Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
М.Ариунтунгалаг: Утга учиртай зүйлд зорьж байгаа болохоор дурлаж, тэмүүлж ажилладаг

“Дэлхийн зөн” олон улсын байгууллагын Ази номхон далайн бүсийн төсөл хөгжүүлэх багийн зөвлөх М.Ариунтунгалагтай ярилцлаа.

-Дэлхийн зөн хэмээх байгууллага Монголын эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслаад багагүй хугацаа өнгөрчээ. Түүний зэрэгцээ Ази номхон далайн бүсийн оффист нь монгол бүсгүй ажилладаг нь таатай сайхан санагдсан учраас тантай ярилцахаар шийдсэн юм аа. Энэ байгууллагад хэзээнээс ажиллаж байгаа вэ?
-Би “Дэлхийн зөн Монгол”-д 2011 оноос хойш ажиллаж байгаа 2020 оны нэгдүгээр сараас Ази, Номхон далайн бүсийн төсөл хөгжүүлэх, хөрөнгө босгох багийн зөвлөхөөр ажиллаж байна. Манай бүсэд 18 улс хамаардаг. Дэлхийн зөнгийн аль ч салбарт хамгийн хэцүү нөхцөлд байгаа хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, эдийн засаг гээд салбар дамнаж цогц тусламж үзүүлдэг. Хүүхдийн байгууллага гээд зөвхөн хүүхдийг дангаар нь салгаж аваад ажиллана гэж байхгүй. Тэр хүүхдийн гэр бүлийн санхүүгийн байдал ямар байгаагаас хамаарна бусад бүх зүйл хамаатай учраас хамрах хүрээ нь өргөн. Хүүхэд эцсийн цэг нь мөн боловч түүнд нөлөөлж байгаа системд тэр чигээр нь анхаарах ёстой болдог. “Дэлхийн зөн Монгол” маань хамгийн эмзэг бүлгийн 684000 хүүхдэд хүрч ажиллах стратегитай. Дэлхийн даяар үйл ажиллагаа явуулаад 70 жилийг ардаа үдсэн энэ байгууллага хүүхэд хаана эмзэг байдалд өртөж байна тэнд зогсож байдаг. Манай байгууллагын ерөнхийлөгч Эндрю Морли “Дэлхийн зөн анх байгуулагдахдаа л гамшигт өртсөн хүүхдүүдэд тусалж эхэлсэн” гэж саяхны COVID-19-тэй холбоотой уриалгадаа хэлсэн. Үнэхээр л энэ нь манай байгууллагын ДНХ-д байгаа мөн чанар. Цар тахал гэж зарлахаас өмнө Хятадад байгаа эмзэг бүлгийн хүүхдүүдэд бид туслаад эхэлчихсэн байсан. Цаашид цар тахлын хүрээнд 22 сая хүнд хүрч үйлчлэхээр ажиллаж байгаа. Тэдний тал нь хүүхэд.
-Дэлхийн зөнгийн сан бүрдүүлэх онцлогийн талаар танилцуулж болох уу. Тухайн улс дотоодоос сан бүрдүүлдэг үү?
-Хэн өгөх боломжтой байна тэр субьекттэй ажилладаг. Мэдээж гэмт хэргийн шинжтэй хууль бус мөнгө хүлээн авахгүй. Хувь хүн, бизнесийн байгууллага, Засгийн газар бүгдтэй нь хамтран ажилладаг. Тухайлбал, одоогийн байдлаар энэ цар тахал дэлхий нийтийг хамарчихсан болохоор дэлхийн хэмжээний хариу үйлдэл үзүүлэх ёстой болсон. Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрөөр дамжуулж манай байгууллагад олон иргэд хандив өргөдөг. Одоо байгаа ивээн тэтгэгч болон хандивлагчдаас гадна хэн нэмж өгөхөөр байна түүнтэй хамтарч, тодорхой төсөлтэйгээр ажилладаг. Авсан мөнгөөрөө юу хийх, хэрхэн ажиллахаа тодорхой танилцуулдаг. Одоо бол бид юун түрүүнд вирусийн тархалтын эсрэг орон нутгийн эмнэлгүүдэд анх шатны хэрэгслээр туслах хэрэгтэй байгаа. Монголд нөхцөл байдал харьцангуй хүнд биш боловч зүүн азийн дүрвэгсэд хуарагнасан байгаа кэмп, орон гэргүй, гудамжинд байгаа хүмүүс, тэдэнд үйлчилж байгаа эмнэлгүүдэд туслах нөхцөл байдал үүсээд байгаа. Мөн олон нийтийг мэдээлэлжүүлэх ажил чухал болоод байна. Монголд ч энэ ажил хийгдсэн. 800 гаруй мянган хүнд мэдээлэл хүргэсэн гэсэн тооцоо бий. Бусад улс оронд ч энэ жишгээр ажиллаж байгаа. Интернэтгүй, алслагдсан нутагт амьдарч байгаа, байнга зурагт үзэх боломжгүй хүн ч бий. Тэр болгонд хэрхэн өөрийгөө вирусээс хамгаалах мэдээллийг хүргэх хэрэгтэй. Түүнчлэн хаа сайгүй боловсролын үйлчилгээ тасалдаж байна. Яаж боловсролыг тасралтгүй үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх вэ гэсэн чиглэлтэй ажиллаж байгаа. Манай Засгийн газар теле хичээл зааж байгаа ч өөр улсуудад сургалт тасалдаад байна. Монголд ч гэсэн эмзэг бүлгийн, зурагтгүй айлын хүүхэд хичээлээ хийж чадахгүй байгаа ч тохиолдол бий.
Энэ хорио цээрийн дэглэмийн үед хүүхэд хамгааллын асуудал хурцаар тавигдаж байна. Зөвхөн хятадаар жишээлэхэд Уханьд хорио цээрийн дэглэмийн үеэр хүчирхийллийн дуудлага гурав дахин нэмэгдсэн тоо бий. Гамшгийн үед хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийлэлд түрүүлж өртдөг. XXI зуунд ч бас энэ нь давтагдаж байгаа. Энэ тал дээр бусад оролцогч талуудтай хамтарч ажиллахаас өөр аргагүй болж байна.
Мөн хүүхдийг аюулгүй байлгахад үүрэг гүйцэтгэдэг механизмд нөлөөллийн ажил хийж байна. Энэ нь зөвхөн Дэлхийн зөн, эсвэл эмнэлэг, цагдаагийн байгууллагын хийдэг зүйл биш. Бүгд гар гараа барилцан хамтран ажиллах ёстой болохоор нөлөөллийн ажил давхар хийдэг. Манай байгууллага бие даан тоглолт хийх сонирхолгүй, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай ч хамтрахыг хүсдэг.
-Дэлхийн 18 оронд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад эх орноосоо ажиллаж байгаа гэхээр сонирхолтой юм. Цагийн зөрүү, онлайн хурал гэх зэргээр нэг өдрийн ажлын хуваарилалт нь сонирхолтой санагдаад байна. Энэ талаар тодруулж ярьж болох уу?
-Би гэрээсээ ажиллах гэрээтэй. Заавал оффис дээр ирэх албагүй. 18 орны оффистой хамтарч ажилладаг болохоор ажлын 99 хувь нь гадагшаа чиглэдэг. Zoom, webinar гэх мэт онлайн уулзалтын платформоор ажлаа хийдэг. Дэлхийн зөнгийн бүсийн оффисууд сүүлийн жилүүдэд нэлээн “тархан суурьшиж” байгаа. Хүн болгонд амьдардаг газраасаа ажиллах боломж олгож байгаа. Өмнө нь Зүүн азийн бүсийн оффис Камбожид цуглаж ажилладаг байсан бол одоо амьдарч байгаа газраасаа ажилладаг болсон. Манай Ази Номхон далайн бүсийн салбарт 14 орноос 52 хүн ажилладаг. Тэдний хоёр нь монгол хүн. Орчин үеийн дижитал хөгжлийн давуу талыг бид ашиглан ажилладаг. Ивээн тэтгэгчийн өгч байгаа нэг долларыг ч хүртээмжтэй байлгахын тулд танаж болох бүх урсгал зардлаа хэмнэж ажилладаг. Виртуал ажиллах боломжтой бүх ажил ийм хэлбэрээр яваад хэвшчихсэн байсан учраас цар тахалтай холбоотойгоор хүндрэл гараагүй. Өнөөдрийн хувьд таван уулзалт төлөвлөсөн. Азийн бүс дотроо хуралтай бол цагийн зөрүү багатай байдаг. Өөр тив рүү уулзалт товлоход жаахан бэрхшээлтэй. Өнөөдөр өглөө 07.00 цагт эхний хурлаа хийгээд, орой 22.00 цагт бас нэг хуралтай байгаа. Тэгэхээр ийм өөр өөр цаг хугацаанд зэрэг ажиллаж байгаа учраас гэрээс ажиллах хувилбар их нийцтэй.
Ийм олон соёлд зохицон ажиллаж сурсан нь манай байгууллагын давуу тал.


-Хувь хүний хөгжил, зуршил, дадалд энэ ажлын үзүүлсэн эерэг нөлөө нь юу байдаг бол?
-Би социологч мэргэжилтэй, судалгааны хүн. Дэлхийн зөн ОУБ-д хөтөлбөрийн хяналт үнэлгээний мэргэжилтнээр 2011 онд ажилд орж байсан. Аливаа төсөл хөтөлбөрийн гол үндэс суурь нь нотолгоо байдаг болохоор судалгаа чухал үүрэгтэй. Яагаад санхүүжүүлэгч энэ төслийг дэмжих ёстой вэ гэдэг нотолгоо гаргаж өгдөг учраас миний социологич мэргэжил их нөлөөлсөн болов уу. Ажиллаж эхэлснээсээ хойш 2-3 жилийн дараа төсөл бичдэг энэ салбар руугаа орчихсон. Хөрвөхөд надад арай хялбар байсан.
Анхнаасаа хэдхэн хүний толгойд байсан санаа биежээд, хэлбэр дүрсээ олж хөгжөөд, санхүүжилт аваад, хэрэгжүүлэгч баг нь бодит болгохыг харахаар энэ ажлаараа бахархаж, урам зориг авдаг. Одоо бол бүр ч илүү өргөн хүрээнд харж, бодох ёстой. Миний хийж байгаа ажлын үр шимээр хаа байсан Камбож, Мянмарт байгаа, хэзээ ч нүүр тулан уулзахгүй хүүхдийн амьдралд өөрчлөлт бий болно гэж бодохоор би ажилдаа дурладаг. Ямар нэгэн хэрэгцээгээ чухалчилж, өнгөц хардаггүй. Өглөө эрт босч, орой хэт оройтож ажилласан ч би тээршаадаггүй ээ.
-Хамтраад хийсэн олон төслөө хэн нэг нь өмчилдөггүй ч өөрийнхөө хийснийг, эхлүүлснийг бодохоор аль ажлаараа хамгийн их бахархаж байв?
-Энэ төсөл боловсруулах ажилд олон хүний, гар, сэтгэл нийлдэг. Миний хайртай төсөл бол өнгөрсөн жил Монголын багт байхдаа Дэлхийн зөн Сингапурын санхүүжилттэй хэрэгжүүлсэн эмзэг бүлгийн хүүхдүүдэд яг хэрэгцээтэй зүйлийг нь худалдаж авч өгөх хөтөлбөр байсан. Дэлхийн зөн сүүлийн 10-аад жил аль болох бэлэн зүйл өгөхгүй материаллаг бус буюу боловсрол, амьдрах чадвар нэмэх тал руу нь хандаж ажиллаж байгаа. Загас өгөхгүй, загас барих ухааныг нь зааж өгөх гэсэн загвараар ажилладаг. Гэтэл орон нутагт үнэхээр хүнд нөхцөлтэй айлууд олон бий. Гэрт нь яваад ороход түлшгүй, хоолгүй, 3-4 нялх хүүхэдтэй, эсвэл хүүхэд нь хүнд өвчтэй айлд ороод бид боловсрол, хөгжил, ирээдүй ярих хэцүү. Наад захын хэрэгцээг нь өгөхөөс өөр аргагүй үе тохиолддог. Энэ төсөл ч яг тийм зорилготой байсан. Сонгож авсан айлуудынхаа хүүхдүүдэд нэг удаа хэрэгцээт зүйлийг нь авч өгөх жилийн хугацаатай төсөл байсан. Жилийн дараа тэр төсөлд хамрагдсан хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзахад бүжигчин болох хүсэлтэй байсан нэгэн охин “Би бүжгийн дугуйландаа орж, сурах ёстой зүйлээ сурсан. Энэ хичээлд явахад хэрэгтэй зүйлсээ худалдаж авч чадсан” гэж ярьсан. Анх бичиж байхдаа иймхэн мөнгөөр юу ч хийх билээ дээ гэсэн голонгуй сэтгэгдэл төрж байсан бол энэ уулзалтын дараа надад маш чухал зүйл хийсэн юм шиг мэдрэмж төрсөн. Манай төсөл хэрэгжүүлдэг багийнхан үнэхээр сэтгэлтэй ажилладаг болохоор нэг долларыг 10 долларын үр дүнтэй болгож зарцуулж чаддаг. Тэр айл ч бас мундаг. Наад захын хэрэгцээ нь дутмаг ч тэр мөнгийг зориулах зүйлдээ зориулж, авьяаслаг нэг охин өөрийгөө олж таньсан нь маш гайхалтай санагдсан. Үүнээс илүү юу хүсэх билээ. Дэлхийн зөнд ажилладаг олон хүний баяр бахдал нь энэ шүү дээ.
-Дэлхийн зөн Сингапурын санхүүжилтээр энэ төслийг хэрэгжүүлсэн гэж ярилаа. Үүнтэй ижилхэн монголоос сан бүрдүүлж хэрэгжүүлсэн төсөл байдаг уу?
-Хандивлагч болон хүлээж авдаг оффис гэж бий. Монгол тэр түвшинд хүрээгүй. Дэлхийн зөнгийн Солонгосын оффис манай түүхэнд сонгодог жишээ болдог. Анх яг Монгол шиг хүлээж авдаг оффис байсан бол 30 жилийн дотор хандивлагч оффис болсон.


Манайх одоогоор дотоодын хүүхдийн ивээн тэтгэлгийн хөтөлбөр эхлүүлээд явж байна. Өнгөрсөн жил 1000 дахь ивээн тэтгэгчээ хүлээж авсан. Манай ажилтнууд ч гэсэн оролцох сонирхолтой байдаг. Нэг хүүхдийг сонгоод жилийн турш ивээн тэтгэдэг. Сард 25000 төгрөг зориулаад түүнийг нь цуглуулж, шууд хэрэгцээнд нь өгөх эсвэл сургалт, хөгжлийн ажилд зориулдаг.
Хөлөө олсон бизнесийн байгууллагууд маань ч бас хамтардаг. Жишээлбэл Мобиком болон тухайн орон нутгийн захиргаа, Дэлхийн зөн Монгол хамтарч гэр хорооллын болон хөдөө орон нутгийн сургуулиудын ариун цэврийн өрөөг шинэчлэх төсөл явж байгаа. 80 сумын сургуулийн 00-ын өрөөг боловсон ариун цэврийн өрөө болгож өөрчилсөн.
-Та багадаа ямар мөрөөдөлтэй охин байв. Хийж байгаа ажил тань таны мөрөөдлийг хэр томруулж өөрчилсөн бэ?
-Бүр бага байхдаа багш болно гэж хүсдэг байсан. Их зүйл сураад хүүхдүүдэд заахыг хүсдэг байсан болохоор мөрөөдлийнхөө ажлыг хийж байгаа гэж боддог. 2016 онд Дэлхийн зөнгөөс гараад Солонгост магистрын зэрэг горилон сурсан. Азийн орнуудын төрийн бус байгууллагуудын хөгжил гэсэн сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. Тэгж хэсэг хугацаанд ажлаасаа завсарлаж байж л энэ ажилдаа ямар их дуртайгаа ойлгосон. 2016 онд энэ багтаа ажиллаж байхдаа ганцаараа байсан болохоор ачааллаасаа болоод талархахаас илүү гомдоллох нь олон байжээ. Түр завсарласныхаа дараа ямар утга учиртай ажил хийж байснаа илүү мэдэрч, үнэхээр санасан. Солонгосоос ирэхдээ хамгийн түрүүнд Дэлхийн зөнгийн хаалгыг тогшино гэж өөртөө амлаж байсан. Нэгэнт ажлаасаа бүр гараад явсан болохоор эргэж ирээд ажилд орох үйл явц нь бүр шинээр эхэлнэ. Өөр газар ажиллаж болох байсан ч миний хамгийн эхлээд очих газар нь Дэлхийн зөн байна, тоогоод авбал хичээл зүтгэлээ зориулж ажиллана гэж бодож байлаа. Хийж байгаа ажил минь утга учиртай болохоор энэ том гэр бүлийн нэг хэсэг байгаадаа баяртай байдаг.
Энэ хүсэл тэмүүллийг нь шагнаж байгаа мэт олон улсад гарч ажиллах боломж нээгдсэн. Ийм боломж байна гэж төсөөлж ч байгаагүй.
-Хувь хүний хөгжил, хандлагад ч эергээр нөлөөлдөг байх аа?
-Хүүхэдтэй ажиллахын тулд зөвхөн толгойдоо мэдлэгтэй байх нь хангалтгүй. Зүрх сэтгэлээ зориулах хэрэгтэй. Хувь хүний төлөвшил ч үүнд хамаатай. Бусдыг ойлгох, яриаг нь сонсох, тэр хүнийг мэдрэх, өөр өөр төрлийн хүний ааш аягийг олж сурах шаардлагатай. Нийгэмд олон төрлийн хүн байдаг болохоор тэр болгонтой ойлголцож харилцах нь боловсролоос давсан зүйл.
Одоо бол олон соёлд ажиллах чадварт суралцаж байна. Өрнө, дорнын соёлоос эхлээд тухайн улс үндэстэн болгоны соёл өөр болохоор сургалт, уулзалт, хуралд энэ бүхэн ялгаатай байдаг. Солонгост би олон улсын оюутнуудтай хамт сурч байхдаа хамт хоол идэх шийдвэр гаргахдаа ч том мэтгэлцээнд хүрэх тохиолдлыг хараад алмайрч байлаа. Идэх мах, хоолны төрөл нь хүртэл ялгаатай болохоор аргагүй юм билээ. Өмнө нь Дэлхийн зөн ОУБ-д ажиллаж, гадаадын хүмүүстэй харилцдаг болохоороо өөрийгөө олон соёлд нээлттэй гэж бодож байсан ч үгүй юм билээ. Магадгүй хэдэн жилийн дараа энэ тал дээр илүү туршлагажих байх.
-Гэрээсээ ажилладаг арга барилаасаа хуваалцаж болох уу. Биднээс өмнө энэ талын туршлагатай байсан юм байна шүү дээ.
-Би бага насны хоёр ихэр хүүхэдтэй. Анхнаасаа гэрээсээ ажиллах гэрээтэй ч гэрээсээ ажиллах зориг хүрээгүй. Сая нөхцөл байдал хүндрэнгүүт гэрээсээ ажилласан. Ингээд туршаад үзэхэд хүүхдүүдтэйгээ их сайн ойлголцдог юм байна. Манай хоёр хүүхэд гурван настай юмыг ойлгох болоогүй ч “Ээж нь ийшээ орж ажлаа хийгээд нэг цаг болно. Тэгээд гарч ирээд 10 минут болно” гэж ойлгуулсан. Тэд нарийн ойлгохгүй ч ээж ийшээ орсон ч хэсэг хугацааны дараа гараад ирнэ гэдгийг мэддэг болсон. Давтаад хэлээд байхаар ойлгодог. Хүүхэд бидний бодож байгаагаас ч илүү ухаалаг. Миний хоёр хүүхэд намайг их сайн ажиллуулсан. Байгууллагын удирдлагууд ч гэсэн намайг ойлгож байсан болохоор “Чамайг 100 хувь ажилла гэхгүй ээ. Боломжоороо л бол” гэж байгаа нь их сайхан дэм байлаа. Тэглээ гээд би ажлаа цалгардуулж болохгүй. Хүүхдээрээ шалтаглаж, гомдоллохыг хүсээгүй.
Завсарлаад гарч ирэх болгондоо хүүхэдтэйгээ харилцаад, анхаарал тавиад эхэлтэл надад их давуу талтай санагдсан. Өрөө рүү ороод оффис, ажлын цаг дуусаад гэр болчихно гээд бодохоор ажил руу явах, ирэх цагаа хэмнэнэ, өдрийн хоолны цагаа гэр бүлтэйгээ өнгөрүүлнэ гээд давуу тал ихтэй юм байна лээ. Хүүхэддээ зориулах цаг хамаагүй их болсон. Өөрсдөө сахилга баттай байж, цагаа зөв хуваарилах хэрэгтэй юм билээ. Гэртээ хүүхэдтэйгээ байгаа цагтаа өөр зүйл хийхгүй тэдэнтэйгээ бие сэтгэлээрээ хамт байх нь чухал. Зөвхөн бие махбодын хувьд л хамт байгаа нь хэрэгцээг нь бүрэн хангахгүй.
Одоо оффис дээрээ ажиллаж байгаа ч оройд ядаж нэг цагийг хүүхдүүдтэйгээ харилцаж, хамт өнгөрүүлдэг. Аав, ээж хоёр нь өдөржин орхиод явж байгаа ч өвдөхгүй, сайн байгаа хүүхдүүддээ орой нь талархах хэрэгтэй шүү дээ. Хүүхэд дүүрэн хайрлагдаж байж хүн шиг үйлдэл гаргадаг. Жаахан завгүй болоод эхлэхээр л анхаарал татах гээд ааш зан нь хувирдаг юм билээ.
Гэртээ ажиллах эмэгтэй хүний хувьд амаргүй. Бухимдал ч нэмэгддэг. Зөвхөн гэртээ ажлаа хийхгүй шүү дээ, бид. Гэрийн ажил, хүүхдүүдээ асрахаас эхлээд ачаалал өндөр болно. Гэртээ ажиллах хугацаандаа өөртөө бас цаг зарцуулмаар юм билээ. Хөгжим сонсох, дасгал хийх, найзтайгаа ярилцах гэх мэтээр цаг гаргах хэрэгтэй шүү. Өөрийнхөө харилцааны хэрэгцээг сайн хангаж байх ёстой санагдсан.
-Ярилцсанд баярлалаа.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com