Нью медиа группийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал А. Мэнд-Оршихтой цахимаар ажиллах соёлын талаар ярилцлаа. Эднийх хөл хорионоос ч өмнө аль хэдийнэ цахимаар ажиллаж эхлээд байсан юм.
-Цар тахлын үед хөл хорио уламжлалт компаниудад амаргүй тусч байна. Харин мэдээллийн технологийн компаниудын хувьд байдал ямар байгаа вэ?
-Манай байгууллага 2010 онд байгуулагдсанаасаа хойш зайнаас ажиллах соёлыг бүрдүүлсээр ирсэн болохоор хамт олон маань өнгөрсөн сар гаруй хугацаанд гэрээсээ ажиллахад ажлын бүтээмж, гүйцэтгэлд ямар нэг сөрөг нөлөө байгаагүй. Харин ч илүү төвлөрч ажиллах, автобус унаанд цаг үрэхгүй, гадуур хооллож мөнгө үрэхгүй зэрэг бодит хэмнэлт үүсч байна.
“Ажлын үр дүнд суурилсан орчин” байгууллагын соёлыг бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд бүтээсээр ирсэн. Тийм ч учраас багийн гишүүд маань салбарынхаа хамгийн шилдэг нь болох хүсэл эрмэлзэлтэй, орон, зай цаг хугацаанаас үл хамааран хариуцсан ажлаа цагт нь гүйцэтгэдэг, хувь хүний хөгжиж, дэвших хүсэл тэмүүлэл нь байгууллагынхаа зорилготой нэгддэг байх гэсэн гурван чухал ач холбогдлыг бий болгосон. Бид ажлын хатуу цагт баригдаж, заавал оффист ирж суухгүйгээр ажлын бүтээмж, гүйцэтгэлдээ илүү анхаарч байгаа. Дэлхий даяар тавигдсан хөл хорионы үеэр бидний бүтээмж нэмэгдэх хандлагатай байгаа нь сайн хэрэг.
Харин эдийн засаг талаасаа бүх бизнесүүдэд нөлөөлж буй хямралд манай байгууллага ч бас адилхан өртөж байна. Бид бизнесийн байгууллагуудад мэдээлэл, технологийн үйлчилгээ, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ажил хийдэг учраас хэрэглэгчдэд маань хямрал үүсэх нь бидний төлөвлөсөн гэрээ хэлэлцээр цуцлагдах, тодорхойгүй хугацаагаар хойшлогдох зэрэг асуудал тулгарч, бидэнд үзүүлэх санхүүгийн хямралын нөлөөлөл бусадтай л адил байна.
-Цахимаар ажилладаг компаниудын хувьд байдал илүү сайн байгаа болов уу гэж найдсан юм сан?
-Ямар салбар байхаас шалтгаалахгүйгээр нийтээрээ санхүүгийн хямралд өртсөн учраас нэг хоёр гэрээ цуцлагдах, төлөвлөсөн ажлууд маань тодорхойгүй хугацаагаар хойшлох, төлбөр мөнгөө бууруулах, хямдруулах зэрэг асуудлууд аль хэдийн тулгарч эхэлсэн л дээ. Ихэнх байгууллагууд зардлаа бууруулах, ажилчдаа цомхотгох, цалин хөлсөө багасгах асуудлуудтай нүүр тулж байна. Манайх ч бас энэ нөхцөл байдлыг тойрч гаралгүй, дайраад л өнгөрч байна. Төлөвлөсөн борлуулалтдаа хүрч чадахгүй, бизнесийн хурд удааширч эхлээд байгаа энэ үед хэрхэн тэсч үлдэх вэ, ямар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргавал зөв цаг нь байж болох вэ гэж санаагаа уралдуулан, ажиллаж байна. Хэдий санхүүгийн хямралд өртөж байгаа ч зайнаас ажиллах нь манай байгууллагад сайн тохирч байгааг энэ нөхцөл байдал батлан харуулж байгаа. Миний хувьд энэ нь том ашиг олсонтой адил байлаа. Цаашдаа нөхцөл байдал хэвийн болсон ч хэд хэдэн инженер маань зайнаас үргэлжлүүлэн ажиллах шийдвэрт хүрээд байна.
-Дэлхий хавтгай болсон гэж ярьдаг. Мэдээллийн технологийн компаниудад дэлхийд гарах боломж бий ч гэдэг. Энэ боломжийг та бүхэн хэр ашиглаж чадаж байгаа вэ?
-Дэлхий хавтгай болж байна. Технологийн компаниуд дэлхийн хамгийн том бизнес болж буй өнөө үед Нью медиа групп дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээж, олон улсад өрсөлдөхийг зорьж ирсэн. Бид олон улсад гаргахаар таван төсөл хэрэгжүүлсэн. Үүнээс 2016 оноос хойш хөгжүүлсэн “Эрксис” маркетинг, борлуулалтын нээлттэй эхийн платформ буюу манай тав дахь төсөл амжилттай хэрэгжиж, Монгол компани “Цахиурын хөндий”-д, олон улсын нэр хүнд бүхий томоохон технологийн үзэсгэлэн, наадмуудад бүтээсэн технологиороо нэрээ өргөж явна. Түүнээс өмнө бид дөрвөн удаа алдсан. Харилцагчийнхаа ажлыг хийж, үйл ажиллагаагаа тогтмол авч явахын зэрэгцээ өөрсдийн бүтээгдэхүүнийг хөгжүүлнэ гэдэг хэцүү даваа байсан. Дөрвөн удаагийн оролдлогоос сурсан гол зүйл нь хөрөнгө оруулалт авах гэж яарах эсвэл хэвлэл мэдээллээр тогтмол нэрээ гаргаж, олонд танигдсанаар амжилтад хүрнэ гэж хуумгай бодсон маань бидний алдаа байсан. Харин 2016 онд ойлгосон зүйл нь эхлээд бид дэлхийн хэмжээнд мэдээлэл технологийн салбарт хэн юм бэ, бид юу хийж чадах вэ гэдгээ тодорхойлохын тулд нээлттэй эхийн платформ хөгжүүлж, хэн ч, хаанаас ч манай платформыг татаж аваад, сервертээ суулгаад төлбөргүй ашиглах боломжтой бизнес моделийг бүтээсэн. Энэ нь монгол инженерүүдийн ур ухаан, чадвар чансаа ямар түвшинд байгааг олон улсад харуулсан гэж бодож байна. Одоогийн байдлаар манай платформыг 60 гаруй оронд 30,000 бизнесийн байгууллага сервертээ суурилуулаад, идэвхтэй ашиглаж байна.
Үүнтэй зэрэгцэн их зорилгын төлөө хүчээ нэгтгэн зүтгэх баг хамт олноо хэрхэн нэгтгэх, мотивацжуулах, урт хугацаанд хамтран ажиллах зэрэг асуудлууд бидэнд бас л нэг төрлийн сорилт, шалгуур болж байна.
-Танайх цар тахлаас өмнө ч ажилтнууддаа гэрээсээ ажиллах боломж олгож байсан. Гэрээсээ ажлаа цалгардуулахгүй үр дүнтэй хийхийн тулд юуг анхаарах вэ? Ажлын үр дүнг яаж үнэлж, тооцдог вэ?
-Цагаа өөрөө удирдаад, зайнаас ажиллах нь манай ажилтнуудад сурч хөгжих, хувийн ажлаа зохицуулах, хүүхэд харах хүнгүй болох үе зэрэг амьдралд тохиолддог олон нөхцөл байдлыг стресс багатай, боломжийнхоо хэрээр сайн зохицуулдаг юм шиг санагддаг. Заавал өглөөний 9-өөс оройны 18 хүртэл оффис дээр байх шаардлагагүй. Гол нь хариуцсан ажлаа хугацаандаа гүйцэтгэвэл ажлаа өглөө, орой хийх нь тухайн хүний л дур. Хамт олон маань ажилдаа дуртай, сэтгэл ханамжтай байх нь чухал.
Бид ажлаа 14 хоногоор төлөвлөөд, төлөвлөсөн үр дүндээ хүрэхийг хатуу зорьдог. Мэдээллээ товч, тодорхой солилцож, аль болох бага хуралдахыг хичээдэг. Өөрсдийн бүтээсэн эрксис платформ дээрээ төлөвлөсөн ажлуудаа бүртгэж, хэнд ямар ажлууд өгөгдсөн, явц үр дүн хэр байгааг цаг тутам мэдэх боломжтой. Борлуулалтаа хөтлөх, хэрэглэгчтэйгээ холбогддог утас, имэйл, фэйсбүүк, твиттер, цахим хуудасны мессенжер зэрэг бүх сувгуудаа эрксист хүлээж авч, сонсдог учраас байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ нэг цогц систем дээр явагддаг давуу талтай.
Зайнаас, цахимаар ажиллахын тулд зөв, сайн багаж, платформ ашиглах нь чухал. Хамт олон нь багажиндаа түүртээд ашиглаж чадахгүй байх, учраа олж чадахгүй, ойлгохгүй байвал цахимаар ажиллахын давуу тал үүсэхгүй.
Бид мөн https://rocket.chat/ чатын платформ, аудио, видео дуудлага хийхдээ https://jitsi.org/ платформуудыг ашигладаг. Манайх https://rocket.chat/ дээрээ ажлын группүүдээс гадна хэд хэдэн сонирхолтой группүүдтэй. Жишээ нь талархлаа илэрхийлэх групп, тэмдэглэлт өдрүүдээр баяр хүргэх групп, гомдлоо бичдэг групп хүртэл бий. Дандаа ажил яриад байвал уйтгартай учраас хөгжилдөх, хамт олны уур амьсгалыг дэмжих группүүд байдаг. Мөн Standup нэртэй групптээ багийн гишүүн бүр өмнөх өдөр юу хийсэн, өнөөдөр юу хийхээр төлөвлөж байгаа ажлын жагсаалтаа өдөр бүр бичдэг. Энэ нь багийн гишүүн ямар ажил хийж байгаатай бусад гишүүд танилцах, мэдээлэл авахад тусалдаг. Энэ бүхэн бидний соёлын нэг хэсэг болжээ.
-Цар тахлын үед олон байгууллага зайнаас ажиллаж байгаа. Зайнаас ажиллахдаа ямар платформ ашиглахаа олон хүн мэдэхгүй байгаа. Онлайн хурлаа яаж үр дүнтэй хийх асуудал ч тулгарч байгаа. Ийм үед танай компани “Цахим байгууллага” үйлчилгээг санал болгосон байна лээ. Энэ үйлчилгээ хэр өндөр төлбөртэй вэ. Өөр ямар боломжийг олгож байгаа вэ?
-Бидний хувьд өөрсдийн үйл ажиллагаандаа амжилттай ашиглаж байгаа, бодит үр дүнг нь мэдэрсэн нээлттэй эхийн программ хангамжуудыг харилцагч байгууллагууддаа санал болгож, тэдний хэрэгцээ шаардлагыг нарийн тодорхойлсны үр дүнд нэвтрүүлдэг. Цар тахлын үеэр ямар ч байгууллага дижитал шилжилтээ оновчтой хийж, цахимаар ажиллах боломжийг бүрдүүлснээрээ бизнесийн хурдаа алдахгүй байх, энэ цаг үед тэсч үлдэх боломжтой болно. Цахимаар ажиллах нь цар тахлаар хязгаарлагдахгүй, шулуухан хэлэхэд дараагийн үеийн ажлын байрны үндсэн шаардлага болох нь гарцаагүй. Иймд байгууллага цахимаар ажиллах соёлоо хэрхэн бүтээх, ажлын урсгал, бүтцээ зөв тодорхойлохыг нухацтай хэлэлцэх шаардлагатай.
Сүүлийн үед лицензтэй программ ашиглах нь үеэ өнгөрөөгөөд байна. Лицензтэй программ гэдэг нь тогтмол зардалтай, аль нэг технологийн компаниас хараат, хөгжүүлэлт нь хязгаарлагдмал программ хангамжуудыг хэлнэ.
Иймд бид харилцагчдадаа нээлттэй эхийн программ хангамж ашиглахыг зөвлөдөг. Нээлттэй эхийн платформууд нь лицензийн төлбөргүй, ашиглах хүний тоо хязгааргүй, ямар ч программтай холбон ажиллах боломжтой, дурын компанид тохирох төлбөрийг төлөөд бизнесийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх боломжтой зэрэг давуу талуудтай.
Хөл хорионы үеэр байгууллагуудад нэн тэргүүнд тогтмол харилцаа холбоотой байх, аудио видео дуудлага хийх, хэдэн ч хүний бүрэлдэхүүнтэйгээр цагийн хязгааргүй онлайн хурал хийх хэрэгцээ үүсч байгаа учраас бид уг боломжуудыг хангасан, нээлттэй эхийн платформ дээр суурилсан “Цахим байгууллага” үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд байна.
Ингэхдээ тухайн байгууллагын процесс, бүтэц бүрэлдэхүүнийг судлан, тохирох багаж, технологийг сонгон, серверт суурилуулах, үндсэн тохиргоо хийх, багийн гишүүдэд ашиглах, нэвтрүүлэх сургалтууд хийж байна. Ашиглах хугацаандаа сарын тодорхой төлбөртэй бөгөөд сонирхсон байгууллагууд Нью медиа группт хандаж мэдээлэл авах боломжтой.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"