Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулахаар УИХ хэлэлцэж байгаа. Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын ээлжит бус сонгуультай хамтатган явуулах асуудал сөхөгдсөн. Мөн Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эхийг батлах УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавиад байгаа. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг УИХ шийднэ. Тэгвэл нам, улстөр хамаарахгүйгээр залуусын санаачилга, нэгдэл дор “Парламентын засаглалаа бэхжүүлэх хөдөлгөөн” байгуулагдлаа. Тус хөдөлгөөнөөс “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт: Ард нийтийн санал асуулгыг яагаад УИХ-ын ээлжит бус сонгуультай хийж болохгүй вэ?” гэсэн хэлэлцүүлэг өчигдөр хийлээ. Хэлэлцүүлэгт оролцсон хуульчид “Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын ээлжит бус сонгуультай хамтатган явуулж болохгүй” гэдгийг онцолж, зөвлөмж, уриалга гаргав. Үүнд:
-Холбогдон шалгагдаж буй хэргээр шалтаглан гэм буруу нь тогтоогдоогүй байхад гишүүдийг нь улстөрийн зорилгоор яллаж УИХ-ыг тараах явдал парламентын засаглалыг үгүйсгэн өнөө оршин буй төрийн тогтолцоог устгах санаархал болох учир гэмт хэргийг шалгах явц, хууль тогтоох үйл ажиллагааг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг баримтлан тус тусад нь ялгамжтай явуулах;
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг иргэдээр батлуулах эсэхийг шийдвэрлэх Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн аваагүй нөхцөлд Ард нийтийн санал асуулгыг Улсын Их Хурлын сонгуулиас тусад нь явуулах;
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг иргэдээр батлуулах эсэхийг шийдвэрлэх Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн аваагүй нөхцөлд Ард нийтийн санал асуулгыг Өвлийн хахир цаг эхлэхээс өмнө буюу арваннэгдүгээр сарын 10-аас өмнө хийхээр нэн яаралтай товлон зарлах;
-УИХ тарвал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, түүнийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэхийн тулд дагалдан гарах хууль тогтоомжийг батлан гаргах улстөрийн үүрэг хариуцлагаасаа зайлсхийсэн хэрэг болохыг сануулан үүргээ ухамсарлаж, эхэлсэн ажлаа хариуцлагатай дуусгахыг тус тус уриалжээ.
Ингээд Хуульч Ж.Эрхэмбаатартай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Ард нийтийн санал асуулгын талаар ярилцлаа.
-Ард нийтийн санал асуулгатай хамт УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах тухай асуудал сөхөгдсөн. Үүнийг хууль зүйн үүднээс хэрхэн тайлбарлах вэ?
-Хүмүүс Ард нийтийн санал асуулга гэхээр саналыг нь авах юм шиг ойлгоод байна. Энэ нь иргэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах уу эсвэл батлахгүй юу гэж төрийн эрх барих эрхээ хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр юм. Түүнээс биш саналыг нь авах гэж байгаа асуудал биш. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах үйл явцын үргэлжлэл учраас засаглалын хэлбэр өөрчлөх, УИХ-ын нөхөн сонгууль явуулах асуудлыг зэрэгцүүлж буюу хамтатгаж болохгүй. Үндсэн хууль бол дээд бичиг баримт. Иргэд төрийн үндэс нь. Тэгэхээр Үндсэн хуулиа батлах эсэх эрхээ эдэлж байхад бусад асуудлаар нөлөөлөх, хязгаарлахыг хориглодог. Нөгөө талаас эрх баригчдын зүгээс, УИХ-ын зарим гишүүд дээрх асуудлыг хамтатгаж явуулъя гэж байгаа учир шалтгаанаа тодорхой тайлбарлахгүй байгаа юм. Тайлбарлаж буй шалтгаанаа төсвөө хэмнэх гэж байна. Ард нийтийн санал асуулгад 10-20 тэрбум төгрөг зарцуулах шинжтэй. Тэгэхээр иргэд дээд эрхээ хэрэгжүүлэх гэж байхад тэдний төлсөн мөнгийг өөрсдөөс нь харамлаж байна гэж хэлж болно. Хэний мөнгийг хэнээс харамлаад байгаа нь утгагүй. Ийм учраас төсөв хэмнэнэ гэдэг тайлбар нь байж боломгүй асуудал.
УИХ-ын өнөөгийн үйл ажиллагаа, гишүүдийн гаргаж буй шийдвэрийг иргэд хүлээн зөвшөөрөх хандлага нь буурсан. Ийм үед Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ баталвал түүнийг нь иргэд хүлээн зөвшөөрөхгүй байх хандлага бий. Тэгэхээр УИХ хууль батлах зарчмын дагуу төслөө бэлэн болгох ажлаа хийсэн. Үүнийг дэмжих эсэх шийдвэрийг иргэд гаргана. Гэтэл сонгуулийн үеэр өрнөдөг сөрөг үйл явдал, бусад асуудалтай хольж хутгаад явбал Үндсэн хуулийн өөрчлөлтийг буруугаар ойлгох, хэрэгжилтийг нь хүлээн зөвшөөрөхгүй юм.
-Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмнээр батлах эсэхийг нь шийдүүлчхээд УИХ өөрөө тарна гээд гишүүд гарын үсэг зурж байгаа гэсэн. Энэ нь өөрөө Үндсэн хуулийнхаа эсрэг үйлдэл болох юм биш үү?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт баталсантай холбоотойгоор УИХ тарах хуулийн зохицуулалт байхгүй. УИХ-ын гишүүдийн саналаар тардаг нэг л тохиолдол Үндсэн хуульд бий. Бусад тохиолдлыг зөвшөөрөөгүй. УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй гэж өөрсдөө үзсэн бол тарна. Өөр үндэслэлээр тарахыг хязгаарладаг, хориглодог. Тэгэхээр өнөөдөр УИХ-ын гишүүд тарах шийдвэр гаргаж байгаа нь Үндсэн хуульд заасан тангаргаасаа няцаж, өөрсдийгөө чадамжгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа нэг хэлбэр мөн. Ийм шийдвэр гаргахынхаа урд дөрвөн жилийн өмнө иргэдэд чадна гэж амласнаа санах хэрэгтэй. Дөрвөн жилд хэрэгжүүлнэ гэсэн мөрийн хөтөлбөрөө тууштай үргэлжлүүлэх ёстой. Хамгийн гол нь иргэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч баталвал дагаж гарах органик хуулиудаа хэлэлцэх ёстой юм. Үндсэн хуулийн зарим заалтыг албан тушаалтнууд дур зоргоор тайлбарлах, мушгин гуйвуулах эрсдэл өнөөдөр гардаг. Ийм тохиолдол их олон. Тэгэхээр ажлаа дуустал хийх учиртай гэж би бодож байна.
-Жишээлбэл Үндсэн хуулийн зарим заалтыг гуйвуулсан ямар тохиолдол байна вэ?
-Хамгийн их тохиолддог зүйл нь зөвшилцөх гэдэг үг. Үүнийг янз бүрээр тайлбарладаг. Үндсэн хуулийг тайлбарлах эрх аль байгууллага, албан тушаалтан, субьектэд байхгүй. Гэтэл тухайн үед зөвшилцөж байгаа эрх мэдэлтэн, албан тушаалтан тэр үгийг хэрхэн тайлбарлахаас шалтгаалж амьдрал дээр хэрэглэж байгаа юм. Ийм аюултай. Шүүхийн томилгоотой холбоотой асуудал бас бий. Үндсэн хуулийн анхны үзэл баримтлалаар Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон шүүгчийг ямар нэг үндэслэлээр татгалзахгүй батламжлах ёстой. Өөрөөр хэлбэл ёслолын хэмжээнд авч үзнэ гэсэн үг. Гэтэл одоо томилдог хэмжээний эрх эдэлдэг болсон. Тэгэхээр Үндсэн хуульд заасан үзэл баримтлал нь алдагдаж органик хуулиудаар түүнийг улам хөгжүүлснээс үүдэлтэй эрсдэл үүсчихээд байгаа юм. Тэгэхээр Үндсэн хуулиа органик хуульдаа ягштал баримталж хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Энэ ажлыг УИХ хийчхээд хуулийн хугацаандаа тараад явах нь зүйтэй л дээ.
-Ерөнхийлөгч УИХ-ын Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолд хориг тавьсан. Үүнд хуульчийн үүднээс ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн Ард нийтийн санал асуулгад оруулах эхийг баталсан тогтоол, УИХ иргэдэд уг эхийг батлах эрхийг шилжүүлсэн тогтоолд хориг тавьчихлаа. Энэ хоригийг УИХ-аар 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой. УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь уг хоригийг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргавал дээрх тогтоол хүчин төгөлдөр болно. Ингээд иргэдийн саналаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах ажил үргэлжилнэ гэсэн үг.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл сайн, муу болсон. Нийгмийн гажуудлаа засах ёстой гол өөрчлөлтөө хийж чадсангүй гэдэг шүүмжлэл гарч байна л даа. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Ард нийтийн санал асуулга явуулах гэж байгаа бол нэг төсөл байна. Энэ төслийг зүйл заалт бүрээр нь биш. Бүхэлд нь дэмжинэ, дэмжихгүй гэсэн хоёр асуулт асууна. Үндсэн хуулийн 19 зүйлийн 34 заалтыг хөндсөн өөрчлөлт учраас тэр бүгдэд бүрэн санал нэгдэх улстөрч, хуульч, иргэд гарахгүй байх. Гэвч уг төсөлд туссан бидний зүгээс нэн шаардлагатай, өөрчлөлт оруулчхаасай гэж хүсч байгаа хэд хэдэн заалт бий. Энэ нь засаглалын тэнцвэртэй байдлыг хадгалах, шүүхийн бие даасан байдлын тухай заалт байгаа юм.
-Иргэд “давхар дээл тайлах” гэдэг асуудлыг хүсч байсан. Гэтэл үүнийг бүрэн тайлж чадсангүй дээ?
-Олон нийт “давхар дээл”-ийг тайлахыг хамгийн их хүсч байгаа. Өнөөдрийн Засгийн газрын 17 сайд нь УИХ-ын гишүүн байна. Тэгвэл өнөөдрийн УИХ-ын 20 гишүүний ирц бүрдэхэд хууль баталдаг. Өөрөөр хэлбэл 17 сайд дээр гурван гишүүний санал нэмж авахад Засгийн газраас оруулж ирсэн ямар ч хууль УИХ-аар батлагдаад байх бүрэн боломжтой болж байгаа юм. УИХ хууль батлаад Засгийн газар хэрэгжүүлэх ёстой. Хэрэгжилтэд нь УИХ хяналт тавих учиртай. Гэтэл ажлаа тайлагнах ёстой байгууллага дотроо өөрсдөө сууж байгаа Засгийн газар нь хуулиа батлаад байна шүү дээ. Энэ асуудлыг Үндсэн хуулийн төслөөр шийдсэн. Тэгэхдээ Ерөнхий сайд дээр нэмэх нь дөрвөн сайд нь УИХ-ын гишүүн байж болно гэж тусгасан. Нэг ёсондоо тоон хязгаар тавьсан юм. Энэ тоог янз бүрээр тайлбарлаж байгаа. Тухайлбал, “давхар дээл”-ийг бүрэн тайлах ёстой гэдэг. Мөн энэ зохимжтой харьцаа гэж үзэх нь ч байна. Бодлогын дөрвөн яамдуудаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлье гэдэг үндэслэлээр уг хязгаарлах тоо гарсан гэж тайлбарлаж байгаа. Үүнд би санал нэг байгаа. Учир нь бодлого барьж орж ирсэн сайдыг УИХ-ын гишүүд дорд үзэх, бодлого нь УИХ-ын дэмжлэг авахгүй байх эрсдэл үүсч магадгүй юм. Дэлхийн жишигт хууль тогтоох байгууллагаасаа Засгийн газартаа ордоггүй 10 гаруй орон бий. Харин хууль тогтоох байгууллагын тодорхой тооны гишүүд нь Засгийн газартаа ордог 40 орчим орон байна.
-Шүүх засаглалын талаар орсон өөрчлөлтийг хэрхэн харж байна вэ?
-Шүүхийн ерөнхий зөвлөлд өнөөдөр таван гишүүн байгаа. Үүнийг 10 болгох заалт орсон. Тэдний тавыг шүүгчид дотроосоо, үлдсэнийг нь гаднаас нээлттэй хэлэлцүүлгийн үр дүнд томилно гэж заасан. Тэгэхдээ хэн томилохыг нь тодорхой тусгаагүй орхисон. Үүнийг органик хуулиар зохицуулахаар нээлттэй орхисон юм. Мөн Шүүхийн сахилгын хороо байгуулна гэсэн. Гишүүдийг нь хаанаас хэрхэн томилохыг нь мөн нээлттэй орхиж органик хуулиар зохицуулах учиртай.
-Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэтэрсэн тухай та дээр хэлсэн. Үүнийг хэрхэн зохицуулах юм бэ?
-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан нэг заалт орсон. Ерөнхийлөгчид 54 хуульд эрх мэдэл өгсөөр байгаад өнөөгийн түвшинд ирж хүчирхэгжсэн. Эв нэгдлийн бэлгэ тэмдэг байхаа огт больсон. УИХ, Засгийн газраас эрх мэдэл булаалддаг албан тушаал болж хувирсан юм. Ийм учраас Үндсэн хуульд зааснаар өөр эрх мэдлийг бусад хуулиар өгөхийг хориглосон байгаа. Мөн Ерөнхийлөгчийг нэг удаа сонгодог болсон. Хугацааг нь зургаан жил болгосон. Энэ нь УИХ-ын сонгуультай зөрж байгаа. Нэг удаа сонгоно гэдэг нь дараагийн сонгуульд зориулж улс төр хийхээс сэргийлсэн гэж үзэж байна.