн засгийн амьдралыг зөв тийш залах юм. Цахим шилжилт нь ардчилалд тулгарч буй гол сорилт болох тэгш бус байдал, авлига зэргийг шийдэхэд чухал нөлөө үзүүлэх арга хэрэгсэл. Үүнийг дэмжихийн тулд Шилэн дансны хууль хэрэгжүүлж эхэлсэн ч өдгөө төрийн зарим байгууллага 2016 оноос хойш мэдээллээ шинэчлээгүй тохиолдол их байна. Харин илүү том зургаар нь харвал ардчиллыг зөвхөн техник технологи бус боловсролын салбараар дамжуулан шинэчлэх ёстой.
“Араг яс”-аа босгоё
Эдийн засагчдын үздэгээр эрүүл мэнд, боловсрол бол аливаа нийгмийн “араг яс”. Ийм тулгуур сайтай улс орон өрсөлдөх чадвар сайтай байна. Тухайн иргэний оюуны, авьяас чадвар, бие бялдар, зүрх сэтгэлийн байж болох бүхий л потенциалыг бий болгох тогтолцоог боловсролоор дамжуулж нийгэмд түгээх ёстой. Дэлхийн өрсөлдөх чадвар сайтай улс орнууд болох Израиль, Швед, Япон, Их Британи гээд бүгд л нийгмийн “араг яс”-даа асар их хөрөнгө оруулалт хийж, цаг хугацаа зарцуулдаг. Бид ч гэсэн одооноос байгалийн баялгаас орж ирсэн орлогыг эдгээр салбартаа хуваарилж, багш, эмч нарын цалин хангамжийг сайжруулах замаар өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлж, чанаргүй боловсролын чөтгөрийн тойргоос гарах хэрэгтэй. Түүнээс биш цалин багатай, чанар муутай багш нарын бэлтгэсэн боловсон хүчин дипломтой ажилгүйчүүд, ажил хийж мэддэггүй армийг тэлэхээс цаашгүйг өнгөрсөн 30 жилд харлаа.
Хүний амьдралаар тооцвол тэртээ 30 жилийн өмнө нярай байсан ардчилал өдгөө эрийн цээнд хүрчээ. Гэхдээ дэлхийн жишигтэй харьцуулбал нялх хэвээрээ л байна. Бидэнд шийдэх асуудал, тулгарах саад бэрхшээл мундахгүй олон. Ардчилал бол хүн хувь заяагаа өөрөө сонгох, бүтээх том боломж. Дэлхий дээр тийм ч олон хүн ийм боломж эдлээд байдаггүй. Харин бидний цөөхөн хэдэн монголчуудад ийм боломж тэртээ 1992 онд ирсэн билээ.
...Нийтлэлийн эхэнд дурдсан Д.Энхтүвшин бол энэ боломжоо эдэлж чадсан төлөөллийн нэг. Түүнээс манай улсад авто замаас бусад төрлийн тээврийн хөгжил та бүхний үйл ажиллагаанд хэр зэрэг саад болдгийг асуухад “Нэгэнт би төмөр зам барих зэрэг том том ажлууд хийж чадахгүй тул түүнд санаа зовоод, төр засгаас ямар нэг зүйл нэхээд суух хэрэггүй. Оронд нь, өөрт байгаа нөөц бололцоогоо ашиглан чадах зүйлээ хийх нь илүү дээр гэж үздэг” гэсэн юм. “Зөвлөлт маягийн шарталт”-аа тайлж, хувь тавиландаа эзэн суусан олон олон Д.Энхтүвшинтэй болж, хүн бүрт эдийн засгийн эрх чөлөөг нь олгож, хийж бүтээх хүслээр цэнэглэхийн тулд Төв Азийн өндөрлөгт нахиалсан ардчиллын үрээ бид байнга усалж, зүг чиг болж дүрэлзсэн ардчиллын галаа бөхөөх учиргүй. Эс бөгөөс төлөвшиж амжаагүй ардчилал маань дэлхий дахинд сэвэлзэж буй нэг хүний засаглалын салхинд хийсчихэж мэдэх эмзэг байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм.
Орчин үед аливаа улс орны өрсөлдөх чадварыг газар зүйн байрлал, далайд гарцтай, гарцгүй гэж ярихаас илүү засаглалын оновчтой байдал, баялгийн дахин хуваарилалт, техник технологийн шийдлийг хэр зэрэг хурдан нэвтрүүлж, ашиглаж буйгаар хэмждэг болсон. Бид байгалийн баялгаа тойроод хэрэлддэг биш, техник технологийн хөгжлөөс айж хоцордог биш, Ерөнхийлөгчийн засаглал сонгох уу, парламентын засаглалтайгаа үлдэх үү гэж эргэлзэж суух ямар ч хэрэггүй юм. Энэ бүхэн 3.2 сая монголчуудын сул тал бус харин ардчиллаа улам төгс болгох давуу тал байх ёстой.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"