Дефакто институтээс “Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс”-ийг танилцуулав. Тэд 2018 оноос эхлэн уг үзүүлэлтийг гаргаж эхэлжээ. Энэ удаа 2019 оны дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хооронд хоёр дахь удаагаа хийж гүйцэтгэсэн байна. “Энэ удаа судалгааны арга зүйгээ улам боловсронгуй болгож, чанарын судалгааны аргачлалаар найман улстөрийн намыг 2019 оны индекст хамруулаад байна” хэмээн тус институтын судлаач А.Бат-Оргил хэллээ. Тэд улстөрийн нам болгоноос 6-10 хүн оролцуулсан фокус ярилцлага хийсэн гэв. Том намуудад хоёр удаа ийм ярилцлага хийлээ. Дараа нь улс төрийн намуудтай холбоотой мэдээллүүдийг цуглуулж, түүнийхээ дагуу үнэлгээ хийсэн гэлээ.
Судалгааны зөвлөх, улс төр судлаач Э.Гэрэлт-Од тайлбарлахдаа ”Дэлхий даяар орчин үеийн ардчиллыг улс төрийн намгүйгээр төсөөлөх боломжгүй гэж үздэг. Европын улс орнуудын засаглалын тогтвортой байдлын судалгаанд намын дотоод ардчилал гэсэн үзүүлэлт ордог. Монголын намуудын дотоод ардчилал ямар байгааг судалж дүгнэх, иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх үүднээс энэхүү судалгааг хийдэг. Израйлын ардчиллын хүрээлэн гэж байгууллагын боловсруулсан дэлхийн улс орнуудын улс төрийн намуудын дотоод ардчиллыг судалдаг судлаачдын дунд хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйг ашигласан.
Хэдийгээр намын дотоод ардчиллын тухай ярьж байгаа ч энэ нь Монгол дахь ардчиллын суурь үзүүлэлт юм гэж ойлгох цаг үе ирээд байна. Мэдээж өнөөдөр Монголын улс төрийн нөхцөл байдал, намуудлын төлөвшил, сонгогчдын оролцоо, боловсрол гээд олон асуудал бидний ярих сэдэв ч яалт ч үгүй дотоод ардчилал гэдэг үнэт зүйлийг ярьж судлах цаг нь болжээ. Энэ чиглэлээр миний бие 2009 онд докторын судалгаагаа хийсэн. Энэ үеэс өнөөдрийг хүртэл намын дотоод ардчиллыг ажиглаж судлаад явж байгаа хүний хувьд хэлэхэд Монголын улс төрийн намууд хараахан төлөвшиж чадахгүй байна. Ялангуяа дотоод ардчилал хангалтгүй байна. Энэ удаагийн судалгаанд ч мөн адил улс төрийн намуудын дотоод ардчилал дунд түвшинд гарч ирж байна. Намын дотоод ардчилал гэж юу вэ гэхээр аль болох улс төрийн намууд нээлттэй, гишүүдээ оролцуулж шийдвэр гаргадаг, үйл ажиллагаандаа ардчилсан зарчмыг баримталдаг байх ёстой. Төлөөллийн олон хэлбэрүүдийг бүтцийн байгууллагууддаа оруулсан байх ёстой. Намын санхүүжилт ил тод, олон нийтэд нээлттэй байх учиртай. Нам мэдээллээ олон нийтэд хурдан шуурхай хүргэдэг байх ёстой гэсэн эдгээр үзүүлэлтийн дагуу бид судалдаг.
Энэхүү судалгаа ч мөн оролцоо, төлөөлөл, өрсөлдөөн, ил тод байдал гэсэн дөрвөн бүлэг асуултын хүрээнд Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллыг судлаад, та бүхэнд танилцуулж байна.
МУИС-ийн багш, судалгааны багийн ахлагч Б.Эрдэнэдалай:
- 2018 онд Де факто институт Азийн сангийн дэмжлэгтэйгээр энэ судалгааг эхлүүлсэн. Эхний судалгааны үр дүнг танилцуулж байхад улс төрийн намын дотоод ардчилал угаасаа тааруу байгаа гэж хүмүүс хэлж байсан. Биднийг судалгаа аваад танилцуулахад намын гишүүд дотоод ардчиллын талаар төдийлөн сайн мэддэггүй, ойлголт байхгүй, намынхаа үйл ажиллагаанд оролцох нь ховор байсан. 2018 оны судалгаанд зургаан улс төрийн нам оролцож байсан бол энэ удаа найман улс төрийн нам оролцсон. Судалгаа авах үед буюу дөрөвдүгээр сард Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй байсан бүх улс төрийн намд хандсан боловч олон шалтгаанаар энэ удаагийн судалгаанд найман нам оролцсон. Судалгаагаар намуудыг 100 хүртэл оноогоор үнэлж, 0-30 хүртэл оноо авсан бол ардчилалгүй, 31-60 хүртэл оноотой бол хагас ардчилсан, 61-100 хүртэл оноотой бол ардчилсан гэж дүгнэдэг. 2018 онд судалгаанд оролцсон зургаан нам хагас ардчилсан гэсэн ангилалд багтаж байсан бол энэ оны дүнгээр МНН, МАХН, АН, ХҮН зэрэг намууд ардчилсан гэсэн ангилалд дэвшин орж ирлээ. 2019 оны судалгаагаар улс төрийн намын гишүүдтэй фокус бүлгийн ярилцлага хийсэн. Энэ оны хувьд улс төрийн намуудын оноо өссөн. Гэхдээ 2019 оны УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотойгоор нийт намууд сонгуульд бэлтгэж, нэр дэвшигчдээ тодруулах зорилгоор намын бүх л түвшинд гишүүдийн оролцоо идэвхжсэн үе таарсан. Түүнчлэн сонгуулийн өмнөх жил гэдэг онцлогтой байна. Энэ утгаараа намууд их хурал, бага хурлаа зохион байгуулах ажилтай байсан нь зарим тохиолдолд дотоод ардчилалтай, нээлтттэй байдалтай харагдаж байгаа. Нийтлэг ажиглагдаж байгаа зүйл нь томоохон намууд дахь өрсөлдөөн болон оролцооны хэлбэрүүд нь төдийлөн сайн биш байна. Намаас явуулж байгаа бодлого баримтлаагүй гэдэг үндэслэлээр тухайн намын гишүүнээс түдгэлзүүлсэн тохиолдлууд гарч байсан. Ялангуяа сонгуультай холбоотойгоор намаас нэр дэвших эрхээ авахын тулд дэнчин өгөх нь байж болохгүй зүйл. Гэтэл дэнчин авсаар байгаа нь нам дахь дотоод ардчилалд сөргөөр нөлөөлж байна.
Де факто институтын гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан:
-Өнгөрсөн жил Улс төрийн намуудын дотоод ардчиллын анхны судалгааг танилцуулж байсан. Жилийн дараа ахиад танилцуулж байна. Зарим намд ахиц дэвшил гарч байна. Гишүүд нь илүү оролцоотой болж эхэлж байна. Энэ судалгааг яагаад хийгээд байгаа юм бэ гэдгийг дахин хэлмээр байна. Аль ч ардчилсан улс орнуудад байдаг ТББ-уудаас ганцхан ТББ төрийн болж чаддаг. Ганц ТББ засгийн эрхийг авдаг. Засгийн эрхийг авдаг ганц институтын хувьд энэ байгууллага ил тод байхгүй бол улс орны засаглалын дүр төрх, улс төрийн намуудаас хамаарч байгаа юм. Ийм дүгнэлтийг ардчиллын онолоор ажилладаг хүмүүс гаргасан байдаг. Засгийн эрхийг авдаг институт өөрөө ардчилсан бус бол яаж улс орныг ардчилсан болгох юм бэ. Ардчилахын тулд дөрвөн гол шалгуураар судалсан. Дотоод ардчиллын индекс бол улс төрийн намуудыг ил тод болгох үйлсэд оролцож байгаа хэрэг. Үүнийг хоёр шугамаар хийж болно. Нэг нь улс төрийн намын гишүүд дотроосоо намаа ил тод байлгахыг шаардах нөгөө нь олон нийт гаднаас нь шаардах шаардлага нийгмийн өмнө тулгараад байна. Яагаад гэвэл өнөөдөр эдийн засгийн ололт амжилт харьцангуй бага, ядуурлыг огцом бууруулж чадахгүй байгаагийн гол шалтгаан авилга. Авлигын эх үүсвэр нь улс төрийн намууд. Хамгийн тод жишээ нь 60 тэрбум.
Улс төрийн нам санхүүгээ босгохын тулд улс төрийн албан тушаалуудыг зарж байгаа. Төрийн компаниудыг авмагцаа хандив өргөсөн хүмүүсийг оруулдаг. Өнөөдөр Улаанбаатарын газрыг хэн өгөөд, аваад байгааг одоо болтол эрх баригчид хэлэхгүй байна. Хэлж чадахгүй байгаагийн гол шалтгаан бол улс төрийн намд өргөсөн хандив хэлбэрээр явсан үйл ажиллагаа зөндөө байгаа. Газрыг зарсан мөнгө хаашаа яваад байгааг намын гишүүд нь жирийн иргэд ч мэдэхгүй байна. Сайн мэдээ нь ахиц дэвшил гарч байна. Хоёр ч нам санхүүгийн мэдээллээ ил гаргаад, аудитаар батлуулаад сайт дээрээ тавьсан байна. 60-аас дээш оноотой намууд гарч ирж байна. Намд бас өөрчлөлт гарч байна. Ирэх жил энэ үзүүлэлтийг ахиж гаргана. Хэмжиж чадахгүй юмыг удирдаж болдоггүй юм. Бид хэмжээс өгөх гээд байна. Хамгийн сайн хэмжээс гэж хэлэхгүй. Муу ч гэсэн хэмжээс байгаа гэдэг чухал. Бүгдээрээ энэ индексийг мэдээд, улс төрийн намуудаа шаардаж шахахын тулд барьж авах юмтай байх учиртай. Тийм учраас бид энэ улс төрийн намуудын дотоод ардчиллын индексийг гаргаж байна.
-Зарим намыг ардчилсан гэж дүгнэсэн нь хэр бодитой вэ гэсэн асуултад Б.Эрдэнэдалай ийнхүү хариуллаа.
-Тухайн намын дүрэм, нам дээр болж байгаа бодит кейсүүд, үзүүлэлтүүдийг гаргаж байж оноо өгч байгаа. Тухайн намд намын даргын сонгууль явж уу, нам доторх, бүтцийн нэгжийн сонгуулиуд явагдсан уу, бодлогын сонголтууд хийгдсэн үү, сунгаа хэр хийгдсэн гэх зэргийг судалсан. Тухайн намд хэн хандив өгсөн нь мэдэгдэхгүй байгаа тохиолдолд энэ нам сонгогчдод нээлттэй бус байна гэсэн үг. Гэх мэт бүх үзүүлэлтийг нарийн авч үзэж энэ оноо гарсан. Парламентад суудалгүй, жижиг намуудын хувьд оноо дээшээ гарсаныг хүмүүс сонирхоно. Энд юу нөлөөлсөн гэхээр эдгээр намуудын хувьд сонгуульд өрсөлдөх, нэр дэвших эрхээ олж авахад тийм олон намын гишүүд байхгүй учраас эрхүүд нээлттэй байгаа нь зарим тохиолдолд оноог өндөр гарч ирж байгаа. Дээр нь санхүүгийн тайлангаа ил тод болгож, аудит хийлгэж, олон нийтэд мэдээлж байгаа нь сайн жишиг. Бусад том намуудтай харьцуулбал онооны ялгаа гарч ирсэн. Цөөн гишүүнтэй, нэг лидертэй нам гэдгийг судалгааны үндсэн дээр ярихгүй бол шууд олон нийтийн хандлагаар дүгнэж болохгүй гэв.