Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Малчид 100 мянган төгрөгөөр ноолуураа тушаахаар Ч.Улаан сайдыг хайж байна

 Засгийн газрын тогтоолоор нэг кг ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй, үндэсний үйлдвэрлэгчдэд гурван хувийн хүүтэй 300 хүртэлх тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох болсныг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдэгдээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ мэдэгдлийн араас малчид 100 мянгаар ноолуураа тушаачих санаатай Ч.Улаан сайдын эрэлд гараад байна. Өнөөдөр ноолуураа өндөр үнээр зарах гэсэн малчин, 100 мянган төгрөгөөр ноолуур авахгүй гэж гүрийсэн ченжүүд ба үйлдвэрлэгч нарын “тулаан” ноолуурын салбарт өрнөж байна. 

Ч.Улаан сайдын супер мэдэгдлийн дараа ноолуурын үнэ тэнгэрт хадах нь тодорхой болж, ченжүүд аль болох хямд үнээр ноолуур худалдан авч, цааш нь дамлах, эсвэл бүүр авахгүй байх шийдэлд хүрээд байна. Учир нь өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах Эмээлт түүхий эдийн захын ноос, ноолуур, түүхий эд авах цэгүүдийн ихэнх нь үүдээ барьсан байдалтай байна.

Тэнд үйл ажиллагаа явуулаад удаж буй Н.Мягмардашаас учрыг лавлахад “Одоогоор ноолуур авахгүй байгаа. Засгийн газраас ноолуурын ханшийг 100 мянган төгрөг болгосноос хойш ченжүүд авахаа больсон. Дэлхийн зах зээлд ханш нь унасан, хятадууд авахгүй байгаа болохоор хаана өгөх гэж бид ноолуур авах билээ. Ноолуур өгөхөөр ирсэн малчид борлуулж чадахгүй нутаг буцаж байгаа. Зарим хүн нэг кг ноолуурыг 60-70 мянган төгрөгөөр авч байгаа сураг сонсогдсон. Машиныхаа хаалган дээр ноолуур авна гэсэн бичиг наасан залуус хааяа ирдэг. Тэд хямд үнээр ноолуур худалдаж аваад хэсэг хугацааны дараа ханш нь өсвөл дундаас нь ашиг унагах зорилготой л авдаг байх даа” гэв.
Ченжүүд ноолуур авахгүй, Ч.Улаан сайдын ноолуур авах газар хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа учраас малчид түүхий эдээ хэрхэн борлуулахаа мэдэхгүй сандралдаж сууна. Дорноговь аймгийн малчин Ж.Батбаяр “Манайх энэ жил 400 гаруй ямаа самнаж байгаа. Одоо 200 гаруйг нь самнаад байна. Хүн хүч муутай болохоор хүмүүс хөлсөлж ямаагаа самнуулсан. Нэг ямаа самнахад 7000-7500 төгрөг өгч байгаа. Ноолуураа хаана өгөх вэ гэдэг л асуудал болчихлоо. Бид нэг килограмм ноолуураа 100 мянган төгрөгөөр зарна гэж тооцоод баярлаад сууж байна. Гэтэл аймгийн төвд ноолуур авч байгаа газар алга” гэлээ. Харин Баянхонгор аймгийн малчин Н.Баньд гуай “Ч.Улаан сайд 100 мянгаар үнэлж ноолуур авна гэсэн. Хүүхдүүдээ явуулж сумын төв дээр авч байгаа эсэхийг асуулгалаа. Дуулдсан юм алга гэсээр ирсэн. Аймгийн төв дээр авч байгаа юм болов уу, сайн мэдэх юм алга. Хэрэв тийм бол аймаг орох гэж машин тэрэг, бензин түлш гээд хөөрхөн зардал гарах нь. Ямартай ч төр засгийн шийдвэр гарсан хойно нэг чимээ дуулдах байх гээд ямаагаа самнаад байж байна” гэсэн.

Ид ямаа самнах цагаар малчид ийн ямар ч мэдээлэлгүй сууж байна. Тэгсэн хэрнээ салбарын яам, салбарын сайд нь малчдыг ноолуураа хямд үнээр зарах гэж яараад хэрэггүй, хадгал гэж зөвлөсөн байдаг. Банкны зээлд хүлээстэй малчдын хувьд ноолуураа борлуулж, өрөө дарах нь ороо бусгаа энэ цаг үед хамгийн чухал. Тиймээс Ч.Улаан сайдын ноолуурын цэгийн эрэлд гарах нь л хамгийн зөв зам боллоо. Үүнээс өмнө нэгэн мэдээлэл хүргэхэд, МҮХАҮТ-аас ноолуурын 2020 оны зах зээлийн үнэ ханшийг 50-60 мянган төгрөгт хэлбэлзэнэ гэсэн судалгааг гаргажээ. Энэ бол ноолуурын салбарын бүртгэлтэй бүх компаниас асуулга авч, захиалгын хэмжээг харж байгаад гаргасан таамаг үнэ. Ерөнхийдөө бодит үнэ ханш гэсэн үг. Гэтэл Ч.Улаан сайд ноолуураа 100 мянган төгрөгөөс доош буулгаж өгч болохгүй шүү гэж малчдад “захисан” байдаг. Гэтэл засагт 8-10 мянган тонн ноолуур худалдан авах чадамж байхгүй. Эндээс дүгнэхэд, ноолуурын зах зээлийн бодит үнэ ханшийг төр 67 хувиар нэмэгдүүлж, үнийн хөөрөгдөл үүсгэж байгаа нь тун их гайхаш төрүүлж буй. Гайхах ч гэж дээ, эрх баригчид 100 мянган төгрөгт ноолуурын ханшийг барина гэж хашхирч байгаа нь сонгуулийн шоу л юм даа. Энэ удаагийн сонгуулийн тойргийг МАН-ынхан хөдөө орон нутагт түлхүү хуваарилсан. Тиймээс малчдаас санал авахын тулд тэд ийн ноолуурын үнийг хүчээр нэмж хэлж байгаа нь хэнд ч тодорхой.

Улсаа дампууруулах энэ бодлого үйлдвэрлэл эрхлэгч нарт хэрхэн тусч байгааг “Сийлэн кашмер” компанийн гүйцэтгэх захирал Г.Хулан илэрхийлсэн байна. Тэрбээр “Засгийн газар үйлдвэрлэгчдийг зээл аваад үйл ажиллагаандаа нэмэрлэ, хариуд нь ноолуурыг 100 мянгаар ав гэж байна. Бид яагаад шаардлагагүй өрийн дарамтад орох ёстой гэж. Зээлийн хүү 1, 2, 3 хувь байна уу хамаагүй. Бид шаардлагагүй өрийн дарамтад ормооргүй байна. Манай компани 10 тонн ноолуур авлаа гэхэд зах зээлийн бодит ханшаар 600 сая төгрөг болно. Гэтэл үнийг 100 мянгад бариулбал нэг тэрбумаар авах хэрэгтэй. Хямралын үед 400 сая төгрөгийг хаанаасаа олох юм бэ. Засгийн газар нь гурван хувийн хүүтэй зээл өгье гэж байна. Тэг хувийн хүүтэй байсан ч тэр мөнгийг нь аваад яагаад шаардлагагүй өрийн дарамтад орох ёстой юм бэ гэсэн асуулт гарч ирж байна. Ер нь 2018 оноос хойш л ноолуур 100 мянга давсан. 2016 онд 55-60, 2017 онд 70-90 мянган төгрөгийн хооронд хэлбэлзсэн. 2018 оноос нэмэгдэж, 2019 онд хамгийн дээд цэгтээ хүрч, 130 мянган төгрөгт хэлбэлзсэн. Гэтэл тахал дэгдчихсэн байхад ханшийг 100 мянгад бариулах гээд байгааг ер ойлгохгүй байна” гэв.
Мэдээж малчдын хувьд кг ноолуураа 100 мянган төгрөгөөр тушаах нь сайхан боломж. Гэвч нөгөө талдаа хямралыг гагц үйлдвэрлэл эрхлэгч нарт үүрүүлнэ гэдэг маш буруу бодлого болно. Үүгээрээ маш олон үндэсний компанийг дампууруулах эрсдэл үүсгэж байгааг эдийн засагчид удаа дараа анхааруулсан. Эдийн засагч Ч.Отгочулуу “Ямар ч улс орны эдийн засаг үйлдвэрлэгчдийн нуруун дээр босдог. Тахал хэзээ нэгэн цагт намжина. Тэр үед үйлдвэрүүд нь байхгүй бол эдийн засаг өндийн босох чадамж буурна. Хэрэв үйлдвэрлэгч нараа, ажлын байраа хадгалаад аваад үлдэх юм бол бид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд эдийн засгаа цааш нь аваад явах боломжтой. Бусад улс оронтой адил бизнесийн салбараа дэмжиж зээл олгох нь зөв. Гэхдээ түүхий эдийн үнийг зохиомлоор өсгөөд гурван хувийн хүүтэй зээл олгоно гэдэг тэнэг хэрэг. Яагаад гэвэл компаниудыг хүчээр өрийн дарамтад оруулж байна. Хоосон үнийн хөөрөгдлийг санхүүжүүлэх гэж зээл өгвөл үр ашиггүй” гэлээ.
Засгийн газар ноолуур худалдан авагч, бэлтгэгчдэд 300 хүртэл тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэй, нэн хөнгөлөлттэй зээл олгосны хариуд нэг кг ноолуурыг 100,000 төгрөгөөр үнэлж авах үүрэг өгсөн. Харамсалтай нь, үйлдвэрлэгчид энэхүү зээлээс татгалзаж буй. Тэнэг л биш бол дэлхий нийтээр эдийн засаг уналтад орж, тансаг хэрэглээний зах зээл илт хумигдах үед 100 мянгаар авсан нэг кг ноолуурынхаа 25 хувийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгчид үргүй зээлийн өрөнд орохоос татгалзах нь тодорхой. Малчдыг дэмжих зорилготой гэх бодлого нь үйлдвэрлэгчдээ дэгээдэж байгааг яагаад ойлгохгүй байна вэ. Гэвч хэзээ ч бүтэхгүй энэ санаачилгыг Засгийн газрын шийдвэрт багтаан зүтгүүлсэн. Одоо малчдад ноолуураа хаана, яаж 100 мянган төгрөгөөр зарах вэ гэдэг асуулт өдрийн бодол, шөнийн зүүд болчхоод байна.

Б.Батхүү: Гэрээ байгуулсны дараа ноолуур худалдан авах ажил эхэлнэ


Тиймээс ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батхүүгээс энэ талаар тодрууллаа.
-Малчид 100 мянган төгрөгөөр ноолуураа хаана тушаах талаар асууж байна?
-Засгийн газрын 101 дүгээр тогтоол гарснаас хойш энэ арга хэмжээг зохион байгуулахаар бүх байгууллагууд харилцан хамтын ажиллагааг хэрхэн өрнүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох гэх мэт олон ажлуудыг хийгээд хугацаа алдсан байна. Ирэх долоо хоногоос Хөгжлийн банкны эх үүсвэрээр Арилжааны банкууд ААН-үүдэд жилийн гурван хувийн хүүтэй 300 хүртэлх тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон.
-Малчдаас хэзээ ноолуур авч эхлэх вэ. Хэн, хаана авах юм бол?
-ААН-үүд зээлээ авсныхаа дараа малчдаас ноолуураа авч эхэлнэ. Хурдан ажиллавал ирэх долоо хоног гэхэд эхний ААН, үйлдвэрүүд зээлээ авч эхлэх байх гэж бодож байна. Ингээд худалдан авалт хийх байх. Малчид сумынхаа Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэнд хандаарай. Үйлдвэрлэгчид орон нутагт очиж арилжаагаа хийнэ. Ингээд малчдын ноолуур худалдсан баримтыг нягтлаад банканд мэдээлэл хүргүүлж, малчдын дансанд мөнгө шилжүүлнэ.
-ААН, үйлдвэрлэл эрхлэгч нар зээлд хамрагдахын тулд яах ёстой вэ. Хэдэн үйлдвэр зээлийн хүсэлт ирүүлсэн бэ?
-Зээлд хамрагдах ААН, үйлдвэрүүдтэй бодлогын гэрээ байгуулна. Үүндээ ноолуурын чанар, гарцаас шалтгаалан аймаг тус бүрт ялгаатай доод үнийг баталгаажуулсан. Гурван хувийн зээлийг энэ гэрээг хийсний үндсэн дээр л авах боломжтой. Одоогоор зээл авсан үйлдвэр нэг ч алга. Зарим ААН-үүд зээлээ судлуулж байна. Ноос ноолуурын холбооноос ирүүлсэн мэдээллээр, нийт 47 орчим ААН зээлд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн байгаа гэсэн.
-Ноолуурын үнэ улс даяар кг нь 100 мянган төгрөг байх уу?
-Зүүн аймагт ноолуурын гарц энэ жил 60 орчим хувьтай, өндөр чанартай гарсан учраас доод үнийг кг-ийг нь 105 мянган төгрөгөөр тогтоосон. Баруун аймгуудын гарц 40 орчим хувьтай, чанар муутай байгаа учраас доод үнийг 75 мянган төгрөгөөр тохиролцсон. Төвийн болон бусад аймагт 85-90 орчим мянган төгрөгт хэлбэлзэж байна. Улсын хэмжээнд дунджаар 100 мянган төгрөгт барина гэсэн утгатай мэдээлэл сайд хийсэн. Түүнээс биш бүгдийг 100 мянган төгрөгт барина гэсэн үг биш.
-Ноолуурын үнийг ингэж барьж байгаа нь үйлдвэрлэл эрхлэгчдийг дампууруулахад хүргэж байгаа юм биш үү?
-Нэг талаасаа малчдынхаа ашиг, орлогыг бодсон, нөгөө талаасаа үйлдвэрлэгчдээ бодсон бодлого гэж үзэж байна. Хэрэв малчдын ноолуурыг хямд үнээр худалдаж авбал тэд өрөнд орж, дараа дараагийн жилд нийлүүлэх ноолуурын ямаагаа бүгдийг нь нядлахад хүрнэ. Тиймээс энэ бүхнийг харгалзан үзэж, үйлдвэр нь хэдэн төгрөгөөр авах, малчид нь хэдээр борлуулах вэ гэдэг хугарлын цэгийг нь барьж аваад үнээ тооцоолон тогтоосон.
-Ийм өндөр үнэтэй ноолуурын гадаад зах зээлийн эрэлт ямар байх вэ. Гадна ноолуур гэлтгүй бүх түүхий эдийн үнэ ханш унасан байна?
-БНХАУ-ын зах зээл дээр дээд зэрэглэлийн цагаан ноолуур 900 юанийн үнэтэй байна. Монгол ноолуур 780 юань гэж байна. Энэ бол өндөр үнэ ханш. Хятадын Засгийн газрын голлох стратегийн бүтээгдэхүүнийхээ түүхий эдийн үнэ ханшийг коронавирусийн савлагаанд өртүүлэхгүй байх бодлого баримталж байна. Монгол Улс ч үүнтэй адил байр суурьтай байж, түүхий эдийнхээ үнэ ханшийг өндөрт барьж, үнэ цэнийг нь алдахгүй байх хэмжээнд ажиллах ёстой.
-Англи, Италийн зах зээлийн тухайд мэдээлэл өгнө үү?
-Энэ хоёр улсын зах зээлийн үнэ ханш эргэлзээтэй байна. Нийт ноолуурынхаа дийлэнхийг БНХАУ руу угааж, самнаад экспортолдог учраас энэ зах зээлээ бариад явах нь зүйтэй. Италийн ээрэх, сүлжмэлийн ноолуурын үйлдвэрүүд ирэх тавдугаар сарын 15-ны үеэр ажиллаж эхэлнэ гэсэн мэдээлэл ирсэн. Хятадын үйлдвэрүүд сэргэсэн бол Италийн үйлдвэрүүд бүгд хаалттай байна, өнөөдрийн байдлаар.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com