Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Л.Одсэр: Чинээлэг малчин хөтөлбөрийн хүрээнд 1000 малтай айл жилд 300 сая төгрөг олох боломжтой

 Бид хойч үедээ юу үлдээх вэ? Бэлчээргүй болж цөлжсөн газар нутаг, баялгийг нь зөөчихсөн ухсан нүх л үлдээх үү? Хэдэн үеэрээ төлөөд барагдахгүй өр, зээл үлдээх үү? Дээр дооргүй хөл толгойгоо алдсан мухардал, талцал, амин үзэл, атаа жөтөөгөө үлдээх үү? Одоо л шийдэхгүй бол оройтох гээд байна.
Бид хойч үедээ онгон дагшин байгалиа өвс ургамалтай нь, гол горхитой нь, соёл ахуйтай нь, зан заншилтай нь үлдээх ёстой.
Өвгөдийн амиараа хамгаалж, ясаараа тулсан газар нутгийг хэвлий доорх баялагтай нь, алт эрдэнэстэй нь үлдээх ёстой. Баян чинээлэг, амар амгалан Монгол орныг үлдээх ёстой.
Монгол хүн бусдаас дутахгүй сайхан амьдрах боломжийг, гарц шийдэлтэй нь, зөв зарчимтай нь үлдээх ёстой. Харин яаж вэ гэдгийг "ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" хөтөлбөр та бүхэнд санал болгож байна. Ардчилал Таймс сонины уншигч та бүхэнд зориулан “Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаарх мэдээллийг цуврал болгон танилцуулахыг зорьж байна.

Ингээд та бүхэнд тус хөтөлбөрийг санаачлагч Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Л.Одсэрээс хөтөлбөрийн талаар тодруулснаа хүргэе.

-Таныг Чинээлэг малчин бойжуулах төв ТББ-аараа дамжуулж малчдад сургалт хийж байгаа талаар өнгөрсөн онд мэдсэн. Энэ ажлаа хэзээнээс эхлүүлэв?
-Малчин иргэдтэй уулзаад санал сэтгэгдлийг нь сонсоод 21 аймгаар тойроод явахад амьдралаа сайжруулах талаар юу хүсэхээ тэд төдийлөн сайн мэддэггүй нь анзаарагдсан.Танай баг дээр юу хийх вэ гэхээр урлаг, спортын заал, сагсны шийд, мод тариулах зэрэг юм л хүснэ. Яг тулаад харахаар 200 малтай, 2000 малтай хүний амьдралын чанар бараг л ялгаагүй. Гаднаа портертой, нэг мотоцикльтой, өөрсдөө хүн хүч багатай. Тэгээд манай үр хүүхдэд малчин амьдрал хэрэггүй гэсэн ойлголттой болоод цөхөрчихсөн, бэлчээр нь доройтчихсон байна. Төрөөс тэдний мал аж ахуйн бизнес загварыг хөгжүүлэхийн оронд малын тоогоороо өрсөлдөх уралдаан зарлачихсан. Мянгат, зуут болохын төлөө чанарт биш тоондоо анхаарч байна. Энэ бүхнийг ажиглаад малчдын аж ахуйг дэмжих талаар судалгаа хийж, туршлага судалж нэлээд явсан. Малчдыг чинээлэг болгох хөтөлбөрөө өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төрийн бус байгууллагаараа дамжуулж хэрэгжүүлж эхлээд байна даа.
-Хот суурин руу шилжих хөдөлгөөнийг багасгаж, төв­лөр­­лийг сааруулах, хөдөөг эзгүйрэхээс сэргийлж, нүүдлийн мал аж ахуйг хадгалж үлдэхийн тулд малчдын амьжиргааг сайжруулах алхам хийх нь зөв. Энэ талаар гадна орноос туршлага судлав уу?
-Орос, Хятад, Өвөрмонголоор туршлага судалж явлаа. Мал аж ахуйгаа яаж үр ашигтай удирдах, зохион байгуулах, үйлдвэрлэгч байж амьдралаа сайжруулах вэ гэдэг бизнес загварууд томьёолсон. Төрөөс дэмжлэг хүсэхгүйгээр байгаа нөхцөл боломжоо ашиглаад чинээлэг амьдарч, өөрсдөө үйлдвэрлэгч байж, капитал бий болгох боломжийг Чинээлэг малчин бойжуулах төв ТББ-аараа дамжуулж малчдад сургалт хэлбэрээр сургаж нэлээд хэдэн аймаг, сумаар явлаа. Үр дүн гарч байна.
-Та бүхэн эхний ээлжинд Хонь дэд хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Тоонд биш чанарт анхаарч, яаж ашигтай ажиллаж, орлогоо нэмэгдүүлэх вэ?
-Монголд 169 мянган малчин өрх амьдарч байна. Тэднийг түшиж нэг сая орчим хүн орлоготой байгаа. Ингээд мал ахуйгаас Монгол Улсын нийт орлогын 10 гаруйхан хувь бүрдэж байгаа юм. Малчдын амьжиргааг дээшлүүлж, чинээлэг дундаж хэмжээнд авчирч байж эдийн засаг тэлнэ. Хонь дэд хөтөлбөрийг шуурхайлан эхлүүлсэн. Нэг айлд дээд тал нь 500 хонь байхад хангалттай, түүнээс давахаар үр ашиггүй. 1000 хоньтой айлын 30-40 хувь нь төллөх мал, үлдсэн нь төлөг, зусаг, эр хонь байна лээ. Эр хонийг зах зээлд борлуулахад 200 мянган төгрөг л болно. Тэгтэл эр хонийг 200 мянгад хүргэж зарахын тулд малчин таван жилийн хөдөлмөрөө зарцуулна. 1000 хоньтой айл гэхэд 600-г нь таван жил тэжээж, хөлс хөдөлмөрөө хий дэмий урсгаад, бэлчээртээ ч хал учруулаад байна. Төллөх 500 хоньтой айл 400 төл хүлээж авч тэжээгээд намар хүйт орохоос өмнө 400 төл заазалж зараад, 100 эм төлөө эх сүрэгтээ нэгтгээд эргэлтэд оруулаад явах нь ашигтай. Малын 10 хувь нь ихэрлэж таарна. Тэгэхээр хорогдолтойгоо нийлээд 500-550 хоньтой өвөл давна гэсэн үг. Сүргийн эргэлт сайжирна, тэжээл бага хэрэглэнэ, хөдөлмөр бага зарж, бэлчээрээ хамгаалж үлдэнэ. Жилд 500 хонь заазалж зарж байгаа өрх махны одоогийн ханшаар 60-70 сая төгрөг олно. Энэ мөнгөө банканд хийгээд эргэлдүүлээд байж болно. Цаашлаад 300 ямаа, 50 үхэр, 50 адуугаа яаж эргэлдүүлэх вэ гээд дэд хөтөлбөрүүдээ хэрэгжүүлнэ. Нийлээд 1000 малтай айл жилд 300 сая төгрөг олох боломжтой загвар юм.
-Мал аж ахуйг хөгжүүлье гээд хоршоо, нөхөрлөл болж, ферм байгуулъя гэж нэг хэсэг явсан. Танайх илүү хувь тоглолттой, бэлчээр түшиглэсэн загвар санал болгож байгаа юм байна. Давуу тал нь юу вэ?
-Тийм ээ. Монголчуудын үндсэн философид хараахан нийцэхгүй байгаа учраас зовлон болгож шахаад байх шаардлагагүй юм билээ. Итгэл үнэмшил, эрх ашгаараа нэгдсэн улсууд л хамтраад ажил хийнэ. Үүнийг төрөөс хайрцаглаад байх хэрэггүй. Өрхийн аж ахуйн үйлдвэрлэл дээр суурилсан загвар одоогоор оновчтой байна. Фермерийн аж ахуйг шүтээд гадаадад 200 кг жинтэй хонь байвал түүнийг шүтээд эхэлж байна. Манайд болох уу, үгүй юу гэдгийг тооцож чадахгүйгээр уурхайгаас хөлжсөн хэд нь авчраад хашаанд хориод тэжээж байна. Тэгээд тэжээж өсгөсөн зардал, дулаан, эм тариа, малчны зардал нь махны үнээс нь давчихдаг. Буцаагаад мөнгөө олж чадахгүй хохирдог. Гацууртын Л.Чинбат, ЖДҮ авсан Ж.Энхбаяр шиг газар тариалантай улсууд л түүнийгээ түшсэн фермер ажиллуулах боломжтой. Гэтэл ийм боломж 169 мянган малчин өрхөд байхгүй. Монгол мал бол зун, намар өвсний сайныг шилж идээд хуримтлуулсан өөхөө өвөл, хавартаа шимж амьдардаг, эрс тэс уур амьсгалдаа шалгарч зохицсон амьтан. Барга, үзэмчин үүлдрийн хаврын хургыг хоёр сар хүртэл нь эрдэсжүүлсэн тэжээлээр тэжээж зун хүргэхэд л 25 кг хүрдэг нь баруун аймгийн эр хоньтой ижил байна.
-Хонь дэд хөтөлбөрт аль үүлдрийн хонь маллавал ашигтай вэ?
-Социализмын үед зүүн тал руугаа махны чиглэлийн үүлдэр, баруун тал руугаа Эрдэнэт, Улаанбаатар хивс үйлдвэрлэлд зориулж давжаа биетэй ноосны чиглэлийн үүлдэр нутагшуулсан. Илүү нугаламтай барга үүлдрийн хониор эх сүргээ бүрдүүлнэ. Сүхбаатар аймгийн үзэмчин үүлдрийн эм хонь өлчир байх жишээтэй. Таван жил гэр бүлээрээ мал дагаж яваад эргээд харсан чинь зардлаа нөхөөгүй, таван жилийн амьдрал үрэгдсэн байдаг. Амьдралын 10 хувь нь явчихсан байдаг. Уг нь хонио биш өөрсдийгөө сайхан амьдруулах ёстой биз дээ. Малчид мал, мал гэж явсаар өөрсдийгөө гаргуунд гаргаж байна. Хонь 3-4 сарын хооронд төллөдөг. Манай хөтөлбөрөөр намар есдүгээр сард үржлийн ажил хийгээд хоёрдугаар сард төллүүлээд, эрчимтэй өсөлтийн хоёр сарын хугацаанд нь сүүнийх нь уурагтай хамт эрдэстэй тэжээл өгнө. Эхний сар хурга тэр тэжээлийг сүртэй идэж сүйд болохгүй ч оролдоод л байна, хөөрхөн. Тэжээл өгөөд эхлэхээр хоол боловсруулах эрхтэн нь сайжирч, гүзээний үс нь хоёр дахин ургаад эхэлнэ. Гүзээний үс урт ургах тусмаа ашигтай бактер үржээд хавар, зундаа бэлчээрт гарахаар жин нь нэмэгддэг. Монгол хурганы махны гулууз дунджаар 11 кг. Бид хонио сайжруулаад, тэжээгээд ирэхээр 20-25 кг хүрч жин нь нэмэгддэг. Ийм туршлагыг эхний ээлжид Говьсүмбэр аймагт амжилттай нэвтрүүлээд байна.
-Чинээлэг малчин хөтөлбөр малчдын дунд хэрэгжвэл ямар үр дүн гарах бол?
-Нэгдүгээрт, ядуурлыг шийднэ. 169 мянган малчныг чинээлэг дундаж давхаргад хүргэхийн төлөө ажиллана. Хоёрдугаарт, бэлчээр талхлагдахаас хамгаална. Монгол Улс 1.5 сая км квадрат талбайтай. Үүний 9.1 хувь нь ойн сан, үлдсэн нь тал нутаг, бэлчээр байдаг юм байна. Бэлчээрийн талбайн хэмжээ 1961 онтой харьцуулахад 2017 онд 19.9 хувиар буюу 27.9 сая га-гаар буурч, 112.1 сая га болсон. 100 га бэлчээрийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлж тооцсон малын тоо буюу бэлчээрийн ерөнхий даац дөрөв дахин хэтэрчихсэн байна гэж мэргэжилтнүүд хэлдэг. Швейцарийн хөгжлийн агентлагаас хийсэн судалгааны тайлангаас харвал Монгол орны нийт бэлчээрийн 10.3 хувь нь нөхөн сэргээгдэхгүйгээр цөлжсөн. Дунд болон дундаас дээш түвшний талхлалтад 47.4 орчим хувь нь өртсөн. Үлдсэн хэсэг нь буюу 42 хувь нь соргог буюу талхлагдаагүй байгаа юм байна. Энэ байдал энэ эрчээрээ үргэлжилсээр байвал ойрын жилүүдэд бэлчээр 100 хувь талхлагдаж, 2080 он гэхэд Хөвсгөлийн зүүн хойд хэсэгт багахан талбай, Хэнтийн нурууны баруун хойд хэсэг энэ хэвээрээ үлдэж бусад нутаг бүрэн цөлжинө гэсэн таамаглалыг судлаачид хэлж байна. Ийм учраас малчдыг “Мянгат малчин”, “Сайн малчин” гэж уралдуулдаг, хоосон өргөмжлөлөөр хуурдаг тэнэглэлээ больчих хэрэгтэй байна. Бэлчээрийн хамгаалалт, зохион байгуулалт хийж байх ёстой төр засаг нь, татвар төлөгчдийн мөнгөөр туйлж, өөрсдийг нь хуурч шоглож байдаг нэг жишээ энэ. Малчид ч бодит байдалтай нүүр тулж бэлчээрийн гол дайсан гэж эртнээс нааш ярьж ирсэн ямаан сүргийнхээ тоо толгойг зоригтой бууруулмаар байна. Манай хөтөлбөрийн зорилго энэ.
-Уламжилж ирсэн зан заншил гэх юм уу даа манай малчид бага малын амийг тасдахаас цэрвэдэг шүү дээ. Бага залуу малын мах, хөгшин малын махны чанарт өрчлөлт бий юү?
-Малчид өвөл нь онд орохгүй малаа заазалж зардаг. Дөрөв, таван жил болсон малын мах холистерин ихтэй. Иргэд махаа ялгаад авдаг юм гэхэд хөгшин малын мах зоогийн газраар дамжиж иргэдийн хүнсэнд хэрэглэгдэж л байгаа. 2030 онд монголчууд дөрвөн саяулаа болоход махны хэрэглээ дагаад 30 хувиар нэмэгдэнэ. Энэ хэрэглээг залуу, эрүүл махаар хангах чухал байгаа биз. Нөгөө талаас гадаадынхан тугал, хурганы мах ихээр хэрэглээд сурчихсан. Хотжих тусам иргэд өөх идэхээ больж байна. Уургийн агууламж ихтэй, зөөлөн мах руу чиглэж байна. Гэтэл зах зээлд хурганы мах байхгүй. Иранчууд хурганы мах эсвэл төлөг авах гэж ирдэг. Дэлхийн стандартад 15 кг байж хурганы маханд тооцож худалдаанд гардаг. Түүнээс бага болохоор махны гарц бага, яс их гээд худалдаж авдаггүй. Иранчуудын иддэг хурганы мах 15-25 ам.долларын үнэтэй байдаг. Тэгвэл манай улсын малчид дотоодын зах зээлээ эрүүл хурганы махаар хангаад Хятад, Арабын ертөнц рүү гаргавал ямар сайхан бэ. Нэгээс хоёрдугаар сард төллүүлнэ гэж тооцоход аравдугаар сар гэхэд 9-10 сартай төлөг шахуу болсон байна. Үхэр, гахай, тахиа иддэггүй орнуудад монгол хурганы (бараг төлөгний) махны бизнес нээлттэй байна. Энэ бол олон жилийн судалааны хүрээнд хийгдэж байгаа бодит ажил. Манай хөтөлбөрийг аймаг, сумандаа хэрэгжүүлэхийг хүссэн, малчдаа сургалтад хамруулах хүсэлтээ олон аймаг сумынхан илэрхийлээд байна. Бид “Чинээлэг малчин” хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж 170 шахам мянган малчин өрхийг чинээлэг дундаж давхарга руу шилжүүлснээр бэлчээрийн доройтол, хот руу чиглэсэн их нүүдэл, ядуурал гэх мэт Монголын шийдлээ олдоггүй мөнхийн асуудлуудыг цогцоор нь шийдэж чадна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com