Хуульч, судлаач Г.Оюунболдтой эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлт сэдвийн хүрээнд ярилцлаа.
-2017 оны долдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн эрүүгийн хуульд өнгөрөгч намар нэмэлт өөрчлөлт оруулж, хоёрдугаар сараас дагаж мөрдөөд эхэлжээ. Дээрх өөрчлөлтүүд хэр нүдээ олсон гэж харж байна вэ?
-Нэг их сүртэй өөрчлөлт ороогүй. Яах вэ, хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгож, цагдаа, мөрдөгч нарын эрхийг нэмэгдүүлсэн, малын хулгайн ялыг чангатгасан гэх мэт зүйл бий.
-Гүтгэх гэмт хэргийг эрүүгийн хуульд оруулсан. Үүнээс ямар үр дүн гарч болох вэ?
-Миний хувьд гүтгэх гэдгийг эрүүгийн хуульд ч, зөрчлийн хуульд ч байх ёсгүй гэж үздэг. Өнгөрсөн хугацаанд зөрчлийн хуулиар 131 сэтгүүлч бусдыг гүтгэсэн гэж торгуулсан байгаа. Гэтэл гүтгэх заалт дээр Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дарга энэ зөрчлийг гэмт хэрэгт тооцдог болгоод Эрүүгийн хуульд оруулаад өгөөч гэсэн хүсэлт тавьсан юм билээ. Хэрэв гэмт хэрэгт тооцдог болбол нотлох баримт бүрдүүлэх гэдэг маш том стандартыг хангахад асуудал үүсч, явсаар байгаад энэ хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой юм байна гэсэн. Энэ дагуу өөрсдийнх нь хүсэлтээр шийдвэрлэсэн гэхэд болно.
-Малын хулгайн ялыг чангатгасан. Өнчин ишиг хулгайлсан ч ял тооцох боломжтой болсон гэж байгаа. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилт бодит байдал дээр ямар байгаа бол?
-Ер нь бол чиний гар утсыг хулгайлсан, мал хулгайлсан хоёрт ямар ч ялгаа байхгүй.
Гэтэл малын хулгайг тусад нь зааж, ялыг чангатгасан. Миний тооцоогоор хууль хэрэгжиж эхэлснээр энэ жилээс шоронд орох хүмүүсийн тоо нэлээд нэмэгдэх болов уу гэж харж байна. Яагаад гэвэл өнчин ишиг хулгайлсан хүнийг ч шоронд оруулна гэсэн. Тэгэхээр энэ заалт бол нэг ёсондоо популизм болсон гэж харж байна. Мэдээж, манай улсад малын хулгайг илрүүлдэг систем үгүйлэгдэж байгаа. Үүнийг үгүйсгэх аргагүй.
-Авлига, албан тушаалын хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй болсон ч хэрэгтний эрхзүйн байдлыг дордуулахгүй гэсэн зарчмаар хөнгөн ял оногдуулна гэдэг зарчим үйлчилнэ гэх хүмүүс байна л даа?
-Улсын дээд шүүхийн шүүгч н.Батцэрэнгийн хэлснээр хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон 400 авлига албан тушаалын хэрэг байгаа юм билээ. Энэ бүх хэргийг шалгаад, ял онооно гэж заасан байгаа. Эрүүгийн хуульд эрх зүйн байдлыг дордуулсан заалтыг хэрэглэхгүй гэдэг зарчим бий. Гэхдээ үүнийг шударга ёсны зарчим үгүйсгэдэг. Тийм болохоор бүгдтэй нь ялын асуудал ярина гэсэн. Ингэхээр нөгөө авлигачдын өмгөөлөгч нар Цэцэд хандсан байна. Гурван хүн хандаад байгаа юм билээ. Хэрэв Цэц иргэний эрх, шударга байх эрхийг зөрчиж байна гэж үзэх юм бол нөгөө хүмүүст ашигтай байдлаар шийдэгдэх магадлал байгаа гэсэн үг. Би хувьдаа, Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг улс төр гэж хардаг болсон.
-Яагаад?
-Маш олон эрх мэдлийн уулзвар эрүүгийн хууль дээр огтлолцож байдаг юм байна. Социалист эрүүгийн систем бол тэр хүнийг яллаж, шоронд хийдэг. 1986, 2002 оны хуулиуд энэ зарчмыг баримталж байсан. Одоо эргээд харахад Ардчилсан нам, Ардын нам хоёрын ялын бодлого өөр байна л даа. МАН хатуу чанга ялын бодлогыг чухалчилдаг бол Ардчилсан нам ял өгөхөөс өмнө тэр хүнтэй ажиллая гэсэн. Миний хувьд эрүүгийн хуультай 2010 оноос амьдралаа холбосон. Ардчилсан нам 2012 онд ялаад эрүүгийн тогтолцоог бүхэлд нь шинэчилье, дэлхийн жишигт нийцүүлье гэсэн. Эрүүгийн хууль монголд яагаад ийм том асуудал болдог гэхээр Монгол Улсын бүх хүмүүс гэмт хэрэг үйлддэг. Жилд 30-35 мянган гэмт хэрэг гардаг. Гуравны нэг нь хулгай, гуравны нэг нь завших, үлдсэн нь хүн алах, гэмтээж бэртээх байдаг. Энэ хуулийг шинээр бичих гэсэн санаа, захиалга нь юу байсан гэхээр жилд 8000 хүн шоронд ордог 2002 онд батлагдсан Ц.Нямдоржийн хар хуулийг өөрчлөхийг зорьсон. Тэр 8000 мянган хоригдол шоронгоос гараад эргээд ахисан түвшинд гэмт хэрэг үйлддэг. Энэ тогтолцоог дэлхий нийт халж, шоронд суулгахгүйгээр боломж олгодог, цахим гав хийдэг болъё гэсэн.
-Таны харж буйгаар эрүүгийн хууль анх зорьсондоо хүрч чадсан уу?
-Миний бичилцэж байсан эрүүгийн хууль маш олон хүний гар дамжаад жаахан тиймэрхүү батлагдсан. Х.Тэмүүжин, Д.Дорлигжав, С.Бямбацогт нарын гараар дамжиж улстөрийн ашиг сонирхол ч их орсон. Гэхдээ яах вэ зорилгоо тодорхой хэмжээнд хэрэгжүүлсэн гэж боддог. Өнөөдөр Монгол Улсын шоронгийн хүн амын тоо гурав дахин буурч, тэнсэн харгалзах ял авсан иргэдийн тоо гурав дахин нэмэгдээд байна.
-Магадгүй ялын энэ зөөлөн бодлого ялтныг өөгшүүлдэг, монголчуудад тохирохгүй гэж үзэх хүмүүс ч байж болох юм?
-Монголын нөхцөлд тохирохгүй гэж ярьдаг хүмүүс бий. Монголчууд бид хагас нүүдэлчин, хагас хотожсон ард түмэн. Нүүдэлчинд энэ ялыг хэрэгжүүлье гэхээр хүндрэлтэй байдаг. Аймаг, орон нутагт энэ хуулийг хэрэгжүүлье, гэмт хэрэгтнээр олон нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлье гэхээр тийм ажил байдаггүй. Гэхдээ үүн дээр ухаалаг хуулийн ажилтан тохирсон ялыг оногдуулсан бодит кейс бий. Хөвсгөл аймгийн багш залуу хүн зодсон байгаа юм. Түүнд ямар ял өгсөн бэ гэхээр хүүхдийг ЭЕШ-д 50 цаг бэлтгэх ял өгсөн. Энэ ял тэр багшид маш сайнаар нөлөөлж, чаддаг зүйлээ илүү аз жаргалтайгаар хийдэг болох жишээтэй. Зөв хийж чадвал боломжтой. Эсрэгээрээ Булганы “Махан толгой” хочит Тулга гэдэг залуу хүүхэд байхдаа анх удаа хулгай хийсэн. Түүнийг шууд шоронд хийсэн. Улмаар тэр хүүхэд шоронд ороод гэмт хэрэгт суралцсан. Тэр шоронгоос гарч ирээд нэг хүүхнийг хүчиндэж алаад нуурын эрэг дээр хөнжилд нь боогоод хаясан. Түүнийг шоронд хийгээгүй бол ингэхгүй байсан. Юу гэсэн үг вэ гэвэл ямар ч хүн шоронд орсон л бол шоронгийн соёлд хүссэн хүсээгүй суралцдаг. Тийм болохоор хүмүүсийг аль болох шоронд хийлгүй, хохирол барагдуулах, тэнсэн ял оногдуулах байдлыг бид хэрэгжүүлэх ёстой.
-Эрүүгийн хуулийн эхэд улстөрчдийн ашиг сонирхол орсон гэж та хэллээ. Тодорхой жишээ дурдана уу?
-Тухайлбал, авлига албан тушаалын хэрэг дээр анх их өндөр ял тавьсан. Гэтэл нэр бүхий улстөрч “Баялаг бүтээгчдээ хайрлая” гэсэн. Авлигын хэрэгт тийм хатуу ял оноож болохгүй гэсээр байгаад хамгийн зөөлөн ял тавьсан. Уг нь бол авлигын хэргийн ялыг, хуулийн этгээд, эмч, төрийн албан хаагчдын эрүүгийн хариуцлагыг жаахан хүндрүүлэх ёстой байсан. Өнөөдөр авлигын зарим хэрэг хорих ялгүй байгаа. Эрүүгийн хууль дээр маш олон эрх мэдлийн уулзвар огтлолцдог гэж түрүүнд би хэлсэн. Ц.Нямдорж ахиад эрүүгийн шинэ хууль бичиж магадгүй гэж бодож байгаа. Бичиж байна гэж дуулсан. Бид эрүүгийн хуулийг анх хийхдээ арав алхана гэж бодсон. Гэхдээ тав л алхсан.
-Авлига, албан тушаалын хэргүүд прокурор дээр очоод гацдаг, хаагддаг гэсэн ойлголт нийгэмд байна. Хуульч, мөрдөгч, цагдаа, прокурор шударга ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьдаг прокурорын дэргэдэх мөрдөн шалгах хэлтэс яагаад татан буугдсан юм бол?
-Хэргийг мөрдөн шалгах, шүүх хоёр шат бий. Үүн дээр прокурор хяналт тавьдаг. Эрүүдэн шүүлтийг хянадаг хүн гэсэн үг. Прокурорын дэргэдэх мөрдөн шалгах хэлтэс 2002 онд байгуулагдаж байсан. Гэвч энэ албыг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж хэн нэгний лоббигоор даргыг нь АНУ яваад ирэх хооронд байхгүй болгосон. Ардчилсан нийгмийн хамгийн чухал элементийн нэг бол хуулийн засаглал, эрүүгийн хууль юм. Эрүүгийн хууль иргэнээ хамгаалж чадахгүй болчихвол нийгэмд тэсрэлт үүсэх нь цаг хугацааны асуудал болчихжээ.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"