-Парламент, Засгийн газар хоёр нэг болсон явдал нь өнөөдөр засаглалын тэнцвэртэй байдал алдагдах, гажуудал гарах нөхцөл болж буй юм-
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Сүүлийн гурван сар гаруй хугацаанд УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцлээ. Ингээд хоёр дахь хэлэлцүүлэг нь дууссан. Зарчмын дөрөв, таван өөрчлөлт хийсэн гэж харж байгаа. Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг баримталж гуравны нэгд нь өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл нэмэлт өөрчлөлт учраас 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн гол суурь үзэл баримтлалаас хазайхгүй байх ёстой. Энэ хүрээнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг боломжийн хэмжээнд хийсэн гэж харж байна. Гэвч анх өргөн барьсан зарим заалт дэмжигдээгүй харамсалтай асуудал гарсан. Жишээ нь Засаглалын эрх мэдлийн тухай асуудал бий. Бид Ерөнхий сайд нь Засгийн газрын танхимаа бүрдүүлдэг байх ёстой. Гэтэл УИХ-ын зарим гишүүд эсрэг байр суурьтай байсан. Ингээд уг заалт унаж зарчмын хувьд жаахан алдаатай шийдвэр гарсан гэж үзэж байна. Уг нь Ерөнхий сайд нь Засгийн газраа бүрдүүлдэг, үүнийхээ хүрээнд сайд нартаа хариуцлага тооцдог байх зарчмыг зөв гэж харж байгаа.
-Давхар дээл тайлах асуудлыг бас нэг мөр шийдэж чадаагүй гэсэн шүүмжлэл гараад байгаа шүү дээ?
-Харин тийм. Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлдэг байх, дан, давхар дээлний асуудлыг нэг мөр шийдэж чадсангүй. Нэг ёсондоо Засгийн газар нь УИХ-аас тусдаа байх заалт дэмжигдсэнгүй. Уг нь энэ асуудлыг шийдэх нь их чухал байсан юм. Үүнийг ингэж шийдлээ гээд ямар нэг буруу зүйл байхгүй. Иймд энэ тал дээр жаахан алдаатай шийдвэр гарсан гэж харж байгаа. Өнөөдөр ингээд харахад УИХ-ын 76 гишүүний 25 хувь нь буюу 30 гаруй гишүүн Засгийн газарт сайдын алба хашсан байна. Парламентын үндсэн үүрэг болох хууль тогтоох, Засгийн газарт хяналт тавих ажил бараг орхигдож ирсэн. Парламент, Засгийн газар хоёр нэг болсон явдал нь өнөөдөр засаглалын тэнцвэртэй байдал алдагдах, гажуудал гарах нөхцөл болж буй юм. Үүнийг хүн бүр мэдэж байгаа. Уг нь сонгодог зарчмаар бол Засгийн газрын гишүүд ч гэлтгүй Ерөнхий сайдыг хүртэл гаднаас томилдог болох ёстой. Тэгэхээр Засгийн газрын дөрөв, таван сайд, Ерөнхий сайдыг парламентаас томилж болно гэсэн жишиг ч бас буруу юм. УИХ-ын гишүүний хувьд энэ асуудалд харамсч байгаа. Парламентын засаглалтай орон гэдэг нь Засгийн газрын өмнөөс засаглахыг хэлдэггүй. Өнөөдөр парламентын гишүүд нь Засгийн газарт орж Засгийн газрынхаа өмнөөс засаглаж байгаа гажууд тогтолцоотой улс болчихсон юм. Төлөвшсөн парламенттай оронд Монгол Улс шиг Засгийн газрынхаа эрх, үүрэгт хэт ордоггүй. Магадгүй хэдэн жилийн дараа энэ асуудлыг дахиад өөрчилж парламентын сонгодог зарчимдаа орох шаардлага үлдсэн гэж бодож байна. Өөрөөр хэлбэл парламент хэт их эрх мэдэл төвлөрүүлж буй гажуудлыг өөрчлөхгүй бол манай нийгэмд үүсч буй нөхцөл байдал хэвээр үргэлжилнэ.
-Тэгэхээр уг асуудал яагаад унав. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-УИХ-ын гишүүд өөр өөрийн итгэл үнэмшлээр санал хураалтад оролцсон. Олон жил сайдын алба хашсан, одоо сайдаар ажиллаж байгаа гишүүд дээрх заалтыг унагах кноп дарж санал хураалтад оролцож байсан л даа. Уг нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхдээ намын бодлого, хувь хүний байр сууринаас хандалгүй, тэр хайрцагнаас гарч төсөөлөх, бодох ёстой гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл улс оронд, урт хугацаанд хэрэгтэй өөрчлөлт хийх учиртай юм.
-Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгч болон бусад улс төрийн намууд, иргэдийн өгсөн санал хэр тусгагдсан гэж та үзэж байна вэ?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол зарчим нь дөрвөн асуудал байсан. Нэгдүгээрт, УИХ-ыг хариуцлагатай болгох, парламентат ёсыг бэхжүүлэх. Үүнийг тодорхой хэмжээнд хийсэн гэж харж байгаа. Тухайлбал, гишүүдийг эгүүлэн татдаг, хууль батлах процесстэй холбоотой хэд хэдэн ахиц гарсан. Хоёрдугаарт, Шүүх эрх мэдэлтэй холбоотой өөрчлөлтүүд орж ирсэн. Шүүх засаглалыг хараат бус байлгах, эрх мэдэлтнүүдээс зааглах асуудлыг ярьсан. Ингээд шүүгчдийг хараат бус байлгах, бие даасан байгууллагуудыг нь бүрдүүлэх, ёс зүйн болоод сахилгын хороод байгуулах, шүүгчдэд тавигдах насны болоод, ажил мэргэжлийн шаардлагын асуудлыг оруулсан. Гэвч энэ тал дээр шүүмжлэлтэй хандах асуудлууд ч бий.
-Тухайлбал?
-Бидний анх өргөн барьсан өөрчлөлтийн хүрээнд нэг хүнээс хамааралтай байх асуудлыг болиулахаар оруулж ирсэн. Гэвч гишүүд эсрэг, тэсрэг байр суурьтай байсан учраас дэмжигдээгүй юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог олон болгосон. Би үүний эсрэг байр суурьтай байгаа. Өнөөдөр тав, 10 байх нь зарчмын ялгаа байхгүй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг хэн томилдог байх уу гэдэг нь нэлээд маргаантай асуудал байсан. Хэлэлцүүлгийн явцад УИХ, Засгийн газар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн 40 хувь буюу дөрвөн гишүүнийг томилдог болно гэсэн асуудал орж ирсэн. Энэ бол нэг талаасаа буруу. Аль нэг байгууллагад томилгооны эрх шилжүүлснээр хараат бус байдлыг бэхжүүлнэ гэж байхгүй. Тэгэхээр бид томилдог бус сонгодог тогтолцоонд шилжих хэрэгтэй. Шүүгчид өөрөө өөрсдийгөө сонгодог, дотроосоо хараат бус, мэргэжилдээ сайн хүмүүсийг сонгох тогтолцоог төлөвшүүлдэг болох ёстой гэж харж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гурван төлөөллийг нь УИХ-ын холбогдох байнгын хорооноос томилно гэж байна. Тэгвэл Үндсэн хуулийн засаглал талаас нь аваад үзвэл УИХ-ын байнгын хороо засаглалын нэг байгууллагынхаа томилгооны эрх зүйд оролцоно гэдэг нь буруу. Үндсэн хуулийнхаа гуравдугаар бүлэгт дэд бүлэг гаргаад дөрвөн засаглалыг тус тусад нь зааглаж өгсөн шүү дээ. Нэгдүгээрт УИХ, хоёрт Ерөнхийлөгч, гуравт Засгийн газар, дөрөвт Шүүх эрх мэдэл гэж тус тусад нь бие даасан байхаар зааж өгсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн зургаан бүлгээс ганцхан гуравдугаар бүлэг л ийм дэд бүлэгтэй. Үүний учир нь энэ дөрвөн байгууллагыг бие биенээсээ хамааралгүй, бие даасан байлгах гэсэнд бий. Тэгэхээр УИХ ч биш түүний нэг байгууллага нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг томилно гэдэг нь буруу юм. Нөгөө талаас УИХ-д улстөрчид сонгогддог. Иймд УИХ, улстөрчдөд томилгооны эрх мэдэл нэмэгдүүлж өгсөн явдал нь буруу гэж харж байна. Энэ талаарх тодорхой байр суурь, гаргасан саналууд дэмжигдсэнгүй. Одоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж хийх органик хуулиудын өөрчлөлтөө л сайн гаргах хэрэгтэй юм.
-Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал түүнийг дагаж хэдэн хууль бас өөрчлөгдөх вэ?
-Нийт 30 гаруй органик хуульд нэмэлт өөрчлөлт хийж таарна. Тэгэхээр үүнд дээр ярьсан гол асуудлуудаа бэхжүүлэх, суурь зарчмуудаа шигтгэж өгөх талаар сайн ажиллах ёстой. Үндсэн хуульд гоё, гоё зарчмууд оруулсан ч түүнийг дагаж гарах органик хуульд буруу тусгагдвал алдаатай болно. 1992 оны Үндсэн хуульд уг нь болохгүй бүтэхгүй зүйлүүд байхгүй. Хамгийн гол нь органик хуулиудын өөрчлөлтүүд асуудал дагуулж ирсэн. Тухайлбал, Сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд улс төрийн намд хэт үйлчилсэн заалтууд оруулж өгсөн байдаг. Үүнээс шалтгаалж төрт нийгэм гажуудах асуудал үүсч байсан. Тэгэхээр органик хуулиудын өөрчлөлтөд онцгой анхаарах ёстой.
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ард нийтийн санал асуулга явуулах гэж байна. Гэтэл иргэд ямар ч мэдээлэлгүй байгаа гэсэн. Таныг тойрогтоо ажиллах үеэр иргэдэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээлэл ямар байсан бэ?
-Би тойрогтоо ажиллаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар уулзалтууд хийсэн. Тэгэхэд иргэдэд мэдээлэл тун бага байна. Иймд санал асуулга явуулах бол иргэдэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг сурталчлах, мэдээлэл өгөх таниулах шаардлага байгаа юм. Ард нийтийн санал асуулгыг хязгаарлагдмал “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Дэмжих үү? Дэмжихгүй юу?” гэсэн хүрээнд явуулж таарах нь. Монгол Улс 3.2 сая хүн амтай гэж бодвол 2.1 сая нь сонгуулийн насны иргэд. Хүн бүр санал өгөх ёстой болно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд мэдээлэл сайн өгөхгүй бол Ард нийтийн санал асуулга хүчингүй болох магадлал өндөр байна. Ядаж 51 хувийн ирцийг бүрдүүлэх талаар анхаарах ёстой. Цаг агаарын болоод бусад хүчин зүйлүүд санал асуулгын ирцэд нөлөөлөх магадлал бий. Дээрээс нь УИХ-ын ээлжит сонгууль болохоос хагас жил гаруйн өмнө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн санал асуулга явуулах гэж байна. Үүнийг далимдуулж улстөрчид, улс төрийн хүчнүүд сонгуулийн болоод улс төрийн шоу бүү хийгээсэй. Үүнд холбогдох байгууллагууд анхаарч ажиллах ёстой байх.
-УИХ тарах талаар яриа гарах боллоо. УИХ-ын гишүүд УИХ-ыг тараах албан бичигт гарын үсгээ зураад эхэлсэн мэдээлэл гарч байна. Энэ талаар та ямар бодол, байр суурьтай байна вэ?
-Би саяхан тойрогтоо ажиллаад ирсэн учраас энэ талаар тодорхой мэдээлэл алга. Хэвлэл мэдээллийг харвал цөөн тооны гишүүд гарын үсгээ зурж байна гэсэн байна лээ. Би УИХ ямар үндэслэлээр, яагаад тарах гэж байгаа бичигт гишүүд гарын үсэг зурж байгааг сайн ойлгоогүй, тодорхой мэдээлэлгүй байна. УИХ чадамжгүй боллоо гэж үзэж байгаа бол би буруу гэж бодож байна. Чадамжгүй гэдэг бол өөр асуудал. УИХ-ын гишүүдийн дийлэнх өөрчлөгдөх, бүтцийн өөрчлөлт гарсан бол чадамжгүй гэссэн үндэслэл гарна. Үүнээс гадна УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж, хуралдаж чадахгүй, хууль батлах үйл ажиллагаанд нь ямар нэг хүндрэл бэрхшээл гарч байгаа бол үүнийг авч үзэх ёстой. Магадгүй нэг жилийн өмнө ийм асуудал үүсч байсан. Тодорхой хэмжээнд бойкот хийдэг, хуралдаа суудаггүй, ирц хүрдэггүй асуудал гарсан л даа. Харин өнөөдөр тийм зүйл, нөхцөл байдал үүсээгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө хэлэлцэж батлаад явж байгаа. Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийж байгаа тул бусад хуулийг хэлэлцээд батлаад явахад ямар ч саадгүй, бүрэн боломж бий гэж харж байна. Шинэ Үндсэн хууль батлаад засаглал солигдоод, төрийн байгууллагад бүтцийн томоохон өөрчлөлт хийж байгаа бол УИХ тарж магадгүй. Гэтэл шинэ Үндсэн хууль батлаагүй нэмэлт өөрчлөлт хийсэн шүү дээ. Бид өнөөдөр мөрдөж буй Үндсэн хуулийнхаа суурь зарчмын хүрээнд нэмэлт өөрчлөлт хийж байгаа. УИХ-ын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулсан бол байж болох асуудал. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлт УИХ тарах үндэслэл болохгүй юм.