Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
М.Сарандаваа: Өнөөдрийг хүртэл Монголын төр хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллаж байгаа дүр эсгэж ирлээ

МҮХАҮТ-ийн дэд дарга байсан эдийн засагч, судлаач М.Сарандаваатай ярилцлаа.

-Коронавирусийн үеийн эдийн засгийн хямрал, төрөөс авч хэрэгжүүлж байгаа алхмуудыг яаж хүлээж авч байгаа вэ?
-ДЭМБ-аас цар тахал гэж зарласан. Улс орнууд бүгд онц байдал зарлаж, ард иргэд эрүүл мэнд, аюулгүй байдлаа сахин хамгаалах зорилго тавьж байна. Улс орныхоо эдийн засгийн чадавхыг сулруулахгүй, даван туулах томоохон шийдлүүдийг Засгийн газрууд хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын гаргасан шийдвэрт сайшаалтай хандаж байгаа ч цаг хугацаа жаахан алдлаа. Монгол Улс маань нэгдүгээр сарын сүүлээс авхуулаад хилээ хаасантай холбоотой экспортын бүтээгдэхүүн нь хоёр гурав дахин уначихсан, гол нэрийн бараа бүтээгдэхүүнийн үнэ буурсан, төсвийн алдагдлаа танахгүй байгаа нь нэрмээс болж байна. Өнөөдөр улсын төсвийн 80 хувийг татвараараа бүрдүүлдэг аж ахуйн нэгж байгууллагууд маш их алдагдал хүлээх нь тодорхой болсон. Үүнд хамгийн их өртөх нь өөртөө ажлын байр бий болгож буй иргэд, жижиг дунд үйлдвэрлэгчид болж байна.
Өнөөдөр 100 мянга гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар нийт ажлын байрны 60 гаруй хувийг бий болгож байна. Энэ хүмүүсийн бизнес зогсоод гурван сар болчихлоо. Хэрэв ажилгүйдэл нэмэгдвэл ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тооны өсөлтөөс шалтгаалсан төсвийн дарамт эргээд өснө шүү дээ. Тэр тэтгэмжээс хоёр, гурав дахин их хэмжээний мөнгийг гал хамгаалах байдлаар аж ахуйн нэгж байгууллагуудад хуваарилж байгаа нь нэгдүгээрт хожимдсон, хоёрдугаарт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд шууд нөлөөлөл үзүүлэх нь эргэлзээтэй. Эдгээр дэмжлэгүүдийг хэрхэн хэрэгжүүлэх арга нь ч тодорхой бус байна. Энэ бүхэн хямралыг даван туулъя гэхээсээ цаг зуурын арга хэмжээ болж харагдаж байна.
-Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд яг ямар арга хэмжээ авбал бодитой дэмжлэг болохоор байна вэ?
-Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хувьд хамгийн нэгдүгээрт, санхүүжилтийн асуудал бий. Бүгд зээлтэй байгаа. Зээлийн өр төлбөрт унаж, бараа бүтээгдэхүүн нь борлогдохгүй болсон. Үйлчилгээ, үйл ажиллагаа явуулдаг байрыг нь хаасан, борлуулалтгүй зогссон байна. Иргэд худалдаа хийж, үйлчилгээ авахаа больчихлоо. Ийм нөхцөлд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн шууд дэмжлэг үзүүлэх, татварын хувь хэмжээг бууруулах, зарим татварыг зогсоох, зээл төлөлтийг хойшлуулах, шууд санхүүжүүлэх нь чухал. АНУ-ын жишээг харж байна шүү дээ. Аж ахуйн нэгж байгууллагууддаа хэдэн мянган доллар өгч байна. Иргэддээ хэдийг өгч байна. Шууд санхүүжилт шаардлагатай.
-Манайд тийм эдийн засгийн боломж байгаа юу?
-Боломж байна. Он гараад 800 тэрбумын зээлээ тэглэчихлээ. Удахгүй нийт ард иргэддээ нэг их наяд 80 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах гэж байна. Энэ хоёрыг нийлүүлэхэд хоёр их наяд хүрнэ. Төсвөө тодотговол ахиад цаана нь 3,6 орчим их наяд төгрөг бий. Хангалттай мөнгө байна. Эдийн засгийн судалгаагүй, мөнгө тараах, улс төрийн оноо авах үйл ажиллагаанд байхгүй мөнгийг гаргаж ирээд зарцуулчихдаг. Яг ажлын байр бий болгож байгаа, жижиг дунд үйлдвэрлэгч нар өөртөө ажил олгож байгаа хүмүүсийг болохоор дараагийн ээлжинд тавьж байна. Гэхдээ энэ хүмүүсийн нуруун дээр Монгол Улсын эдийн засгийн 60-аад хувь нь яваа. Өнөөдөр бодитой 200 мянган хүн ажлын байргүй, орлогогүй болж зогссон. Ажилгүй, орлогогүй, идэх юмгүй болсон хүн яах вэ? Нийгмийн сөрөг үр дагаврууд алслагдсан дүүрэг хороодоор гарч эхэлж байна шүү дээ.
-Коронавирусийн хөл хорио удаан хугацаагаар үргэлжлэх магадлалтай байна. Цаашдаа ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байна вэ?
-Монгол урд хөршөөс 92 хувийн экспортын хамааралтай. Импортын 40-50 гаруй хувийн хамааралтай. Хэдийгээр урд хөршийн эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан ч худалдан авагч улсуудынх нь эдийн засаг сайжраагүй нөхцөлд гинжин урвал явагдана. Хятадад нөхцөл байдал сайжирснаар шууд Монголын эдийн засагт нөлөө үзүүлнэ гэж хүлээх нь өрөөсгөл. Тийм учраас өнөөдөр дотооддоо үйлдвэрлэлийг дэмжье. Энэ тухай олон жил ярьсан. Нэг жишээ хэлье. Төр жилд 3,8 орчим их наяд төгрөгийн худалдан авалт хийдэг. Энэ худалдан авалтын 0,2 хувийг нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нараас авдаг байсан. Энэ мэтээр гадагшаа урсгадаг мөнгийг танахыг нь танаад, ялангуяа орлогдох бүтээгдэхүүн үйлчилгээг дотоодоосоо худалдан авах нь дотоодын мөнгөн урсгалыг сайжруулахад тустай. Бидэнд дотоод боломж байна гэж Сангийн яам хэлээд байна шүү дээ. Нэг жилийн хүндрэлийг давж туулна гээд байгаа биз дээ. Тэгвэл одоо энэ үйл ажиллагаагаа явуулж эхлэх хэрэгтэй байна.
-Төр дотоодоосоо худалдан авалт хийгээч гэж их ярьдаг ч үр дүн төдийлөн гардаггүй нь юутай холбоотой вэ?
-Ялангуяа өнөөдөр онцгой нөхцөл байдалд байна. Монгол Улсад битгий хэл дэлхий нийтээр онцгой нөхцөлд ажиллаж амьдарч байна. Өнөөдөр төр нь жижиг дунд үйлдвэрлэгчдийг зөвхөн татварын орлого бүрдүүлэгч биш төрийн хийх ёстой үүргийг буюу орлогын тэгш хуваарилалтыг хийдэг, ажлын байр бий болгодог, нийгмийг чирч явдаг дундаж анги гэж харах ёстой. Өнөөдөр ЖДҮ-чдийн маань татвар төлөлтийн нийт хэмжээ долоон хувь хүрэхгүй. Экспортын хувь хэмжээ нь хоёр хувь хүрэхгүй. Эднийг ажлын байр бий болгогчид гэдэг нүдээр харах цаг боллоо.


Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд өндөр босго тавьдаг. Хуулиас гадна дүрэм журмууд бий. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг өрсөлдөөнд шалгарч, бүтээгдэхүүн бараа үйлчилгээгээ нийлүүлэх боломжийг нь хангах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй байна. Хянадаг, шалгадаг торгодог байдлаа өөрчлөх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд бүгд гинжин урвалд орно. Гэрээнийхээ үүргийг биелүүлж чадахгүй, эхнээсээ асуудалд орж байна. МҮХАҮТ дээр 130 гаруй аж ахуйн нэгж байгууллага “Давагдашгүй хүчин зүйл”-ийн гэрчилгээ авлаа гэж байна. Төр аж ахуйн нэгж байгууллагууддаа баталгаа гаргаад, гэрээний хэрэгжилтийг хойшлуулах, үйл ажиллагааг зохицуулах, түүнээс үүдсэн санхүүгийн хүндрэлүүдийг шийдэхэд нь бодитой хувь нэмэр оруулах ёстой. Төр үүнд маш том алхам хийх учиртай.
-Төр хувийн хэвшлийн хэлцлийн гарын авлагыг бүтээхэд та оролцсон байна лээ. Магадгүй хувийн хэвшлийнхэнд төртэй хэлцэл хийх ур чадвар, мэдлэг дутдаг байх. Энэ цаг үед төртэй хэлцэл хийх тухай ярих боломжтой юу?
-Хямралын үед төр дангаараа шийдвэр гаргаж, давж гарч чадахгүй. Өнөөдрийг хүртэл Монголын төр хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллаж байгаа дүр эсгэдэг байлаа. Санал авах төдий, сонсох төдий, харилцан бичиг солилцох төдий явж ирсэн. Харин хямралын үед улс орнууд, хувийн хэвшил, төр нь гар барьж хамтарч ажиллах цаг ирлээ. Өнөөдөр ойлголцол итгэлцлийн түвшинд ажиллаж, өмнөх шиг хардаж сэрдэж, хянаж шалгадаг горимоо өөрчлөх хэрэгтэй. Хамтарч ажилладаг, дэмждэг тусалдаг байдал руу жинхэнэ утгаараа орохгүй бол дан ганц Засгийн газрын зөв шийдвэрээр асуудал шийдэгдэхгүй ээ. Аж ахуйн нэгж байгууллагууд халдвартай тэмцэхэд нь хандив өгч, уриалганд нь нэгдэж байна. Энэ бол хямралын үеийн эерэг ололт. Төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх түвшин дэх оролцоог бодитоор хангаж байж хэлцэл гэж яригдаж байгаа зүйл цаашаа үргэлжилнэ. Оролцоог нь хангахгүй, ойлголцол байхгүй, итгэлцэл байхгүй байж зөвхөн улс төрийн дан ганц хонжоогоор хамтарч ажиллая гэх нь дүр эсгэсэн шинж чанартай, хувийн хэвшлийнхний итгэлийг бууруулж, үйл ажиллагааг нь сааруулж ирсэн.
Дээр нь тогтвортой бус орчны нөлөөллөөс болж олон бизнес эрхлэгчид төрд итгэх итгэлээ алдсан. Манай иргэд, бизнес эрхлэгчид оролцох ёстой зүйлдээ оролцох учиртай. Бидний оролцоогүй өнөөдөр бидний хүсээгүй маргаашийг бүтээгээд байна. Хэрэгжүүлэхэд хэцүү хууль батлагдаад байна. Дагаж мөрдөхөд амаргүй дүрэм журмууд бий болж байна. Бидний нөхцөл байдал, бидний амьдралтай таарч нийцэхгүй бодлогууд гараад, бидний ирээдүйн амьдрал, компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Ийм үед иргэд, компаниуд маань гагцхүү хувийн эрх ашиг бус нийт салбар, орон нутаг, бүс нутгийн хэмжээнд асуудлуудаа тодорхойлж, эрэмбэлж гаргаж ирэн нэгдэж нягтарч хамтарч ажиллах ёстой. Нийгмийн хямралтай үед төлөөллийн жийргэвч байгууллагууд гэж ярьдаг төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, бусад байгууллагуудын үүрэг оролцоо маш чухал. Тэр байгууллагууд дээрээ очих хэрэгтэй. Үйл ажиллагаанд нь оролцох, ярилцах, идэвхтэй байх учиртай. Төлөөллийн байгууллагуудаараа дамжуулж, эрх ашгаа хамгаалаарай. Оролцоо бас дахин оролцоо маш, чухал.
-Хүмүүс гэртээ бүгж, хөл хорионд орж, хямралтай байгаа үед аз жаргалын тухай ярих чухал. Яаж аз жаргалтай байх вэ, та аз жаргалын эдийн засгийн тухай ярьдаг шүү дээ?
-Хөл хорионы үед монголчууд маань маш ухамсартайгаар холбогдох байгууллагуудаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөж байна. Ажлаас бусад зүйлд цаг гаргасан, гэр бүлийн дулаан уур амьсгалыг мэдэрсэн өдрүүд өнгөрч байна. Амьдралд юу чухлыг тунгаасан өдрүүд болж байна. Эргэцүүлэх бодох, нягтлах боломжийг олгосон нь сайн. Хэтэрхий их материаллаг, хэрэглээг шүтсэн, ашиг хөөсөн, боломжийг хэт их эрж хайсан, ашигтай ашиггүй гэсэн хоёрхон хэмжүүртэй, завгүй нийгмийн амьдрал бидний хүссэн, зорьсон зүйлийг маань авчирсан уу гэдгийг хүмүүс тунгааж байгаа биз ээ. Аз жаргалын индекс, аз жаргалын эдийн засаг гэдэг бол амьдралын чанарын үзүүлэлтүүдийг ярьдаг юм. Тоо хэрэглээ, мөнгө санхүүгээс гадна хүн элэг бүтэн, эрүүл байх, аюулгүй, сэтгэл хангалуун байх гэсэн үндсэн тулгуур хэрэгцээн дээр тулгуурлагдсан онол. Нийгмээрээ гачигдал дутагдалтай байгаа учраас хэрэгцээгээ хүмүүс нэгдүгээрт тавиад байдаг.
-Хамгийн сүүлд нэг юм сонирхъё. “Нэр нэгтийн чих нэг” гэдэг шүү дээ. Таныг олны танил Сарандаваа гэдэг эмэгтэйтэй андуурдаг уу?
-Монголд ижил нэртэй 30 гаруй хүн байдаг юм билээ. Эмээ маань миний нэрийг өгсөн. Эмээ маань Говь-Алтай аймгийн уугуул, ээж аавыг маань дагаад Эрдэнэт хотод 1970-аад оны эхээр очиж амьдарсан байдаг. Даваа гэдэг нь түвд гаралтай үг. Ерөнхийдөө бол саран саран гэсэн утгатай. Олон нийтийн арга хэмжээн дээр “Хатагтай Сарандавааг тайзнаа урьж байна” гэж зарласан удаа ч бий. Түрийвчээр далладаг Сарандаваа юм уу гэх мэтээр гайхсан тохиолдол ч бий. Гэхдээ одоо бол хүмүүс М.Сарандаваа гэдгээр маань мэддэг болсон. Амьдаатайгаа одоогоор уулзах завшаан тохиогүй байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com