Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хязгаар нь үл харагдах ёроол нь үл үзэгдэх нуур тэнгэр хоёр

Уулс, үүлсийн цаагуур аальгүйтэн нуугдах нарны туяаг илчээ тусгахыг горилж “Нараа нараа нааш ир, Сүүдэр сүүдэр цаашаа, Найзаа найзаа наашир нартай гурвуулаа тоглоё” хэмээн чанга дуугаар тэнхээ мэдэн хашгирлаа. Тэр нүүр өгөх янз алга. Нуурын уснаас дөнгөж гарах даруйд, хамаг бие минь салганан чичирч, үүдэн шүднүүд тачигнаж эхлэх үед үүлэрхэг тэнгэрийн доор ааш нь олдохгүй нар алга болж амжив. Үнэндээ аль хүүхэд байх үеэс аманд хоногшсон энэ дууг сонсоод нар над руу инээдэг эсэхэд эргэлзлээ. Нэгэнт нар надад нүүр өгөөгүй болохоор усны амьтан болох шахтлаа нуурын усанд булхсан бидний хэсэг нөхөд эх дэлхийн хөрсөнд гарахаас өөр сонголтгүй болов. Нуурын ус хэдийгээр бүлээн байгаа боловч, уснаас жаахан цухуйх төдий л чичрүүллээ. Гэсэн ч, азаар саяхан л юу ч болоогүй юм шиг төөнөж байсан түүний сайхан аашны ачаар, дагжин чичрэх миний биеийг дулаацуулах халуухан бэгнүүр болсон сайр чулуунд талархав. Хамаг чадлаараа халуун чулуугаар өөрийгөө буллаа.

Саяхан л даарч хөрч байснаа умартан байгалийн бүтээсэн дулаан илчинд хэвтэхэд таатай сайхан. Олон аашт наран авхай үзүүр нь үл харагдах, цэлэлзэн долгиотох нуурын хөвөөнд биднийг саяхан ирэхэд хамаг байдгаараа сайхан аалиа дэлгэж, юу юугүй түүний илч гэрлэнд цохиулчихна уу гэмээр л төөнөж байсан сан. Гэтэл одоо “Ямар тахил нь буруу эргэчихсэн юм бол” гэлтэй гэнэт л бараан үүлсийн цаагуур сайхан царайгаа нуух нь гомдмоор... Хэсэгхэн хугацааны өмнө “Халуун наранд наршиж гүйцлээ. Далбагар малгайг минь нааш хурдхан шид” хэмээн суусан найз минь энэ мөчид нуурын эрэг дахь сайр чулуугаар биеэ хучингаа, өнөөх далбагар малгайгаа хаа нэг тийш шидэлж харагдана. Хүн гэдэг ийм л туйлбаргүй амьтан аж. Халуун бол “шатаж үхлээ”, жаахан сэрүү унахад “хөлдөж үхлээ” гээд л мөн ч барьцгүй амьтан ч бол доо. Гэхдээ л бид энд өөр өөрсдийнхөөрөө жаргаж суув. Увс аймгийн Өндөрхангай сумаас аяллынхаа бэлтгэлийг бүрэн хангасны дараа өглөө эртлэн хоёр суудлын тэргээр арван жилийн найзууд болон гэр бүлийн хамт тус аймгийн Хяргас нуурын хөвөөнд байрлах “Хэцүү хад” хэмээх байгалийн цогцолборт газрыг зорьж ирээд будилж суугаа минь энэ. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн тус газрын гоо үзэсгэлэн, анир чимээгүй, тансаг, нууцлаг тайлагдашгүй ертөнцийг үгээр хэлж, үзээр илэрхийлэхэд ур чадвар минь дутах болов уу хэмээн эмээж сууна.

 

Хэцүү хад хэмээн нэрлэсний учир

Гурван жилийн өмнө анх удаа энэ газарт хөл тавих үеэс л гоо үзэсгэлэнг нь хараад дуу алдсан. Үнэндээ бид эх орноо бүтэн тойр ч аялаагүй, эх орныхоо байгалийн сайхантай танилцаж амжаагүй мөртлөө гадаад далайг мөрөөдөж, гадаадад аялахыг л хүсдэг байсан цаг саяхан. Би ч ялгаагүй. Их сургуулийн гуравдугаар дамжаагаа төгсдөг жилээ БНСУ-ын чанга шалгуурыг давж, аяллын гурван сарын эрх бүхий виз даруулж билээ. Үнэндээ, аялал нэрийн дор ажиллаж байхдаа цөөхөн хоногийн амралтаараа амжуулж бяцхан аялал хийгээд ирсэн юм. Тус улсын томоохон далайд анх удаа очиж үзсэнээ нуух юун. Далайн эргээр дүүрэн хүмүүс бужигналдаж, булингартай усны дээгүүр завиар зугаалах нь зугаалж, усны хувцастай зургаа даруулах нь даруулаад л.. Үзэж хараад, сонжиж сонирхмоор зүйл тун ховор санагдаж билээ. Нэг ёсондоо нүд баясаж, сэтгэл сэргээх зүйл тэнд байгаагүй. Гэтэл эх орны минь баруун хязгаарт орших энэхүү Хяргас нуурын “Хэцүү хад” гэх байгалийн үзэсгэлэн бүрдсэн газрын хувьд гадаад далайн эрэгтэй зүйрлэх ч юм биш. Увс аймгийн төвөөс зүүн урагш 230 километр, Завхан сумаас 60 километрын зайд байрлалтай газар. Хяргас нуурын зүүн хэсэгт усан доогуур 5-7 километр үргэлжлэх 20 метр орчим үргэлжлэх өндөр хадан цохио бүхий тус газрыг ийнхүү Хэцүү хад хэмээн нэрлэсэн гэдэг. Дөрвөн жилийн өмнө ирэхэд тус нуурын хэмжээ илүү том байсныг санаж байна. Нуурын эргээс 4-5 метр зайд байрлах хадан цохионы орой хагас дутуу цухуйх бөгөөд, тэнд сэлээд хүрч чаддаггүй байсан юм. Харин өнөөдөр сэлэх шаардлагагүй хэдхэн алхаад л тус цохионы оройд хүрч байгаа нь
Жил жилээр дундарсан
Жирмийн цагаан нуур минь
Жилээс жилд жижгэрсэн
Жаахан буурал ээжий минь хэмээн шүлэглэсэн “Жирмийн цагаан нуур” дууны үгийг санагдуулж, багагүй хугацаанд гунигт бодолд дарагдаад амжсан юм. Хүмүүс бид байгаль эх дэлхийдээ ээлтэй хандахгүй бол хэзээ мөдгүй энэ нуур ширгэж үгүй болоод түүх дурсамж болон үлдэх вий.

 

Замаг сайтай нууранд загас бүрэн цугладаг

Гуниг хургасан бодлын салхийг үргээж “Тэр том загасыг хараач” хэмээх дуунаар заасан зүг харвал төө орчим урт хэд хэдэн загас нуурын уснаа наадаж харагдана. Тус нууранд алтайн сугас, монгол хадран, осмон, шар загасаар баялаг. Аргагүй л баян хангай юм. Хяргас нуур нь Увс аймгийн Завхан, Наранбулаг, Цагаанхайрхан, Малчин, Хяргас сумын нутаг Их нууруудын хотгорт, Ханхөхий нурууны урд хэсэгт оршдог бөгөөд нуурын гадаргын талбай нь 1407 хавтгай дөрвөлжин километр, урт нь 75 километр, өргөн 31 километр, дундаж өргөн нь 19 километр, усны мандал нь далайн төвшнөөс дээш 1028 метр өндөрт оршдог билээ. Ийм өвөрмөц тогтоцтой учраас нуурын шорвог усны нөлөөгөөр хад нь цайвар өнгөтэй болж одоогийн давтагдашгүй, үзэсгэлэнт төрхөө олсон гэж үздэг. Хадны тогтоц өвөрмөц сониноос гадна хаднаас хад дамжин аялахад байгалийн бүтээсэн гайхамшгийг биширнэ. Яг доогуур нь гарах мөчид толгой дээрээс минь уначих вий гэлтэй хоёр хадны хоорондох зайд бие биеэ дэрлэж тогтсон хэсэг хад байх бөгөөд олон жилийн туршид энэ л хэвээр байгалийн гайхамшигт, тайлагдашгүй нууцыг тээсээр иржээ. Айдас, адал явдал, гайхамшиг үргэлжилсээр...

Хязгаар нь үл харагдах, ёроол нь үл үзэгдэх нуур, тэнгэр хоёр

Үд хэвийх үед нуурын мандалд ирсэн бидний хэсэг нөхөд загас жараахайтай зэрэгцэн хэсэгтээ л жаргаж амжив. Усаар байлдаж, усанд сэлэлтийн аварга шалгаруулж, чулуу долоолгож, нэг даарч, нэг халууцсаар нэг л мэдэхэд оройн нартай золгожээ. Халуун чулуунд булхаж биеэ хатаагаад, нар жаргахаас урьтаж хадан хясаагаар зугаалахаар хөдөлцгөөв. Энэ хугацаанд бид өөрсдийгөө янгираас дутахааргүй хаданд цойлох авьяастай гэдгээ мэдэж авсан юм. Учир нь хадан хясаагаар аялахад амар хялбар зам гэж үгүй. Нэг хаднаас нөгөө хаданд дүүлж, нэг ирмэгээс нөгөө ирмэгт гар хөлөө дүүжилж байж сая үзэх гэснээ үзэж, хүрэх гэсэндээ хүрнэ. Үүнд бие сэтгэлээ бэлдсэн байх нь чухал. Ингэж байж сая энэ сайхан газрын үзэсгэлэнт төрхийг мэдэрнэ. Нэмээд хэлэхэд Улаанбаатараас Увс аймаг руу чиглэх засмал замаас тус газрыг чиглэн шороон замаар салаад дэржигнүүртэй замаар 15 километр автомашинаар орчих тийм ч амар байгаагүй. Зарим тохиолдолд машины эд анги салаад уначих вий гэлтэй, заримдаа дотор эрхтний байрлал солигдчихвий гэлтэй сэгсчүүлсээр явсан. Нуурын эрэгт хүрэхээс таван килотетр орчим дутуу байхад элсэн замаар туучиж, элсэнд суухад нь бөөнөөрөө буугаад түрж, түлхэж дэндүү адармаатай адал явдалтай ирсэн. Гэхдээ одоо бүх юм ард хоцорч. Ийм сайхан үзэсгэлэнт байгалийг харахын тулд тийм хэмжээний шалгуурыг туулах л ёстой байж. Цэнхэр тэнгэрийн оронд нар жаргаж байна. Хаяа нь үл харагдах тэнгэрийн дор, хаяа нь үл үзэгдэх цэнхэр нуурын мандалд ааш нь олдохгүй наран авхай сая нэг зөөлөрч шаргал туяагаа тусгаад аз жаргалтайгаар шингэж байна. Алсад анир чимээгүй. Цайран үзэгдэх хадан цохион дээрээс жаргаж байгаа нарны гэрэлд, гялтганан үзэгдэх нуурын мандлыг ширтэх яасан үзэсгэлэнтэй юм бэ. Монголын их амар амгалан гэж энэ байх. Хаяа хаяахан сууж байгаа хадан цохионы доод хэсгийг нуурын давлагаа хүчтэй цохих нь сүрдмээр. Бага багаар харанхуй нөмөрч байна. Гэсэн ч би эндээс явмааргүй... Өөрийнхөө ямар өчүүхэнийг жаахан ч болов мэдэрмээр байна. Хязгаар нь үл харагдах, ёроол нь үл үзэгдэх нуур, тэнгэрийн доор элдвийг бодож эргэцүүлмээр байна. Наран авхай шингэж, саран авхай гэрэлтэхэд чи ямар харагддаг бол. Сар шингэж нар мандах хүртэл эсвэл нар шингэж, сар гарах хүртэл хугацаанд хэчнээн олон хайр, харуусал, гуниг, баяр баясалыг чи тээсэн бол. Алсад дүнсийх чиний анир чимээгүй төрх яасан гунигтай, яасан нууцлаг юм бэ...

 

Хадан цохион дээрх шувуудын амьдрал

Ирсэн зам хэцүү, явах цаг орой болсон тул урилгагүй зочид бид шувууны үүрийг очиж үзчихээд хөдлөхөөр яаравчлав. Байгалийн өвөрмөц тогтоц бүхий хадан цохион дээр шувуу үүрээ зассан байдаг нь шувуудын амьдралыг сонирхон харахыг хүсч буй хүмүүст сайхан боломж олгодог. Нуурын мандалд хэсэг бүлэг шувууд нэг үзэгдэж нэг алга болчихно. Тэд нууранд шумбаж хэсэгтээ алга болсноо, туялзсан хүзүүгээ гайхуулсаар гараад ирнэ. Амьтны ертөнцийн гайхамшиг энд ч үргэлжилнэ. Улаан номонд бүртгэлтэй шувуудын тун ховор төрөл хар галуу, цахлайх мэт олон төрлийн шувуу энд хэдэн мянгаараа нүүдэллэн ирдэг. Тийм учраас тус үзэсгэлэнт хадан цохионы багагүй талбайд шувууны үүр бий. Шувууд ямар ажилч, хичээнгүй гэдгийг тэдний зассан үүрнээс харах боломжтой. Байгалийн хүнд хэцүү, шуурга, салхи, бороотой үед ч тэднийг, үр төлийг нь хамгаалж чадахуйц бүтээн байгуулалтууд энд л өрнөсөн байдаг юм. Шувууны баасыг сангас гэх бөгөөд ойртоод очих үед тийм ч таатай үнэр ялгаруулдаггүй юм билээ.

 

Үдэлт

Цаг нэгэнт оройтож бүрэнхий болсон нь буцах болсныг илтгэв. Бид бүхнээс гадна хэд хэдэн бүлэг хүмүүс энд амрахаар ирсэн байсан нь бидэнтэй зэрэгцэн хөдлөхөд бэлдэв. Залуусын, иргэдийн хандлага өөрчлөгдсөн байна. Үнэндээ би, хэдэн жилийн өмнө энд ирээд буцахдаа хогоо авсан эсэхээ хэлж мэдэхгүй байна. Харин өнөөдөр хогийн уут тусгайлан гаргаж бүх хогоо машиндаа хийгээд буцсан юм. Хажууд байсан хүмүүс ч ширхэг чихрийн цаас үлдээлгүй хогоо аваад машины зүг хөдөлцгөөлөө. Зарим нь өөрсдөө хаяагүй ч гэлээ газны сав, архины шил гэх мэт зам зуур дайралдсан хогоо савлаж байгааг хараад баярласнаа нуух юун. Бид санаатай болон санамсаргүй байдлаар байгаль эх дэлхийд хог хаясан бусаддаа нөлөөлж, хамтдаа өөрчлөлтийг авч ирж чадаж байгаа нь бас нэг сайшаалтай зүйл байсныг онцолмоор байна. Оросын жуулчин А.В.Бурдуков “Хэцүү хад бол байгалийн гойд сонин тогтоц, үзэсгэлэнт сайхнаараа Монголд хоёрдогч нь юм” хэмээн өөрийн тэмдэглэлдээ бичсэн байдаг. Энэ байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар ирж үзсэн хэн ч түүнтэй маргахгүй биз ээ. Аялал, амралтын улирал дуусч анир чимээгүй цаг ирж байна. Тийм болоод ч тэр үү энэ үзэсгэлэнт газрын эргээс холдох тусам гуниг төрж байна. Машины цонхоор бүүдгэр сарны гэрэлд түүний дүнхийсэн, анир чимээгүй төрх улам биднээс холдож байна. Яг л сүүгээ өргөн, өргөн толгодын цаагуур бараа нь тасардаг ижий шиг минь сэтгэлд гуниг төрүүлэн үдэж байна. Цэнхэр тэнгэрийн оронд, цэлэлзэн мэлтэлзэх нуурын хөвөөн дахь аялал маань энд хүрээд өндөрлөж байна. Дараа жилийн амралт даанч хол байна даа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com