Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ц.Жамбалгарав: Алдаа гажуудлаа засаад туйлбартай урагшлан хөгжих тухай л ярих цаг болсон

Дорнод аймгийн Ардчилсан ахмадын хорооны дарга Ц.Жамбалгаравтай ярилцлаа.

-Ардчилсан хувьсгалын эхний үед та хаана байв. Хэдийд ардчилалтай хувь заяагаа холбов?
-1990 оны үйл явдал эхлэх үед би Халхголын хилийн хороонд офицер байлаа. 1980-ад оны дундуураас л миний ойр дотнын анд нөхөд нийгмийн амьдралыг шүүмжлэн хэлэлцдэг, өөрчлөлт шинэчлэлт хийхийг эрмэлздэг, ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалтын үйл явцыг талархан ярилцдаг байсан. Тэгээд яах вэ. Дорнодод МоАХ байгуулагдлаа гэдэг сургаар ажлын далимаар яваад очсон чинь ихэнх нөхөд минь ардчилсан хувьсгалын үйл хэрэгт идэвхтэй оролцоод эхэлчихсэн байсан. Миний үзэл бодол ч нэг. Анхны цуглаануудын нэг дээр шинелээ тайлчхаад үг хэлж эх орныхоо хилийг манаж яваа нөхдийгөө төлөөлөн үзэл бодлоо илэрхийлж байлаа. Ингээд Халхгол сумандаа МоАХ, АСХ-ний анхны салбаруудыг байгуулалцаж эхэлсэн. 90-ээд оны эхнээс МҮАН-ын аймгийн хорооны нарийн бичгийн даргаар 10-аад жил ажилласан. Одоо бол нөхдийн даалгаснаар Ардчилсан ахмадын хорооны дарга гэдэг сонгуульт ажил эрхэлж байна.Учиргүй туйлшраад байх дургуй ч орон нутаг дахь улс төр, нийгмийн амьдралыг өөрийн хэмжээнд харж анзаарч явдаг гэх үү дээ. Нэг л мэдэхэд 30 жил өнгөрчхөж.
-Хувьсгалын үйл хэрэгт оролцсон, намын харьяалалтай гээд адлагдаж, хавчигдлаа ч гэх юм уу, тийм нэг янз янзын юманд өртөж явсан түүх бий юү?
-Бараг үгүй дээ. Тэр үеийн хүмүүс ихэнхдээ ардчилсан хувьсгалыг талархан угтсан. Гаднаа ил гаргахгүй ч дотроо тэр үеийн Зөвлөлтийн эзэрхийлэл, хомсдол, ядууралд дургуйцсэн, хаалттай, хориотой байдлаас залхсан байсан юм шүү. Цэргийн дарга нар ч ялгаагүй. Манай ангийн захирагч хурандаа Ч.Намсрай гэж хүн байлаа. Тэр үеийн МАХН-аас нэр дэвшиж 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат байсан. Би ангийнхаа нэг албаных нь дарга гэтэл АИХ-ын сонгуульд МоАН-аас өрсөлдсөн Халхголын САА-н инженер нөхрийнхөө ухуулагч, менежерээр ажиллаад ангийнхаа захирагчтай ана мана өрсөлдүүлээд тууж л явлаа. Тэр үед хавчлага, шахалт гэх юм нэг их мэдэгдээгүй. Ам зөрөх, маргалдах, үзэл бодол таарахгүй юм гаралгүй яах вэ. Гэхдээ эр улс шиг ярилцаад учраа олоод л явдаг байсан. Харин 2000 оноос хойш л ардчилсан нэртэй бүхнийг ялгаж гадуурхдаг, төрийн ажлаас аль болох хөндий байлгахыг хичээдэг, элдвээр гүтгэж харлуулдаг явдал илэрхий ихэссэн дээ. Одоо бол ардчиллын гэх хаягтай хүн аль нэг төрийн байгууллагад ажиллах ямар ч боломжгүй шахам болсон юм шиг санагддаг.
-Та нарын анх бодож зорьж байсан ардчилсан нийгмийн тухай төсөөлөл, одоогийн Монголын нийгэм хоорондоо ямар ялгаатай байна.
-Ардчилсан нийгэм ийм байх ёстой, тийм байдаг гэсэн тов тодорхой төсөөлөл хэн бүхэнд нэг их байгаагүй байх аа. Харин эх орон минь бие даасан, тусгаар тогтносон байх учиртай, хүн ард нь эрх чөлөөтэй, элбэг хангалуун амьдрах ёстой, хөгжил дэвшлийн замд гарах хэрэгтэй гэдэг дээр хүн ард маань нэгдсэн гэж боддог. Монголын нийгэмд гарцаагүй хөгжил дэвшлийг авчирсан 1990 оны цагаан морин жилийн үйл явдал тэгж л нөхцөлдсөн. Ардчилсан нийгэм төлөвших явцад алдаа гажуудал гарч байна аа. Юм бүхэн бидний мөрөөдсөн, санасан ёсоор болоогүй л байна. Хотдоо байшин нь, гудамжиндаа машин нь, хөдөө бэлчээрт мал сүрэг нь багтаж ядаад байгаа хэрнээ л хүмүүсийн нэлээд хэсэг нэн ядуу байна. Тасарчихсан баячуудын давхраа ч үүссэн. Хамгийн гол нь нийгмийн баялгийн хуваарилалт шударга явсангүй, дундаж давхарга гэдэг чинээлэг хэсэг бэхжиж олширч амжаагүй, хуучин цагийг санагалзах үзэл бодлыг хүчтэй хөөрөгдөж байгаагаас болоод ардчиллаас ухрах, дарангуйллыг санагалзах хүртэл үзэл бодол цухалздаг болж. Үндсэн хуульт байгууллагаа нураах, ард олноороо сонгосон замаасаа ухрах тухай ярих биш, харин ч алдаа гажуудлаа засаад туйлбартай урагшлан хөгжих тухай л ярих цаг болсон гэж боддог шүү.
-Таны залуу нас социализмын үед өнгөрсөн байх. Тэр үеийн тухай эргэн дурсвал?
-Эрээнтэй бараантай л залуу нас байж дээ. Бусдын адил боловсрол эзэмших гэж мэрийсэн, өөрийн гэсэн орон зайгаа эзлэх гэж тэмүүлсэн, баярлаж хөөрсөн, бачимдаж бухимдсан ээдрээ нугачаатай өнгөрсөн үе. Мэдээж гялайж гялтайх юм байлгүй л яах вэ. Гэхдээ нэг тийм саарал, үхээнц, эрмэлзэл тэмүүлэл муутай, ховор живэр, хоосон хийрхлээр хооллосон цаг үе байсан санагддаг. Та нар бол мэдэхгүй. Нэг их сайн сайхан байсан юм шиг, Ю.Цэдэнбалын тостой үе гэх нь холгүй ярьж байгаа чинь худлаа шүү. Өглөө босоод сүүний, залгаад талхны, тэгээд махны, архины, алимны, барааны гээд дэлгүүрийн дараалалд хамаг цагаа бардаг байсан, ховор хоосон лангуу, хомсдолдоо хоригдож баригдсан орон байсан гэдгийг бидний үеийнхэн бол гадарлана даа.


-Дорнод аймгийн ахмадууд ардчиллыг хэрхэн дэмжиж байна. Ахмадуудын оролцоо хир байна?
-Ахмадууд маань ардчиллын үйл явцыг дэмжих нь улам л нэмэгдэж байна. Өнгөрсөн дөрвөн жилд үнэндээ ахмадуудын нийгмийн асуудал орхигдлоо шүү дээ. МАН-ын эрх баригчид ахмад настанд дандаа ялгаварлах, хуурах, цаг нөхцөөх аргаар хандаж ирлээ. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэгчээр МАН-д ахин хууртахгүй гэсэн бодолтой л дотроо анаж суугаа юм шиг. Харин Ардчилсан намыг олон фракцад битгий хуваагдаасай, учраа олоод эв нэгдэлтэй байгаасай гэж хүсэмжилж байгаа нь анзаарагдахаар болж байна.
Ерөөсөө Дорнодчууд маань ардчиллыг дэмждэг үзэл бодлын бат суурьтай, нэлээд хотжиж соёлжсон хүн ардтай нутаг юм шүү дээ. Орон нутагт хүн бүл цөөн, бүгд л бие биеэ таньж мэддэг, сайн муугаа ялгадаг болохоор хэн юу хийж бүтээж байна, хэн ард түмний амьдралыг хойш татаж байна гэх мэтчилэн бүгдийг анзаарч дүн тавихдаа бэлдэж байна. Аль нам эвсэл байхаас үл шалтгаалж хэн хэрхэн ажиллаж, юу хийж бүтээв гэдгээс их юм шалтгаалдаг байх л даа. Тэр ч утгаараа манай ахммадууд шат шатны байгууллагаас гарч байгаа шийдвэрүдэд санаа бодлоо тусгах, оролцох байдал сайн байгаа.
-Ахмадууд нийгмийн идэвх оролцоо сайн байгаа юм байна. Тэгвэл залуучуудын оролцоо ямар байгаа гэж та дүгнэж байна вэ? Яавал залуусын улс төрийн амьдрал дахь оролцоог нэмэгдүүлэх вэ?
-Залуучууд, хойч үедээ зориулсан бодлого орон нутагт илт үгүйлэгдэж байна. Залуусын ажлын байр, хөдөлмөрийн үнэлэмж, орон сууц, мэргэжил сонголт, нийгмийн амьдралыг удирдахад оролцох оролцоо гээд шийдлээ хүлээсэн олон асуудал хуримтлагдаад, эрх баригчдын унхиагүйгээс болж залуус маань эх орноосоо, элгэн нутгаасаа дайжих хандлагатай болчхоод байгаа нь маш том гамшиг дагуулж мэдэхээр байна. Улс төрд ч залуусын оролцоо илт дутагдаж байна. Залуу хүн бүхэнд байдаг нийтлэг асуудал, хүндрэлийг шийдэх гарц, гаргалгааг тэдэнтэй хамт хайх, залуусын оргилсон их эрч хүчийг зөв тийш нь залуурдах, бүтээн байгуулалтын том төслүүдэд чиглүүлэх, залуустаа итгэж сурах, үнэлгээ, үзэмжээ зөв болгох гээд ахмадууд бидэнд ч бодмоор юм их л байх шиг. Манай залуус чадваржиж, хоног хоногоор урган цэцэглэж, энэ нийгмийн өнгө царайг жавхаажуулж байгааг бид харж байна. Монголоос дэлхийн цараатай одууд төрж, авьяас билэг, ажил бүтээлээрээ гайхагдаж үнэлэгдэж байна. Багийн гар нийлсэн тоглолтыг тэд л үзүүлж бидний чадаагүйг тэд хэрэгжүүлэх нь гарцаагүй. Ядаж сонгуульдаа залуусын оролцоог нэмэгдүүлэх арга замыг ч олж чадаагүй яваа бидэнд хэт хол санагдаж болох ч ахмад үе, залуу үеийн амьд хэлхээ холбоо, залгамж чанарыг хадгалах, Монголчуудад угаас байдаг ахмад үеэ дээдлэн хүндэтгэх зан чанар дээр суурилаад залуу үедээ туслах, халамжлан сургах, сайн сайхан бүхнээ өвлүүлэх ажил яах аргагүй л тулгамдаад байна.
-Цаг үеийн байдлаас шалтгаалаад УИХ-ын сонгуулийг хойшлуулах тухай санал мэр сэр гарч байна. Энэ талаар та юу гэж бодож байна?
-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед аливаа асуудалд онцгой байдлаар л хандахаас аргагүй. Сэтгэл хөдлөл, хөөрхийлөл дэвэргэж, улс төрийн нэр хүнд, ашиг завшаан харж хэрхэвч болохгүй. Гадаад байгаа иргэдээ бүгдийг татан авах гэж байгаа юм шиг ярьж бүр ч болохгүй. Тусгаарлалт, хорио цээрийн дэглэмээ ч эргэж хармаар л байгаа юм. Нийслэлдээ ингэж хутгах нь зөв үү гэх мэт...
Төрийн удирдлагыг төвлөрүүлж төсвөө тодотгон шаардлага багатай, тулгамдаагүй, хэрэггүй хөрөнгө оруулалтуудаа царцаахаас ажлаа эхлэх хэрэгтэй байх. Сонгуулийг хойшлуулж цар тахлын их дэгдэлтийг өнгөрөөх саналыг ганц ерөнхийлөгч ч хэлээд байгаа юм биш. Эрдэмтэн судлаачид байр сууриа илэрхийлж гаднын хөгжингүй улс орнууд ч энэ чиглэлд анхаарч байна. Олимп хүртэл хойшилж байхад. Харин УИХ, Засгийн Газар хямралын үеийг даван туулах төлөвлөгөөгөө гаргаж, хуулийг дээдлэх зарчим, ард түмнээ нягтруулах, дайчлах тал дээрээ илүү анхаарч ажилламаар байна. Сонгуульдах гэж байж тахал тараачихвал яана. Галаар наадах осолтой.
-Эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг та юу гэж боддог вэ?
-Монголчуудын сүүлийн 300-400 жилийн мөрөөдөл бол улс шиг улс байж хөгжил дэвшлийн замд орох, дэлхийн улс орнуудтай эрх тэгш харилцан өвөг дээдсийнхээ голомтыг сахиж монгол үндэстний галыг ноцоох явдал байсаар ирсэн. Эрх чөлөө ардчилал бол бидэнд тусгаар тогтнолын адил үнэ цэнтэй зүйл. Ардчилсан намыг шүүмжилж дайрч болно. Улс төрийн өрсөлдөөн явагдаж байхад энэ бол байдаг л зүйл. Ардчиллын анхдагчид, ахмадууд бидний алдаа дутагдал байгаа бол шүүж тунгаах нь ч хэвийн үзэгдэл. Зориуд нэг бүрчлэн гутаах, хавтгайд нь харлуулах зохион байгуулалттай компани өрнүүлж байгаа бол үнэнийг хэлж үйл хэргээ өмгөөлөх нь бас бидний үүрэг. Харин ард түмнийхээ сонгосон замыг, Үндсэн хуулиар баталгаажсан нийгмийн байгууллыг дайрч гутаах замаар ашиг хонжоо, нэр нүүр олохыг оролддог явдлыг тэвчээд, өөгшүүлээд байж хэрхэвч болохгүй.
-Монгол Улсын хөгжил, монгол хүний хөгжлийн талаар та хэрхэн бодож төсөөлж байна вэ?
-Эх орон минь хөгжиж дэвжиж байгаа нь нүдэн дээр ил байгаа зүйл. Дэлхий биднийг тоож хөршүүд маань ч анзаарч монголчуудын чадавхыг үнэлж байгаа нь харагдаж байна. Юу ч гэж муу хэллээ гэсэн Ази Европын дээд хэмжээний уулзалтыг Монголд зохион байгуулж гурав дахь хөршийн бодлогоо тунхаглан хэрэгжүүлэх гэж чармайж байна. Монгол цэргүүд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны итгэлтэй хүч болсон гэдгээ нотлон харуулж дэлхийн од хүннү-рок хамтлаг хүртэл төрж байна. Монголын тамирчид сагсан бөмбөгөөр олимпод оролцох тухай саяхан болтол хэн ч төсөөлөөгүй л биз дээ. Цар тахлын энэ хэцүү үеийг бид эв нэгдэлтэй, сахилга баттай туулах гэж хичээцгээж л байна. Шинийг хийж бүтээгчид, бизнесийн шинэ замыг нээгчид өдрөөс өдөрт нэмэгдэж хүүхэд залуусын авьяас чадвар ундарч оюун санааны тэсрэлт ажиглагдсаар л...
Эх орныхоо эрдэс баялагт суурилсан үйлдвэрлэлд ажиллаж байгаа залуусыг хар. Оюу толгой, Тавантолгойд ч тэр, бүр гадаадад ч Монголын ирээдүй бүтээгдэж манай залуус хөгжиж боловсрохын гайхамшгийг үзүүлж байгаа. Би өөдрөг бодолтой явдаг хүн. Эргэж буцаад байхгүй, нэгэнт сонгосон эрх чөлөө, ардчиллын замаа тууштай баримталж хууль ёсоо дээдлэх зарчмаа алдахгүй явахад Монголын ирээдүй гэрэлтэй гэдэгт итгэдэг.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com