-Нийгэмд засаглалын хямрал авч ирж байгаа асуудлуудыг шийдвэрлэсэн заалт огт орсонгүй-
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон Ард нийтийн санал асуулгын талаар байр суурийг нь тодрууллаа.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь шатны хэлэлцүүлэг дууслаа. Одоо Ард нийтийн санал асуулга явуулахаар шийдлээ энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн эхний шатны хэлэлцүүлэг эхэлснээс хойш УИХ-ын гишүүд орон нутагт ажилласан. Тэгэхдээ ард нийтээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүлж саналыг сонссон. Харамсалтай нь энэ хэлэлцүүлэг хангалтгүй болсон. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн тайланд 163 мянган хүн Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцсон гэж тусгасан байгаа. Би саяхан орон нутагт, тойрогтоо ажиллаж иргэдтэй уулзаад ирлээ. Тэгэхэд аймаг, суманд амьдарч буй иргэдээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт оролцсон нэг ч хүн алга. Сумдад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд санал авах хэлэлцүүлэг огт болоогүй. Харин аймгийн төвд ганц удаа л хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Түүнд нь 218 хүн оролцсон байгаа юм. Тэдний 150 нь төрийн албан хаагч, үлдсэн нь цэргийн албан хаагчдыг хүчээр авч ирж заал дүүргэх маягаар санал авах хэлэлцүүлэг явуулжээ. Эндээс харвал МАН Үндсэн хуулийн санал авах хэлэлцүүлгийг ёстой нөгөө гурилдсан гэж хэлж болох юм.
-Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчлөх хуулийн төсөлд зарчмын томоохон өөрчлөлт ороогүй гэсэн үг үү?
-УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг батлах үйл явцыг үнэхээр хангалтгүй хийлээ. Томоохон реформын шинжтэй саналуудын ихэнх нь унасан. Харамсалтай нь “Техник гацсан, миний хуруу буруу орсон байна” гэсэн худал шалтгаанаар дахин дахин санал хурааж хүчээр нэг юм баталсан болж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэг их мөлгөр болсон. Ялангуяа, нийгэмд тогтолцооны хямрал авч ирж байгаа асуудлуудыг шийдвэрлэсэн заалт огт орсонгүй. Жишээ нь нэгдүгээрт Ерөнхийлөгчийн институцтэй холбоотой санал байна. Ерөнхийлөгчийг парламентаас сонгоё гэсэн саналыг унагасан. Хоёрдугаарт сүүлийн үед бизнес эрхлэгчид бизнесээ хамгаалахын тулд УИХ-ын гишүүний дархан эрх эдлэх гэж УИХ-д орж ирдэг болсон. Энэ дархан эрхийг үгүй болгох ажлыг огт хийсэнгүй. Гуравдугаарт Ерөнхий сайдад эрх мэдлийг өгсөн шиг өгч чадаагүй. Ерөнхий сайд Засгийн газрын танхимаа өөрөө байгуулдаг, хариуцлага тооцдог эрх мэдлийг өгөх байсан ч харамсалтай нь уг саналыг унагасан. Дээрээс нь ард түмний хамгийн их шүүмжилдэг давхар дээл тайлах асуудлыг зэрэмдэглээд орхилоо. Орон нутгийн удирдлагын хувьд сумын Засаг даргыг иргэдээс сонгох хувилбарыг мөн л унагасан. Хуучнаараа ИТХ-аа аль их лоббидсон Засаг даргаар сонгодог нь хэвээр үлдлээ. Шүүх эрх мэдлийн хүрээнд Улсын дээд шүүх хамгийн ялзарсан газар. Шүүхийн ялзрал бол Дээд шүүхээсээ эхтэй. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийг энэ ялзарсан Дээд шүүхдээ тайлан тавьдаг болгож хувиргалаа. Тэгэхээр шүүхийн шинэчлэлийг хангалттай хэмжээнд хийж чадаагүй юм. Энэ мэтчилэн бүх шатандаа нийгэмд тулгамдсан гол гол асуудлыг шийдсэн өөрчлөлт Үндсэн хуульд оруулаагүй. Ямар ч асуудал шийдээгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар их хэмжээний мөнгө зарцуулж шийдэх нь буруу гэж үзэж байна.
-Тэгэхээр нийгэмд тулгамдсан гол асуудлаа яагаад шийдэлгүй орхив. Үүний ард ямар нэг ашиг сонирхол нуугдаж байна гэсэн үг үү?
-МАН Үндсэн хуулийн өөрчлөлт хийнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Харамсалтай нь мөрийн хөтөлбөрөө биелүүлж байгаа нэрээр болж бүтэж буй хэсэг дээр нь жаахан будаг шунх түрхсэн болж Үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн гэдэг нэр зүүх л зорилго агуулсан гэж ойлгож болно.
-Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлт гэж ярьдаг. Яг түүн шиг асуудал агуулсан өөрчлөлт болчихлоо гэсэн эмзэглэл байна уу?
-Хамгийн гол нь засаглал хоорондын тэнцвэрт байдал, эрх мэдлийн хуваарилалтын хоорондын асуудлыг шийдээгүй юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гурвын хоорондын блансыг сайн шийдэж өгөөгүй учраас өнгөрсөн хугацаанд гарч байсан засаглалын хямрал дахин давтагдана гэсэн үг. Энэ асуудлыг шийдэлгүй хэвээр үлдээж байна.
-Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл уначихвал энэ өөрчлөлтийг хийхгүй гэж ойлгож болох уу?
-Ард нийтийн санал асуулгаар энэ өөрчлөлтийг дэмжих үү, үгүй юу гэж хэд хэдэн асуудлыг нь багцлаад санал хураалгана. Энэ нь ард түмнээр дэмжигдэхгүй бол Үндсэн хуулийн энэ өөрчлөлт хийгдэхгүй гэсэн үг.