Өчигдөр Үндэсний статистикийн хорооноос ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллээс харахад манай гадаад худалдаа, дотоодын санхүүгийн зах зээл энэ улиралд багагүй хүндрэлд оржээ.
Оны эхний улиралд 1.1 сая хүүхдэд 65.5 тэрбум төгрөг олгожээ
Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны эхний улиралд 678 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 38 тэрбум төгрөг, зарлага 650 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 75 тэрбум төгрөгөөр тус тус өслөө. Нийгмийн даатгалын сангийн орлого өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 47 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 75.0 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 75.4 (17.0%) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 8.2 (28.3%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.
Харин эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 8.5 тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 850 сая төгрөгөөр буурчээ. Энэ оны гуравдугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого 237.4 тэрбум, зарлага 220.8 тэрбум болж, өмнөх сараас орлого 6.3 тэрбум төгрөгөөр өсч, харин зарлага 3.9 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Ажилгүйдлийн даатгалын сангаас эхний улиралд 5.3 мянган хүнд 12.9 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэтгэмж авагчид 225 хүнээр, олгосон тэтгэмжийн хэмжээ 3.9 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас эхний улиралд 331.5 мянган хүнд 76.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 8.5 мянгаар өсч, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 12.4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан хүний тоо нэмэгдэхэд “Нийгмийн халамжийн тэтгэмж” авсан хүний тоо найман мянгаар нэмэгдсэн нь голлон нөлөөлөв. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2020 оны эхний улиралд 53.6 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 794 (1.5%) хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 4.7 (19.1%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 53.6 мянган хүн хамрагдсаны 67.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 26.6 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 5.9 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2020 оны эхний улиралд 80.2 мянган хүн хамрагдсаны 65.2 хувь нь асаргааны тэтгэмжид, 34.8 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 19.9 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 5.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 18 хүртэлх насны 1.1 сая хүүхдэд 66.5 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгожээ.
Төгрөгийн хадгаламж 465 тэрбум төгрөгөөр буурч, валютын
хадгаламж 789 тэрбум төгрөгөөр өсчээ
Төгрөгийн хадгаламж 2020 оны гуравдугаар сарын эцэст 10.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 371.3 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 465.4 тэрбум төгрөгөөр буурсан байна. Хадгаламжийн 88.1 хувь нь иргэдийн хадгаламж, 11.9 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Валютын хадгаламж 3.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 32.5 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 789 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны гуравдугаар сарын эцэст 17.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 201 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 315.4 тэрбум төгрөгөөр буурлаа.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 50 хувь нь их наяд төгрөг нь иргэдийнх байна. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 14.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 520 тэрбум төгрөгөөр буурчээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны гуравдугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 120 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 236.6 тэрбум төгрөгөөр өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.7 хувийг эзэлж байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2020 оны гуравдугаар сарын эцэст 1.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 32.3 тэрбум төгрөгөөр буурсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс өөрчлөлтгүй байна.
Арилжааны банкууд болон МИК-ээс иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны хоёрдугаар сарын эцэст 11.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 317.8 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдлийн 40.4 хувийг ипотекийн зээл, 26.6 хувийг цалингийн зээл, 14.7 хувийг жижиг дунд үйлдвэрийн зээл, 11.6 хувийг хэрэглээний зээл, 1.1 хувийг тэтгэврийн зээл, 5.6 хувийг бусад зээл тус тус эзэлж байна. Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн 75.2 хувийг арилжааны банкуудаас олгосон зээл байна. Арилжааны банкуудаас иргэдэд олгосон зээл 2020 оны хоёрдугаар сарын эцэст 8.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 335.2 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Иргэдэд олгосон зээлийн 92.6 хувийг хугацаандаа байгаа зээл, 3.3 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 0.9 хувийг хэвийн бус зээл, 0.9 хувийг эргэлзээтэй зээл, 2.4 хувийг муу зээл тус тус эзэлж байна. Иргэдэд олгосон хугацаандаа байгаа зээл 8.0 тэрбум төгрөгийн 11.4 хувь нь нэг жилийн, 56.6 хувь нь 1-5 жилийн, 32.0 хувь нь тав түүнээс дээш жилийн хугацаатай байна.
Жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээл 2020 оны хоёрдугаар сарын эцэст 3.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 476.9 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Арилжааны банкуудаас иргэдэд олгосон зээлийн эргэн төлөлт 1.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 780 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Экспорт 736 сая доллароор буурчээ
Монгол Улс эхний улиралд нийт 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.2 тэрбум америк доллар, үүнээс экспорт нэг тэрбум америк доллар, импорт 1.2 тэрбум америк доллар байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 860 сая америк доллароор буурав. , Үүнээс экспорт 736 сая америк доллароор, импорт 124.2 сая америк доллароор тус тус буурчээ.
Гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний улиралд 485.9 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2020 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 611.7 сая америк доллароор буурч, 125.8 сая америк долларын алдагдалтай байна.
Монгол Улс БНХАУ-тай 1.2 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 56.5 хувийг эзэлж байна. БНХАУ-д хийсэн экспорт нь манай улсын нийт экспортын дүнгийн 87.3 хувийг бүрдүүлж байна. БНХАУ-д гаргасан бараа бүтээгдэхүүний 26.7 хувийг чулуун нүүрс, 38.8 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Их Британи улсад экспортолсон барааны 84.0 хувийг алт, ОХУ-д экспортолсон барааны 91.6 хувийг жоншны экспорт, Сингапур улсад экспортолсон барааны 51.7 хувийг чулуун нүүрс эзэлж байна. Экспорт өмнөх оны мөн үеэс 735.9 сая америк доллароор буурахад алтны экспорт 115.6 сая америк доллар, зэсийн баяжмалын экспорт 152.6 сая америк доллар, нүүрсний экспорт 391.3 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлсөн байна.