Ц.ХАС
Өнгөрөгч 2019 онд дэлхий даяар 49 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн гэж “Хил хязгааргүй сурвалжлагч” байгууллага мэдээлсэн байна. Өөр бас 389 сэтгүүлч сурвалжлагч хориход байгаа бол 57 сэтгүүлч барьцаанд байгаа гэнэ. Гэхдээ тус байгууллага амь үрэгдсэн сэтгүүлчдийн хувьд өнгөрсөн 16 жил тохиож байгаа хамгийн бага үзүүлэлт гэдгийг тэмдэглэжээ.
Мөн зэвсэгт мөргөлдөөн, дайны хөлд амь үрэгдсэн сэтгүүлчийн тоо өмнөх жилүүдийнхээс хоёр дахин багассан гэсэн байна. Дайн самуун, мөргөлдөөн болж байгаа Сири, Йемен, Афганистанд өмнөх 2018 онд 34 сэтгүүлч амь үрэгдэж байсан бол 2019 онд 17 сэтгүлч амь насаа алдсан юм байна.
Сэтгүүлчдэд халтай бүс нутагт Ойрхи Дорнод, Өмнөд Америк орж, 14 сэтгүүлч амиа алдсан байна.
Амь үрэгдсэн сэтгүүлчдийн 59 хувь нь дайн самуун болоогүй, амгалан тайван орнуудад нас барсан байна.
Харин сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг үндэслэлгүйгээр саатуулж хорих явдал өмнөх 2018 оныхоос 12 хувь өссөн гэдгийг “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага онцлон тэмдэглээд ийм орнуудаар Хятад, Саудын Араб, Египетийг нэрлэжээ.
Цэргийн сурвалжлагч: “Чи яг дэргэд чинь хүн үхэж байхыг харсан уу”...
-Цэргийн сурвалжлагчид “халуун цэгт” ажиллаж байсан тухайгаа хуваалцаж байна-
Нелли Булатова
Манай гаргийн олон сэтгүүлч, сурвалжлагч цэргийн мөргөлдөөн болж байгаа Сири, Ливи, Афганистан, Украинд ажиллаж байна. Тэдний хэдэн арав нь яг байлдаан болж байгаа бүсэд үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдэж байна. Тэд уншигч, үзэгч олонд бодит байдлыг газар дээрээс нь үзүүлэх гэж нэвтрүүлэг, мэдээ, баримтат кино бэлтгэх гэж жинхэнэ “халуун цэгт” яваад амь алдаж байна. Дайн тулаан, исгэрч байгаа сум, тэсэрч байгаа бөмбөг хэн хүнийг ялгадаггүй “өрөвч бус” болохоор тэр.
Өнгөрөгч 2019 онд дэлхий даяар 49 сэтгүүлч сурвалжлагч, хэвлэл мэдээллийн ажилтан амь алдсан байна. Харин 2017 онд бүсэд амь үрэгдсэн сэтгүүлчдийн тоо 65 хүрсэн нь сүүлийн 14 жилд хамгийн их тоо байсан.
Сэтгүүлчдийн амь насанд хамгийн халтай улс орнуудад Сири, Мексик, Афганистан, Ирак, Филиппин байж. Сүүлийн хэдэн жилд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс Сири салахгүй боллоо. Энэ хэрээрээ энэ улс сэтгүүлчдэд хамгийн аюултай бүс болж байна. Сэтгүүлчид халуун цэгт мэргэн буучдын хараан дор, пуужингийн дэлбэрэлт, минийн талбайд, алан хядагч, амиа золиослогчдын мөр дээр ажиллаж байдаг болохоор эрсдэл өндөр. Британийн сэтгүүлч, “Курдийн асуудал” веб-сайтын редактор Мехмет Аксой 2017 онд сирийн курдийн хүсинтэй хийж байгаа тэмцлийн талаар илтгэл бэлдэхээр ирээд амь үрэгдсэн. Тэрээр аравдугаар сард Ракка дахь шалган нэвтрүүлэх цэг рүү алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн довтлох үеэр галд өртөн амь үрэгдсэн.
Орос улс Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг дэмжиж цэргийн баазаа тус улсад байрлуулан байлдааны ажиллагаа явуулж байгаа болохоор Сирид Оросын хэвлэл мэдээллийнхэн олноороо ажиллаж байгаа. Өмнө нь ч ажиллаж байсан.
2017 оны арваннэгдүгээр сард Оросын НТВ телевизийн сурвалжлагч Илья Ушенин, оператор Тимур Воронов, “Звезда” телевизийн сэтгүүлч Дмитрий Стародубский, Константин Худолеев нар Сирид галд өртөн шархадсан. Тэд Сирийн Дейр-эз-Зоре орчим зураг авч байх үедээ курдуудийн суманд өртжээ. Азаар амьд үлдэцгээсэн ч айдас арилаагүй...
Цэргийн сэтгүүлч хүн цэргийн мөргөлдөөн болж байгаа газраар нисэх гэж байгаа бол онгоцонд суухаасаа эхлээд л айдасгүй болох хэрэгтэй. Ер нь цэргийн сэтгүүлчид байлдаан болж байгаа газарт сөргөлдөөн дунд эр зоригтой байх ёстой гэж ярьдаг. Сурвалжлагч, оператор, гэрэл зурагчин ер нь хэн ч байлаа гэсэн тэнд хөндлөнгийн хүн байхаа больдог болохоор яг л цэргийн хүн шиг дотоод үнэмшилтэй, маш богино хугацаанд шийдвэр гаргадаг байх ёстой. Аливаа үйл явдлын талаар урьдчилсан ямар ч мэдээлэл байдаггүй, хэдхэн минутын дараа юу болохыг хэн ч таашгүй.
“Комсомольская правда” сонины тусгай сурвалжлагч Александр Коц “360” хөтөлбөрт “Дайн болж байгаа газарт хүний амь гэдэг ямар ч үнэ цэнгүй болдог. Аллага гэдэг ямар ч ёс суртахуун, гоо зүйгүй зүйл болж хувирдаг” гэсэн байдаг.
А.Коц арваад жилийн өмнө Өмнөд Осетид болсон Гүрж-Оросын мөргөлдөөний үед юу болсон талаараа тэндээс би эргэж ирэхгүй юм байна аа л гэж бодсон хэмээн дурссан байдаг. Тэр “Бид наймдугаар сарын 9-нд оросын цэргийн анхны цуваатай л хамт очсон. Тэгээд Жемаль, Орхан, Кстатийн орчим болсон тулалдааны үеэр ажилласан. Тэгэхэд манай цуваа энхийг сахиулагчид, энгийн иргэдийг тулааны талбараас гаргахын тулд галыг өөр дээрээ татах даалгавартай байсан. Биднийг их бууны ширүүн гал угтсан даа. Тэгэхэд л би дайн гэж ямар аймаар зүйл болохыг нүдээр харсан. Яг нүдний минь өмнө хүний хувцас зад татан сум нэвтэрч дөнгөж сая л амьд гүйж байсан хүн үрэгдэж байсан. Би ч гэсэн мөрөндөө хүнд шархдаж, цаг хагас хэртэй нуранги дор дарагдан хэвтэж, цус алдсан. Чухам тэгэхэд л ёстой олон зүйл бодогдсон доо. Өнгөрсөн, ирээдүй, цаашид яах бол, ийм явдал хожим бүү тохиолдоосой билээ гэж бодсон” гэжээ.
Тэр тэгээд шантарсангүй. Сирид ажилласан тухайгаа “Олон удаа аюултай тохиолдолтой тулгарч байсан” гэж байв. Коц тэгэхэд Бүх холбоотын телевиз радиогийн ажил мэргэжил нэгтнүүдтэйгээ Засгийн газрын цэрэг, Маалюлю хотын зүгээс давшиж байсан босогчдын хүчний галын дунд орчхож: Нөхцөл байдал ёстой онцгүй байсан. Үүний дараа тулааны үеийн хэмжүүрийн “нэг маалюлю” гэдэг нэгж бий болсон доо” гэж ярьжээ.
Цэргийн сэтгүүлч бас хэвлэлийнхэнд хамгийн халтай орон бол Сири, Иран, Афганистан, Ойрхи Дорнодын болон Африкийн орнууд гэж онцолсон байна. Төв Африкийн бүгд найрамдах улс, Сомали бол европчуудад тун аюултай орон боловч сэтгүүлчид байнга ажиллаад байдаггүй гэнэ.
“Ер нь халуун цэг рүү нэг их дурлаад байх зүйл биш. Тэнд ямар ч романтик сайхан зүйл байхгүй гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Сэтгүүлчийн үндсэн хөдөлмөр бол тэнд байнгын хэлэлцээр, тохиролцоо байдаг. Хүнд, ядаргаатай хөдөлмөр. Зурагтын дэлгэцээр бол бүх зүйл сайхан, сэтгүүлч дуртай газраа яваад л зураг аваад, яриа аваад байгаа юм шиг харагддаг. Гэтэл газар дээрээ энэ бүхнийг хийхийн тулд маш их цаг зарж, бэрхшээл даван туулж, зарим үед амь золин байж амжуулдаг” гэж Коц ярьж байна.
Телевизийн “Россия 24” сувгийн сурвалжлагч Евгений Поддубный бол Сирид, бас Донбасст ажиллаж хэдэн арван тулаан бүхий халуун цэгээс сурвалжилга бэлтгэсэн хүн. Одоо ч тэр мөн л халуун цэгт ажиллаж байгаа. Тэрээр сэтгүүлчдэд илүү юм уу, бага аюултай улс орон гэж байхгүй гэдэг. “Тухайн хүн тэнд ажиллах сэтгэл зүйн бэлтгэлгүй байвал, сэтгүүлч хүн ажиллахад нөхцөл байдал нь таалагдахгүй бол, хэн нэгний эрх ашиг хөндөгдөж байвал тэр улс аюултай гэсэн үг. Сирид ч, Иракт ч, Сомали, тэр Ливид ч амжилттай ажиллаж болно” гэж Поддубный хэлж байна.
Зургийн групп хэн нэгний үхлээс ердөө нэг хоёр алхмын зайд байх тохиолдол байсан уу гэсэн асуултад Евгений, хараахан тийм зүйлтэй таараагүй гээд “Хэрвээ бид тэндээс амьд гарч чадаагүй бол, энэ талаар ямар юмаа ярих вэ дээ. Бүх зүйл эфирт гарчихсан, хувийн аар саар зүйл бол хэнд хэрэгтэй юм. Бусдыг нь бол тоох ч хэрэггүй. Бид үнэндээ байнга л тийм хүнд байдалд орж байсан. Байнга шүү. Бидний ажил бол эрсдэлтэй ажил. Гагцхүү бид үүнд мэргэжлийн хувьд бэлтгэгдсэн улс” гэсэн байна.
2011 оны хавар Ливид ажиллаж байсан цэргийн сурвалжлагч Дмитрий Стешин хэрхэн олзлогдож байсан тухайгаа дурссан байна. Тэдний групп зааж өгсөн чиглэлээр босогчдын хяналтад байдаг гэсэн газрын тосны орд газрууд руу эрэг дагуу явж байж.
“Яг тэнд нь нөхцөл байдал ямар байгаа, юу болж байгаа талаар бидэнд тодорхой мэдээлэл өгөөгүй. Гэтэл ердөө л яах ийхийн зуургүй биднийг бүслээд барьцаалаад авчихсан. Гэхдээ ёстой азаар, тохиолдлоор тэндээс мултарсан. Яг тэр үед Ливид италийн Элчин сайдын яамын хэвлэлийн нарийн бичгийн дарга байсан хүн явж таараад бидний тэндээс гаргаж авсан” гэж Стешин ярьжээ.
Стешин бас Украины нутаг байсан Новороссид ажиллаж байсан хүн. Тэгэхэд тэд сурвалжлагчид хар хөх өнгийн сум үл нэвтрэх хантаазтай байж. “Twitter хуудсанд миний зургийг тавиад дор нь “Энэ нөхөр одоо Горловкийн дэргэд 7-17 уурхайн орчим байгаа, украины ард түмэн үүнийг хайж байна, битгий алдаарай” гэж бичсэний хуулбар өнөө ч надад байгаа. Тэнд ганц би ч биш өөр олон сурвалжлагч байсан. Зарим нь одоо бидний дунд алга даа. Би амьдралдаа гартаа зэвсэг барьж үзээгүй хүн. Тэгсэн хэрнээ л украинчууд намайг эрэн сурвалжилж, украинд нэвтрүүлэхгүй хориг тавьчихсан байгаа даа” гэж Дмитрий Стешин ярьж байна.
Цэргийн сурвалжлагчид өнөөдөр Ливи хамгийн аюултай улс гээд хэргийн учир нь тэнд ямар ч төрийн байгууламж байхгүй, зүгээр л хаа сайгүй дээрэмчид үүрлэсэн гэнэ. Дараа нь Сири, тэнд бол алан хядагч “Лалын улс” бүлэглэлийнхэн аюултай.
ТАСС агентлагийн цэргийн сурвалжлагч ахмад сэтгүүлч, бэлтгэл хурандаа Владимир Гондусов бол Зөвлөлт холбоот улсын үед цэргийн сурвалжлагчаар үндсэндээ цэргийнхэн ажилладаг байсан гээд хамгийн хүнд үеэ Буденовскт 1995 оны зургадугаар сард Шамиль Басаевын зэвсэгт бүлгийн 190 орчим хүн нутгийн 1600 хүнийг барьцаалсан хэргийн газарт ажилласнаа дурсч байна.
“Бид районы цагдаагийн хэлтэст хоносон. Ингэж байтал дайралт эхэлж буун дуу хадаж эхэлсэн. Сум исгэрээд л бид гүйлдэж ямар нэг нээлттэй хаалгаар орон нуугдсан. Хүн чинь тийм л үед ямар хурдан болдог юм. Үнэхээр аймшигтай, тун аюултай, үзэх юм биш” гэж Гондусов дурсч байна.
Хамгийн гол нь ийм үед өөрийгөө удирдаж чаддаг л байх ёстой. Гал руу өөрөө бүү ор. Юу ч бодохгүй, бүү зүтгэ. Хамгийн гол нь цэргийнхэн, туршлагатай сэтгүлчдийн үгийг сонс” гэж Владимир Гондусов мэргэжил нэгтнүүддээ зөвлөжээ.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"