Г.УУГАНБАЯР
УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь шатны хэлэлцүүлэг ид өрнөж байна. Хэлэлцүүлгийн явцаас харахад эрх баригч МАН-ынхан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хүч түрэн “туушиндах” зорилготой байгаа нь ажиглагдана. Тухайлбал олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй, амин чухал асуудлуудыг хойшлуулж, бусад нэмэлт, өөрчлөлтүүдийг эхлэн хэлэлцэж байгаа. Энэ нь олны анхаарлыг сааруулах гэсэн арга заль гэхээс өөр аргагүй. Нөгөө талаар өнгөрсөн долдугаар сард МАН-ынхан найр наадам хэсч Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг цалгардуулж бараг нэг сар гацаасныхаа дараа ийнхүү гэнэт ухаан орж байгаа тал ч бас бий. Ямар сайндаа Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг сунжирсны, шийдвэр гаргаж чадаагүйн хариуцлагыг МАН-ынхан өөрсдөө даагаарай гэсэн утгатай үгийг дайж байх вэ дээ.
Юутай ч УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Үндсэн хуулийг өөрчлөх эрх нь ард түмэнд байгаа гэдгийг үргэлж сануулж буй. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмнээрээ батлуулах, өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл албан ёсоор хариу ирээгүй байгаа ажээ. Хэдий тийм боловч УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга С.Бямбацогт “Ард нийтийн санал асуулга явуулахтай холбоотой асуудлыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу хоёр дахь хэлэлцүүлгийн дараа УИХ-аар шийднэ” хэмээн өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдэгдсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг хэр удаан хугацаанд үргэлжлэх эсэхийг хэлэх аргагүй. Хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дууссаны дараа Ард нийтийн санал асуулга явуулах шаардлагатай юу. Яагаад гэвэл хоёр шатны хэлэлцүүлгээр хамаг асуудлаа багцалж, хайрцаглачихсан хойноо Ард нийтийн санал асуулга явуулах нь нэр төдий л үйлдэл болно. Иргэдээс ямар ч санал гараад УИХ нэгэнт хоёр шатны хэлэлцүүлэг хийчихсэн төслөө буцааж задлахгүй. Тэгэхээр Ард нийтийн санал асуулга “нүглийн нүдийг гурилаар хуурна” гэдэг шиг л болж мэднэ. Эсвэл бол санал асуулга явуулахгүй байх нөхцөл ч үүсэхийг үгүйсгэхгүй. Эрх баригчид үүнийг л тооцоолж байгаа болов уу. Хэрвээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтээр санал хураалгахгүй, үнэмлэхүй олонхиороо хүч түрж батална гэвэл Ардчилсан нам энэхүү хэлэлцүүлэгт оролцохгүй гэдэг байр сууриа албан ёсоор илэрхийлээд байгаа билээ.
С.Бямбацогт гишүүн “1992 онд АИХ Үндсэн хуулийг 80 орчим хоног хэлэлцэж баталсан түүхтэй. Харин 2000 оны өөрчлөлтийг хэдхэн цагийн дотор хийсэн байна. Үүнтэй харьцуулбал, энэ удаагийн өөрчлөлтийн төслийг 2015 онд нэр бүхий 47 гишүүний өргөн барьсан төслийн 70-80 хувьд нь үндэслэж хоёр жил гаруй хугацаанд боловсруулсан. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн төсөл, санал, улс төрийн 30 нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачидтай зөвшилцсөн” хэмээн мэдэгдэж буй. Энэ нь цаагуураа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэдхэн цагийн дотор ч хийчихэж болдог юм. Тиймээс бид зургадугаар сард өргөн бариад “гялалзуулаад” баталчихад болохгүй юм байхгүй шүү гэж хэлээд байгаа хэрэг. Бушуу туулай борвиндоо баастай гэдэг болчихгүй л бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг зайлшгүй хийх шаардлагатай. Хурдан түргэн амжуулах гээд хуумгай, нуумгай байдалд эцэг хуулийн өөрчлөлтийг хийж огт болохгүй. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, санал болон УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн саналаас зарчмын гэж болох гол зүйлийг нь хүлээж авахгүй байгаагаас харахад парламент дахь үнэмлэхүй олонх хүний олноор хүч түрж байгаа ажээ.
Ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа шийднэ гэж хойшлуулж байгаатай агаар нэг саналыг УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулган дээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гаргасан юм. Тэрээр хэлэлцэж буй төсөл дэх байгалийн баялагтай холбоотой зохицуулалт, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, улстөрийн намын гишүүнчлэлийн тоог Үндсэн хуулиар зохицуулахтай холбоотой асуудал, шүүхийн шинэчлэлтэй холбоотой асуудлуудыг жагсаалтын төгсгөлд оруулж, санал хураалт явуулах саналтай байгаагаа илэрхийлсэн.
Ийнхүү жагсаалтын төгсгөл рүү шидэгдэж байгаа асуудлууд бүгд чухал бөгөөд иргэд, олон нийтийн анхаарлыг татсан нэмэлт, өөрчлөлтүүд юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж 108 болгон таван жилийн хугацаагаар сонгох, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг өргөн барьсан. Төрийн тэргүүний энэ саналыг Ардчилсан намын зөвлөл дэмжиж буй юм. Гэтэл эрх баригч МАН-ынхан бүлэг дээрээ энэ асуудлыг хэлэлцэж УИХ-ын гишүүдийн тоог 108 биш 99 болгох дээр санал нэгджээ. Түүнчлэн МАН-ынхан сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулиар биш Сонгуулийн хуулиар шийдэх нь зөв гэдэг байр суурьт хүрчээ.
Харин Ардчилсан намын зүгээс гишүүдийн тоо чухал биш гэж харж байгаа бөгөөд Сонгуулийг ямар хэлбэрээр явуулах вэ гэдэг нь Ардчилсан парламентыг бий болгох гол хүчин зүйл гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Тиймээс Ардчилсан нам УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох атлаа сонгуулийн тогтолцоог тодорхойгүй оруулж ирж байгааг эсэргүүцэж буй юм.
Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Ардчилсан Үндсэн хуулийг сайжруулая гэж бодож байгаа бол гурван суурь зарчимд анхаарах ёстой. Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байх. Улс орны Эдийн засгийн хөгжлийг бүрэн хангана гэвэл орон нутгийн хөгжлийг анхаарч, төрийн мөнгөний эдийн засаг санхүүг тодорхой болгож Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Ард түмний засаглах эрхийг хангахын тулд УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах гэх мэт саналын томъёоллууд багтаж байгаа” хэмээн мэдэгдсэн.
МАН-ынхан яагаад сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгохыг дэмжихгүй байгаа вэ гэдэг нь ч тодорхой. Энэ бол өнөөгийн парламентад олонх болж суугаа 64 гишүүний дахин сонгогдох гэсэн эрх ашгийн өнцгөөс хийж буй алхам юм. Учир нь 108 гишүүний тал буюу 54-ийг нь тойргоос сонгоод 54-ийг нь жагсаалтаар буюу пропорционалаар сонгох хувилбар дэмжигдчих юм бол өнөөгийн 64 гишүүний яг 10 нь 2020 онд тойроггүй болно. Дээр нь 54 пропорциональ суудлын жагсаалтад бичигдэхийн тулд нам дотроо жинхэнэ алаан болно. Тиймээс эрх баригчид аман дээрээ ярьж байгаа шиг улс орныхоо ирээдүйн 20-30 жилийн хөгжил, парламентын ардчиллыг дэлгэрүүлэх хөгжүүлэх асуудлыг харсандаа биш ердөө жил хүрэхгүйн дараа болох сонгуулиа бодон, өөрсдийн хар толгойдоо ашигтай хувилбарыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгахыг хичээж байгаа ажээ.
МАН-ынхны энэ санаархлыг олж харсан тул УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Ерөнхийлөгчийн саналд алсын хараа, тууштай хэрэгжүүлж явах хэд хэдэн заалтууд байсан учраас бид дэмжиж байна. Тухайлбал, улс орны хөгжлийг тодорхойлох 54 гишүүн, орон нутаг тойргийн бодлого, хөгжлийг тодорхойлох 54 гишүүнтэй, холимог тогтолцоотой байх нь зөв санаачилга юм. Энэ нь аль нэг эрх барьсан нам нь намдаа илүү санал, илүү оноо авахын тулд хуулиа байн байн өөрчлөөд байдаг зүйлийг таслан зогсоох бодлогын шинж чанартай заалт юм. Тиймээс үүнийг заавал оруулах ёстой заалт. Үүнээс гадна Монгол улсад бодлого, алсын хараагаа тууштай тодорхойлох, хэрэгжүүлхийн төлөө аль ч намаас сонгогдсон засгийн газар нэгдмэл байр суурьтай ажиллах хэрэгтэй байна. Энэ бодлого төлөвлөлт бол ерөнхийдөө урт дунд хугацааны алсын бодлоготойгоо нийцдэг. Нам бүр өөрийн хэрэгжүүлэх хэлбэр агуулга нь өөр байх ч, үүндээ нийцүүлж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж явах ёстой гэсэн зарчмын саналтай нэг байгаа. Үүнтэй уялдуулан 62 гишүүний өргөн барьсан төсөлд огт байхгүй байгаа саналыг хүргүүлсэн боловч ажлын хэсэг дээр хэрхэн дэмжигдэж байгаа нь тодорхойгүй байна. Үүнд эдийн засаг төсөв санхүүгийн хариуцлагатай бодлогыг баримтлах, санхүүгийн хариуцлагатай сахилгын зарчмыг үндсэн хуулиндаа оруулж, шинээр тодорхойлоё гэсэн саналыг өгсөн” хэмээн мэдэгдсэн бизээ.
Дахин хэлэхэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар шатны хэлэлцүүлэгт эрх баригчид “төрийн өмч” гэдгийг “төрийн нийтийн өмч” гэж өөрчлөх, “нийгмийн хөгжлийн” гэсний дараа “бодлого” гэж нэмэх гэх мэт үг, үсгийн засвараар оролдосхийж байгаа нь дээр өгүүлсэн зарчмын гол өөрчлөлтүүдээс олон нийтийн анхаарлыг холдуулах гэсэн арга. Түүнээс биш Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг үг, үсгийн засвар төдий биш гэдгийг хүн бүрэн мэдэж байгаа.