УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл өчигдөр хуралдах хуваарьтай. Гэвч УИХ дахь намын бүлэг, зөвлөлийн гишүүд томилолттой яваа учир хуралдаан хойшилжээ. УИХ дахь намын бүлэг, зөвлөлийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолын төсөл, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ыг тарах эсэх асуудлыг ч хэлэлцэх мэдээлэл бий. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд хориг тавьсан. Ерөнхийлөгч тус хоригтоо “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зохих шаардлагыг хангаагүй, уг хуулийг илэрхий зөрчсөн байдалтай байна” гэдгийг тодотгоод байна. Уг хоригийг 14 хоногийн хугацаанд холбогдох байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуультай. Ингээд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаар УИХ-ын даргын хууль зүйн бодлогын зөвлөх, хуульч Ж.Сүхбаатараас тодрууллаа.
-Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулгын тухай УИХ-ын тогтоолд хориг тавилаа. Хоригийн үндэслэл нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн эх нь хууль хэлбэрээр биш байна гэсэн. Энэ нь хэр үндэслэлтэй гэж та УИХ-ын даргын зөвлөх, хуульч хүний хувьд харж байна вэ?
-Миний хувьд хууль зүйн бүрэн дүүрэн хариулт өгөх албан тушаалтан биш. УИХ-ын даргын ахлах зөвлөх. Энэ асуудлаар нэгдүгээрт, УИХ дахь олонхын бүлэг (МАН) хуралдаж байр сууриа илэрхийлэх ёстой. Хоёрдугаарт, УИХ-ын Тамгын газар хууль зүйн санал дүгнэлтээ бэлтгэн танилцуулах учиртай юм. Би Ерөнхийлөгчийн хоригт үнэлэлт дүгнэлт өгөх субьект биш. Гэвч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын дэд хэсэгт ажиллаж байсны хувьд уг хоригтой танилцсан. Тэгэхээр хуульч хүний хувьд ерөнхий байр сууриа илэрхийлье. Үндсэн хуульд нэр томъёог хэрхэн хэрэглэж ирсэн жишиг бий. Үүнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулах үйл явц ямар байдалтай явж ирснийг харах хэрэгтэй. Эхний жишгийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд 1999, 2000 онд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдсан. Тухайн үед хэлэлцэгдсэн, өргөн барьсан, батлагдсан асуудал нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт гэж нэрлэгдэж ирсэн. Үүнээс гадна Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсч байсан. Энэ маргааныг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан асуудлын талаар шийдсэн байдаг. Тэгвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж УИХ-аар хэлэлцэж буй өнөөгийн үйл явцыг харвал бүгд хуульд заасан шаардлага хангаад явж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль 2010 онд батлагдсан. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нь хууль хэлбэртэй байна гэж зааж өгсөн. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг 2015 онд өргөн барьж байсан. Тухайн үед Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, зөвлөх нь УИХ-ын гишүүн байсан. Тэгээд гурвуулаа өргөн барьсан төсөл дээр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт гэж оролцож байсан. Мөн Ерөнхийлөгч энэ оны долдугаар сарын 16-нд хууль санаачлах эрхээ эдлээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл гэж саналаа оруулж ирсэн. Түүнийг нь хуулийн шаардлага хангасан хэлбэртэй эсэхийг нь авч үзээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд санал хэлбэрээр тусгасан юм. Өөрийнх нь өргөн барьсан асуудал нь хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлага хангасан байсан. Үндсэн хуулийн 68, 69 дүгээр зүйлд “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачилга, Үндсэн хуульд оруулсан нэмэлт” өөрчлөлтийн тухай заасан байдаг. Тэгэхээр өмнө явж ирсэн практик ийм байна. Агуулгын хувьд ч хуульд заасан хэлбэрийн бүрдлийг хангаад явж байгаа.
Ерөнхийлөгчийн хоригт “Ард нийтийн санал асуулга явуулах асуудлаа шийдүүлэхдээ үндэслэлээ Үндсэн хуулийн 25-р зүйлийн 1.16-д буюу УИХ-ын онцгой бүрэн эрхэд заасныг үндэслээгүй байна гэсэн асуудал бий. Тэгвэл Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн хоёр дахь заалтыг үндэслээд УИХ-ын шийдвэр гарсан. Энэ заалтад “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар Ард нийтийн санал асуулга явуулж болно. Санал асуулгыг Үндсэн хуулийн 25-р зүйлийн 1.16-д заасан үндэслэлийн дагуу явуулна” гэсэн байдаг. Тэгэхээр уг заалтыг үндэслээгүй байна гэх нь хууль зүйн талаасаа хориг тавих бүрэн дүүрэн үндэслэл биш гэж бодож байна. Гэвч би Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг эцэслээд хэлж байгаа зүйл биш. Хуульч, ахлах албан тушаалтны хувьд хоригтой танилцсан учраас л хувийн тайлбараа хэлж байгаа юм шүү. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дахь олонхын бүлгээс гадна, Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын Тамгын газар хууль зүйн талаас нь үнэлэлт дүгнэлтээ өгөх ёстой.
-Ерөнхийлөгчийн хоригт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зүйл нь хууль хэлбэрээр биш байна гэсэн. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батална гэж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдэх ёстой юм бэ?
-Энд нэг асуудал бий. Хуультай харьцуулбал хууль батлагдаагүй байгаа. Гэтэл Ард нийтийн санал асуулга явуулна гэхээр энгийн ямар нэг санал асуулга авах гэж байгаа шиг ойлгоод байгаа юм. Энэ нь тийм биш. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах тухай асуудал шүү дээ. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хууль батлагдаагүй, нэр томъёог нь шийдээгүй гэсэн үг. Магадгүй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль гээд нэрлэх ч юм бил үү. Үүнийг шийдээгүй юм. УИХ дөнгөж л өөрийн түвшинд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хүлээн зөвшөөрөөд байна. Бид урд нь Ард нийтийн санал асуулга гэж хэрэглэж байгаагүй учраас төөрөлдөх асуудал гарч байгаа юм. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ биш ард түмэн мэдэж батлах тухай асуудлыг л яриад байгаа юм. Тэгэхээр үүнийг хуулийн хэлэлцүүлгийн үүднээс аваад үзвэл хууль батлах эцсийн шатандаа орж ирж байна гэсэн үг. Түүнээс биш баталсан зүйл биш. Нэг ёсондоо иргэд өөрсдөө мэдэж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах эсэхийг шийднэ. УИХ баталсан зүйлээ ард түмнээс асуух гээгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн томьёолол, заалтыг нь УИХ хүлээн зөвшөөрч гаргасан. Түүнийг батлах эрх нь ард түмэнд бий. Харин ард түмний төлөөлөгч УИХ-ын гишүүд нь өөрсдийн байр суурь, томьёоллоо тусгасан юм. Хуулийн хэллэгтээ Ард нийтийн санал асуулга гэдгийг жаахан тодруулмаар юм билээ. Тэгэхгүй болохоор зарим хүн бидний саналыг ямар тусгах биш гэж хэлж байна лээ. Ерөнхийлөгчийн тавьсан хориг нь УИХ-ын тогтоол хууль зөрчлөө. Ийм байх ёстой л гэж хэлж байгаа. Цаад санаа нь хууль гэдэг нэршил өгөгдөөгүй байна гэсэн. Үүнийг яаж шийдэхийг би мэдэхгүй шүү дээ. Гол нэршилдээ биш агуулгадаа байна гэвэл өөр. Анхнаасаа хууль хэлбэрээр хэлэлцээгүй гэвэл үгүй. Хэлэлцэж буй үйл явц нь хуулийн бүрдлийн шаардлага хангасан, яаж хэлэлцэх ёстой үе шатаар нь дамжсан. Товчхон хэлбэл хуулиас гажууд явсан зүйл байхгүй гэсэн үг.
-Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг үндэслээгүй гэсэн шүүмжлэл Ерөнхийлөгчийн хоригт байгаа шүү дээ?
-УИХ-ын Тамгын газар, холбогдох байнгын хороо санал дүгнэлт, тайлбарыг гаргана гэж би дээр хэлсэн. Гол дүгнэлтийн үндэслэл нь Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн хоёр дахь заалт. Аль нэг заалтыг бүгдийг нь тогтоолд дурдах эсэх нь хууль зүйн техникийн асуудал. Жишээ нь, Үндсэн хуулийн дээр дурдсан заалтыг дурдсан нөхцөлд Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1.16 дахь заалтыг заавал эшлэх албагүй болж байгаа юм. Нэг заалтад бусад заалт нь багтаж орсон тохиолдолд дурдахгүй байж болно. Ерөнхийлөгчийн хориг тавьсан шиг хууль хэлбэрээр хэлэлцүүлээгүйгээс болж хуулиас гадуур зүйл хэлэлцээд явж уу, үгүй юу гэдэг асуудал бий. Би сайн санаж байна. УИХ-ын Тамгын газрынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байсан үе шат болгон дээр хуульд заасан хэлбэр, шаардлага, бүрдлийг бүрэн хангаад явж байгааг тайлбарлаж ирсэн. Тухайлбал, Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан зэрэгцээд хэлэлцэгдэж байна гэсэн маргаан дэгдсэн. Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийн хүрээнд төслөө өргөн барьсан. Үндсэн төсөлтэй зэрэгцүүлж хэлэлцэж болохгүй учраас санал хэлбэрээр тусгаад явсан юм. Хуульч хүний хувьд Ерөнхийлөгчийн хоригийн талаар хувийн байр сууриа илэрхийлэхэд ийм байна.
-Тэгвэл Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах үндэслэл байхгүй гэж та үзэж байна уу?
-Шууд үндэслэлтэй, үндэслэлгүй гэж би хэлэхгүй. Би хориг хүлээж авах үндэслэлгүй гэж хэлэх субьект нь биш. Миний бодлоор хуульд заасан шаардлага хангалтгүй хэлэлцсэн байдаг гэдэгт санал нийлэхгүй. Хууль гэж нэрлэсэн нэрлээгүй тухай асуудал гэж яривал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмэн эцэслэн батлаагүй байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт эргэлзээ гарч олон саад тотгор учирч байна гэж ажлын дэд хэсгийн гишүүний хувьд үзэж байгаа. Тэгэхээр ард түмнээр хэлэлцүүлж батлуулах асуудал саадгүй явах ёстой гэж бодож байна.
-Тэгэхээр Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээгээд авлаа гэхэд УИХ-аар гуравдугаар хэлэлцүүлэг хийгээд явах уу?
-Би үүнийг хэлж мэдэхгүй. УИХ-ын байнгын хороо, чуулганаар хэлэлцээд гишүүд хүлээж авахгүй гэж үзвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал цааш үргэлжлээд л явна. Гуравдугаар хэлэлцүүлэг гэж байхгүй. Одоо Ард нийтийн санал асуулгаар батлуулах л асуудал хүлээгдэж байна. Өөрөөр хэлбэл, хэдэн сарын хэдний өдөр, ямар зардлаар зохион байгуулах асуудлыг шийдэх юм. Мөн үүрэгжүүлэх асуудал бий. Төслийн эхийг иргэд үзээгүй байна. Үүний шалтгаан нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээсэн. Одоо уг асуудлыг шийдвэл айл гэр бүрт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг албан ёсоор тараах юм.