Иргэд баялагтаа эзэн байж, үр шимээс нь шударгаар хүртэж чадаж байна уу?
Монголчууд бид Үндсэн хуульдаа “газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж тунхаглан баталснаар иргэн хүн байгалийн нөөц баялагтаа жинхэнэ эзний хувиар утга учиртай оролцох, өөрсдийн мэдэлдээ байлгаж, эзэмшиж, ашиглах, үр шимийг нь тэгш хүртэх, хянаж байх эрхтэй болсон түүхэн гавьяатай улс.
Харамсалтай нь баялгаараа дэлхийд дээгүүрт тооцогддог баян улсын эзэн нь болсон иргэд ядуу тарчиг хэвээр л байна. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн өндөр өсөлт жирийн иргэдэд хүртээмжгүй, хуваарилалт нь тэгш бус байна. Стратегийн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулсан цагаас манай улсын эдийн засаг богино хугацаанд хурдтай өссөөр 2004 онд 10 хувь, 2011 онд 17.5 хувь, 2012 онд 26 хувьд хүрнэ гэсэн таамаглал ч дэвшүүлж байлаа. Гэтэл хамгийн өндөр өсөлттэй, дэлхийд III байр эзэлж байсан 2011 онд ядуурал 33,7 хувьтай, нэг хүнд ногдох ДНБ-ээр дэлхийд 130-рт, Хүний хөгжлийн индексээр 110-рт орж байлаа.
Баян чинээлэг хэсэг орлогын 40 хувийг хамж, улс төр, эдийн засаг, нийгэмд “олигархиудын ноёрхол” тогтож, байгалийн баялагт хугацаагүй, хуваарьгүй хяналтаа тогтоохыг хүссэн бүлэглэлүүдийн “нөөц арвинтай толгойнуудын төлөө тэмцэл” тасралтгүй ширүүн өрнөж байхад эсрэгээрээ орлогын 7 хувь оногдсон ядуусыг ялгаварлах, гадуурхах, хүчирхийлэх зэргээр эрхийг нь зөрчиж улам бүр эмзэг байдал руу түлхсээр байв. Энэ бүхний гол шалтгаан нь “муу засаглалтай” төр юм. Төр иргэддээ хаалттай, авлигажсан, захиалгаар “хуульчлагдсан тонуул” хийдэг болсноор иргэдийн төрдөө итгэх итгэл суларч, төрөөсөө улам бүр дайжин холдсоор л байна.
Энэ бол хэчнээн их байгалийн баялагтай байгаад ч түүнийгээ эдийн засгийн эргэлтэд төдий их хэмжээгээр оруулаад ч ард иргэдэд нь ашиг тусаа өгдөггүй “Муу засаглалтай”, “Баялгийн хараал хүрсэн”, “Голланд өвчинд нэрвэгдсэн” гэгддэг улс орнуудын дүр төрхийг илтгэн харуулж байгаа хэрэг.
Монгол Улсын байгаль орчны ардчилал тун тааруу байна
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Бали 2010 удирдамжийн хүрээнд боловсруулсан шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд Монгол Улсын байгаль орчны ардчилал тун тааруу дүнтэй байна. Өөрөөр хэлбэл иргэд бидний байгаль орчны оролцоог хуулиар баталгаажуулсан байдал болон батлагдсан хуулийн хэрэгжилт тааруу байна гэсэн үг.
Монгол Улсын иргэд байгаль орчны мэдээлэл авах, байгаль орчны шийдвэрт оролцох эрх, байгаль орчны эрх нь зөрчигчдсөн тохиолдолд шүүхээр нэхэмжлэх эрхийн баталгаажилт, хэрэгжилтээс байгаль орчны ардчиллын батжилт шууд шалтгаалдаг.
Гэтэл 2012-2016 оны УИХ байгальд ээлтэй долоон хууль баталсан, 2016-2020 оны УИХ одоогоор байгальд ээлтэй нэг ч хууль санаачилж батлаагүй байгаа нь байгаль орчны ардчилал тааруу байгаагийн бас нэгэн нотолгоо юм.
Байгалийн нөөцийг тогтвортой ашиглах хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилт хангалтгүй, хяналт сул, хариуцлага тооцдоггүйгээс газар, ус, агаар, хөрс, ой мод, ургамал, амьтан бэлчээр зэрэг нүүдлийн соёл иргэншил бүхий иргэдийн амьдралын үнэ цэнтэй үндэс сүйтгэгдэж улмаар өдрөөс өдөрт хомсдон барагдах баялгийг эзэмшихийн төлөөх өрсөлдөөн нь тэмцэл болон хувирч, нийгмийн тогтворгүй байдалд хүргэж байна.
Малчдын заншлын хуулийн дагуу эзэмшиж байгаа бэлчээр, өвөлжөө, хаваржаа, хадлангийн газрын эрхийг баталгаажуулаагүй, зөрчигдсөн эрхийг сэргээх механизмгүйгээс уламжлалт амьжиргааны эх үүсвэрээ гадаад, дотоодын компаниудад алдаж, идээшиж дассан нутгаасаа шахагдан нүүж, “дотоодын дүрвэгсэд” болжээ. Гүний усыг уул уурхайд их хэмжээгээр, урт хугацаанд, үнэ төлбөр багатайгаар ашиглах зөвшөөрөл олгодог бөгөөд энэ талаар нутгийн иргэдэд мэдээлэл өгч, саналыг нь авдаггүй, ус ашиглалтыг иргэдийн оролцоотой хянах тогтолцоо байхгүйгээс нөөцийг багасгаж, чанарыг бохирдуулан малчин иргэдийн ундны цэвэр усаар хангагдах эрхийг зөрчсөөр л байна.
Олон улсын болон үндэсний хууль тогтоомж зөрчсөн байгаль, нийгэм, хүний эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөө учруулахуйц томоохон төслүүдийг нутгийн иргэдийн саналыг авахгүй, олон нийтийн хэлэлцүүлэг, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, нийгмийн болон эрсдэлийн үнэлгээнүүдийг үнэн зөв, бүрэн гүйцэд хийж, батлуулахгүйгээр хүч түрэн хэрэгжүүлсээр л байна.
НҮБ-ын конвенцууд, Мянганы хөгжлийн зорилтууд зэрэг олон улсын хэмжээнд авсан үүрэг амлалтаасаа Засгийн газар ухарч Сэлэнгэ, Эг, Орхон, Хэрлэн голуудын усыг боож хаалт, далан барьж усан цахилгаан станц байгуулах, урагш говийн уурхай руу татах төлөвлөгөө нь тухайн нутгийн малчид, тариаланчид бэлчээр, тариа, ногооны талбайгаа алдах болон хил дамнасан сөрөг нөлөө учруулж болзошгүй эрсдэлтэй байгаа ч түүнийг тооцохгүй зүтгэсээр л байгаа юм.
Ийм байдлаар нэгэн үеийн доторх баялгийн шударга хуваарилалтын зарчим алдагдаж байна. Хэрвээ үүнийг зогсоохгүй, байгалийн нөөцөөрөө “дүрэмгүй тоглож”, хойч үедээ үлдээхгүй хоосортол цөлмөвөл үе хоорондын баялгийн шударга хуваарилалтын зарчим алдагдах аюултай юм.
Баялгийн шударга хуваарилалтыг тогтоох цаг болсон
Уул уурхайн баялгаас олж буй орлогын бүрдүүлэлт, зарцуулалт, тайлагналтыг “Баялгийн эзэн” болох иргэд “Мэдэж, Хянаж, Нөлөөлж, Хариуцлага тооцож” ажиллах цаг болжээ. Энэ бол нэг талаар манай нийгмийн захиалга, нөгөө талаар иргэний журамт үүрэг болоод байна.
Байгалийн баялгаас хэдий хэмжээний ашиг орлого олж байгааг манай иргэд мэдэж, түүнийг хэн, юунд, хэрхэн зарцуулж байгааг хянаж чадахгүй байна.
Баялгийг хэрхэн тэгш шударгаар хуваарилж байгааг тооцож, хууль бусаар бусдаас давуу эрхтэй хүртэж байгаа этгээдэд хариуцлага хүлээлгэж чадахгүй байна.
Төр, засаг ил тод байх тусам зээлжих зэрэглэл өндөртэй, төсвийн сахилга бат сайтай, авлига багатай байдаг учраас манай улсын баялгийн сангийн засаглал өнөөдөр ийнхүү “Маш муу” байгааг засч залруулах, уул уурхайн орлогыг иргэдэд ил тод, шударга, тэгш, үр ашигтай, хүртээмжтэй болгох нь нэн чухал юм.
Урьд өмнө байгалийн баялагтай орнууд баян гэгддэг байсан бол одоо цагт идэвхтэй иргэдтэй орнууд баян гэж үнэлэгддэг болжээ. Иймд баян улсын баян иргэд байхын тулд, “баялгийн хараал”-ыг бус “баялгийн ерөөл”-ийг хүртэхийн тулд хийх гурван чухал алхам бол баялгийн засаглалдаа “нэгдүгээрт оролц, хоёрдугаарт оролц, гуравдугаарт оролц” гэдгийг баялгийн жинхэнэ эзэд-иргэддээ уриалж байна.
Одоо л амжиж оролцохгүй бол оройтох нь. Оройтвол хохирно.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"