УИХ дахь МАН бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар тодрууллаа.
-Үндсэн хуульд нэмэлд өөрчлөлт оруулах эсэх талаар ард нийтийн санал асуулга явуулах хууль бий. Тэгэхээр ард нийтийн санал асуулга явуулах уу?
-Бид бүлгээрээ ярилцаад Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа хуралдахаар товлосон. Тэгээд ард нийтийн санал асуулга хийх тухай зарлана. Одоогоор хуулийн хугацаа болоогүй учраас энэ талаар тодорхой ярихгүй байгаа юм. Ард нийтийн санал асуулга явуулах талаар бид мөрийн хөтөлбөртөө тусгасан, бас бүлгээрээ дэмжиж байгаа асуудал.
-Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжсэн саналуудын дийлэнх нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд уналаа. Одоо яах вэ?
-Ямар нөхцөл байдал үүсэхийг таашгүй. Ер нь ямар ч асуудлыг парламент олонхоор шийдэх ёстой. Монгол улс парламентын засаглалтай шүү дээ. Үүний шийдвэрийг л дагах учиртай. Унасан асуудалд сонгуулийн холимог тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоо зэрэг асуудал унасан.
-УИХ дахь Ардчилсан намын зөвлөл болон УИХ-ын гишүүн З.Нарантуяа Монгол Улсын өрийн таазыг Үндсэн хуульд тогтоож өгөх тухай санал оруулж ирсэн. Гэтэл энэ санал унасан. Гэтэл МАН-ын бүлгийн гишүүд дэмжиж байсан. Яагаад энэ санал олонхын дэмжлэг аваагүй юм бол. Уг саналыг дахин оруулж ирэх боломж байгаа юу?
-Оруулж ирсэн санал унасан бол дахин орж ирэхгүй. Тийм боломж байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэгт ороод унасан саналыг дахин хэлэлцэхгүй. Тийм хууль байхгүй. Тэр санал нь Монгол Улсын өрийн дээд хэмжээг ДНБ-ий 60 хувиас хэтрүүлэхгүй гэсэн санал байсан. Уг саналыг байнгын хороо, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг ч дэмжээгүй. УИХ-ын нэгдсэн чуулганаар ч дэмжлэг аваагүй юм.
-Яагаад?
-Хамгийн гол нь өрийн асуудлыг Үндсэн хуульд заавал тусгах шаардлага байхгүй. Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуулиар шийдээд явах боломжтой асуудал гэж үзсэн юм.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсан тохиолдолд Ерөнхийлөгч хориг тавьж болох уу?
-Хууль эрх зүйн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж болно. Үндсэн хуулийн Цэц ч маргаан үүсгэх нь нээлттэй. Ерөнхийлөгч хориг тавихгүй, Цэц маргаан үүсгэхгүй ганцхан тохиолдол бий. Тэр нь Ард нийтийн санал асуулга. Энэ бол эцсийн шийдвэр байдаг. Тэгэхээр МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэж үзэж байгаа.
-Тэгэхээр Ард нийтийн санал асуулга явуулах бэлтгэл ажлаа хангаж байгаа юу?
-Энэ бол арай болоогүй. Бэлтгэл хийх, санал асуулга авах ажил тодорхой хугацаатай.
-Зардлыг нь яаж шийдэх вэ?
-УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж үзвэл зардлын асуудлыг шийднэ.
-Үндсэн хуулийн өөрлчлөлтийг явуулсны дараа УИХ тарж магадгүй гэсэн мэдээлэл яваад байгаа. Энэ талаар та УИХ-ын олонх МАН-ын бүлгийн даргын хувьд тодорхой мэдээлэл өгөөч?
-УИХ тарна гэсэн яриа гараад л байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ өөрөө тарах ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. УИХ дахь МАН-ын бүлгээр УИХ өөрөө тарах тухай огт яриагүй. Албан ёсны мэдээлэл ийм байна. УИХ тарах асуудлыг УИХ өөрөө л шийднэ. Түүнээс биш хэн нэгэн нь тар гээл тардаг асуудал биш. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь буюу 51 гишүүн тарахыг дэмжвэл тарна. Бусад тохиолдолд тарахгүй гэсэн үг.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн хуулийн төсөлд хойш тавьсан ямар ямар асуудал байгаа вэ?
-Хойш тавьсан асуудлаа бүгдийг нь хэлэлцээд явж байгаа.
-Дахиж хэлэлцэх ёстой асуудал байгаа юу?
-Тийм асуудал бий. Тухайлбал Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэхтэй асуудал бий. Энэ дунд нөгөө давхар дээлтэй холбоотой асуудал үүнд багтаж байгаа гэх мэтчилэн бүлгийн хурлаар ярилцах асуудал бий. Мэдээж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэхэд УИХ-ын гишүүдийн ирцийн өндөр босго тавьдаг. Ийм тохиолдолд намын бүлэг хуралдаж саналаа нэгтгээд явах нь парламентын жирийн ажлын жишиг шүү дээ.
-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх эсвэл хуучнаар батлах тухай ярьж байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?
-УИХ-ын гишүүдийн тоог 76 байна гээд эцэслэн шийдсэн. Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн тоог 108 байх санал оруулж ирсэн. Тэгээд ажлын хэсгийн хэмжээнд 99 байхыг дэмжсэн. Харин УИХ-ын чуулганаар дээрх асуудлыг дэмжээгүй хуучин хэвээр байхаар тогтсон.
-МАН мөрийн хөтөлбөртөө давхар дээлний асуудлыг тусгасан. УИХ-аас ганцхан Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн зүйл заалтыг МАН-ын УИХ дахь гишүүд яагаад дэмжихгүй хойшлуулаад байна вэ?
-Дэмжих эс дэмжих тухай энэ талаар яриагүй. Одоо л хэлэлцэх юм. МАН-ын 62 гишүүний өргөн барсан саналд УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн гишүүн байж болно гэж үзсэн. Энэ нь Ерөнхий сайдаас гадна шүү дээ. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд Ерөнхий сайдаас бусад нь УИХ байх ёсгүй гэсэн. Ардчилсан нам ч бас ийм саналтай байсан. Ингээд зөвшилцсөний үндсэн дээр Ерөнхий сайдаас бусад нь УИХ-аас сонгогдох боломжгүй гэдэг талаар хэлэлцэж байгаа. Тэгэхээр Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх талаар хоёр хувилбар явж байгаа юм. Үүнийг УИХ хэлэлцээд олонхоороо шийдээд явна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-аар зургаа, долоо, найман сар бүтэн хэлэлцсэн. Одоо есдүгээр сар дундаа ороод явж байна. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн дагуу олонхоор шийдээд явахаас өөр арга алга.
-Тэгэхээр УИХ-ын гишүүдийн тоо 76 байна гэлээ. Үүнийг дагаад Сонгуулийн тухай хуулийн асуудал гарч ирнэ. Энэ талаар та ямар мэдээлэл өгөх вэ?
-Манай улсын сонгуулийн систем одоогийн Үндсэн хуульд заасан хэвээр байгаа. Ардчилсан нам сонгуулийн холимог системтэй байх ёстой санал оруулж ирсэн. Гэвч дэмжигдээгүй. Ерөнхийлөгчийн зүгээс мажоратор мөртлөө холимог системээр сонгууль явуулах санал оруулж ирсэн. Гэвч дэмжигдээгүй. Ер нь УИХ-ын гишүүд сонгогчид өөрсдийгөө төлөөлөх УИХ-ын гишүүнийг өөрөө сонгох ёстой. Улс төрийн намаас сонгох ёсгүй гэсэн суурьт хатуу байгаа. Өөрөөр хэлбэл иргэд сонгогчид УИХ-ын гишүүнийг шууд сонгох асуудал хэвээрээ явж байгаа.