Ардчиллын 30 жилийн ойн хүрээнд Ардын Их хурлын депутат, орлогч дарга Д.Моондойтой түүхэн хувьсгал, ардчилсан Үндсэн хуулийн талаар ярилцлаа. Тэрбээр улс төрийн намуудыг дотор нь хоёр хуваадаг бөгөөд Үндсэн хуулийн ба Үндсэн хуулийн бус гэж. Энэ нь Үндсэн хууль батлалцахад оролцсон намыг Үндсэн хуулийн хэмээн өргөмжилдөг бөгөөд Ардчилсан нам Үндсэн хуулийн нам гэдгээрээ үеийн үед бахархах ёстой гэсэн юм.
-Өнөөдрөөс 30 жилийн өмнө өрнөсөн түүхэн хувьсгалын талаар яриагаа эхэлье?
-Ардын Их Хурлын депутат бөгөөд орлогч дарга хэмээх хариуцлагатай үүргийг тухайн үед хашиж байлаа. Би 1989 онд өрнөсөн ардчилсан хувьсгалын өлсгөлөн, цуглаанд эхнээс нь авхуулаад бүгдэд нь оролцож явсан хүн.
1990 оны гуравдугаар сарын 8-нд болсон ардчилсан хүчнүүдийн томоохон цуглаанд ойролцоогоор 80-90 мянган хүн оролцож, Монголын нийгэмд өөрчлөлт шинэчлэл гарцаагүй хэрэгтэй юм байна гэдгийг тэр үеийн эрх баригчдад ойлгуулсан том дохио болсон гэж үздэг. Ардчилсан хүчнүүдийн зүгээс нэгдүгээрт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн улс төрийн тогтолцоотой болох, хоёрдугаарт, ардчилсан чөлөөт сонгуулийг явуулах, гуравдугаарт, чөлөөт сонгуулийн үндсэн дээр Монгол Улсын төр, засгийг намаас тусгаарлаж эмхлэн байгуулах шаардлага тавьж байлаа. Угтаа 1960 оны Үндсэн хуульд “Марксизм-Ленинизмыг удирдлага болгосон МАХН улс орныг удирдан чиглүүлэгч хүч мөн” хэмээн зааж, айл бүрийн хойморт нэг л нэр дэвшигчийн хөргийг залж, түүнийг дэмжихийг уриалдаг байв.
Тиймээс 1960 оны Үндсэн хуулийн уг заалтыг хасах, олон намын тогтолцоо бүхий олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрсөн улс төрийн тогтолцоог байгуулах шаардлага тавьж, ардчилсан хүчнийхэн талбай дээр өлсгөлөн зарласан. Энэ үеэр С.Зориг агсан, Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж, Б.Баабар, Да.Ганболд тэргүүтэй ардчилсан хүчний удирдлагууд МАХН-ын удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзаж, улс төрийн товчоо огцрох, 1960 оны Үндсэн хуулиас дээрх заалтыг авах тохиролцоонд хүрсэн. Ингэснээр Монгол Улсад олон намын тогтолцоо бүрэлдэн тогтнох, анхны ардчилсан чөлөөт сонгууль явуулах, Үндсэн хуулийн нөхцөл бүрдсэн билээ. Энэ утгаараа 1989 оноос өрнөсөн хувьсгал нь зөвшилцлийн зарчим дээр тулгуурласан үйл явдал болсон хэмээдэг. Хэрэв хоёр тал буулт хийгээгүй бол тэр үед юу болох байсныг Румын гэх мэт бусад оронд болсон жишээнээс тод харж болно.
-Ардын Их Хурлын анхны ардчилсан чөлөөт сонгуулийн тухайн үеийн өрнөлийг Та ярина уу?
-Анхны ардчилсан чөлөөт сонгууль явуулах тухай тунхаг бичигт бүх намууд гарын үсэг зурсан. Энэ бол Монголын ардчиллын түүхэнд том байр суурь эзлэх улс төрийн мэдэгдэл байсан. Өөрөөр хэлбэл, монголчууд ардчилсан сонгууль явуулахыг, олон намын тогтолцоотой байхыг, олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрсөн түүхэн үйл явдал болсон. Ингээд 1990 оны долдугаар сарын 27-29-нд Монгол Улсад анхны, чөлөөт ардчилсан сонгууль болсон юм. Тухайн үеийн сонгууль өнөөдрийнхөөс тэс өөр. Юугаараа өөр гэхээр, тэр үед хорооноос, ажлын газраасаа, ард иргэд, оршин суугчдын хамтын хурлаар дэвшиж болдог байв. Мөн намууд, Үйлдвэрчний эвлэл, Залуучуудын байгууллага нэр дэвшигчийг дэвшүүлдэг гээд нэр дэвших үйл ажиллагаа чөлөөтэй болдог байлаа. Анхны сонгуулиар 430 орчим депутат сонгогдсоноос МоАН, МСДН, МҮДН-ын ардчилсан хүчнүүд 30 гаруй суудал авсан байдаг. Ардчилсан үйл явц өрнөх үүд хаалгыг анхны сонгуулиар тавьсан. 1990 оны сонгуулийн үр дүнд Улсын Бага Хурлыг байгуулж, МАХН, МСДН, Монголын Ардчилсан нам, МҮДН-ын авсан саналын хувийг харгалзан Улсын Бага хурлын 50 суудлыг хуваарилсан. Дараа нь Улсын Бага Хурлын даргын сонгууль болж, Ардчилсан холбооноос С.Зориг агсныг, МСДН-аас Р.Гончигдоржийг нэр дэвшүүлж, Р.Гончигдорж нь Улсын Бага Хурлын дарга бөгөөд Монгол Улсын анхны дэд Ерөнхийлөгч болсон түүхтэй. Тэрчлэн 1990 оны сонгуулиар Ерөнхийлөгч хэмээх албан тушаалыг бий болгож, анхны Ерөнхийлөгчөөр П.Очирбат сонгогдсон. Дараа нь, Монгол Улсын Засгийн газрыг эмхлэн байгуулсан. 1990 оноос өмнө засгийн газар нь Сайд нарын зөвлөл нэртэй, МАХН-ын Төв хорооноос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлдэг байсан. Ерөөс 1990 оны сонгуулиар өнөөдрийг хүртэл хэрэглэж буй төрийн албан тушаалуудын нэр, томьёог парламентын засаглалтай улс орнуудын жишгээр өгсөн нь ийн он удаан жил оршин буй шалтгаан юм. Ингээд анхны Засгийн газрын Ерөнхий сайдаар Л.Бямбасүрэн гуайг томилсон бөгөөд ардчилсан хүчний С.Зориг, Б.Баабар, Э.Бат-Үүл нарын хүмүүсийг засгийн газарт орж сайд болж ажиллахыг урьсан боловч “Бид төрийн ажлын туршлагагүй” гээд саналыг хүлээж аваагүй. Шинэ намуудын оролцоотой зөвшилцлийн засгийн газар байгуулахын тулд сонгууль явуулсан. Ингэж аргагүйн эрхэнд ардчилсан хүчний Да.Ганболд, Г.Дорлигжав нарт Шадар сайдын албан тушаал өгч байв.
-1992 оны ардчилсан Үндсэн хуулийг баталж байсан түүхэн үйл явдлын талаар дурсвал?
-Засгийн газраа байгуулсны дараа АИХ-аар Улсын дээд, прокурорыг байгуулж бие даасан, хараат бус шүүхтэй болсон түүхэн үйл явдал байв. 1990 оноос өмнө намын төв хороо шүүгчийг томилдог байсан бол ардчилсан сонгуулийн дараа төрийн эрх барих АИХ томилдог болсон. Энэ бүх утгаараа 1990 оны сонгууль маш өндөр ач холбогдолтой юм. Эндээс улбаалан Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулж, комиссын даргаар Ерөнхийлөгч П.Очирбат, гишүүдээр нь Ардчилсан нам, МСДН гэх мэт улс төрийн бусад хүчин оролцсон. Үндсэн хуулийн төсөл нь “БНМАУ-ын Их цааз” хэмээх нэртэй байсан бөгөөд 1991 оны арваннэгдүгээр сарын 11-нд АИХ-ын II чуулганаар хэлэлцүүлэн батлах үйл явдал өрнөсөн. Анхандаа 14 хоногийн дотор хэлэлцэн батлахаар төлөвлөсөн байсан боловч 76 хоног үргэлжилсэн 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан. Энэ Үндсэн хууль нь 1989 онд Монгол Улсад өрнөсөн ардчилсан үйл явцын хамгийн том үр дүн, түүний баталгаажуулалт юм. 1992 оны Үндсэн хуулиар Монгол Улс өнөөдрийн парламентын тогтолцоог сонгосон. УИХ хэмээх төрийн дээд байгууллагатай, хууль тогтоох эрхтэй, Ерөнхийлөгчтэй, гүйцэтгэх засаглалтай, бие даасан, хараат бус шүүхтэй, прокурортой, Үндсэн хуулийг сахин хамгаалдаг ҮХЦ хэмээх байгууллагатай байна гэж заасан.
-Ардчилал хөгжөөд 30 жилийг ардаа үджээ. Ардчиллаар бий болсон өсөлтийг өмнөх социализмын үетэй харьцуулан ТА залуу үедээ мэдээлэл түгээнэ үү?
-1989 оноос өмнө иргэд хувийн өмчтэй байх эрхгүй, оршин суух газрыг нам зааж өгдөг байлаа. Ухаандаа, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын иргэн Улаанбаатар хотод ирэхийн тулд намын даргаасаа хоног заасан хугацаатай "зам явах” гэдэг зөвшөөрлийг авдаг байсан. Зам явах байхгүй, хугацаа хэтэрвэл цагдаа нар шалгаад, явуулдаггүй тийм л нийгэм байсан. Хүн бүрт гадаад паспорт байсангүй, намын төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын зөвлөгөөний шийдвэрээр олгодог байв. Өнөөдөр манай залуучууд хүсвэл Харвард, Оксфорд, Иелийн их сургуульд суралцах боломж нь нээлттэй байна. Бизнесүүд чөлөөтэй байна. Тухайн үед гадаад улстай бизнес хийх эрхтэй 2-3-хан байгууллага байлаа. “Монгол экспорт”, “Монгол импекс” гэдэг хоёр байгууллагаар дамжин Монголын бусад бүх ААН-үүд бизнесийн харилцаанд оролцдог байлаа шүү дээ. Энэ бүх хязгаарлалт 1992 оны ардчилсан Үндсэн хуулиар бүр мөсөн үгүй болж, монголчуудын олон жилийн хүсэл мөрөөдөл биеллээ олсон гэхэд хэтрүүлэг болохгүй байх.
-2020 оныг ирээдүйн 30 жилийг тодорхойлох түүхэн он хэмээн улстөрчид үзэж байна. Цааш хөгжихийн тулд өнгөрсөнд үлдээсэн алдаа оноо, сургамжаа ярихгүй байж бас болохгүй болов уу?
-1945 оны “Бүх нийтийн санал асуулга” хүртэл Монгол Улсыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрсөн улс орон байгаагүй шүү дээ. Тухайн онд ЗХУ, АНУ, Их Британи гурван улсын байгуулсан “Ялалтын гэрээ”-гээр Монгол Улсыг тусгаар тогтносон улс гэдгийг анх удаа хүлээн зөвшөөрснөөр Хятад тэргүүтэй улс орнуудтай гэрээ байгуулсан. Ардчилал буюу тусгаар тогтнол нь олон жилийн туршид олон хүний тэмцэл, амьдрал, амь насны хүчээр ирсэн үнэт зүйл. Нөгөөтээгүүр, өмч гэдэг зүйл эх орондоо хайртай байх, эх орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалах гол хөшүүрэг. Социализмын үед намын төв хорооны хурлаар Монгол Улс 20-25 сая тоо толгой малтай болно гэсэн зорилт тавин улсын төсвийн хөрөнгөөр олон малын хашаа барьж, худаг гаргадаг байв. Энэ зорилтдоо хүрч чадахгүй явсаар 1990 онтой золгож, ардчиллын буянаар малыг малчдад нь хувьчлах үйл явц өрнөсөн. Энэ үед “Малыг малчдад өгч, нэгдлээ тараавал бүгд малаа идэж дуусгаад ядуучууд болно” гэсэн үзэл суртал явж байсан. Гэсэн ч ардчилсан хүчин малыг малчдад нь, орон сууцыг оршин суугчдад нь өгөх ёстой гэсэн хоёр том шаардлага тавьснаар хувьчлал явагдсан. Өнөөдөр манай улсын малын тоо толгой 60 сая хол даваад байна. 1989 онд байсан 20 сая толгой мал гурав дахин өссөн байна. Тэртээ 1990 онд Улаанбаатар хотод польш Намжил гэдэг хүнээс өөр хувийн машинтай хүн байгаагүй. Би л хувьдаа таньдаггүй байсан. Гэтэл өнөөдөр хувийн машинууд нь зам дээр багтахаа байлаа. Энэ бүхэн 1990 онд өрнөсөн ардчилсан үйл явцын том ололтын нэг жишээ юм шүү дээ.
-1990 онд ганзагын наймаа газар авч, хөлтэй бүхэн урагшаа явж эхэлсэн. Хятад улстай худалдааны харилцаа тогтоох болсон анхны алхмууд юу байв?
-1990 оноос өмнө Хятад улстай эдийн засгийн хийгээд ямар нэгэн харилцаатай байгаагүй. Ийм харилцаанд орохын тулд тус улсын тавьсан нэг шаардлага нь монголчууд өөрийн нутаг дээр байрлуулж буй ЗХУ-ын цэргийг гаргах ёстой гэж. Ингээд тухайн үеийн Гадаад явдлын яамны сайд Ц.Гомбосүрэн гуай зүрх зоригтой ажиллаж, ЗХУ-ын Гадаад явдлын сайдтай хувийн сайхан харилцаатай байсан ба Ц.Гомбосүрэн гуайн өөрийнх нь бичсэн түүхийн номонд “Танайх Монгол Улсаас цэргээ гаргаач. Бид Хятадтай харилцмаар байна” гэснээр ЗХУ-ын цэрэг Монголын нутаг дэвсгэрээс гарч эхэлсэн. Зөрөөд Хятад манайтай эдийн засгийн харилцаагаа нээж, монголчууд ганзагын наймаанд явсан юм. Өөрөөр хэлбэл, монгол хүн 60 жил иргэнийхээ хувьд худалдаа хийх эрхгүй байсан эрх ийнхүү нээгдсэн түүхтэй.
-Монгол Улсын өнөөгийн парламентын тогтолцоог хагас Ерөнхийлөгчийн засаглалтай гэдэг. Таны байр суурь ямар байна вэ?
-Толгой хөлөө удирддагтай адилхан Үндсэн хуулийн дээрээс доош бичсэн дэс дарааллын дагуу төр засгийн эрэмбэ тогтдог. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ, дараа нь Ерөнхийлөгч, удаад нь Засгийн газар гэж бий. Эндээс харахаар, Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай орон биш гэдгийг хэлж байгаа юм. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн засаглалтай биш гэдгийг баталгаажуулсан нэг заалт бий. Тэр нь, “Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тайлангаа тавьж байна” гэсэн заалт. Тэгэхээр УИХ төрийн тэргүүний тайланг сонсох ёстой субьект байх нь. Өнгөрсөн 30 жилд Их хурал ажлаа дутуу дулимаг хийжээ гэж би дүгнэдэг. Үе үеийн Ерөнхийлөгчийн тайланг сонсч, зөв, бурууг нь бултаараа хэлэлцэх ёстой. Бүр болохгүйг нь огцруулах эрх ч УИХ-д бий шүү дээ. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал бүхэлдээ парламентын бүгд найрамдах засаглалд үндэслэсэн юм. Иймд УИХ-ын үйл ажиллагаа улс төрийн намуудын зөвшилцөл билээ. Өнөөгийн парламент буюу зөвшилцөл гэдэг ойлголт нь сонгуулиар олонхын санал авсан нам нь “улс орноо манлайлах” эрхийг сонгогчоос авч байгаа юм. Түүнээс биш 1930, 40-өөд оны үеийнх шиг “засаглалын бүх эрхийг авна” гэсэн хуучин ойлголтоосоо салах ёстой.
-Гэхдээ Ерөнхийлөгч ард түмнээс сонгогддог. УИХ-д тийм эрх байхгүй биз дээ?
-Үгүй юм. Ард түмний саналаар гарч ирсэн Ерөнхийлөгчийг УИХ хууль гаргаж батламжилдаг. “Нөхөр ....-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр томилсугай” гэдэг УИХ-ын хууль гаргадаг юм шүү дээ. Тэгэхээр энэ чинь УИХ-ын бүтээгдэхүүн байгаа биз. Дараа нь УИХ Ерөнхийлөгчийн тайланг авч хэлэлцэнэ гэж заасан байгаа. Тайланг нь авч хэлэлцээд “Та ингэж сайн ажилласан, эсвэл ийм муу ажилласан байна” хэмээн дүгнэх эрхтэй. Нөгөө толгой хөлөө удирддаг гэдэгтэй адил эрэмбээр явах ёстой. Харин түүний дараа гүйцэтгэх засаглал байна. Харин Ерөнхийлөгч УИХ болон гүйцэтгэх засаглалтай харилцан ажиллах боломжтой. Энэ нь Ерөнхийлөгч УИХ-ын гаргасан хууль, тогтоолд хориг тавих замаар УИХ-тай харилцаж байгаа бол Засгийн газарт зөвлөмж гарган, гүйцэтгэх засаглалтай харилцах нь. Эндээс харахад, Үндсэн хуулийн үзэл баримтлалаар Ерөнхийлөгч болбоос Засгийн газар талдаа хүн юм. Үндсэн хуульд байсан нэг заалтыг 2000 онд авч хаясан. Тэр нь, “Ерөнхийлөгч Ерөнхий сайдаар томилуулах хүнийг УИХ-д оруулна” гэж. Энэ нь Засгийн газрыг Ерөнхийлөгч атгандаа авч буй хэрэг огтхон ч биш байсан. Манайд өнөөдөр нэг том хуулийн буруу ойлголт яваад байдаг. Аудитын, СЗХ, Монголбанкны даргыг УИХ томилж байгаа учраас энэ газрууд УИХ-ын мэдлийнх гэсэн ойлголт. Үгүй юм. Үндсэн хуулиар олгосон үүргээ УИХ биелүүлж буй алхам. Монголбанкны Ерөнхийлөгчийг УИХ томилоод л дараагийн сонгууль хүртэл түүнийг мартах ёстой. УИХ-д огт хамаагүй, бие даасан газар.
-Яг ийм буруу ойлголтоор 30 жил явж ирсэн шүү дээ. Одоо яаж үүнийг засах ёстой вэ. Бүх талбарт улс төрийн томилгоо хийгдэж байна?
-Үндсэн хуулиа ойлгоогүйн шинж л дээ. Одоо үүнээс салах ёстой. Үүнийг УИХ өөрөө хийх ёстой. Харин Засгийн газар Үндсэн хууль болон бусад хуулийн хэрэгжилтийг хангаж, хууль сурталчлах ажлыг ард нийтэд хүчтэй хийх ёстой. Өөрөөр хэлбэл, нам, нэг бүлэг хүмүүс төрийг удирддаг биш, төрийг хууль удирддаг, хуулийн засаглалтай орон гэдгээ үргэлж бататгах ёстой. УИХ төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх зөвхөн УИХ-д хадгалагдана гэдэг нь УИХ төр барина гэсэн үг биш төдийгүй УИХ-аас өөр хэнд ч хууль тогтоох эрх байхгүй гэсэн үзэл санаа. Яах вэ, Ерөнхийлөгч зарлиг гаргаж болох хэдий ч эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Нэг ёсондоо, УИХ хууль гаргах замаар улс орныг удирдана гэсэн үзэл баримтлал юм.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт удахгүй хэрэгжиж эхлэх гэж байна. Энэ удаагийн өөрчлөлтийг Та хэр зэрэг оновчтой болсон гэж дүгнэх вэ?
-Саяын Үндсэн хуулийн өөрчлөлт 2000 онд хийсэн нэмэлт, өөрчлөлтийг бодвол ард нийтээр нэг жил гаруй хугацаанд хэлэлцүүлсэн, сонин хэвлэлээр нээлттэй явсан гээд хууль эрх зүйн мэдлэг, боловсролыг олон нийтэд олгоход, таниулахад хүчин чармайлттай ажилласан гэж бодож байна. Гэхдээ дотор нь буй зүйл заалтуудын тухайд санаа, сэтгэлд таарахгүй, үзэл бодол нэгдэхгүй зүйлүүд байна. Жишээлбэл, 2010 онд баталсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Журмын тухай хуульд “Төрийн эрх мэдлийг шилжүүлж болохгүй” гэсэн заалт байдаг. Энэ нь УИХ өөрийнхөө эрх мэдлийг өөр Ерөнхийлөгч, эсвэл Засгийн газарт шилжүүлж болохгүй гэсэн үг.
Гэтэл энэ заалт саяын өөрчлөлтөөр зөрчигдсөн. УИХ Ерөнхий сайд тэргүүтэй бүх сайд нарыг томилдог байсан. Гэтэл бүх сайд нарыг томилох эрхээ Ерөнхий сайдад өгчихлөө. Ингэснээр УИХ-ын нэг том эрх үгүй болж байгаа хэрэг. Энэ бол УИХ төрийн эрх барих дээд байгууллагаасаа татгалзаж буй үйлдэл. Нөгөө нэг зүйл нь, энэ удаагийн өөрчлөлтөөр шүүх засаглал руу нэлээд халдлаа. Шүүхийн хараат бус байдлыг эвдсэн үйл явдал боллоо. Үндсэн хуулиар улс төрийн намын гишүүнчлэлээс татгалзах ганц субьект нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Ерөнхийлөгч тангараг өргөснөөр намын гишүүнээс татгалздаг учраас хараат бус шүүхийн шүүгчийг томилдог. Гэтэл УИХ яадаг вэ, сонгуулийн үр дүнгээр бий болдог улс төрийн байгууллага. Тэгэхээр хараат бус шүүхийг ийм үр дүнгээр бий болдог намд хэсэг эрхийг нь өгчихөөр юу болох вэ? Уг нь Журмын тухай хуульд ямар нэг эрхийг өгч, бас нэмж авч болохгүй гэсэн заалт байсан. Гэтэл ийн УИХ сайд нараа томилох эрхээсээ татгалзаад, шүүхэд нөлөөлөх эрхийг авсан алхам хийчихлээ.
-Нэг ёсондоо энэ удаагийн өөрчлөлтөөр УИХ Засгийн газраа бүрдүүлэх эрхээсээ татгалзсан нь буруу гэж ойлгож байна, зөв үү?
-Үндсэн хуульд эн тэнцүү гурван субьект бий. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал. Хүмүүс өөр гэж үздэг. УИХ Засгийн газрыг, шүүхийн бүрэлдэхүүнийг томилдог гэж ярьдаг. Угаасаа л томилох үйл явц нь Үндсэн хуулиар Их хуралд олгогдсон эрх болохоос биш хараандаа, нөлөөндөө авч байгаа алхам биш юм шүү дээ, уг нь. Угтаа АН-ын нэг үнэт зүйл нь Монгол Улсын Үндсэн хууль. Дэлхий нийтэд намуудыг Үндсэн хуулийн ба Үндсэн хуулийн бус нам гэж хоёр ангилдаг. Үндсэн хуулийг батлахад оролцсон гишүүд тус намд байдаг учраас Үндсэн хуулийн намыг өндрөөр үнэлдэг. Энэ бүр 200-300 жилийн өмнөөс тогтсон том бичигдээгүй хууль. Тиймээс АН-ын үнэт зүйл нь Үндсэн хууль батлахад оролцсон үйл явц юм. АН, МСДН, МҮДН, МАХН гэдэг хэдэн намын Үндсэн хуулийнх бусад нь бол биш юм. Ерөөс нам түүхээрээ л бахархдаг. АН-ын хувьд ардчилалд оруулсан хувь нэмэр, түүнийг баталгаажуулсан Үндсэн хуулиараа бахархах нь зүйтэй.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"