Look Mongolia группийн захирал Т.Баттулгатай уулзаж ярилцлаа.
-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу. Ямар чиглэлийн бизнес эрхэлж, ямар төсөл хөгжүүлж байна вэ?
-Намайг Төмөрдашийн Баттулга гэдэг. Миний хувьд бизнесийн салбарт тэр дундаа аялал жуулчлалын салбарт олон жил ажиллаж байна. Оюутан байхаасаа тухайн үеийн Жуулчин компанийн орчуулагч, дараа нь худалдаа маркетингийн менежер хийж, сүүлд нь компанийн гүйцэтгэх захирал гэдэг албыг хашиж байгаад өөрийн бизнесээ эхэлсэн. Хувийн бизнесээ хийгээд 15 орчим жил болж байна. Өмнө нь бий болгосон туршлага, харилцаа сүлжээндээ тулгуурлан аялал жуулчлалын бизнес хийсэн. Аялал жуулчлалаас гадна гадаад худалдаа, үйлчилгээ зэрэг бизнесийн үйл ажиллагаа явуулж байна.
Бас Бразил улсын өргөмжит консулаар ажилладаг. Нийгэм, улс төрийн ажилд идэвхтэй оролцож байна. Монгол оронд тэр дундаа төрж өссөн Ховд аймагтаа манайд сүүлийн үед гажуудаад байгаа, сорилттой тулгараад байгаа ардчилсан үзэл санаа, эдийн засгийн эрх чөлөө, эрх тэгш байдал, хуулийн засаглалыг хамгаалах дархлаажуулахад хувь нэмэр оруулахын тулд их цаг гаргаж ажиллаж байна.
-Бизнесийн салбарт 15 жил болсон компани аль хэдийн хөл дээрээ зогсч өргөжин тэлэх нь гарцаагүй. Ингэж жам ёсны хөгжлөөрөө явахад саад бэрхшээл байна уу?
-Өнөөдөр дэлхий нийтэд түгсэн аюултай вирусийн тархалтаас болж бизнесийн олон байгууллагууд хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарч байна. Ямар шийдэл байж болохыг олон талын оролцоотойгоор төр засгийн манлайлал дор тодорхой төлөвлөгөө гаргаж ажиллах ёстой байх. Эдийн засгийн тэгш шударга өрсөлдөөнтэй орчинд бизнесийн байгууллага зөв замаар өсч хөгждөг, боловсон хүчнээ ч хөгжүүлдэг. Ийм хүний хөгжил, бизнесийн хөгжил нь улсын хөгжил шүү дээ. Сүүлийн жилүүдэд Монголд шударга өрсөлдөөний нөхцөл байдлыг үнэндээ устгачихлаа. Учир нь хамгийн эрх мэдэлтэй улс төрчид бизнес хийдэг болсон. Эрх мэдлээрээ энэ улсын баялаг болгоныг цөлмөж байгаа улс төрчдийн хувийн бизнест сонгодог бизнесийн хөгжилд хэрэгтэй менежмент, боловсон хүчний ур чадварын хөгжил биш харин цэвэр улс төрийн эрх мэдэл нь амин чухал шүү дээ.
Түүнээс гадна, бизнесийн байгууллагуудад сайдын дүүтэй тендерт өрсөлдөөд, эсвэл ЖДҮ сангийн тэрбумын дэмжлэгтэй УИХ-ын гишүүдийн хувийн компаниудтай өрсөлдөхөд хэцүү. Би бизнес эрхэлж ирсний хувьд энэ байдлыг нэн түрүүнд засах ёстой гэдгийг л маш сайн ойлгож авсан. Манай улсын эдийн засгийн хэмжээ харьцангуй жижиг учраас олон зүйл төрөөс хамааралтай, өлөн дарга нар хаана ямар ашиг, их баялаг, цавчаа байгааг маш соргог олж хардаг. Гайгүй бизнес эрхэлж байгаа бүрийг эрх мэдэлтнүүд анхааралдаа авчихдаг. Төрийн болон төрийн өмчит томоохон уул уурхайн компаниудын худалдан авалт ч аж ахуйн нэгжүүдийн борлуултад томоохон хувийг эзэлдэг. Тэнд шударга ёс байдаггүй.
-Энэ ямар сөрөг талтай вэ?
-Хамгийн гол нь эдийн засгийн шударга тэгш орчин байхгүй бол манай улс хөгжихгүй. Харвардын их сургуулийн хоёр эрдэмтэн хөгжихгүй байгаа улс орон бүрийг судлаад, “Улс орнууд яагаад сүйрдэг вэ” гэсэн нэртэй судалгааны бүтээл гаргасан байна. Тэдгээр орнууд бүгд том жижиг, байрлал, нөөц, тогтолцоо, хэл соёл өөр өөр ч ганц нийтлэг асуудал нь эрх мэдэлтэй хүмүүс эдийн засаг бизнесийн орчныг гартаа авсанд байдаг аж. Тэр хүмүүс эрх мэдлээ өөрийн амин хувийн эрх ашигт ашигладаг болохоос биш хүмүүсийн итгээд өгсөн эрх мэдлийг иргэдийн амьдралыг өөд нь татахад зориулахгүй байгаад л гол асуудал байдаг юм байна. Манай нөхцөл өнөөдөр ийм л байгаа.
Ийм байдлаар манай улс цаашид явбал хэчнээн байгалийн баялаг, боломж байсан ч урагшлахгүй. Манайхан тоо, өсөлтийн хувь ярих их дуртай. ДНБ-ний хэмжээ өндөр хувьтай байна, гадаад худалдаа өслөө, экспортын хэмжээ нэмэгдлээ гэдэг. Эдийн засаг өсөлттэй гарч, нүүрсний экспорт нэмэгдэж зэсийн үнэ өссөн ч тэр өсөлт иргэдэд ирэхгүй байна. Тийм учраас манай улсад орох валютын орлого нэмэгдээд байгаа атлаа ядуурлын хувь өсөөд, иргэд улам ядуураад байгаа юм. Бизнесүүд тэгш хөгжиж, бүтээмж нь дээшилж, цалин орлого нь өсч байж монголчуудын амьдрал жигд дээжилж байж эдийн засгийн өсөлт хүмүүст хүрнэ.
Монголын компаниудын дундаж цалин 300 доллар хавьцаа байдаг. Хөгжилтэй орнуудад ямар ч баялагтай баялаггүйгээс үл хамааран сарын цалингийн 3000-4000 доллар хүрдэг. Энэ бол цэвэр хөдөлмөрийн бүтээмжийн ялгаа. Манай бүтээмжийн хөгжил 10 дахин хоцрогдсон байна. Эдийн засгийн өрмийг эрх мэдэлтнүүд хулгайлж байсан цагт ДНБ-ийн өсөлт жирийн иргэний амьдралд нэмэр болохгүй, шударга орчинд хөгждөг технологи, ноу хау, бүтээмж өсөхгүй.
-Төрд оролцохгүй юм алга гэж бизнесийнхэн ярьдаг. Төр юунд оролцох хэрэгтэй бас юунд оролцохгүй байх ёстой вэ?
-Төр бол татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж ажиллаж байгаагийн хувьд татвар төлөгчиддөө үйлчлэх үүрэгтэй. Иргэний амгалан тайван амьдрах орчныг бүрдүүлэх нь төрийн үүрэг. Бизнест хяналт, стандарт, норм журам сахиулах нь төрийн үүрэг, бас эрх мэдэл мөн. Бизнес ч төрөөс тогтоосон шударга нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй. Эдийн засгийн хөгжлийн стратегийн хувийн хэвшилтэй хамтраад зөв тодорхойлоход төр оролцох хэрэгтэй. Өөрөөр олон зүйлд хутгалдах хэрэггүй. Харин ирээдүйн татвар төлөгчдөө бэлдэж, татварын бааз сууриа өргөжүүлж, иргэдээ аль болох ажил орлоготой болгохын тулд шинээр гарч байгаа бизнес бүрийг дэмжих нь зөв гэж боддог. Татварын тодорхой хөнгөлөлт, дэмжлэг байж болно. Монгол Улсын хэмжээнд нийт 150 мянга орчим ААН бүртгэлтэй байдаг. Үүнээс 50 хувь нь үйл ажиллагаа явуулж, нийт аж ахуйн нэгжийн 10 хүрэхтэй үгүйтэй хувь нь л хөл дээрээ тогтож, тогтвортой ажиллаж байгаа судалгаа байна. Дийлэнх нь өөрийгөө аргацаасан байдалтай өсөлт хөгжил ч байхгүй гэж хэлж болохоор. Шинэ компаниуд старт апууд эхлэлийн үедээ өрсөлдөөнөөс гадна, төрийн дарамтыг тэсч үлдэж чадахгүй байна.
Монголд ЖДҮ-ийн сан, тариалангийн сан гэх мэт сангуудаар бизнесийг дэмждэг гэж ярьдаг. Үнэндээ огт бизнесийг дэмжээгүй, эрх мэдэлтэй улс төрчдийн хулгай хийх хэрэгслүүд болсон. Эрүүл нийгэмд ийм зүйл илрэхгүй бол илрүүлэх гэж хэвлэл мэдээлэл, олон нийт соргог байх ёстой. Харин илэрсэн бол ийм хэрэгт холбогдосон улс төрчид улс төрөөс эгнэгт явж, гэмт хэрэгтээ таарсан хариуцлага хүлээх ёстой. Гэтэл манайд ийм биш байгаа нь ямархуу шударга бус нийгэм бий болсны тод жишээ. Дээрх сангууд улс төрчдийн гар хөлд өртөхгүй зарим бизнесийг өөрийн шулгуураараа тэрбум тэрбумаар дэмжлээ ч гэсэн энэ нь бас тэгш бус байдал үүсгээд байдаг. Ер нь эдийн засгийн салбарын зарим бизнесийг бусдаас нь илүүтэй дэмжих нь зөв бодлого биш. Тийм учраас шинэ аж ахуйн нэгж болгоныг жигд дэмж гэдэг санааг би хэлж байгаа юм. Шинээр байгуулагдаж байгаа ААН цаашид амжилтад хүрэх эсэхийг тодорхойлох хугацаа нь эхний гурван жил байдаг. Энэ хугацаанд л тодорхой бодлогоор бодитой дэмжих хэрэгтэй. Тухайлбал ААНОАТ-аас чөлөөлж, НДШ-ийн тодорхой хувийг хөнгөлж болно. НӨАТ-ын босгыг 100-200 сая болгож болно. Шинэ бизнесийг дэмжих инкубатор төвүүдийг бий болгох хэрэгтэй. Боловсон хүчнийг нь сургаад өгсөн ч болно. Түүнээс гадна ЖДҮ-ийн сан нь төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотой байх хэрэгтэй. Дандаа шинэ бизнесүүдэд, үйл ажиллагааны чиглэлд нь тохируулаад гарааны маш хөнгөлттэй зээлийг олгох хэрэгтэй. Гурван жилийн дараа хөл дээрээ зогсоод авбал сая жинхэнэ татвар төлөгч болно, хангалттай олон ажлын байр бий болгох боломжтой болно. Ингэснээр ирээдүйн том боломжийг улсдаа ч, иргэддээ ч үүсгэх боломжтой.
Нөгөө талаар Монгол Улсын хөгжлийн стратеги гэхээр зүйл алга байна. Майкл Портер гэж ОУ-ын хөгжлийн стратегийн судлаач хүн байдаг. Энэ хүний “Үндэстнүүдийн өрсөлдөх чадвар” гэдэг ном дэлхийн олон орны хөгжлийн стратегийн онол болдог. Энэ хүн дээр дурдсан шиг хөгжөөгүйг нь биш харин хөгжсөн орнуудыг судалсан. Энэ дунд БНСУ, Швейцарь, Итали, ХБНГУ, Сингапур гэх мэт харьцангуй өндөр хөгжилтэй орнуудыг судлааад кластерийн хөгжлийн давуу талыг тодорхойлсон. Нэг салбарт үйл ажиллагаа явуулдаг тодорхой байгууллагууд тодорхой газар нутагт төвлөрснөөр бие биеэ нөхөж, дэмжиж хөгждөг юм байна. Өөрөөр хэлбэл, нэг газар байгаа нэг бизнес нөгөө бизнесийнхээ ханган нийлүүлэгч, нөгөө талаар зах зээл нь болдог. Тэр салбарт хамаатай бүхэн нэг бүс нутагтаа төвлөрч хөгжиж байгааг кластерийн хөгжил гэдэг. Судалгаа боловсролын төвүүд ч тэр чиглэлд ажилладаг. Нэг төрлийн үйл ажиллагаа явуулдаг учраас боловсон хүчний хувьд сэлгэдэг. Итали улс тухайлбал дэлхийд ямар зүйлээр дэлхийд танигдсаныг бид мэднэ. Италид дэлхийн хамгийн чанартай гутал хийдэг. Швейцарьт банкны систем хамгийн тогтвортой, найдвартай, үүнээс гадна дэлхийн хамгийн чанартай цагны 50 гаруй хувийг хангадаг. Солонгос улсад ч мөн автомашин, усан онгоцны үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүр ордог. Манайх жижиг орон учраас улсдаа, цаашлаад бүс нутаг бүрдээ тодорхой салбараар кластерийн хөгжлийн стратеги хамгийн тохиромжтой. Тэр бүс нутгаас гарсан бүтээгдэхүүнүүд дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй, дэлхийн зах зээлд гарч болно.
-Монголын хувьд ямар салбарууд гэж та харж байна?
-Монгол Улс эдийн засгийн хувьд жижиг учраас Хятад шиг бүх үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагагүй, АНУ шиг бүх салбарт өрсөлдөх хэрэггүй. Улс орны өрсөлдөөний давуу тал байгалийн баялаг, цаг уурын онцлог, газар зүйн байрлал, соёлын онцлог гэх мэт олон хүчин зүйлс байдаг. Үүнд нийцсэн өрсөлдөөний стратегийг тодорхойлж, улс дотроо тодорхой бүс нутгаа кластер болгох хэрэгтэй гэж боддог. Газар тариаланг аваад үзье л дээ. Үр тариа Сэлэнгэд ургах илүү боломжтой бол хүнсний ногоо, жимс жимсгэний кластер Ховдод илүү хөгжиж боломжтой гэх мэт. Эргэн тойронд нь бизнесийг нь дэмжсэн кластерийг орчин бүрдүүлэхийг бодлогоор дэмжих хэрэгтэй. Нэг хэсэг нь тариалалт хийж, нөгөө хэсэг нь бордоо нийлүүлдэг, нэг хэсэг нь бүтээгдэхүүнийг боловсруулж эцсийн шатны бүтээгдэхүүн хийж экспортолдог ийм уялдаатай бизнесийн бүтэц бүтээмжийг сайжруулж, дэлхийн зах зээлд гарах боломж олгоно. Жишээ нь ХБНГУ-ын Хайдельберг мужид дарсны том кластер байдаг бол АНУ-ын Калифорни мужид цахиурын хөндийд технологийн салбар өндөр түвшинд хөгжсөн байдаг.
-Дангаараа үйлдвэрлэл явуулахад бүтээгдэхүүний өртөг нь нэмэгддэг. Тэгэхээр бүх зүйлийг хийх нь зөв үү эсвэл том зүйлийн жижиг хэсгийг хийх нь зөв үү?
-Итали улс гутлын үйлдвэрлэлийн давуу талтай байгаа нь нэгдүгээрт өртөг байна. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэр хажуунаасаа бүх орцын материалаа авч байгаа. Мөн гутал үйлдвэрээс гарахад цааш нь брэндинг хийх худалдааны компани ч байна. Энэ бүтэц нь үйлдвэрлэл хөгжих бүх нөхцөлийг нь хамгийн сайн бүрдүүлж өгдөг.
Манайд мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх кластер нэг аймагт хөгжиж болно. Жишээ нь баруун бүсэд арьсан бүтээгдэхүүний үйлдвэр байлаа гэхэд арьс шир боловсруулахад шаардлагатай бодис, түүхий эдийг бэлддэг үйлдвэр байх хэрэгтэй. Ийм нөхцөл бүрдүүлэх нэгдсэн бодлого дутагдаж байна. Говийн бүсэд уул уурхайн ханган нийлүүлэлтийн кластерийг бодлогоор дэмжиж, бүс нутгаараа хөгжүүлж болно. Мөн Хөвсгөл аймаг гэхэд аялал жуулчлалын кластерийг боловсруулах боломжтой. Тэр бүсэд тодорхой чиглэлийг тодорхойлж байгаад бизнесийн байгууллагуудад нөгөө татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх бодлогоо хэрэгжүүлж болно. Боловсон хүчнийг бэлтгэх мэргэжлийн сургалтын байгууллагуудыг ч тэр бүс нутагт нь байгуулах хэрэгтэй
-Хятад гэдэг маш том үйлдвэрлэгч орон хажууд байхад Монгол Улсад үйлдвэрлэл хөгжүүлэх нь оновчгүй гэдэг хүмүүс бий. Тиймээс Монгол хүн оюун ухааны салбарт ажиллая гэх мэт зүйлс мөн ярьж байна?
-Оюун ухаан зарна гэж тодорхой бус зүйл ярих нь бодлого биш. Монголд уул уурхайгаас гадна хэд хэдэн салбарт давуу тал байгаа. Нэгдүгээрт, Мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Манай улсаас 20 дахин жижиг газар нутагтай Уругвай улс 30 сая малтай. Гэхдээ мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортоос олдог орлого нь манайхаас 40-50 дахин илүү. Шинэ Зеланд, Австрали мах, сүү, ноосны чиглэлээр дэлхийн зах зээлд гол тоглогчид. Давуу тал дээрээ сууриалаад эдгээр улсуудтай өрсөлдөж яагаад болохгүй гэж. Хоёрдугаарт, эрчим хүчний үйлдвэрлэлийн давуу талтай. Манай улс ОХУ-аас эрчим хүч авч байна. Манай улс цахилгаан эрчим хүчний импортлогч биш экспортлогч орон байх ёстой. Манайд эрчим хүч гаргаж болох бүх нөөц байна, уламжлалт нөөц нүүрс, нефть нь байна. Уламжлалт бус сэргээгдэх эрчим хүчний нөөц нар, салхи, усны эрчим хүч гаргаж авах боломж ч байна. Өндөр технологиор хамгийн өртөг багатай эрчим хүч үйлдвэрлэх боломжтой уран хүртэл Монголд байна. Гуравдугаарт, Монголд аялал жуулчлалын салбарт том нөөц байна. Асар өргөн уудам нутагтай. Нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан гайхамшигтай соёлын уламжлалтай ард түмэн. Гагцхүү Монголд ирэх бололцоо нь хязгаарлагдмал, үнэтэй байна. Үүнийг чөлөөтэй болгомоор байна. Агаарын тээврийн салбарт либералчилж, чөлөөт өрсөлдөөний орчин бүрдүүлж байж, агаарын тээврийн үнэ багасна, жуулчид ирэх суудлын тоо нэмэгдэнэ. Өнөөдөр барууны аялал жуулчлалын гол зах зээлүүд, жишээлбэл, Английн Лондоноос хоёр дахин хол байдаг Сидней орохоос Улаанбаатарт ирэх нь хамаагүй үнэтэй байна.
-Уул уурхай хөгжүүлээд аялал жуулчлалын салбарыг хаячихсан гэдэг. Аялал жуулчлалын талаар ярихад шороон замаар 300 км давхиад үзүүлэх юм байхгүй гэж хэлдэг. Үнэхээр байхгүй юу?
-Үүнтэй би санал нийлдэггүй. Монголд ирье гэсэн олон хүн байдаг. Хүмүүс зугаа цэнгэл хөөхөөс илүүтэйгээр өөрийгөө хөгжүүлж, боловсруулахад анхаардаг болсон. Шинийг үзэж, нүд тайлах, хүн төрөлхтний өв соёлоор өөрийгөө боловсруулах гэсэн орчин үеийн аялагчид Монгол бол маш тохиромжтой аялал жуулчлалын зорих газар. Заавал нэг том цамхаг, хөшөө дурсгал байх албагүй. Манай байгалийн үзэмж бусдаас өөр, соёл маань өвөрмөц байгаа нь л татах хүч. Харин жуулчин шийдвэр гаргахад нөлөөлж байгаа зүйл бол яалт ч үгүй үнэ өртгийн асуудал байна. Манайд ирэх нь өндөр хөгжилтэй орнууд руу явахаас илүү үнэтэй тусдаг учраас хүмүүст шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлдөг. Агаарын тээврийн үйлчилгээ хязгаарлагдмал, МИАТ руу өндөр үнэтэй байдаг. Монголчууд ч өөрсдөө үнэтэй байгаа талаар гомдоллодог. Төрийн өмчийн компани учраас түүнийгээ хамгаалахын тулд гадны компаниудад бага үнээр чөлөөтэй нислэг хийхийг зөвшөөрдөггүй. Долоо хоногт хийх нислэгийн квот өгдөг. Энэ квотод баригдаж цөөн нислэг хийдэг. Цөөн учраас эрэлт ихтэй. Эрэлт ихтэй газар үнэ өндөр л байдаг. Ингэж МИАТ гэдэг төрийн зомбиг амьд байлгахын тулд аялал жуулчлалын салбарт саад болсон бодлого явуулдаг. Үндэсний агаарын тээврийн компани нь хөгжилд туслагч биш харин саад бологч болоод байна.
-Монголд төрийн өмчийн олон компани байдаг. Гол гол салбаруудад төрийн өмчийн компаниуд суусан хэрнээ дандаа алдагдалтай ажилладаг. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-Төр бизнес хийж болохгүй. Төрийн үүрэг бол хууль тогтоох, түүнийгээ сахиулах, батлан хамгаалах, иргэдээ гэмт хэргээс хамгаалах, эрүүл мэндийг хамгаалж, боловсролд хамруулах, ая тухтай аюулгүй орчинд амьдрах боломжийг баталгаажуулах үүрэгтэй. Төр бизнес хийх шаардлагагүй. Учир нь төрийн өмчийн аж ахуйн менежмент улс төржсөн учраас үр ашгийн зорилт гол зүйл биш болдог. Хоёрдугаар өмч эзэнгүйддэг. Төрийн өмчийн аж ахуйн нэгж тэгш биш байдал үүсгэж хөгжилд саад болдог. Тийм учраас эдийн засагт нэмэр болохоосоо нэрмээс болдог төрийн өмчийн бизнесийг яаралтай татан буулгах эсвэл хувьчлах арга хэмжээ авах хэрэгтэй. Төр бизнес хийхийг бүр мөсөн зогсоох ёстой гэж боддог.
-Хувийн бизнесийн компанид ажиллаж байгаа хүмүүс цалин бага, төрөл бүрийн нийгмийн халамж олгодоггүй гэдэг учраас төрд орох гээд зүтгэдэг болж. Энэ талаар?
-Цалин бага байгаагийн гол шалтгаан бол манай үндэсний бүтээмжийн түвшин муу байгаагийнх. Хөгжилтэй орнуудын бүтээмж хөгжилгүй орнуудын бүтээмжээс хэдэн арав дахин их. Өмнөд Солонгост нэг үйлдвэрийн ажилтан нэг цагт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний үнэ цэн 100-200 доллароор үнэлэгдэж магадгүй. Тиймээс компани бусад зардал, ашгаа тооцоод 20, 30 доллар өгч болно. Гэтэл Монголд тийм хэмжээний бүтээмж гаргаж чадахгүй байна. Цүнх үйлдвэрлэлээ гэхэд материал нь өртөг өндөртэй борлуулалт нь бага байдаг. Бүтээмж бага учраас тэр ажилтан цагт 20 000 төгрөгийн бүтээмж гаргаж 5000 төгрөгийн цалин авч байна. Сууриараа буюу эдийн засгийн хэмжээнд бүтээмжийг өсгөх том стратеги байх ёстой.
-Тэгэхээр Монгол хүний үнэлэмжийн тухай яриа болно. Монгол залуус гадаад руу ажил хийхээр олноороо гардаг. Эх орондоо байя гэхээр цалин орлого бага гээд асуудлууд байна. Тэгсэн хэрнээ манай улс гаднаас ажиллах хүчин авдаг...?
-Бүтээмж бага байгаа учраас Солонгосын эсвэл АНУ-ын хэмжээний цалинг өгч чадахгүй байгаа. Чадварлаг, ид залуу насны хүмүүсээ Монголд ажиллуулж, бүтээмжийг сайжруулахын оронд гадагш нь экспортлохыг дэмжих бодлого явуулаад байна. Зам барилга, уур уурхайд ажиллах хүмүүсийг гаднаас оруулж ирээд байна. Зах зээлийн эрэлтэд нийцсэн боловсон хүчнээ өөрсдөө бэлдэж, өөрсдийн орны залуусаа ажлаар хангах нь нэн тэргүүний зорилт байх ёстой. Манай боловсон хүчний бодлого, боловсролын систем алдаатай байна. Монголд 200 мянга гаруй залуучууд дээд сургуульд сурч байна. Гол нь зах зээлийн эрэлтэд нийцэж байна уу гэдэг асуудал байна. Залуучуудын дийлэнх Монголд хөгжих боломжтой, хөгжиж байгаа үйлдвэрлэлийн салбарт хамгийн үнэ цэнтэй гэсэн мэргэжлийг эзэмшиж болно. Уул уурхайд ажилладаг механик, мастер, өрмийн инженерүүд дээд сургууль төгссөн хүмүүсээс хэдэн арав дахин өндөр цалин авч байна. Дээр нь, хүрэлцээ муутай тул гаднаас ч ирүүлж байна. Зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтнүүдийг бэлдээгүйгээс болж байна..
-Эдийн засгийг солонгоруулна л гэдэг, жижиг дунд үйлдвэрийг дэмжинэ гэх мэтээр өөр өөр бодлого яригддаг. Та үүнийг хэрхэн харж байна?
-Монгол улсад эдийн засгийг хөгжүүлэх ямар ч бодлогогүй явж ирсэн, хүн бүхэн ам амандаа орсноо л ярьдаг, засгийн эрхэнд гарсан намууд өөр өөр зүйл ярьдаг. Зарим улс төрчид нь зүүдлээд хоносон болов уу гэмээр гаж зүйл ч ярьдаг. Старт апуудыг дэмжих нь зөв, бүгд уул уурхайд ажиллах боломжгүй учраас бусад салбарыг хөгжүүлэх нь зөв. Хүлээн зөвшөөрөгдөхүйц зөв бодлого, түүнд нийцсэн стратеги байвал, түүнийгээ улам хөгжүүлэх тухай илүү ярих байх аа. Бид бусдаас өөр цоо шинэ онолоор хөгжинө гэж байхгүй. Дэлхий дахинд туршигдсан, амжилтаар нотлогдсон, дээр дурдсан Майкл Портерын кластержсан хөгжлийн стратегийг үндэсний онцлог, давуу талд суурилан хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй болов уу.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"