Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Алтангэрэл: Мэдээллийн технологийн хөгжил илүү их боломжийг хүмүүст авчирч байна

АН-ын Шинжлэх ухаан, технологи, мэдээлэл, харилцааны бодлогын зөвлөлийн дарга Д.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Гучин жилийн өмнө та юу хийж байв?
-Би Дорноговьд төрсөн. Орос сургууль төгссөн. 1990 онд аравдугаар ангиа төгсч байлаа.
-Яг шилжилтийн эхэн үед төгсчээ. Шилжилтийн үеийнхэн хоёр нийгмийг үзсэн хүмүүс. Социалист нийгэм гэж юу байсныг мэдрэх боломж энэ үеийнхэнд олдсон?
-Тэр үед Гадаад хэлний дээд сургуулийг Орос хэлний дээд сургууль гэдэг байсан. 1990 онд гадаад улсуудын талаар мэдлэг багатай байсан даа. Шалгалтандаа унаж байлаа. Гадаадад байгаль орчин асар их бохирдсон байна. Монгол гайгүй байна гэж бичсэн санагдана. Гэтэл орос хэлний багш намайг загнаж билээ. Тэр үед оросын сувгийг орбит гэдэг байсан. Орбит үзнэ, Монгол суваг, “Үнэн” сониноос л мэдээлэл авдаг байсан үе шүү дээ. “Правда” сонин хааяа уншина. Тэгж л бичдэг байсан. Гадаадад хамгийн их бохирдолтой байна гээд.
-Гадаадад гэдэг нь капиталист оронд гэсэн үг үү?
-Яг тийм. Гадаадад утаатай, нугас шувуунууд нь үхээд байна гэх мэт мэдээлэл авдаг байж. Тэр сэтгэхүйгээрээ л би бичиж байгаа юм чинь. Гэтэл утгын алдаа хийлээ гэж загнуулж байлаа. Үг үсгийн алдаа байгаагүй. Тэр үед таван оноогоор үнэлдэг байхад би гурав авч байсан. Тэгээд Орос хэлний дээдэд тэнцээгүй.
-Социализмын үеийн үзэл суртлын зах зухаас мэдэрчээ?
-Бидний үздэг юм монгол телевиз, орой 18 цагаас 22 цаг хүртэл гардаг байсан. Орбитоор юу гарна. Түүгээр л хорвоо ертөнцийг хардаг байлаа шүү дээ.
-Телевизийн мэдээгээр хааяа хөрөнгөтөн орны амьдралыг цухас харуулдаг байсан санагдаж байна. Капиталист оронд амьдрал их хэцүү байдаг юм байна гэсэн ойлголттой байж дээ?
-Нэг онигоо байдаг шүү дээ. Онигоо ч гэж бараг болсон явдал. Нэг хөгшин харуудыг өрөвдөөд, эднийг яагаад хайрлахгүй алаад хядаад байгаа юм бэ гэж ярьж байсан чинь яг нэг хар арьстантай нүүр тулсан чинь “Ий, ийм амьтныг чинь алахгүй гээд яах юм бэ” гэсэн гэдэг. Бид тийм л сэтгэхүйтэй нийгэмд амьдарч байсан. Хэдийгээр орос сургуульд сурсан ч цэцэрлэгт байхад “Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач, социалист өмчийн эс ширхэг бүрийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж... гэдэг Ю.Цэдэнбалын үгийг цээжилж байж хоёр “Алтаншагай” чихэр авдаг байлаа. Хүүхэд насны дурсамж гоё. Гэхдээ бас л хаагдмал үе байсныг сүүлд ойлгосон.
-Та ямар мэргэжил сонгосон бэ?
-Би инженер болно гэж боддог байсан. Тэр үед мэдээллийн технологийн инженер гэж байсан биш. Компьютер гэж л сонссон. Манайхан тооцоолон бодох машин гэдэг. Холбооны инженерүүдийг мундаг гэж хардаг байв. Политехникийн дээд сургуулийн холбооны инженерийн анги гэж байсан. Тэр нь яваандаа мэдээлэл технологийн салбарт ороход хүргэсэн.
-Анх хэзээ компьютер харав?
-Нэгдүгээр курст байхдаа Монел компьютер харсан. Ерээд онд Монголд угсардаг байсан. Японы хөрөнгө оруулалттай компанид компьютер угсраад Орос руу зардаг байсан. ШУТИС-ийн хэмжээнд зургаан компьютер байв. Нэг ангид хориод хүүхэд орж ирнэ. Нэг компьютер дээр гурвуулаа сууна. Би нэг мөр бичихэд дараагийн мөрийг өөр хүүхэд бичдэг. Компьютерт гар хүрнэ гэдэг аз жаргал байлаа. Булаацалдаж бичдэг. Намайг төгсөх жил хулгана гарч ирсэн. Тэр жил бас Windows үйлдлийн систем гарч ирсэн дээ. Өмнө нь зүгээр л код бичдэг байлаа. Заавал команд өгч байж үйлдэл хийдэг. Компьютер нэвтрэхэд англи хэл заавал сурах шаардлагатай юм байна гэдгийг ойлгосон. Сургуульдаа багшаар үлдэхэд тэнхимд найман багш байлаа гэхэд гурав нь компьютертэй байх жишээтэй. Технологийн урсгал Монголд хүчтэй орж ирсэн. Мэдээллийн технологийн хөгжил бусад улсаас нэг их хоцрогдоогүй. Харин хувь хүний дижитал боловсрол хангалттай биш байна. Зарим хүн ухаалаг утас барьдаг ч хоёрхон үйлдэл хийдэг. Нэг нь утсаар ярих, нөгөө нь фэйсбүүк ухах. Гэтэл энэ утсаар 100 гаруй үйлдэл хийх боломжтой. Зарим хүн “Утсаа алга болгочихлоо. Утсан дээр байсан бүх зураг, хадгалсан дугаарууд байхгүй болчихсон” гэдэг. Гэтэл утсандаа байгаа бүх мэдээллийг компьютерт хуулаад авах боломжтой шүү дээ.
-Дижитал боловсрол гэж яг юуг хэлээд байна?
-Дижитал боловсролыг хэмждэг хэмжигдэхүүн бий. Манай Монголд 32 хувьтай гарсан. Сингапурт 95 хувьтай байна. Казакстан 83 хувьтай болох зорилт тавьсан. Дижитал боловсрол гурван бүрэлдэхүүн хэсэгтэй. Та дижитал тоног төхөөрөмжийг хэрхэн ашигладаг вэ? Танд гар утас, компьютер байна. Фото аппарат байна. Сканнер байна. Тэднийг та ашиглаж чадаж байна уу?
Чадамжийн асуудал бий. Хоёрдугаарт, тэдгээрийг ашиглаад та мэдээллийг боловсруулж чадаж байна уу, хүссэн мэдээллээ авч байна уу, интернэтээр хүссэн зүйлээ худалдаж авч чадаж байна уу? Гуравдугаар асуудал нь, мэдээллийн аюулгүй байдал. Аюулгүй байдлаа хангаж чадаж байна уу? Олон хүн банк, гар утасныхаа нууц кодыг 0000 гэх мэтээр хийдэг. Энэ чинь мэдээллийн аюулгүй байдлын талаар мэдлэг байхгүй гэсэн үг. Энэ бүхнийг эзэмшихийн тулд хүнээс айхавтар чадвар шаардахгүй. Ихэвчлэн 35-аас дээш насныханд энэ төрлийн боловсрол дутагдаж байна гэж үздэг. Одоогийн сурагч, оюутнуудад цахим хэрэглээний талаар хичээл ордог болсон. Өмнө нь төгссөн хүмүүс хүн амын 50 хувийг эзэлж байгаа л даа.
-Монголчууд цахим боловсрол багатай гээд дүгнээд байдаг. Хүмүүстээ мэдлэг олгох сургалтын хөтөлбөр, насан туршийн боловсрол олгох тогтолцоо байхгүй байгаа юм биш үү. Зүй нь энэ боловсролыг яаж олгох учиртай вэ?
-Төрийн хийх ажлын нэг энэ мөн л дөө. Гадны туршлагыг харж байхад хүмүүсээ дахин сургаж байна. Тэр сургалт нь үнэгүй. Ажилд ороход цахим боловсролын сертификат нэхдэг. Дижитал боловсролын сургалтад суугаагүй гэвэл суучхаад ирээрэй гэдэг. Жишээлбэл Казакстанд дүүрэг болгондоо Цахим боловсролын төв нээж, иргэдэд үнэгүй сургалт явуулдаг. Бүх юм дижитал болчихвол нийгмээсээ хоцрогдчих гээд байгаагаа иргэд маань бас ухамсарлах хэрэгтэй.
-Манайд мэдээллийн аюулгүй байдлыг хэр хамгаалж чадаж байгаа вэ?
-Мэдээллийн аюулгүй байдал гэдэг бол үндэсний дархлаа. Одоо дэлхий дээр хамгийн хэцүү төвөгтэй байгаа зүйл бол мэдээллийн аюулгүй байдал. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах хуулийн төсөл АН-ыг засаг барьж байхад хийгдэж байгаад замхарсан. Энэ Засгийн газар бас хийсэнгүй. Монголын хувьд тусгайлсан хууль байхгүй. Дээр нь хүмүүсийн мэдлэг боловсрол дутмаг байна. Нэгдсэн системүүд ч Монголд алга. Солонгос улсад интернэт довтолгооны бүхэл бүтэн байгууллага бий. Тэд хаанаас цахим халдлага ирж байгааг байнга хянаж байдаг.
-Та Хятадад мэргэжил дээшлүүлсэн гэсэн. Тэнд цахим хэрэглээ хүчээ авч байна. ДэФакто Жаргалсайхан Шанхайн гудамжинд гуйлгачид QR код ашигладаг гэж бичсэн байсан?
-Үнэн. Урьд нь лаазтай задгай мөнгө тачигнуулаад явдаг байсан чинь одоо хөгжим тавиад, хүзүүнээсээ пайз зүүчихсэн. Түүн дээрээ QR кодтой. Түүнийг нь уншуулаад, нэг юань шилжүүлэх жишээтэй. Бэлэн мөнгө өгье ч гэсэн байхгүй. Одоо хятадууд банкны карт ч хэрэглэхээ байсан. Гар утастайгаа л явдаг. Нэг удаа Хятадад бэлэн мөнгөөр худалдан авалт хийсэн чинь худалдагч нь хариулт өгөх гэж зовсон. Кассанд нь мөнгө байхгүй. Бэлэн мөнгөөр зөвхөн коронавирус төдийгүй маш олон вирус дамждаг. Бэлэн мөнгө байхгүй болохоор халаасны хулгай ч гарахаа байдаг. Бэлэн мөнгөөр авлигал явдаг. Тэгээд тэр бэлэн мөнгийг оймсондоо хийгээд байгаа байхгүй юу. (инээв)
-Цар тахлын дэгдэлт дэлхийн хүмүүсийг цахим орчинд амьдрахад хүргэж байна. Та мэдээллийн технологийн хүн. Тухайлбал та Монголд онлайнаар хүссэн зүйлээ худалдан авах боломж байна уу?
-Монголд ч ийм боломжууд бий. Хүргэлтийн үйлчилгээгээр хоол захиалах, шинэ ном гарахад гэрийнхээ хаягаар захиалчихдаг. Номын дэлгүүрт очоод машин тавих газар хайх шаардлагагүй болсон. Размераа мэдэж байхад онлайнаар хувцас захиалаад авчихна. Гадуур хувцсаа Амазоноос захиалж авсан. Монголд зарим дэлгүүр бараг 1,5 нугалсан үнээр зардаг. Харин онлайнаар хувцас захиалахад 10 евро төлдөг. Алибаба ашиглаад Хятадаас зарим хэрэгтэй бараагаа захиалдаг. Тээврийн зардлаа төлөөд хүссэн бараагаа авах боломжтой. Хятадад амьдарч байхдаа цагаа хэмнэх гээд төмсөө хүртэл онлайнаар захиалчихдаг. Эхнэр маань “Арай дэндлээ” гэж байсан.
-Алибаба шиг үйлчилгээ үзүүлдэг Монгол компани байдаг уу?
-Байдаг юм билээ. Гэхдээ тэр лүү орж байгаа нь цөөн.
-Монгол ардчилал зах зээлийн замаар яваад 30 жил боллоо. 30 жил гэдэг туулсан замаа эргэж хараад дүгнэлт хийх хугацаа. Таныхаар Монгол хэр ардчилсан улс вэ?
-Гучин жилийн өмнө ямар байсан бэ. Хөрөнгөтэй байхыг хориглодог. Хувь хүн бизнес хийж болохгүй. Одоо бол хүмүүс хөрөнгөтэй болж байна. Гучин жилийн өмнө мал нийгмийн өмч байсан. Хүмүүс өөрийн гэсэн байргүй байсан. Одоо бид өөрийн гэсэн байртай. Зарим нь хэд хэдэн байртай болсон. Өмнө нь хувийн машин гэдэг ойлголт байгаагүй. Гэтэл одоо зам дээрээ түгжирч байна шүү дээ. Гадаад паспорт бол зөвхөн төрийн албан хаагчид, өндөр түвшний хүмүүст л байсан. Харин одоо монголчууд дэлхийг хэрэн хэсч байна. Урьд нь бид цөөхөн сувгаас мэдээлэл авдаг байсан бол одоо моод Монголоос эхэлдэг тохиолдол байна шүү дээ. Хү хамтлаг байна. Үндэсний аялгатай рокийг дэлхийд таниулж байна. Хүн болгонд боломж нээгдсэн. Мэдээллийн технологийн хөгжил илүү их боломжийг хүмүүст авчирч байна. Цаг хугацаа, орон зай, мөнгө хэмнэж байна.
-Дижитал ардчилал гэдэгт та юуг ойлгодог вэ?
-Интернэт өндөр хөгжсөн гэж байгаа ч хоёр хөршид маань хязгаарлагдмал. Урд хөршийнхөн бол зөвхөн Хятадынхаа л мэдээллийг үзнэ. YouTube, . Facebook үзэж чадахгүй. Орост бол эдгээрийг үздэг ч хязгаарлагдмал. Хэн юу хийж байгаа нь хянагддаг. Хятадад чи интернэтэд орохын тулд овог нэр, иргэний үнэмлэхээ бүртгүүлэх ёстой. Хятад залуус ярьж байна шүү дээ. Болимоор юм, өглөө болгон Хятад орныг магтсан, улаан туг намируулсан дуу, мэдээлэл явж байх юм гэдэг. Орост В.Путины өөдөөс үг хэлж чадахгүй. Хятадад удирдагчийнхаа талаар бичих ч хориотой. Бамбарууш гэдэг үгийг бичихэд хүртэл хянагдана. Ши Жинпиний хоч нь юм байна л даа. Монголд бол удирдагчаа шүүмжлэх эрхтэй. Ер нь хувь хүнийг доромжилж гүтгэж болохгүй л дээ. Харин шүүмжлэх боломж байна гэдэг ардчилал. Ардчиллын буянаар бид эрх баригчдыг сошиалд хүчтэй шүүмжилж, хийх гэж байсан алдаатай зарим ажлыг нь зогсоож чаддаг. Сошиал ертөнц дижитал ардчилал. Заавал бид Сүхбаатарын талбайд гараад жагсахаас илүү олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлж, төр засаг хариу үйлдэл үзүүлж байна гэдэг алдаагаа засах боломжийг олгож байгаа хэрэг. Сүхбаатарын талбай дээр дээд тал нь 10 мянган хүн жагсана. 10 мянган хүн гурван сая хүнийг төлөөлж чадах уу. Түүнтэй харьцуулахад твиттерт 200 гаруй мянган хүн үзэл бодлоо илэрхийлдэг.
Ардчилсан нам хэрвээ төр баривал шинжлэх ухаан, мэдээлэл технологи, инновацаа хэрхэн хөгжүүлэх талаар бодлого боловсруулж, бэлддэг. Мэдээж эцсийн зорилго нь Монгол Улсаа хөгжүүлэх. Бидний барьж байгаа гол бодлого бол яамд хоорондын үйл ажиллагаа уялдаатай байх ёстой. Дан ганцаараа яриад, яваад нэмэргүй. Жишээ нь манай улсад тээврийн зардал маш өндөр. Аливаа бүтээгдэхүүний 30 хүртэлх хувь нь тээврийн зардал. Тэгэхээр тээвэр маш зохион байгуулалтгүй, өртөг өндөр байна гэсэн үг. Үүнийг цахимжуулж үзвэл хоёр дахин буурах боломж бий. Тийм учраас бид шинжлэх ухаан, технологийн инновацыг бий болгохыг дэмжих бодлого барина. Манай эрдэмтэд инновацын нээлтүүд хийж байна. Гэвч түүнийг хэрэглэж байгаа компаниуд цөөн. Судлаачид маань бизнесмен биш учраас хэнд яаж өгөхөө мэдэхгүй. Үүнд хөрөнгө оруулж, үнэлдэг төрийн зохицуулалт, дэмжлэг хийгээд зах зээлд гаргадаг экосистем үгүйлэгдэж байна. Магадгүй төрийн хувьд хувийн хэвшилтэй хамтарч энэ асуудлыг шийдэж болно. Төрийн үйлчилгээг цахим болговол дижитал эдийн засаг бий болгох боломжтой. Дижитал эдийн засгийн үед уул уурхай шиг газар ухах шаардлагагүй. Байгаль сүйтгэхгүй, Вьетнам улс гэхэд л цахим эдийн засгаараа 2019 онд 35 тэрбум ам.доллар олсон байх жишээтэй.
-Дижитал эдийн засгийг бий болгох байлдагчдаа хэр бэлтгэж байна вэ. Лу.Гантөмөр сайдын үед 1000 инженерийг Японд бэлтгэж байсан. Тэднээс хэд нь эх орондоо ирж ажиллаж байгаа бол гэж бодогддог?
-Мянган инженер бэлтгэлээ. Дараа нь тэдэнд ажлын байр бэлтгэхэд анхаарах учиртай. Болж өгвөл Монголдоо нутагшуулах хэрэгтэй. Хууль эрх зүй, татварын таатай нөхцөл шаардлагатай. Тэгвэл Японд байгаа компанийнхаа салбарыг Монголдоо байгуулчихъя гэнэ шүү дээ. Японоос гадагшаа программ зарахад татвар өндөр. Монголын компани зарвал татваргүй. Ийм боломжийг төр бий болгох ёстой. ШУТИС-д багшилдаг болохоор мэдэж байна. Зарим шавь нар маань Америк, Герман, Солонгост амьдарч байгаа. Одоо хүртэл надад мэйл бичиж байна. “Монголд ирэх гэхээр ажлын байр байхгүй” гэдэг. Урд хөршид технологийн том компаниуд байна. Хятадаас программ авах сэтгэгдэл дэлхий нийтээр жаахан муу. Монголд компани байгуулбал, Монголын хууль, дүрмээр явна. Монгол инженерүүдийг ажиллуулна гэх боломжтой. Одоо Хятадад үйлдвэрлэл эрхлэх гэхээр өртөг өндөртэй болж байгаа. Хятадын компаниуд гадагшаа гарч эхэлсэн. Манайхан харин Хятадыг Өвөрмонгол, Бээжингээс наана байдаг хятадуудаар төсөөлөөд байдаг. Тэдний үйлдвэрлэл технологи нь хоцрогдсон. Өндөр технологийн компани Монголд орж ирэх нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Манай мэдээлэл технологийн компаниуд гадагшаа бүтээгдэхүүнээ зарах чадвар муутай. Гадаадын компаниудыг Монголд ажиллахад татвараас чөлөөлчихвөл тэдэнтэй хамт ажиллаж байгаа монгол толгой цэнэглэгдээд үлдэнэ. Гадаадын том компаниудын ноу хауг нутагшуулбал гадаадад төгссөн монголчууд маань эх орондоо ажлын байртай болно. Толгойгоо ашиглаад мөнгө олох боломж бидэнд бий. Ардчиллын хүчинд мэдээлэл технологийн хөгжил бий болоод явж байна. Бид дэлхийтэй холбогдож чадаж байна. Иргэд маань сошиалд үгээ хэлж, төр засгийнхаа шийдвэрт нөлөөлж байна. Дижитал эдийн засаг хөгжүүлэх ирээдүй бидэнд бий.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com