Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Засгийн газрын шийдвэр бодит дэмжлэг үзүүлж чадахгүй байна

 Covid-19 вирусийн халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Монгол Улс нэгдүгээр сарын сүүлээс өнөөдрийг хүртэл сургууль, цэцэрлэг, олон нийтийн цуглаж болох үйлчилгээний байгууллага, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд түр хугацаанд хөл хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн халдвар гадаадаас зөөвөрлөгдөн орж ирж, нийт 16 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Цаашид ч эрсдэл өндөр байгаа тул сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1 хүртэл сунгахаар төлөвлөж байна. Харин олон нийтийн бөөгнөрөл үүсгэж болохуйц үйлчилгээний байгууллага, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл зогсоогоод байгаа юм. Энэ хугацааг сунгах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлаас үүдэлтэйгээр дэлхийн бүх л улс орнуудад эдийн засгийн хямрал нүүрлэж байгаа билээ. Хэдийгээр Монгол Улсын төр засгийн зүгээс бизнес эрхлэгчдээ санхүүгийн хямралд оруулчихгүйн тулд тодорхой хэмжээний арга хэмжээг үе шаттайгаар авч байгаа ч тэрхүү арга хэмжээ нь байгаа онохгүй байгаа талаар бизнес эрхлэгчид, эдийн засагчид анхааруулж байна. Бүтэн хагас жилийн туршид хөл хорионд байсан аж ахуйн нэгжүүд санхүүгийн хүндрэлтэй нүүр тулж, ажилчдаа цомхотгож эхэлжээ.

 Коронавирусийн халдварын тархалтын үр дүнд дэлхийн эдийн засагт уналтын шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлснийг эдийн засагчид анхааруулсаар байна. Дэлхийн эдийн засаг хасахтай гарах таамаг дэвшүүлцгээж байна. Дэлхийн эдийн засаг сулрахад хамгийн түрүүнд зэсийн үнэ унадаг. Манай улсын экспортын орлогын 40, улсын төсвийн орлогын 20-30 хувь мөн зэс болон түүнээс хамаарах салбаруудаас бүрддэг. Зэсийн үнэ тонн тутамдаа 6000 ам доллар ба түүнээс дээш байх таамаглалтай байсан ч өнөөдрийн ханш 5000-тай байна. Энэхүү зэсийн үнийн уналт нь “Оюу толгой”, “Эрдэнэт” үйлдвэрт цочир нөлөө үзүүлэхийн дээр улсын төсөвт том цоорхой үүсгэхээр байна. БНХАУ-д маш олон үйлдвэрүүд хөл хорионд орсон. Хятадын үйлдвэрлэл саарвал манай улсын нүүрсний экспорт дагаад зогсчихдог. Гэтэл нүүрс маань бас л экспортын 40 орчим хувийг дангаар хангадаг том салбар юм. Тус салбарын бараа эргэлт ч мөн төсөөлснөөс муу байгаа гэдгийг Эрдэнэс монгол компанийн Дэд бүтэц ложистикийн газрын захирал Л.Нямбаяр хэлж байна. Түүний хэлж буйгаар Гашуун сухайт боомтын бүс нутагт 14 мянга орчим нүүрс тээврийн жолооч хэвийн үед ажилладаг байна. Одоогийн байдлаар БНХАУ-аас нүүрс татан авалт бага байгаа учраас дараалал байхгүй гэж хэлж болохоор байгааг хэлсэн. Ер нь нүүрс тээврийн үйл ажиллагаа он гараад саарч хоёр, гурав, дөрөвдүгээр сард өсөөд, 7-10 сар оргил үе байдаг бол аравдугаар сараас буцаад буурдаг мөчлөгтэй байна. Эдгээр үеүдийг дундажлаад үзэхээр өдөрт 700-800 автомашин хэвийн үед хилээр гардаг гэсэн тооцоо байдаг. Хэдийгээр коронавирусийн тархалттай холбоотойгоор манай улс тодорхой хугацаанд хилээ бүрэн хаагаад байсан ч хилээ нээсний дараа БНХАУ-аас өдөрт 300-350 машин нүүрсний татан авалт хийх болов уу гэж тооцоолж байсан ч одоогийн байдлаар өдөрт дээд тал нь 40-50 автомашин хилээр нэвтэрч байгаа гэв. Өдөрт дунджаар 700-800 автомашин хилээр нэвтэрч байсан гэдэг нь 700-800 жолооч ажлын байртай байсан гэсэн үг. Харин коронавирусийн тархалттай холбоотойгоор одоо хамгийн ихдээ 40-50 нүүрс тээврийн машин хилээр нэвтэрч байгаа нь ийм тооны жолооч ажлын байраа хадгалж үлдсэн гэж ойлгогдож байна. Эндээс харахад Гашуунсухайт боомтод нүүрс тээврийн жолоочоор ажилладаг иргэдийн 95 орчим хувь нь ажилгүй болжээ хэмээн дүгнэхэд буруудахааргүй.
Тус боомтод 160 орчим компани үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа бий. Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд тээврийн компаниудад бас үйлчилж байгаа хэдий ч албан ёсны бүртгэлтэй, нийгмийн даатгал төлдөг, хөдөлмөрийн гэрээтэй байх гэх мэт олон шалгуур давах учиртай болсон. Гэтэл албан бусаар хөдөлмөр эрхэлж байсан иргэд төрөөс авч хэрэгжүүлж байгаа ямар нэгэн хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй болоод байгаа юм. Албан ёсоор хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, нийгмийн даатгал төлдөггүй байгууллагуудад ажилладаг олон мянган хүн шалгуур давахгүй төрийн халамжийн гадна бүдэрч унахаар байна. Тэдэнд төрөөс гаргасан хөнгөлөлт шийдвэр наалдахгүй нь тодорхой болов.
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд оршин суудаг 31 настай Д.Батжаргал нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байгаад он гарсны дараахан ажилгүй болжээ. Тэрээр тээврийн компанитайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд өнгөрөгч оны наймдугаар сард хамаатны ах нь тээврийн жолоочоор ажиллах санал тавьсны дагуу очиж ажилласан байна. Ингээд коронавирус дэгдсэний дараахан тус тээврийн компани ажилчдаа цомхотгоход хүрч “Хэвийн үйл ажиллагаатай болсон үедээ дуудна” гэж хэлснээр ийнхүү ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн байна. Д.Батжаргалынх ам бүл дөрөв. Өөрөө ажилгүй болсон учраас хүүхдүүдээ харж, эхнэр нь дэлгүүрийн худалдагчаар ажиллаж буй. Худалдагчийн цалин 500 мянган төгрөг боловч тооллогоор өр гарч, түүнийхээ мөнгийг төлсөөр гар дээрээ 300 гаруй мянган төгрөгийн цалин авдаг байна. Дөрвөн ам бүлийн хэрэглээг ийм хэмжээний мөнгөөр залгуулахад хэцүү тул хөдөө, аав ээждээ хүүхдүүдээ хүргэж өгөөд өөрөө ажил хийхээр шийдсэн гэв. Арав гаруй хоног ажил хайж олон газар очиж уулзсан ч шинээр ажилтан авах нь байтугай ажиллаж байгаа хүмүүсийнхээ ажлын байрыг хадгалж үлдэхэд хэцүүхэн байгаа гэсэн хариу сонсоно. Харин хоёр хоногийн өмнө тэрээр Алтай хотхоны хажууд баригдаж байгаа 16 давхар барилгын ажилд мужаанаар оржээ. “Ямартай ч ажилтай боллоо. Харин цалингаа цагтаа өгдөг байгаа даа” хэмээн санаа зовж байгаагаа ч тэр нуусангүй. Өмнөх жилүүдэд барилгын туслах ажилтан хийх хүн барагтай л олддоггүй байсан бол энэ жил ажил хайж ирэх хүмүүс олон болсон гэдгийг барилгын салбарт үйл ажиллагаа явуулаад зургаан жил болсон “Баян Мараат” компанийн захирал Б.Энхцэцэг хэлсэн юм.

“Говь” компани 250 ажилтнаа цомхотгов

 Ажилгүйдэлтэй холбоотой бас нэг таагүй мэдээ цацагдлаа. Өнгөрсөн долоо хоногт “Говь” хувьцаат компанийн борлуулалт муудсаны улмаас нийт ажилчдынхаа 50 хувийг цомхотгосон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч цахим орчинд шуугиад амжсан. Энэ талаар тус компаниас хариу тайлбар өгөхдөө, “Говь” ХК нь 2019 оны эцсээр 2612 ажилтантай байсан тухайгаа 2019 оны гүйцэтгэлийн тайландаа дурдсан байдаг. Шинэ коронавирусийн тархалтын улмаас тус компани нийт ажилчдынхаа 9.5 хувийг буюу 250 ажилтнаа цомхотгоод байгаагаа мэдээлсэн. Учир нь 2020 оны эхний улиралд Монгол Улсад айлчлах байсан жуулчдын урсгал 100 хувь тасарсан, нөгөө талаар энэ жилийн сар шинийг тэмдэглээгүй болон хөл хориотой холбоотойгоор “Говь” брэндийн дэлгүүрийн борлуулалт зогслоо. Мөн гадаад захиалагч нар ч нөхцөл байдлаас үүдэн бараа бүтээгдэхүүний захиалгуудаа цуцалсан. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэх бараа материалын тоо ширхэг, хэмжээ буурч, хэвийн үеийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны горимд өөрчлөлт орлоо. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдлыг даван гарахад хүндрэл учирсан тул 250 ажилтныг цомхотгохоос өөр аргагүй байдалд хүрлээ. "Говь" ХК-ийн хувьд ажилтныг цомхотгох үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд хийж байгаа бөгөөд нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг ажлаас цомхотгосон хүн бүрт олгож байгаа болно. Цаашид дэлхий нийтийг хамарсан шинэ коронавирусийг хүн төрөлхтөн ялан дийлж, бүх ажиллагаа хэвийн болж, бид ч үйлдвэрлэлийн хэмжээгээ өсгөж, ажилтнуудаа эргэн авахыг хүсч байна” хэмээн мэдэгдсэн. Тэгэхээр дахин 250 иргэн ажилгүйчүүдийн эгнээнд нэгдсэн гэсэн үг. Коронавирусийн тархалттай холбоотойгоор хэвийн үйл ажиллагаа нь доголдож, ажилчдаа цомхотгохоос өөр аргагүй болсон аж ахуйн нэгжүүдийг буруутгахаас өмнө тэднийг ажлын байраа хадгалах боломж нөхцөлөөр хангах байгаа оносон төр засгийн шийдвэр үгүйлэгдэж буйг онцолъё. Ажлын байрыг хадгалах, ажлын байраа хадгалж үлдэхэд тулгарч байгаа асуудлаар судалгаанд оролцсон аж ахуйн нэгжийн 65 хувь нь орлого буурсан, 42 хувь үйл ажиллагаа зогссон, доголдсон, 30 хувь нь зардлаа бууруулах шаардлагатай болсон зэрэг нь хүндрэл, бэрхшээл үүсгэж байна гэжээ. Хэдийгээр Засгийн газраас бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, ажлын байрыг хадгалах талаар хэд хэдэн арга хэмжээ авахаар зарласан боловч бодит дэмжлэг болж чадахгүй байгааг бизнес эрхлэгчид хэлж байгаа юм.
 МҮХАҮТ-ын гаргасан судалгаагаар хэрвээ нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл ирэх зургадугаар сар гэхэд 200-250 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ гэдгийг анхааруулж байна. Одоогийн байдлаар судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн 33 хувь нь ойролцоогоор 6000 ажлын байрыг түр болон бүр хугацаагаар цөөлсөн дүнтэй байна. 2020 оны хоёрдугаар улиралд үүссэн нөхцөл байдал үргэлжилсэн тохиолдолд судалгаанд оролцсон ААН-үүдийн 30 хувь нь нийт 8000 орчим тооны ажлын байрыг цомхтгох төлөвлөгөөтэй гэсэн бол зөвхөн 12 хувь нь ажлын байраа хэвээр хадгална гэсэн байна. Эдгээр тоо баримтаас харахад манай улсад ажилгүй иргэдийн тоо өдрөөс өдөрт өсөх нь тодорхой болоод байна. Ажилгүй иргэдийн тоо энэ хэвээр өссөөр байвал ядуурал дагаад өсөх нь тодорхой. Монгол Улсын ядуурал 2018 оны байдлаар 28.4 хувьтай байв. Манай улс 3.3 сая иргэнтэй. Тэгэхээр гурван хүний нэг нь ядууралд нэрвэгдсэн гэсэн үг. Сүүлийн 25 жилд манай улсын ядуурлын хэмжээ дунджаар 30 орчим хувь байжээ. Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ оны үнээр 1995 онд 651 сая төгрөг байв. Тэгвэл 2018 оны байдлаар 32 их наяд төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, тавь дахин нэмэгдсэн хэрэг. Эдийн засаг хэд дахин өссөн байхад ядуурлын хамрах хүрээ яагаад хэвэндээ байна вэ гэдгийг бодох л асуудал. У.Хүрэлсүхийн Засгийн газар ард иргэдээ дэмжиж, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зургаан сараар авахгүй гэснийгээ сүр дуулиантай сурталчилсан. Гэвч өнөөх шийдвэр нь эмзэг нөхцөлд байгаа иргэдийн хэдэн хувьд нь хүрч үйлчлэх бол. Өнөөдөр монголд ажилтай гэхээсээ ажилгүй иргэдийн тоо өсч байна. Огтоос ажил орлогогүй, цалингүй хүмүүс энэ хөнгөлөлтийг эдлэх эрхтэй бил үү? Төр засгийн шийдвэр байндаа онож тусаасай билээ. Ядарсан иргэдээрээ даажигнаж байгаа юм шиг сайхан мэдээ дуулган хуурч, дахин урам хугарахад бүү хүргээсэй.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com