Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Үндсэн хуулийн өөрчлөлт УИХ-ын мэдлээс гарав уу?

УИХ-ын чуулганы өнгөрсөн бямба гарагийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дууссан. Ингэснээр Ард нийтийн санал асуулга явуулах талаар УИХ шийдвэр гаргах үлдээд байв. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар ийм зохицуулалттай юм. Өөрөөр хэлбэл, дээрх хуульд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дууссаны дараа Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг парламент хэлэлцэж шийднэ гэсэн заалт бий. Энэ дагуу өчигдөр УИХ Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Ард нийтийн санал асуулга явуулах шаардлагыг АН-ын зүгээс удаа дараа тавьсаар ирсэн бөгөөд өнгөрсөн баасан гаргийн орой УИХ дахь олонх буюу МАН-ын бүлэг хуралдан энэ саналыг олонх нь дэмжсэн юм.

 

Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хувьд цоо шинэ нөхцөл байдал үүссэн. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл, саналаа хэлэлцүүлгийн шатнаас нь татан авч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар Ард нийтийн санал асуулга явуулахаар болсныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн явдал.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр энэ тухай УИХ-ын даргад танилцуулж, Ард нийтийн санал асуулга явуулах талаарх Ерөнхийлөгчийн санал болон УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив. Ерөнхийлөгч Х.Баттулга өргөн барьсан УИХ-ын тогтоолын төсөлдөө Монгол Улсын Үндсэн хуульд оруулах зарчмын шинжтэй өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэхээр тусгажээ. Энэ нь Монгол Улсад Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын аль нь тохирох, гүйцэтгэх засаглалын тэргүүнийг Улсын Их Хурал томилдог бус, ард түмэн сонгодог байх, гүйцэтгэх засаглалыг нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч тэргүүлэх, Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг нэгэн зэрэг явуулах гэдгийг ард түмнээсээ асуух нь зүйтэй гэж Төрийн тэргүүн үзсэн байна.
Эндээс хэд хэдэн асуулт гарч ирж байна. Эдгээр асуултуудын хариу тодорхой болох юм бол, нэг бол угаас хууль зүйн гаргалгаа нь бэлэн бий бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрхэх нь удахгүй шийдэгдэнэ. Тийм биш бол гацаанд орно. Ингээд хариулт нэхсэн ямар асуултууд байгааг тодруулъя.


1. Ерөнхийлөгч өөрийн санаачилж өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг эргүүлэн татсанаар УИХ-аар хоёр дахь шатны хэлэлцүүлгийг нь хийж дуусгасан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эргэж задрах уу?
2. Хэрэв ийнхүү Үндсэн хуулийн төсөл эргэж задрах аваас нэг хоёр дахь шатны хэлэлцүүлгийг дахин хийх үү?
3. Ерөнхийлөгчийн санаачилсан төслөөс хэдэн санал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэгдсэн төсөлд тусч дэмжигдээд байсан бэ?
4. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд огт тусаагүй зүйл, өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглалын алийг дэмжих вэ, гүйцэтгэх засаглалын тэргүүн буюу Засгийн газрыг Ерөнхийлөгч тэргүүлэх зэрэг асуулт асууж болох уу?
5. Эсвэл Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг парламентаар хийж дуусаны дараа өөрийн санал, төслөө эргүүлэн татах боломжтой юм уу?
Энэ мэт асуулт зүй ёсоор урган гарч байна. Сүүлийн асуултад нь эхлээд хариулъя. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг дуусч, ард нийтийн санал асуулга явуулахаар шийдсэн нөхцөлд Ерөнхийлөгч төслөө татан авах боломжгүй гэж тайлбарлаж байгаа ажээ. Тэгэхээр энэ асуудал дээр цаашид маргаан үүсэх бололтой.
Ерөнхийлөгч төслөө татсанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл эргэн задрах эсэхийн хувьд хариулт тодорхойгүй. Задрах бол хоёр дахь хэлэлцүүлгийг дахин хийх үү, эсвэл Ерөнхийлөгчийн төслөөс орж ирсэн заалтуудыг л хүчингүй болгож, унасан саналыг нь сэргээх үү гэдгийг ч хуульчид хариулах байх. Юутай ч Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаас долоон заалт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэгдсэн төсөлд тусгалаа олж, хоёр дахь шатны хэлэлцүүлгээр дэмжигдээд байгаа билээ. Тэгэхээр энэ долоон заалт дээр л асуудал үүснэ гэсэн үг.


УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дууссан тул уг төслийн эхийг батлах эсэх асуудлаар ард түмний санал асуулгыг явуулах шийдвэрийг гаргах ёстой байв. Тиймээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж өдрийг нь товложээ. Учир нь УИХ-ын чуулганы 2019 оны есдүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанд оролцсон 58 гишүүний 55 нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгад оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн учир ийнхүү санал асуулга явуулах өдрийг товлосон байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн хэлж байгаагаар Засгийн газрын нөөцөд ард түмний санал асуулгыг зохион байгуулахад зарцуулах мөнгө байхгүй гэнэ. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ сайдын үзэж байгаагаар Ард нийтийн санал асуулга явуулах зардлыг шийдвэрлэхийн тулд УИХ төсвийн тодотгол хийж шийдэх бололтой. ОУВС-тай хийсэн гэрээний дагуу зардал нэмэхтэй холбоотой асуудлыг хориглосон ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудал учир ойлголцох байх гэдгийг ч тэрээр онцолжээ.


Ард нийтийн санал асуулгаар яг юуг иргэдээсээ асуух вэ? Хэдэн асуулттай санал асуулга явуулах вэ гэдэгт хуулийн заалтуудад түшиглэн хариулж болно. Уг нь Ард нийтийн санал асуулгын тухай ерөнхий хуулиар бол санал асуулгыг нэг удаа гурваас илүүгүй асуулттайгаар зохион байгуулах ёстой. Гэтэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн заалт дээрх ерөнхий хуулийн заалтыг үгүйсгэж байгаа аж. Энэ нь Үндсэн хуулийн талаарх санал асуулга Ард нийтийн санал асуулгын тухай хуулиас өөр зохицуулалттай гэсэн үг. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа баримталж ард нийтийн санал асуулгыг явуулна. Уг хуулийн 17.6-д “Төслийг зөвшөөрөх, эсхүл татгалзах тухай ард нийтийн санал асуулгыг Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасны дагуу зохион байгуулж явуулна” гэж тодорхой заасан байгаа. Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжих үү гэдэг тодорхой ганц асуултаар л санал асуулга явуулна гэсэн үг юм.
Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Э.Түвшинжаргал тодорхой хариулт өгсөн байна лээ. Тэрээр “УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байгаа. Энэ нь өөрөө цогц ажил бөгөөд үүний нэг нь хоёр дахь хэлэлцүүлгийн дараа Ард нийтээр санал асуулга явуулах юм. Дэгийн тухай хуулийн 4.3-т зааснаар Ард нийтийн санал асуулгыг нэг удаа гурваас илүүгүй асуулт асуух бөгөөд асуулгын тоо, асуулгыг УИХ шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Гэхдээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн журмын тухай хуулийн 17.6-д “Төслийг зөвшөөрөх, эсхүл татгалзах тухай ард нийтийн санал асуулгыг Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасны дагуу зохион байгуулж явуулна” гэж заасан байдаг. Мөн уг хуулийн 17.8-д “Ард нийтийн санал асуулгад сонгогчдын нэрийн жагсаалтад хууль ёсоор бичигдсэн нийт иргэдийн олонх нь оролцож, тэдгээрийн олонх нь уг хуулийг “зөвшөөрнө” гэсэн санал өгсөн бол Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдсанд тооцно” гэж илүү нарийвчлан зааж өгсөн байдаг. Ард нийтийн санал асуулгын тухай ерөнхий хууль бөгөөд тусгайлсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баримталж нэг асуултаар Ард нийтийн санал асуулга явуулах ёстой” хэмээн тун ойлгомжтой тайлбарлажээ.


Түүний онцолсноор Ерөнхийлөгчийн гаргасан саналаар бол шинэ Үндсэн хуулийн асуудал яригдах тул шууд санал асуулгын тогтоолд оруулах боломжгүй ажээ. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд огт тусаагүй зүйл, өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн засаглал, Парламентын засаглалын алийг дэмжих вэ, гүйцэтгэх засаглалын тэргүүн буюу Засгийн газрыг Ерөнхийлөгч тэргүүлэх нь зөв үү, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулийг нэг дор явуулдаг болох уу зэрэг асуултыг энэ удаагийн Ард нийтийн асуулгаар асуух боломжгүй гэсэн үг.
УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга С.Бямбацогт “Баталсан эхийг дэмжинэ, дэмжихгүй гэдэг асуултаар л санал асуулга явуулна, өөр асуулт байж болохгүй” гэсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд тодорхой заасан байгаа гэдгийг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар мөн тодотгожээ.


Юутай ч Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ард нийтийн санал асуулга явуулах өдрийг аравдугаар сарын 30,31, гадаадад байгаа иргэдийн санал авах өдрийг 19,20-ны өдрөөр тогтохоор болж гишүүдийн олонх нь дэмжлээ. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт цаашид шинэ нөхцөл байдалд, илүү сонирхолтой өрнөх нь тодорхой боллоо. Товчхондоо Ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжсэнээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт УИХ-ын мэдлээс гарч байна.
Ийнхүү шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг үдээс хойш хуралдлаа. Тус намын бүлэг хэлэлцээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг дууссан учраас хууль зүйн хувьд Ерөнхийлөгч төслөө буцааж татах боломжгүй гэж үзжээ. Энэхүү харилцааг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулсан байна.

 

Г.УУГАНБАЯР

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com