Байгаа оноогүй арга хэмжээнүүд
Олон улсын валютын сангаас COVID-19 вирусийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр зөвлөмж гаргажээ. Тус зөвлөмжид цар тахал урт хугацаанд үргэлжлэх магадлалтай тул төсвийн нэмэлт дэмжлэг зайлшгүй шаардлагатайг онцолжээ. Гадаад улсын Засгийн газрууд төсвийн дэмжлэг, хамрах хүрээг өргөжүүлж хамгийн их өртөж буй иргэд, бизнесээ хамгаалахад чиглүүлж байна. Тухайлбал, “Австрали улс ирэх зургаан сард австралчуудын ажил, амьдралыг хамгаалахын тулд 130 тэрбум австрал долларын нэмэлт төсөв зарцуулахаа зарлаж байна. Нийт зургаан сая иргэнд зайлшгүй дэмжлэг шаардлагатай гэж тооцоо гаргаад, ажлаа алдсан иргэдийн тэтгэмжийг нэмэгдүүлж байна” гэж тус улсын Ерөнхий сайд мэдэгдэв. Солонгос улс жижиг дунд бизнес, хөрөнгийн зах зээлээ дэмжих арга хэмжээг зарласан бол энэ удаа айл өрхөө дэмжихээр 7.1 их наяд воны багц санхүүжилт төлөвлөжээ. Орон нутгийн засаг захиргаанаас хоёр их наяд воны дэмжлэг үзүүлнэ” гэж Солонгос улсын сангийн сайд мэдэгдлээ. Дөрвөн ам бүлтэй өрхөд нэг сая вон буюу 815 ам.доллар олгох боловч бол өрхийн орлого өндөртэйд тооцогдох 30 хувьд энэ шийдвэр хамаарахгүй юм байна. Харин 27 сая хүн амтай Скандинавын орнуудад цар тахлын улмаас 630 мянган хүн ажлаа хийх боломжгүй болсон ба 105 мянга орчим хүн ажлаасаа халагдах тооцоолол хийсэн байна. Тиймээс тэдний цалингийн 75 хувьд хүрэх хэмжээний тэтгэмж олгоно. Ийнхүү улс орнуудын Засгийн газар юун түрүүнд хямралтай байдлыг төсөвтөө тусгаж, тооцоо судалгааг маш нарийн хийж оновчтой шийдвэрүүд гаргаж эхэллээ.
Дэлхийн банк Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг Covid-19 тархалтын үед сэдэвт Эдийн засгийн тойм (2020 оны 4 дүгээр сар) тайлан гаргалаа. Урьдчилсан гүйцэтгэлээр хөгжиж буй Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг 2019 онд 5.8 хувиар өссөн бол 2020 онд 2.1 хувийн өсөлт үзүүлэх, нөхцөл байдал хүндэрвэл 0.5 хувиар агшиж ч болзошгүй байгаа аж. БНХАУ-ын эдийн засаг 2019 онд 6.1 хувиар өсч байсан бол 2020 онд байдал хүндэрч 2.3 хувьд хүрэх, тэр бүү хэл цар тахлын гамшиг дэлхий нийтэд үргэлжлэх аваас 0.1 хувь буюу огт өсөхгүй агшиж мэдэх нь. Монгол Улсын хувьд өмнө нь 5.6 хувь гэж тооцож байсан бол ДНБ өсөлт 1-2.4 хувь болно гэж таамаглалаа. Дэлхийн банкнаас манай улсад дараах зөвлөмжийг өгсөн байна.
Үүнд:
-Эрүүл мэнд, эдийн засгийн бодлогын шинэчлэл,
-Төсөв, мөнгөний бодлогын зохицуулалт яаралтай хийхийг анхааруулжээ.
Мөн эдийн засагт хамгийн чухал нөлөө үзүүлдэг төсвийн бодлогоо зорилтот бүлэгт хүргэх, “бай”-гаа оносон хурдтай арга хэмжээ авахыг онцолж байгаа юм. Гэвч манай Засгийн газар сонгуулийн санхүүжилтээ босгох зориулттай “цементэн төсөв”-төө огт гар хүрэхгүй гэж ихэд “сандарч” байх юм. “Но”-той хүмүүс ч нүдэнд ил байдаг. Сангийн сайд нь л гэхэд долоо, найман удаа төсвийн тодотгол хийхгүй гэж мэдэгдэв.
2020 оны улсын төсвийг батлах үеэс өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал тэс өөр болчхоод байна. Тухайн үед төсвийг орлогод 42 сая тонн нүүрс экспортолно, эдийн засгийн өсөлтөө зургаан хувьд барьж чадна хэмээн маш өөдрөг төсөөлсөн. Өмнөх оны төсвөөсөө хоёр их наяд төгрөгөөр төсвийн орлого, зарлагаа нэмсэн нь ердөө сонгуулийн жилд татвар төлөгчдийн хөрөнгийг “тултал” нь зарж өөрсдийнхөө “навсайтал” унасан рейтингээ өргөхөд зориулсан юм л даа. Тэр бүү хэл, энэ оны тавдугаар сард багтаан төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүх тендер, гэрээгээ амжиж хийсэн гэх мэдээлэл хөвөрч байна. Хэрэв энэ үнэн бол Засгийн газар тас гүрийхээс ч яах вэ. Дэлхий нийтийг цочроож буй тахал тэдэнд огт падлийгүй болж таарлаа. Эдийн засгаараа тэргүүлдэг орнууд хүртэл коронавирус гэгдэх аймшигт өвчний өмнө хүчин мөхөсдөж аргаа барж байна. Харин манай Сангийн сайд, хүний бараа ховор үзэгдэх хөдөө нутагт “багийн төвийн цогцолбор” барих нь эдийн засгаа дэмжиж байгаа “мэргэн бодлого” гэж хээвнэг хэвлэлийн хурал хийж байх жишээтэй. Төсвийн тухай хуульд “Урьдчилж тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах үед зарлага нэмэгдсэний улмаас төсвийн алдагдал нэмэгдэхээр байвал алдагдлын хэмжээ ДНБ-ний гурван хувиас дээш гарвал төсөвт зайлшгүй тодотгол хийнэ гэсэн маш тодорхой заалт бий. Хэрэв хуулиа дагаж мөрддөг Засгийн газар байсан сан бол аль хэдийн төсвийн тодотголоо хийчих байлаа.
Тодотгол хийх өөр үндэслэл ч бий. Монгол гэгч айлын эдийн засаг нүүрс, зэсийн баяжмал гэсэн хоёр “багана”-тай. Учир нь гаднаас хатуу валют олоход энэ хоёр эрдэс бүтээгдэхүүн гол үүргийг гүйцэтгэнэ. Экспортын нийт орлогын 80 орчим хувийг энэ хоёр түүхий эдийн борлуулалтаас ордог. ГЕГ гаргасан мэдээгээр энэ оны эхний улиралд манай улс 3.1 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь 2019 оны мөн үеэс 59.8 хувиар буурчээ. Мөнгөн дүнгээр 39 хувиар буурч, 250.6 сая ам.доллар болсон байна. Харин зэсийн баяжмалын хувьд 306.6 мянган тонн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 15.2 хувиар буурсан үзүүлэлт. Энэ нь мөнгөн дүнгээр 68 хувиар буурч, 351.2 сая ам.долларын борлуулалт хийжээ. Хэдийгээр “коронавирус”-тэй холбоотойгоор зэсийн экспорт өнгөрсөн хугацаанд тасалдаагүй боловч олон улсын зах зээлд зэсийн үнэ 1500 орчим ам.доллароор буураад зогсохгүй мөддөө сэргэхгүй хандлагатай байна. Эндээс харвал, төсвийн орлогыг тэтгэгч гол “эх үүсвэр” энэ ондоо сэргэх магадлал туйлын бага байна. Ийнхүү түүхий эдийн орлого огцом буурч, төсвийн орлого тасрах нь тодорхой болсон үед 5.1 их наяд буюу ДНБ-ий 14 хувьтай хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газраас танилцууллаа.
Ажлын байрыг хадгалж, иргэдийн амьжиргааг хамгаалахад чиглэсэн гэх тодотголтой, 5.1 их наяд төгрөгийн өртөг бүхий багц арга хэмжээг авахдаа ийнхүү Засгийн газар дахиад л иргэдээ ажилладаг салбараар нь ялгаварлав.
Ажлын байрыг хадгалах чиглэлээр:
-Иргэдийн цалин хөлснөөс ХХОАТ зургаан сарын хугацаанд авахгүй гэсэн заалтад төсвөөс цалин авдаггүй, төрийн өмчийн оролцоотой бус, тендерийн ажил гүйцэтгээгүй ААН-үүд л хамаарах юм гэнэ. НДШ-ийг зургаан сарын хугацаанд тэглэх шийдвэр нь ч ялгаагүй.
-Халдварын эрсдэлээс сэргийлж, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлсэнтэй холбогдуулан үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгох юм байна. Өөрөөр хэлбэл, үзвэр үйлчилгээний газрууд, ресторан, караоке гэх мэт улсын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон байгууллагуудын ажилчдад энэхүү заалт нь хамаарах аж. Гэвч ямар хүмүүс энэ дэмжлэгийг хүртэх нь одоо болтол тодорхойгүй байна.
-Түрээсийн хэмжээгээ бууруулсан ААН-үүдийн түрээсийн орлогод ногдох татварыг чөлөөлөх заалт бий. Энэ нь угаасаа орлогогүй шахам болсон ААН-үүдэд том дэмжлэг болж чадахааргүй байна
Иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр:
-Шатахууны үнийн бууралтын тухайд хэрэв зах зээлээ дагавал Засгийн газар авах арга хэмжээндээ оруулсан оруулаагүй дөрөвдүгээр сард шатахууны үнэ 500-700 төгрөг буурах боломжтой.
-НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сард олгох юм байна. Энэ нь иргэдэд очих ёстой мөнгө.
-Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгийг тавдугаар сард олгоно. Энэ нь төсөвтэй ямар ч хамааралгүй асуудал.
-Цахилгааны төлбөрөө төлөөгүй бол таслахгүй, алданги тооцохгүй гэсэн ч дараа нь иргэдэд өр болох тул хэзээ нэг өдөр төлж л таарах мөнгө.
Хүнсний үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэл, ХАА, дэд бүтэц зэрэг салбарт 14 төсөл хэрэгжүүлэхэд 720 сая ам.доллар зарцуулах бөгөөд төсвийн дэмжлэг 357.1 сая доллар буюу 990 тэрбум төгрөг болно гэх тооцоолол яригдаж байна. Эдгээр арга хэмжээ нь төсвийн хөрөнгө оруулалтаас тусдаа гэдгийг Сангийн сайд хэлсэн. Тэгэхээр гэнэт хаанаас, ямар учиртай 14 төсөл гарч ирсэн нь одоогоор тодорхойгүй байна. Улс орнууд хамгийн түрүүнд ажлын байрыг хамгаалах үүднээс бизнесүүдээ дэмжиж, маш бага хүүтэй хямд эх үүсвэр олгож байгаа. Мөн орлого багатай эмзэг өрхүүд рүү чиглэсэн халамжийн бодлогодоо анхаарч байна.
Харин манай Засгийн газрын арга хэмжээнүүдэд 5.1 их наяд төгрөг зарцуулах хэдий ч ЖДҮ эрхлэгч нарыг дэмжсэн бага хүүтэй зээлийн эх үүсвэр огт алга. Мөн бага, дунд орлоготой айл өрхийг дэмжих, нэн ядуу өрхүүдийн наад захын хэрэгцээгээ хангахад чиглэсэн шийдвэр үгүйлэгдэж байна.
Энэ бүхэн Засгийн газрын авсан арга хэмжээнүүд “бай”-гаа онохгүй байгааг батлан харуулж байна.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"