УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбаттай ардчиллыг хэрхэн хамгаалах болон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцлаа.
-Монгол Улсад Ардчилсан хувьсгал ялаад 30 жил өнгөрлөө. Энэ хугацаанд манай улс хэрхэн өөрчлөгдсөн гэж Та үзэж байна вэ?
-Ардчиллыг дэмжигч иргэд, уншигчдад 30 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монгол Улсын хараат бус байдлыг хангах, иргэдийн эрх, эрх чөлөөгөө эдлэх бүх боломжийн хаалгыг Ардчилсан хувьсгал нээсэн юм. Иргэдийн аж амьдрал, улс орны хөгжил тэс өөр болсон. Тэгэхээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс хожсон гэж би хардаг. Өнөөдөр бид ололтоос гадна өнгөрсөн хугацаанд туулсан сургамжит үйл явдал юу байгааг эргэж харах ёстой. Ингэснээр ирээдүйд ардчилал төгөлдөрших болно. Үүнийг бодох цаг болсон гэж харж байгаа юм.
-Парламентын засаглал манай улсад хэрхэн төлөвшиж байна вэ?
-Манай улс 27 жилийн өмнө шинэ Үндсэн хуулиа баталж сонгодог парламентын засаглалтай орон болсон. Үүнийг дагаад улсын нүүр царай, төрийн тогтолцоо, иргэдийн сонгох, сонгогдох эрх гээд маш олон зүйл өөрчлөгдсөн. Энэ бол бидний маш том ололт. Парламентын засаглал нь ардчиллын суурь, тулгуур төрийн багана гэж хардаг. Ийм учраас бид парламентын тогтолцоогоо хамгаалахын төлөө, парламентын үйл ажиллагаанд гарсан алдааг засахын төлөө Ардчилсан нам тууштай явж ирсэн. Өнөөдөр ч энэ байр сууриа баримталж байгаа. Ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдрөөс эхэлж парламент байгуулагдсан. Тэгэхээр Үндсэн хуулиа хайрлаж хамгаалж явах ёстой юм. Энэ хууль үндсэн үүргээ маш сайн биелүүлж байгаа гэж би хардаг. Мэдээж энэ хуульд засч залруулах зүйлүүд бий гэдэгт бид санал нэгддэг. Үүнийг засах нэрийн дор Монгол Улс ардчиллынхаа суурь зарчмаас ухарч болохгүй учраас Ардчилсан нам манаач нь болох ёстой юм. Бид энэ манааныхаа үүргийг гүйцэтгэж байгаа.
-Өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ хэлэлцэж байна. Энэ өөрчлөлтийн талаар Та ямар суурьтай байна вэ?
-Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөх шаардлагатай асуудлууд бий. Өөрөөр хэлбэл, парламентын засаглалаа илүү зөв, хариуцлагатай болгох ёстой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ тал руу явна байх гэж харж байсан. Харамсалтай нь, бидний сэтгэлд хүрсэн зүйл хийгдэхгүй байна. Бид зарчмын хэд хэдэн санал тавьсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа бол нэгдүгээрт, парламентыг хариуцлагатай, бодлоготой болгох талын өөрчлөлт хийе гэсэн. Хоёрдугаарт, эрх мэдлийн тогтолцоог зөв зохистой байдалд оруулах санал тавьсан. Энэ эрх мэдлийн тогтолцооны давхардлаас болж улс орон, ард иргэд хохирч байгаа тал бий.. Мөн УИХ-ын 76 гишүүний нөхцөл байдлыг хар л даа. Өнөөдөр улс орны эдийн засаг, төсөв энэ 76 гишүүний гараар үр ашиггүй урсах магадлал маш өндөр болсон байна. Урсаж ч байгаа. Тэгэхээр үүнийг засч залруулах санал гаргасан юм. Бас намыг хариуцлагажуулж, төлөвшүүлж, бодлоготой болгож байж парламентын тогтолцоо өөрөө зөв гольдролд орно. Иймд бид энэ саналыг тодорхой тавьсан юм.
-Ардчилсан намын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зарчмын ямар саналууд тавьсан юм бэ?
-Нэгдүгээрт, парламентын засаглалтай улс орон юм бол Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог байя. Хоёрдугаарт, парламентыг бодлоготой байлгая гэж байгаа бол намуудын төлөвшилд анхааръя. Намаар дамжсан бодлого төрд ордог зүй тогтолтой болъё гэсэн. Сонгуулийн тогтолцоог пропорцианаль хэлбэрээр холимог болгох санал тавьсан юм. Энэ нь улс эх орны ирээдүйг бодсон асуудал. Гуравдугаарт, төрийн эдийн засгийн бодлогоо тодорхойлох суурь зарчмын санал тавьсан. Харамсалтай нь, эдгээр зарчмын шаардлагууд парламентаас дэмжлэг авалгүй уналаа. Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай асуудал үлдсэнгүй. Дахин хэлэхэд бид өнөөг хүртэл ардчиллыг хамгаалж яваа. Ардчилсан намыг УИХ-ын долоон гишүүнээр төсөөлж болохгүй. Үүний ард Ардчилсан намын гишүүд, ардчиллыг дэмждэг, итгэл үнэмшилтэй, эрх чөлөөгөө эдэлж байгаа түүнийгээ хамгаалах хүсэлтэй олон зуун мянган иргэн бий. Үүнд бид огт эргэлздэггүй. Өөрөөр хэлбэл, Ардчилсан Үндсэн хууль өөрийн үүргээ хангалттай сайн биелүүлж байгаа. Ардчилсан парламентаа бэхжүүлэх зүйлийг энэ өөрчлөлтөөр хийж чадахгүй бол Үндсэн хуулийг өөрчлөх нь ач холбогдолгүй болно.
-Тэгэхээр Ардчилсан намаас Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналыг УИХ хүлээж авсангүй. Цаашид ямар алхам хийх вэ?
-Бидний оруулсан гурван гол зарчим унасан учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт орох нь утгагүй болж байгаа юм. Яагаад гэвэл бидний байр суурийг хүлээж аваагүй гэсэн үг. Иймд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт орохгүй. Эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өөрсдийн хэмжээнд хэрхэн хүлээж авах нь тэдний хэрэг. Энэ өөрчлөлтийг УИХ батална гэх юм бол ардчилсан Монгол Улсын иргэдийн саналыг авч байж сая маргаангүй сэдэв болно. Иймд бид ард нийтээс саналыг нь асууж байж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах шаардлага тавьж байгаа.
-УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байна вэ?
-УИХ-ын үйл ажиллагааг би дүгнэхгүй. Иргэд дүгнэж байгаа байх. Гэхдээ хамгийн хангалтгүй ажиллаж байгаа УИХ гэсэн иргэдийн дүгнэлттэй би санал нэг байна. Гэмт хэрэгт холбогдсон, элдэв янзын асуудал үүсгэсэн, бодлогын тодорхой шийдэлгүй УИХ гэж иргэд бухимдаж байгаа шүү дээ. Харин 76 гишүүн бүгд муу гэж бусдыг харлуулах нь бас өрөөсгөл. Сайн ч, саар ч гишүүд бий. Засгийн газрын үйл ажиллагааннд ард иргэд үнэлэлт дүгнэлтээ өгсөн байх. Сонгуулийн дөрвөн жил үндсэндээ өндөрлөж байна. Тэгэхээр энэ хугацаанд Засгийн газар юу хийв гэдгийг ард түмэн өөрсдийн амьдрал, халаасаараа мэдэрч байгаа. Эрх баригчид сонгуульт хугацаандаа юу хийсэн= тайлангаа тавих байлгүй дээ.