Монголын ардчиллын түүхэнд тохиолдсон түүхэн тэмдэглэлт өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдөр АН анхдугаар их хурлаа нийслэлийн Соёлын төв өргөөнд хийсэн түүхтэй. Тус хуралд нийслэл болон аймгуудаас 1200 гаруй төлөөлөгч, гадаадын дипломат корпусын ажилтнууд болон 100 шахам сэтгүүлч оролцсон байдаг. АН-ын анхдугаар их хурлаас Э.Бат-Үүлийг намын даргаар сонгож байв.
Тэгвэл өнөөгийн Ардчилсан нам нь ардчиллын анхны жилүүдэд байгуулагдаж байсан арав гаруй намын нэгдэл болон оршин тогтнож байна. Анхдугаар их хурлаа хийж асан өдрүүдээ тэмдэглэн ойн баярын хурлаа өчигдөр цахим хэлбэрээр хийж, 21 аймаг есөн дүүрэг мөн томоохон суурин газруудын төлөөлөгчид оролцов. Тэдэн дунд намын анхдугаар их хуралд оролцож байсан цөөнгүй гишүүд харагдана. Зарим нь уулзаагүй 30 жил болсон тухайгаа ярьж, тэврэлдэнэ.
Хурлын үеэр АН-ын дээд шагнал болох Чингисийн одонгоор нийслэлийн дүүрэг, аймаг бүрээс нэг гишүүнийг шагнасан нь баярын хуралд цахимаар оролцогчдыг багагүй огшоож байлаа. Баярыг нээж АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр “Ард түмний итгэл үнэмшил, түүхэн сонголтоор баталгаажсан ардчилсан хувьсгал 30 нас хүрч, бид туулсан 30 жилээ, өсөлт хөгжлийг нь дүгнэн цэгнэж, сайныг нь үргэлжлүүлж, саарыг нь гээх ёстой цаг хугацааны мөчлөгт тулж ирсэн байна.
Бас сайн цагийг авчрах, Монгол хүний саруул ухааныг үнэлдэг хүндэлдэг чөлөөт нийгмийн дараагийн 30 жил хэрхэн яаж өрнөх нь өнөөдрийн бодлогоос шалтгаалах учраас дараагийн 30 жилээ хэрхэн амжилттай бүтээн босгох асуултыг өөрсдөөсөө асууж байна. Далан жил ноёрхож байсан социалист тогтолцоог нурааж, хүн төрөлхтний нийтлэг ололтын сонголт болсон ардчилсан, хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн тогтолцоог эргэлт буцалтгүй сонгон авсан нь Монголын ард түмний 30 жилийн хамгийн том ололт байлаа. Улс төрийн хувьд олон ургалч үзлийг тууштай баримталж, ардчиллын төлөөх намууд нэгдэн ямар ч тохиолдолд бусдын эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовох эрх чөлөөгөө эдэлсэн сонголт бол Ардчилсан нам байгуулагдах түүхэн нөхцөл байсан юм” гээд “Бид хүн төвтэй бодлого, өрх төвтэй өсөлт, хүүхэд төвтэй хөгжлийг 2020 онд ард түмэндээ санал болгоно” хэмээн тэрбээр онцоллоо. Өнөөгийн намын дарга нь 30 жилийн тэртээ АН-ын анхдугаар их хурлын зохион байгуулж явсан хүмүүсийн нэг билээ. Баярын хуралд Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ ирүүлсэн. Тэрээр мэндчилгээндээ ардчиллын ололт, алдааг дурдав. Хэдийгээр ардчиллын багагүй үр шим монголчуудад хүрсэн ч, хамгийн том өгөөж өгөх ёстой уул уурхайн их хэмжээний баялаг цөөн тооны олигархиудын гарт очсоныг сануулахаа мартсангүй. Ерөнхийлөгчийн дүгнэлтээр бол энэ нь ардчиллагчдын том алдаа. Хуралд оролцогсдод хандаж УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дарга С.Одонтуяа, Ахмадын холбооны дарга Ш.Батбаяр, Ардчилсан залуучуудын холбооны дарга н.Лхагвадорж нар мэндчилгээ дэвшүүлсэн. Анхдугаар их хуралд оролцохдоо 20 гаруйхан настай байсан залуус өнөөдөр тавь, жар гарч, үс нь бууралтсан ч 30 жилийн өмнөх хурлаа өчигдөр мэт дурсана. Тэдэн дунд өвгөн партизаны яриа дэлгэх нь олон. Мөн тухайн үед хуралд оролцож байсан цөөнгүй нөхөд нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тухай бие биеэсээ сонсч, харамсах нь харагдана.
АН-ын байрны нэгэн танхимд цагаан идээ бүхий том таваг, айраг сөгнөсөн нь харагдана. Шагнал хүртсэн нөхөд тус танхимд цөөн цөөнөөр орж ирэн, бие биендээ баяр хүргээд гарна лээ. Олноороо цуглаж болохгүй хөл хорионы үед шагнал хүртсэн эрхмүүд ч гэр бүлийнхэн рүүгээ гэрэл зургаар мэдээ дамжуулж, нөгөөдүүл нь эргээд залгаж баяр хүргэх нь сонихон. Нэг нь бүр АНУ-д байгаа хүүхэд рүүгээ зургаа явуулсан чинь хүүтэй нь хамт ажилладаг америкууд дүрстэй дуудлага хийж баяр хүргэж байсан. Хаа сайгүй л гар утсаараа зураг авсан хүмүүс байгааг хараад нэгэн партизан “Анхдугаар хурал болж байхад зураг авахуулах гэж үйлээ үзэж байсан юм шүү дээ” гэсэн нь энэ 30 жилийн хөгжлийн ялгааг тодруулсан үг байв. Тэрбээр үргэлжлүүлэн “Соёлын төв өргөөнд зургийн аппараттай 3-5 хүн л байсан. Хурлын төлөөлөгчид нөгөө хэдийг гуйж Э.Бат-Үүл, С.Зориг нартай зургаа авхуулах гэж багахан хэмжээний дажин болсон. Талбайн зурагчин гэж байхгүй тул анхны их хурлын үеийн зураг маш цөөхөн байдаг. Түүхэн зургаа авах гэж 3-7 хононо. Зарим аймгийнхан буцах болсон тул нэгнийгээ нийслэлд үлдээж зургаа авч байсан. Мөн зарим төлөөлөгчид анхдугаар их хуралд ирэхдээ орон нутгийн эрх баригчид тийз олгоогүйн улмаас замын машинаар ирж байсан. Хувийн машин гэж байхгүй учраас улсын унааг л царайчилна. Машинд дайгдахын тулд эхлээд жолоочийг тандана. Учир нь МАХН талын жолооч бол авч явахгүй. Манай талынх бол тээврийн товчоо хүртэл чихээд аваад явна” хэмээн дурсамжаа хуваалцсан. Баярын хурлын далимаар олон жил уулзаагүй нөхөд золголдож “Нөгөө хэн хаана байна, юу хийж байна, хүүхдүүд нь сайн уу” гээд л яриа дэлгэх нь дотно сайхан. Тэдэнд дунд зах зээлийн нийгэмд хөлөө олчихсон нь олон байгаа гэнэ. Бас хөл алдсан ч цөөнгүй бололтой. Тэдний дунд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Ш.Түвдэндорж зогсоно. Партизануудын яриагаар бол энэ өдөр түүнд бахархлын бас харууслын өдөр гэнэ. Учир нь ардчиллын анхны өдрөөс Шаравдоржийн таван хүү бүхий л хар бор ажилд зүтгэж байсан. Энэ баярт өдрийг тэдний гурав нь үзэж амжсангүй. Ардчилал ямар үнэтэйг яс махаараа мэдэрсэн олон мянган партизаны нэг нь Ш.Түвдэндорж. 30 жилийн өмнөхтэй харьцуулахад АН эрийн цээнд хүрсэн. Улс төрийн туг барьж, тугал хариулж үзсэн. Намын аппаратад ажиллах шижигнэсэн залуус ахмадуудаа ахай, эжийгээр нь дуудан сандал дөхүүлж, айраг амсуулна. Залуус ахмадуудаа ардчиллын үрийг таригчид өнөөгийн нийгмийг цогцлоогч нар гэж мэднэ. Нийгмийн сүлжээгээр тэднийг муулахад галзуу юм шиг орж ирнэ. Ардчиллагчдыг зүхэгсэд нүүрээ нуусан байдаг бол хамгаалагчид нэр зурагтайгаа үзэлцдэг тухай нэгэн залуу ярьж байна. Залуус ахмадуудтай зургаа авхуулна. 30 жилийн дараа тэд бид ардчиллагчдын анхны үр сад гэж гайхуулах бололтой юм. Тэдний нэг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир. Өндөр албан тушаалтан боловч Ерөнхийлөгчийн илгээлтийг уншчихаад, МоАХ-ны цагаан байранд яваа мэт ганцаараа алхаж байв. Энэ өдөр гайт коронагаас болоод олон мянган партизанууд хуран цугларч чадсангүй.
Харин цахимаар болон биеэр уулзсан цөөн гишүүдийн хувьд дарга цэрэг, өнгө мөнгөний ялгаа харагдсангүй. Яг л 30 жилийн өмнө бие биенээ танихгүй залуус ардчилсан үзлийн дор хуран чуулж байсан тэр өдөр санагдана. Тэр эдгээр хүмүүс орон нутагтаа эцэг, эхийн нэрээр овоглодог байсан бол өнөөдөр ардчиллын гэсэн овогтой болжээ. Партизанууд дахин хэзээ ингэж цуглаж, хөөрөхийг хэн ч мэдэхгүй. Харин дахин цуглах үед хэд нь хорвоогоос хальсан байх нь тэдний харуусал. Ардчиллын ачаар өнөөдөр амьд байгаа нь гэрэл зургаа үр хүүхдүүддээ үлдээнэ. Харин анхны хуралд оролцсон ч зураг ч үгүй үлдсэн партизанууд тэдний зүрхэнд л үлдэнэ.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"