Бэлчээрийн даацад малын тоог нийцүүлэх боломж
Аливаа улс нийгмийн анхдагч нэгж болсон өрхийг өөд нь татаж, улмаар улс орныхоо эдийн засгийн өсөлтийг хангадаг билээ. Тэгвэл манай орны нийт өрхийн 34.1 хувь нь хөдөө орон нутагт оршин сууж байгаа бөгөөд тэдний амьжиргааны гол эх үүсвэр нь бэлчээрийн мал аж ахуй хэвээр байна. Өнөөдөр мал аж ахуйг тогтвортой хөгжүүлж, малчдын амьжиргааг сайжруулахад тулгамдаж буй нэг чухал асуудал бол яах аргагүй бэлчээрийн менежмент юм.
Монгол Улсын мал аж ахуйн хөгжлийн тулгуур хүчин зүйл нь бэлчээр бөгөөд түүнийг хэрхэн хамгаалж, сайжруулж ашиглахаас тус салбарын эцсийн хувь заяа шалтгаална. Манай орны бэлчээрийн талбайн хэмжээ хотжилт, үйлдвэржилт, уул уурхайн хөгжлийг дагаад жилээс жилд буурах хандлагатай байна. Тухайлбал, 1945 онд 130.0 сая га, 1964 онд 122.1 сая га, 1989 онд 122.7 га, 2008 онд 113.3 сая га, 2019 онд 110.5 сая га болж буураад байна.
Манай улсын бэлчээр, хадлангийн талбайн хэмжээ нь зах зээлийн эдийн засагт шилжих үе буюу 1989 онтой харьцуулахад 12.2 сая га-гаар (9.9 пунктээр) буурчээ.
Шилжилтийн 30-аад жилийн хугацаанд Монгол Улсын мал сүргийн тоо бараг гурав дахин, 100 га бэлчээрт ногдох малын тоо буюу бэлчээрийн ачаалал 2.3 дахин, малчдын тоо 2.2 дахин, малчдын тоо 20-иод хувиар тус тус өссөн байна.
Эдгээр тоо баримт нь богино хугацаанд манай орны бэлчээрийн ачаалал асар их нэмэгдсэнийг харуулах нотолгоо мөн.
Цаашид бэлчээрийн даацад нийцүүлэн дотоодын хүнсний хэрэгцээнээс илүү гарсан малын махыг боловсруулан экспортод гаргах нөөц боломжийг бүрэн ашиглах шаардлага тавигдана.
Хүн амын махны дотоод хэрэглээ болон экспортлох махны жил бүрийн хэрэгцээг хангаад үлдэж буй малын тоо, бүтэц нь сүргийн нөхөн үйлдвэрлэл явуулах хэвийн байдлыг хангах ёстой. Малын тооны болон мах үйлдвэрлэлийн өсөлтийг хязгаарлах үндсэн хүчин зүйл бол бэлчээрийн даац мөн.
Бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглах нь бэлчээрийн ургамлын нөхөн сэргэж ургах нөхцөлийг муутгаж, улмаар бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжилд саад учруулна. Иймд жил бүрийн малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх нь хамгийн чухал асуудал мөн.
Бидний судалгаагаар, бэлчээрийн даацад нийцэх малын тоо дунджаар зун-намрын улиралд 46.7 сая толгой мал, өвөл-хаврын улиралд 32.8 сая толгой мал байх боломжтой юм. Ийм тооны малтай байхад бэлчээрийн төлөв байдлыг алдагдуулалгүй мал аж аж ахуйг урт хугацаанд тогтвортой авч явах болно гэж үзэж байна. Энэ хоёр улирлын бэлчээрийн даацад нийцэх малын тооны зөрүү буюу 14.0 саяас доошгүй малыг жил бүр эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай. Тухайн жилийн байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалж мал сүргийн тоо, бүтэц дээрх хэмжээнээс хэлбэлзэх нь ойлгомжтой.
Тухайн жилийн цаг уурын нөхцөл байдалд нийцүүлэн өвөлжих малын тоог тохируулж байвал хохирлын хэмжээг ихээхэн бууруулах боломжтой юм. Үүний тулд тухайн жилийн бэлчээрийн даац, зуншлага, өвөл-хаврын улирлын цаг агаарын урьдчилсан төлөв, малын тоо толгойн холбогдолтой мэдээ, мэдээлэлд нарийн шинжилгээ хийж зохицуулалтын шинжтэй шийдвэр гаргаж болно.
Харин өвөл-хаврын цаг их хүндрэх мэдээ баттай болсон үед өнтэй жилийн зун-намрын малын тоог 40 хувь хүртэл, хэвийн жилийнхийг 30 хувь хүртэл хувийг хэрэглэх замаар цаг уурын эрсдэлийн сөрөг нөлөөг ихээхэн бууруулах боломжтой юм. Зураг 1-д манай орны бэлчээрийн даац, түүнд малын тоог нийцүүлэх боломж, арга замыг харуулсан байна.
Малын хорогдол ихэвчлэн өвөл, хаврын цагт гардаг учир бэлчээрийн даацыг өвөл-хаврын цагт тухайн аймаг, сумын нутагт хамгийн бага хорогдолтой байхаар тооцож даацнаас илүү гарсан малыг эдийн засгийн эргэлтэд оруулж байх нь тухайн аймаг, сумын шийдвэр гаргагчид, малчдын бодлого байх нь зохимжтой.
Цаашид мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангахын тулд малын тоо, бүтцийг бэлчээрийн даацад нийцүүлэх арга механизм, менежментийг бүрдүүлэн улс, аймаг, сум, малчин өрхийн түвшинд хэрэгжүүлэх, хот, суурин газрын орчимд боломжтой бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хослон хөгжүүлж, мал сүргийг аль болох өсвөр насанд маханд нийлүүлэх нь зүйтэй байна. Бэлчээрийн менежментийг ашиглан бэлчээр, тэжээлийн хангамжийг сайжруулахын хамт малын хэрэглээг зохистой удирдах замаар бэлчээрийн даацыг тохируулж болно.
Бэлчээрийн менежментэд оролцогч талуудын оролцоог хэвшүүлэх нь
Ер нь орон нутгийн төрийн болон малчдын байгууллагудын бодлогын нийтлэг эрх ашиг нь хүрээлэн буй орчин бэлчээр, ус болон байгалийн бусад нөөцийг зөв зохистой ашиглах, хамгаалах, үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг дэмжих замаар иргэд, малчдын амьжиргааг дээшлүүлэхэд оршдог билээ. Харамсалтай нь өнөөдөр оролцогч талууд нь тал тал тийшээ харсан, бодлого, үйл ажиллагаа нь нэгдмэл бус байна. Ялангуяа, орон нутгийн түвшинд сумын эдийн засгийн гол тулгуур болсон мал аж ахуйн хөгжил, бэлчээрийн менежментэд улс төрийн шинжтэй тулга тойрсон арга барил давамгайлсаар иржээ.
Тэгвэл бидний санал болгож буй үзэл баримтлалын дагуу энэхүү бодлогын төвд нь малчид байх ёстой. Малчид хариуцлагатай байж уг бодлого үр дүнтэй хэрэгжиж, бизнесийн сэтгэлгээтэй чинээлэг малчин төлөвшинө.
Бодлогын хэрэгжилтэд оролцох I түвшинд малчдын өөрсдийн үүсгэл санаачилгын байгууллагууд: Сумын бэлчээр ашиглагчдын холбоо, Малчдын бүлэг, Бэлчээр ашиглагчдын хэсэг, Малчдын бэлтгэн нийлүүлэлтийн хоршоо, Мал аж ахуйг эрсдэлээс хамгаалах сан, Хадгаламж зээлийн хоршоо, Байгаль хамгаалах нөхөрлөл багтана. Малчдын эдгээр байгууллагууд хоорондоо нягт холбоотой, тогтвортой үйл ажиллагаа явуулбал амжилтад хүрнэ. Энэ талаар хойно дэлгэрэнгүй өгүүлэх болно.
II түвшинд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд: Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Багийн иргэдийн нийтийн хурал, Төрийн захиргааны байгуулага, ажилтнууд: Сумын Засаг даргын тамгын газар, Багийн засаг дарга, Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн тасаг, Сум хөгжүүлэх сан, газрын даамал, Байгаль орчны байцаагч, сургууль, цэцэрлэг зэрэг төсөвт байгууллагууд, Мэргэжлийн байгууллагууд: Мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгж, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, хувийн хэвшлийнхэн: үйлдвэр, аж ахуйн нэгжүүд болон холбогдох төрийн бус байгууллагууд: сумын бусад ТББ-ууд хамрагдана. Эдгээр байгууллага, оролцогч талуудын зорилго нь үндсэндээ нэг байгаа тул үйл ажиллагаагаа сумын хэмжээнд нэгдмэл, уялдаатай байж үр дүнтэй байх болно.
III түвшинд аймаг, улсын хэмжээнд мал аж ахуй, бэлчээрийн менежментийн талаар чиг үүрэг гүйцэтгэдэг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Аймгийн Засаг даргын тамгын газар, Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Аймгийн Мал эмнэлгийн газар, Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар, Орон нутгийн хөгжлийн сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Олон улсын төсөл, хөтөлбөрийн нэгжүүд, Аймгийн үйлдвэр, аж аж ахуйн нэгж, Аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, холбогдох ТББ-ууд орно. Бэлчээрийн менежментэд улсын болон аймгийн түвшний эдгээр оролцогч талууд өөрсдийн чиг үүргийн хүрээнд аймгийн хэмжээнд бэлчээрийн тогтвортой менежментийг хэвшүүлэх, малчдын орлого, амьжиргааг дээшлүүлэхэд чиглэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэхийн зэрэгцээ I ба II түвшний санал, санаачилгыг дэмжиж, тэдэнтэй хамтран ажиллах шаардлагатай байна.
Малчдын үүсгэл санаачилгын байгууллагуудын оролцоо
Сумын түвшинд бэлчээрийн менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх болон малчдын орлогыг нэмэгдүүлэхэд холбогдох хуулийн дагуу үүрэг хүлээсэн төрийн байгууллагуудаас гадна малчдын өөрсдийн үүсгэл санаачилгын байгууллагуудыг цогц байдлаар үүсгэн хөгжүүлж, тэдгээрийн тогтвортой үйл ажиллагааг төлөвшүүлэх нь ихээхэн ач холбогдолтой.
Сүүлийн 30-аад жилд гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрүүд болон малчдын өөрсдийн идэвх санаачилгын үр дүнд хуримтлагдсан бэлчээрийн менежментийн арга туршлагаас харахад малчдын үүсгэл санаачилгын дор дурдсан байгууллагууд байх боломжтой юм (Зураг 2). Үүнд:
1. Бэлчээр ашиглагчдын холбоо;
2. Малчдын маркетингийн хоршоо;
3. Малчдын хадгаламж зээлийн хоршоо;
4. Мал аж ахуйн эрсдэлийн сан.
Эдгээр байгууллагууд нь тус тусын зорилго, чиг үүрэгтэй бөгөөд хэрэв тухайн сумд иж бүрэн цогц байдлаар, бас тогтвортой үйл ажиллагаа явуулахгүй бол үр дүнд хүрэхгүй. Тухайлбал, Бэлчээр ашиглагчдын холбоо нь малчид бэлчээрийг хамтарч зөв зохистой ашиглах нэгдмэл менежментийг хэрэгжүүлэх; Бэлтгэн нийлүүлэлтийн хоршоо нь малчдын үйлдвэрлэж бэлтгэсэн түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нэгдсэн журмаар үр ашигтай нийлүүлэх; Хадгаламж зээлийн хоршоо нь малчдад санхүүгийн эрэлт хэрэгцээг нь хангаж үйлчлэх; Мал аж ахуйн эрсдэлийн сан нь малчид бэлчээр ашигласны төлбөрийг сайн дурын зарчим дээр үндэслэн хуримтлал үүсгэж, түүнийг буцаагаад бэлчээрийг хамгаалан сайжруулах нийтлэг арга хэмжээнд зарцуулах чиг үүргийг гүйцэтгэж ажиллана.
Бэлчээрийн даацаас илүү гарсан малыг малчин өрх бүрээр жил бүр тодорхойлж, Малчдын маркетингийн хоршоогоор дамжуулан зах зээлд үр ашигтай борлуулж, орлогыг нь Малчдын өөрсдийн Хадгаламж зээлийн хоршоонд хадгалж өсгөн арвижуулах замаар тэдний амьжиргааг хэвийн авч явах асуудлыг малчдын үүсгэл санаачилгын байгууллагууд хэрэгжүүлнэ.
Малчдын эдгээр байгууллага нь үр дүнтэй ажиллахад хоёр гол нөхцөл шаардагдана. Нэгдүгээрт, хариуцлагатай малчдын оролцоо; хоёрдугаарт, холбогдох талуудын идэвхтэй оролцоо дэмжлэг. Хариуцлагатай малчин гэдэгт мал сүргийнхээ чанарыг сайжруулж, тоог нь бэлчээрийн даацад нийцүүлэх, нэгжээс авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бусад малчидтай үр дүнтэй хамтарч ажилладаг зэрэг үндсэн шаардлага хангасан малчныг ойлгох бөгөөд үүний зэрэгцээ дээр дурдсан өөрсдийн үүсгэл санаачилгын байгууллагуудыг үүсгэн хөгжүүлэх болон тэдгээрийн үйл ажиллагаанд сэтгэл гаргаж, тогтмол гар бие оролцдог байвал зохино. Холбогдох талуудын идэвхтэй оролцоо, дэмжлэг гэдэгт сум, орон нутгийн түвшинд ажиллаж буй төрийн байгууллагууд, сангууд, хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид болон бусад төрийн бус байгууллагуудын зүгээс малчдын орлгогыг нэмэгдүүлэх, бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа багтана.
Хэрэв малчид хариуцлагатай байж бусад оролцогч талуудын зүгээс идэвхтэй оролцож, дэмжлэг үзүүлэх талаар хамтарч чадвал нэг талаар, бэлчээрийн тогтвортой менежментийг жинхэнэ ёсоор хэрэгжүүлнэ; нөгөө талаар, мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэлийг хангана.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"