Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Химийн хортой бодисыг хадгалах стандартын агуулах, устгах үйлдвэргүй нь эрсдэл даллаж байна

 Сүхбаатар аймагт 2004 оны хоёрдугаар сард гарсан малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэлтэд ашиглаж байсан формалин гэх химийн бодис дууссан учир улсын нөөцөөс аймгийн мал эмнэлгийн албанд зургаан тонн формалин өгч, өвчин гарсан сумдад хуваарилсан байна. Гэтэл тухайн бодис нь формалин биш маш хортой Формальдегид гэдэг химийн хорт бодис болох нь тогтоогдсон тул ашиглагдаагүй үлдэгдэл бодисыг сумдаас буцаан татаж, мал эмнэлгийн хашаанд одоог хүртэл буюу 16 жил хадгалж байна. Энэхүү бодисоор тухайн үед халдваргүйжүүлэлт хийсэн ажилтнууд хордлого авч, 20 гаруй хүн эрүүл мэндийн үзлэгээр элэг болон бусад эд эрхтний өөрчлөлттэй гарч, аймгийн нэгдсэн эмнэлэгт хор саармагжуулах эмчилгээ хийлгэсэн байна.
Одоо ч Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн хашаанд 2004 оноос хойш 4.2 тонн Формальдегид, 2004 онд хугацаа нь дууссан 0.5 тонн идэмхий натри хадгалагдаж байгаа бөгөөд эдгээр бодисын хадгалалт, хамгаалалтын талаар тодруулахад аюултай бодисын ангилалд ордог бодисуудыг саармагжуулах талаар холбогдох газруудад хандсан боловч тодорхой шийдэлд хүрээгүй байна. Улмаар Онцгой байдлын ерөнхий газарт 2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр хүсэлт гарган, Үндэсний аврах бригадыг авчирч битүүмжлэх ажиллагаа хийлгэжээ.
Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас аж ахуйн нэгж, байгууллагын албан ёсны хүсэлт, иргэний өргөдлийг үндэслэн 2010-2019 оныг хүртэлх хугацаанд химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах нийт 4,058 зөвшөөрлийг олгожээ. Үүнээс сүүлийн таван жилийн дунджаар, жилд 260 орчим аж ахуйн нэгж, байгууллага 2,600 орчим нэр төрлийн 430 мянган тонн химийн бодисын тусгай зөвшөөрөл авсан байна. Онцгой хортой шинж чанартай химийн бодис болох цианидыг тээвэрлэх үйл ажиллагааг хуулийн хүрээнд тогтмол хяналт тавьж, холбогдох байгууллагуудад урьдчилан мэдэгдэж, тээвэрлэх журмын дагуу явуулж байгаа бөгөөд бусад бодисын хувьд импортлохоос ашиглах, худалдан борлуулах, хэрэглэгчид хүргэх үйл ажиллагаа ямар ч хяналтгүй байна гэж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлд дурджээ. Уг илтгэлийг ХЭҮК саяхан УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад буй.
Химийн хорт болон аюултай бодисын агуулах барих газрын байршлыг сум, дүүргийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгадаггүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн шатны Засаг дарга тогтоож өгдөггүйгээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын агуулах нь шаардлага хангахгүй байна. Хуульд химийн бодисын хэмжээнээс хамаарч ашиглах зөвшөөрөл өгөх зохицуулалт байхгүйгээс бага хэмжээтэй бодис ашиглаж буй аж ахуйн нэгж байгууллагууд нь тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг зөрчил илэрчээ.
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар альдрин, бинапакрил, бромтметил, гептахлор зэрэг нийт 126 нэр төрлийн химийн хорт болон аюултай бодисыг Монгол Улсад ашиглахыг хориглосон бол мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар бензидин, бифенил амин этилендихлорид зэрэг нийт 31 нэр төрлийн химийн хорт болон аюултай бодисыг Монгол Улсад ашиглахыг хязгаарласан боловч хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх, ашиглах явдал гарсаар байна.
Монгол Улсын хоёр иргэн 2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай ресорт” цанын баазын хашаанд ...дугаартай автомашинд Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт аюултай бодисын жагсаалт”-д багтсан мөнгөн усыг хууль бусаар хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан үйлдлийг Цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж шүүхээр шийдвэрлүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.
Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй "Д" ХХК-ийн уурхайн дарга Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн “Ф” нь 2017 оны 9 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар олж авч тээвэрлэсэн химийн хорт болон аюултай бодис болох 82 тонн Натри сульфидийг хууль бусаар хадгалж, ашиглан хүдрийн баяжмал бэлтгэх явцдаа баяжуулах технологийн горимыг зөрчсөнөөс говь цөлийн хуурай ландшафтад гадаргын ил урсац үүсгэсэн, далд уурхайн шүүрлийн усыг байгальд шууд асган 5120 м2 хөрс талбай химийн бодисоор бохирдуулж, 2.27 га талбайд эвдрэл үүсгэж, 41.150 м3 ухаш бүхий эвдрэлийг газрын хэвлийд үүсгэсэн зэргээр Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт нийт 134,168,951 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогджээ.
Химийн хорт болон аюултай бодисын хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаагийн хэрээр энэ төрлийн осол, зөрчлийн тоо улам бүр нэмэгдсээр байна. Монгол Улсад сүүлийн гурван жилийн байдлаар химийн хорт болон аюултай бодисын хэрэглээ, хадгалалт, хамгаалалттай холбоотойгоор Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд 2017 онд 26, 2018 онд 31, 2019 онд 48 гэмт хэрэг, гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна..
Сүүлийн 10 жилийн байдлаар онцгой байдлын байгууллагад химийн хорт болон аюултай бодисын холбогдолтой осол, зөрчлийн дуудлага нийт 143 удаа бүртгэгдэж, осол, зөрчлийн улмаас 23 хүн амь насаа алдаж, 204 хүн бэртэж, гэмтсэн1 байна. Химийн хорт болон аюултай бодис нь гол, далайн ус, агаар, хүн амын өргөн хэрэглээ гэх мэт бүхий л замаар хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэлийг дагуулдаг.
Гэвч үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, лаборатори, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиудад устгах шаардлагатай их хэмжээний химийн бодис, холбогдох байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглагдаж байсан, хугацаа нь дууссан химийн хорт болон аюултай бодис, Мэргэжпийн хяналт, Цагдаа, Онцгой байдлын газрын хяналт шалгалт болон химийн бодистой холбоотой үүссэн хэрэг зөрчлийг шалгах, орчны бохирдлыг цэвэрлэх арга хэмжээний үед иргэд, аж ахуйн нэгжээс хураасан, ялгаж авсан бодис тус тус удаан хугацаанд хуримтлагдсан байна. Тэдгээр химийн хорт болон аюултай бодисын сав, баглаа, боодол элэгдэж эвдрэн, асгарч алдагдах эрсдэлийг бий болгосон, түүнийг ил задгай, зориулалтын бус байранд хадгалж байгаа нийтлэг зөрчил байсаар байна.

Булганд социализмын үеийн химийн бодис 50 гаруй жил хадгалагдаж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар ахлуулсан ажлын хэсэг 2019 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд Булган аймгийн II багт байрлах Мал эмнэлгийн газарт хяналт шалгалт хийсэн.
Тус газрын Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн барилга нь 1959 онд ашиглалтад орсон, аймгийн төвийн орон сууц, сургууль, цэцэрлэгийн дунд байрладаг бөгөөд лабораторид ашиглагдаж байсан химийн бодисыг устгалд оруулах эрх зүйн зохицуулалт байхгүй гэх шалтгаанаар одоог хүртэл 1960-1970 оны үед хуучин социалист орнуудын тусламжаар нийлүүлсэн 94 нэр төрлийн 61 кг хуурай химийн бодис, 25.9 литр шингэн химийн бодисыг зоорийн давхарт 50 гаруй жил хадгалж байна. Үүнээс болж тус газрын хөрсөнд болон барилга байгууламжид химийн хорт бодис ихээр шингэсэн тул уг химийн бодисыг 2014 онд зоорийн давхраас гаргаж барилгын гадна агуулахад хадгалж байна. Хяналт шалгалтын үед тус лабораторийн барилга дотор болон ойр орчимд химийн бодисын хурц, эхүүн үнэр ихээр тархсан байдалтай байв. Тухайн лабораторид мэргэжлээрээ 1-13 жил ажиллаж байгаа таван ажилтантай бөгөөд ажилтнуудаас ажлын байрны нөхцөл байдлын талаар ярихдаа “...Байнга амьсгаа давхцах, толгой дүүрэх, ханиалгах, бие загатнах, биеэр юм туурах зэрэг шинж тэмдэг илэрдэг тул жилд хамгийн багадаа нэг удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг” гэжээ.
Монгол Улсад Бүгд Найрамдах Чех Улсаас хэрэгжүүлж буй “Хөгжлийн тусламжийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн санхүүжилтээр хийгдсэн Экологийн бохирдлыг арилгахад ноу-хау технологи нэвтрүүлэх хоёрдугаар шат Монгол Улс-Булган аймаг орчмын эрсдэлийн шинжилгээгээр “Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн барилгын газар болон ойр орчмын газрын хөрс маш их хэмжээгээр пестицидээр бохирдсон” гэх дүгнэлт гарсан байна.
Иймээс тус лабораторийн ажилтнуудыг эрүүл ахуй, чанар, стандартын шаардлага хангасан шинэ ажлын байранд нэн даруй шилжүүлэн ажиллуулах талаар Комиссын гишүүний шаардлагыг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад хүргүүлсэн бөгөөд тус газраас тухайн лабораторийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд 2019 оны төсөвт шинээр барилга барихаар төлөвлөж, тэр хүртэл эрүүл ахуйн шаардлага хангасан түрээсийн байранд лабораторийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр судалж байна гэх хариуг ирүүлсэн байна.
Тухайн газарт Бүгд Найрамдах Чех Улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Деконта” ХХК 2014 онд хөрсний бохирдлын судалгаа, химийн хорт бодисын бохирдлын шинжилгээ хийхэд газрын хөрсөнд пестицид гэх бодис агуулагдаж байгаа нь тогтоогдсон байх бөгөөд 2016 онд дахин хөрс, усанд нарийвчилсан шинжилгээ хийхэд хөрс нь маш их бохирдолтой, харин ус нь бохирдолгүй гэх дүгнэлт гарсан байна. Хөрснөөс доош 60 метрийн гүнд цооног ухаж шинжилгээ хийхэд илэрсэн пестицид гэх химийн бодис нь хүний ген удмын санд нөлөөлдөг гэж тухайн судлаачид тайлбарлаж, “Энэ газрыг яаралтай цэвэрлэх нь зүйтэй” гэсэн зөвлөмжийг Булган аймгийн Засаг даргад хүргүүлжээ.

Налайхад ч бас шилний үйлдвэрээс үлдсэн “өв” бий

 Налайх дүүргийн иргэдээс ч бас ХЭҮК-т хандан гомдол ирүүлжээ. “Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан шилний үйлдвэрт ашиглаж байсан химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалт алдагдсанаас тухайн газрын хөрс болон агаарт шингэж, улмаар иргэдийн эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд сөрөг нөлөө үзүүлж байна. Олон улсын гэрээ, конвенц болон дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөхөд хүргэж байгааг анхааралдаа авна уу” хэмээн иргэдийн мэдээлэлд дурдсан байна.
Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шилний үйлдвэр нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс, Бүгд Найрамдах Польш Улсын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар 1950-иад оны үед байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаад 1990 онд хувьчлагджээ. Уг үйлдвэрийн үйл ажиллагаанаас үлдсэн химийн хортой бодис болох хүнцлийн оксидыг үйлдвэрийн хуучин зоорийг агуулах болгон засч тохижуулан хадгалж, үйлдвэр орчимд барийн сульфат, хар тугалгын сульфат, калийн хлорид, кальцийн сульфатыг ил задгай хадгалж байжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран Чехийн хөгжлийн агентлаг, “Деконта” ХХК-ийн “Экологийн ачаалалтай тэмцэх талаарх хандлагын ноу-хауг нэвтрүүлэх төслийн хүрээнд 2017 онд дээрх шилний үйлдвэрийн газар доорх усны дээжийг Сг6+, Сrtot, Аs, Pb, Hg, Cd, Ni, Cu, Zn, Ba зэрэг хүнд металл илрүүлэх зорилгоор магадлан итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд хүнцэл, зургаан валенттай хром нь Монгол Улсын MNS 6148:2010 стандартаар заасан газар доорх усанд агуулагдсан бохирдуулагч бодисын хэмжээнээс тус тус хэтэрсэн байгааг тогтоосон байна.
Тус шилний үйлдвэрийн бохирдсон талбайг цэвэрлэх, үйлдвэрт ашиглагдаж байсан ашиглалтын шаардлага хангахгүй ил задгай хадгалагдаж байсан 56 тонн химийн хаягдал бодисыг 202 саванд савлаж, агуулах зооринд хадгалж байна. Түүнчлэн Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудад зориулалтын бус химийн танхимд хадгалж байгаа бодис нь ууршиж, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдээд байсныг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн хашаанд Мөнгөн усны төслийн санхүүжилтээр баригдсан химийн бодисын зориулалтын агуулахад нэгтгэн түр хадгалж байна.
Энэ бүхэн Монгол Улсын хэмжээнд хугацаа дууссан, ашиглалтын шаардлага хангаагүй химийн бодис, аюултай хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах үйлдвэргүй, стандартын шаардлагад нийцсэн зориулалтын хадгалах агуулах, байгууламж байхгүйтэй шууд холбоотой. Монгол Улсад хорт хог хаягдал булах газар, эсвэл шатаах үйлдвэр бий болж, хангалттай санхүүгийн эх үүсвэртэй болсон нөхцөлд тухайн агуулах зооринд хадгалагдаж буй шинээр савласан болон савлаагүй хорт болон аюултай бодис, хог хаягдлыг бүрмөсөн зайлуулж, устгах боломжтой юм.1
Монгол Улсын хэмжээнд хэрэглэгдэж буй химийн хорт болон аюултай бодисын тоо хэмжээ маш их байх бөгөөд химийн бодисыг шинж чанар болон хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх нөлөөгөөр нь ангилж буй байдал хангалтгүй, тус бодисыг хадгалах стандартын шаардлага хангасан агуулах, устгах үйлдвэр огт байхгүй байна. Үүнээс үүдэн химийн хорт болон аюултай бодис алдагдах тохиолдолд хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлсний уршгаар хүн ам үй олноороо амь насаа алдах, аюултай өвчин, эмгэг үүсэх, тархах, хүний удамшилд нөлөөлөх эрсдэл тулгараад байна. Түүнчлэн мал аж ахуй, ан амьтанд учрах хор уршгийг урьдчилан тооцоолох аргагүй юм.
Иймд хугацаа нь дууссан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, удаан хугацаанд хадгалагдсан химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, хамгаалах, зайлуулах, устгах асуудалд төрийн зүгээс онцгой анхаарал хандуулж, яаралтай арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байна хэмээн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлд онцолжээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com